Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 2024        02          28                                           2023/ДШМ/12

 

 

Э.З-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Э.З-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйгийн давж заалдах гомдлоор Э.З-д холбогдох эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.З- нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас М.Д-ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-д зарж борлуулж, хохирогч М.Д-д 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч Ш.Б-ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, Б.Б-ад зарж борлуулж, хохирогч Ш.Б-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүүтэй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Шүүгдэгч Э.З- нь  өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсгэж байгаа юм.

Шүүгдэгч Э.З- нь эхнэр, бага насны 3 хүүхдүүдийн хамт амьдарч амьдралаа залгуулж явдаг зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах буюу үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид гэр бүлээ тэжээн тэтгэж, хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “ ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухай гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заасан байна. Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Шүүгдэгч Э.З- мөрдөн байцаалтын шатанд  яллагдагчаар, гэрчээр мэдүүлэг өгөхдөө болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гэмт  хэрэг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрдөг. 1-р хавтаст хэргийн 177-178-р хуудаст хохирогч М.Д-, Ш.Б- нар шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хохирогч нар гаргаснаар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал үүссэн.

Шүүгдэгч Э.З- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь энэ хэрэг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Гэм буруутай үйлдэл хийсэн гэдэгтээ маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг. Өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар гэхээс илүү процессын хувьд алдаатай байна гэж үзсэн. Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх  боломжтой байна гэдэг үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдалд хязгаарлах үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч анхнаасаа үйлдсэн үйлдэл, гэм буруугийн хувьд маргаагүй учир гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөлийг хангана гэж үзэж байна. Анхан шатны шүүх бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч хохирогч нартай  очиж уулзаж, уучлалт гуйсан.  Хохирогч нарын гаргасан хүсэлт хэргийн материалд авагдсан. Уг хүсэлтэд шүүгдэгчээс нэхэмжлэх гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэх утга агуулгатай хүсэлтийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан.

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй.  Гэр бүлийн хувьд бага насны 3 хүүхэдтэй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад дөрөв дэх хүүхдээ олоод эндсэн асуудал байдаг. Өөрийн буруутай үйлдлийн улмаас ар гэрт, үр хүүхдэд болоод 4 дэх хүүхдээ алдаж буй энэ асуудалд дүгнэлт хийж гэмшиж байгаагаа өмгөөлөгч нартаа байнга илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байгаа учир шүүгдэгчид оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлж гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувьд хангаж байгаа учир шүүх бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хүрээнд  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.З- хоёр  удаа  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тусгай журмыг хэрэглэхийн тулд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх буюу гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн шаардлага байдаг. Энэ тохиолдолд тусгай журмыг хэрэглэх үндэслэл болдог. Шүүгдэгч Э.З- хохирогч М.Д-ын дөрвөн тооны бярууг хулгайлсан үйлдэлд гэм буруугийн хувьд маргаантай оролцдог. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг боловч  шүүгдэгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал харагддаггүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тусгай журмыг хэрэглэх боломжгүй байна. Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж үзэж байгаа учир эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх нь хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд,

- үндэслэл бүхий байх нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан нөхцөлд тус тус хангагддаг учиртай.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулжээ.

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж,

 2.3 дахь заалтад “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж,

эрүүгийн хариуцлагын талаар мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан хүрээнд тус тус дүгнэлт хийхээр заажээ.

           Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчид 2 жил 1 сарын хорих ял оногдуулахаар тогтоохдоо “...гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл...” зэргийг харгалзан үзсэн гэх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Батзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан саналын талаар ямар нэгэн дүгнэлт, няцаалт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-ийн “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэсэн заалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

            Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

 Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэгжүүлэхгүй  байх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 Хууль тогтоогч давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт тогтоогдсон эсэх, эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байгаа ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй зүйлийг нөхөн дүгнэх, улмаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй.  гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”гэж тус тус  заажээ.

Тухайн хэргийн хувьд давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан хэдий ч шүүгдэгчийг дахин  шүүхэд шилжүүлэх, тухайн  хугацааг илт үндэслэлгүйгээр сунгах, хуралдааны товыг хохирогчид хүргээгүй, хохирогчийн өмгөөлөгч  хэрэгтэй  танилцах, шүүгдэгч өвчтэй зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг  удаа дараа хойшлуулж   2024 оны 01 дугаар сарын 8-нд  буюу 6 сар 17 хоногийн дараа хэргийг шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж байгааг дурдаж цаашид уг алдааг давтан гаргахгүй байх талаар анхааруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүхээс Э.З-д холбогдох хэргийн үйл баримтын тогтоосон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй болно.

Шүүгдэгч Э.З-д урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр  үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Хэнтий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Д.ГАНЗОРИГ

 

                                                                                             Б.ДЭНСМАА