Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 249

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705015520148 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чийрэг монгол” фитнес клубт багш ажилтай, ам бүл 2; эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо,

ял шийтгэл; 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

УХ дугаарын регистртэй, Хиад боржигин овогт Эгийн Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Кастль” нэртэй бааранд хохирогч У.Дөлгөөнтэй маргаж улмаар нүүр эрүүн тус газар гараараа цохиж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс мэдүүлэх шаардлагагүй. Цаашид ийм асуудалд оролцохгүй байж чадна. Миний бие сард 700.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Хохирогчийн хохиролд гэж 2.3 сая төгрөг өгсөн. Би эмээгийнхээ хамтаар амьдардаг. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ууганбаярын Дөлгөөн “... 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ажил болох И-мартаас 22 цагийн үед гарч яваад өөрийн оюутан ангийн найз Төгөлдөрийн төрсөн өдөр дээр нь очихоор хороололын Tse паабад очсон. Намайг очиход их олууллаа, ихэнх хүнийг нь танихгүй байсан. Тэндээ Болор архи болон ганц ганц пиво уусан. Би ч мөн адил нэг пиво болон хийж өгсөн архинаас нь хоёр хундага уучихаад тэндээсээ 00:30 цагийн орчимд гарч яваад хорооллын хойшоо Төгөлдөрийн хамт хоёулаа “Кастль” нэртэй бааранд ороод тайзны зүүн талд суугаад виски, чипс, ус, ундаа, пиво зэргийг сэтээр нь авч ууцгаасан. Бид хоёрыг сууж байхад Төгөлдөрийн гурван найз орж ирээд тавуулаа ууж, бүжиглэсэн. Виски дуусаагүй тал орчим болж байхад баар хаах тийшээгээ хандаж, би тайз руу ганцаараа гарч бүжиглэснээ санаж байна. Өөр санаж байгаа зүйл алга. Би өөрөө хүнд цохиулснаа ч бас санахгүй, баарнаас зүгээр гараад шүлсээ хаяхад амнаас цустай шүлс гарахаар нь шүд, буйл зэргээс гарсан юм болов уу гэж бодоод нээх юм бодоогүй, найзуудтайгаа таксинд суугаад явсан. Гэтэл машин дотор манай найз Анужин чиний эрүү чинь нэг л биш ээ, үзүүлсэн нь дээр байх аа гэхээр нь замаасаа шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэх гэсэн чинь 6, 7 цагийн үед эмнэлэг дээр ир гэхээр нь би Төгөлдөрийн гэрт очоод унтаж байгаад ирье гэж бодсоноо сайн санаж байна.

Төгөлдөрийнд очиж унтаад өглөө нь 10 цагийн орчимд босоод өөрийнхөө царайг толинд хартал доод хэсэг нь хавдаад эрүү муруйчихсан байсан. Тэгээд би найз Төгөлдөр, Анужин хоёрын хамт Гэмтэл орж үзүүлтэл шууд хэвт гэж хэлсэн.

Би эцэг, эхдээ мэдэгдээд, тэд нар миний өмнөөс цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан юм билээ. Би хэнд цохиулснаа мэдэхгүй согтуу байсан. Харин найз нар маань тамхилчихаад ороод ирэхэд би шалан дээр уначихсан байсан гэж хэлсэн. Надад өөр ямар нэгэн нэмж хэлэх зүйл байхгүй”,

“... хэрэг гардаг бааранд орохоос өмнө паабад 2 хундагаар архи уусан, гараад бааранд орсон. Дөрвүүлээ 1 шил виски авч уусан. Би архи уудаггүй болохоор маш хурдан согтсон. Хэргийн талаар мэдэх зүйл алга. Хэрэг гарах үед надтай цуг явж байсан найзууд тамхины өрөөнд тамхи татаж байсан. Би эсрэг хүйснийхээ хүнийг сонирхдог. Би найз охинтойгоо 10 жил үерхэж байна. Эмчилгээний зардлаа бүрэн авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 7-8, 42-43/ гэж,

гэрч Эрхэмбаярын Эрдэнэдаваа “... 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, цагийг нь санахгүй байна, найзууд болох Есүхэй, Очирбат бид 3 пиво ууж байгаад машин бариад өгөөч гэж найз Чийг дуудтал хүрээд ирсэн. Гэтэл Есүхэй хорооллын бааранд манай 2 найз охин дуудаад байна, цөмөөрөө очье гэхээр нь хороололд байрлах Кастль бааранд 1 цагийн орчим очсон. Тэнд Есүхэйгийн найзууд гэх 2 охин хүлээж байсан болохоор нэг ширээнд 6-уулаа суугаад ууж, бүжиглэсэн. Баарнаас сүүлийн 3 дуу гэхээр нь цөмөөрөө гарч бүжиглэхээр болоод Ч бид хоёр хамт бүжгийн талбайд гарсан. Би Чийн урдаас хараад бүжиглэж байсан чинь Чийн ард бүжиглэж байсан согтуу залуу бөгс рүү алагдаж байгаа харагдсан. Ч нөгөө залуутай юм яриад байх шиг харагдсан. Түүний дараа Ч хажуу тийш болж нөгөө согтуу залуугаас холдож бүжиглэсэн. Дахин нөгөө согтуу залуу Чийн ард талд нь ирээд зогсчихсон, нэг мэдсэн чинь Ч нөгөө залуу руу баруун гараараа далайгаад цохих шиг болсон. Тэгтэл нөгөө согтуу залуу тайзны доош унасан. Хамгаалагч нар ирж нөгөө унасан залууг дээш нь босгосон. Цус гарсан зүйл байгаагүй. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Ч жолоо барьж байсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Чийн багын найз байгаа юм. Манай Ч төлөв даруу зантай, амьдралын төлөө, эмээтэйгээ амьдардаг. Бараг архи дарс хэрэглээд байдаггүй. Учир нь фитнесийн тамирчин. Ч нь энерги сайтай, яриа нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, ядарсан хүнд их тус болдог сайн залуу. Манай найз сая дэлхий аваргаас хүрэл медаль авсан. Өөрийн гэсэн зорилготой, сайн залуу байгаа юм” /хх-н 46-47/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч У.Дөлгөөний гэмтэлтэй холбоотой “У.Дөлгөөний биед эрүү ясны булан болон ооч хэсгийн зөрүүтэйдалд хугарал, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн доод 1-4 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” /хх-н 12/ гэсэн 14681 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Э.Чийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Чт ял оногдуулахдаа түүний хувийн байдал /үүнд; нэр бүхий гэрчүүд мэдүүлсэн/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.

Тухайлбал, Э.Ч урьд өмнө нь буюу 2010 онд шүүхээр ял шийтгүүлж байжээ. Гэвч түүний ялтай байдал хуульд зааснаар дуусгавар болсон байгаа нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Э.Ч бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч У.Дөлгөөний зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

   

 

 

 

   ТОГТООХ нь:

 

1. Хиад боржигин овогт Эгийн Чийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Чинзоргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Чт  оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Э.Ч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Э.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Дөлгөөн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Чт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ