Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01097

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/00642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э Г ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 9,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай, зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр 7,125,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Л.Д- нь БНХАУ-ын Хайнан Юниверсити-д аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй байсан тул Э Г ХХК-тай холбогдож 2020 оны 01 сарын 18-ны өдөр 2020/01/18 дугаартай нийт 7,000 ам.долларын зуучлалын хөлстэй Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээнд зааснаар зуучлалын үйлчилгээний урьдчилгаа 4,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр, 4,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр, 1,600,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр, нийт 9,600,000 төгрөгийг Э Г ХХК-д буюу захирал Ө.Манлайхүүгийн зааж өгсөн данс руу шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 09 сарын 19-ний өдөр Э Г ХХК-ийн захирал Ө.Манлайхүү нь сургуулийн урилга ирсэн манай зайсан дахь салбар дээр ирээд уулз гэж Л.Д-д хэлсэн байдаг. Л.Д- нь зайсан дахь салбарт очиход Хайнан Их Сургуулийн урилга биш өөр сургууль буюу Шиньяань Аероспейс Юниверсити-гийн урилга ирсэн, энэ бол манай төвд олддог ховорхон боломж гэхэд Л.Д- нь тухайн үедээ гайхаад би бодож байгаад хариу хэлье гэсэн байдаг. Ө.Манлайхүү нь чамд бодох хугацаа байхгүй, одоо өргөдөл бичээд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх талаар бич гээд Л.Д-ыг шахаж, тулгаад өргөдөл бичүүлэн авсан байдаг. Л.Д- нь хятад хэлний HSK-4 зэрэгтэй, англи хэл мэдэхгүй, англи хэлний IELTS шалгалт өгч байгаагүй, ахлах сургууль төгссөнөөс хойш математикийн хичээл үзэж байгаагүй. Гэтэл Л.Д- нь Шиньяань Аероспейс Юниверсити-гийн онлайн хичээлд суухад уг сургууль нь хичээлээ хятад хэл дээр биш англи хэл дээр заадаг, бизнесийн удирдлагын анги тул математик голдуу ордог байсан тул Л.Д- нь хичээлээ сайн ойлгохгүй байсан. Улмаар энэ талаар Э Г ХХК-ийн захирал Ө.Манлайхүүд хэлэхэд одоо яаж сурах чинь чамаас өөрөөс чинь шалтгаална, өөрөө хичээ гэж хариу хэлсэн байдаг. Л.Д-ыг англи хэл дээр ордог их сургуульд орохыг шахсан, уг сургуулийн урилгыг Л.Д-д өгсөн нь 2020 оны 01 сарын 18-ны өдрийн гэрээний 1.1-д Захиалагч доорхи ажил гүйцэтгэхийг зуучлагчид даалгаж, зуучлагч түүнийг биелүүлэхээр хүлээн авна. Захиалагчийн захиалгын дагуу зуучлагч нь БНХАУ-ын Хайнан Юниверсити-д ... мэргэжлээр магистрын 100 хувь тэтгэлэг буюу Хятадын Засгийн газрын тэтгэлэг, түүнтэй дүйцэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахад зуучилна. Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт нэг жилийн Хятад хэлний сургалт багтаж болно гэж заасныг зөрчиж байна. Мөн уг гэрээний 3.4-т Зуучлагч нь захиалагчийг тухайн сургуульд бүртгүүлэх, хүргэж өгөх, оюутны байранд оруулах зэрэг бусад холбогдох ажлуудаар зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж зааснаар Э Г ХХК нь Л.Д-ын хүсэж байсан Хайнан Юниверсити-д бүртгүүлэх үүрэгтэй байтал гэрээнд тусгагдаагүй Л.Д-ын хүсээгүй сургуульд оруулсан тул гэрээний 2.2-т Зуучлагч гэрээнд заасан үүргээ захиалагчаас хамаарсан нөхцөл байдлаас өөр бусад шалтгаанаар биелүүлээгүй тохиолдолд зуучлалын хөлсийг буцаан авах эрхтэй гэж зааснаар зуучлалын хөлсөнд өгсөн 9,600,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Л.Д- нь БНХАУ-ын Хайнан Юниверсити-д 100 хувийн тэтгэлэгээр аялал жуулчлалын менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар манай компанитай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Зуучлалын хөлс 7,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх мөнгө төлөхөөр тохиролцож урьдчилгаа 3,500 ам.доллар төлж, үлдэгдэл 3,500 ам.долларыг сургуульд тэтгэлэгээр суралцах урилга ирсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа 3,500 ам.доллар буюу 9,600,000 төгрөгийг Л.Д- нь төлсөн.

БНХАУ-ын тэтгэлэгийн хорооноос Шиньяань Аероспейс Юниверсити-д 100 хувийн тэтгэлэгээр суралцах боломжтой гэсэн урилга ирүүлснийг Л.Д-д хэлэхэд зөвшөөрч суралцах хүсэлтээ илэрхийлэн 2020 оны 09 сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан. Л.Д- нь Шиньяань Аероспейс Юниверсити-д сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн иж бүрэн даатгал үнэгүйгээс гадна сар бүр 3,000 юань авч суралцах болсон. Шиньяань Аероспейс Юниверсити нь англи хэл дээр хичээл орох тул хэлний бэлтгэлд суух шаардлагагүй болсон үлдэгдэл төлбөр 3,500 ам.долларыг 2,500 ам.доллар болгохоор тохиролцсон. Харин Л.Д- нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээр үл барам зуучлалын хөлсийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Шиньяань Аероспейс Юниверсити нь англи хэл дээр хичээл орох тул хэлний бэлтгэлд суух шаардлагагүй болсон үлдэгдэл төлбөр 3,500 ам.долларыг 2,500 ам.доллар болгохоор тохиролцсон. Харин Л.Д- нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээр үл барам зуучлалын хөлсийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Иймд үлдэгдэл төлбөр болох 2,500 ам.доллар буюу 7,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Э Г ХХК нь гэрээнд заасны дагуу БНХАУ-ын Хайнан юниверсити биш Шиньяань Аероспейс Юниверсити-гийн бизнесийн удирдлагын ангийн урилга ирсэн гээд Л.Д-д мэдэгдэж ирсэн даруйд нь уг сургуулийн урилга олдохгүй боломж мэтээр төөрөгдүүлж Л.Д-ыг хүсэлт бичиж өгөхийг тулгаж, тухайн сургуульд сурах эсэхийг бодох боломж Л.Д-д олгоогүй байдаг. Э Г ХХК нь Шиньяань Аероспейс Юниверсити-гийн урилгыг Л.Д-д өгөхийн тулд Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулаагүй.

Харин гэрээнд заагдаагүй аргаар буюу хүсэлт бичүүлж авсан нь хуульд нийцэхгүй байна. Гэрээний 4.1-д ...сургуулиас албан ёсны хариу бичгээр ирсний дараа захиалагч тал зуучлалын хөлсийг бүрэн барагдуулан сургуулийн мэдэгдлийг хүлээн авснаар дуусгавар болно гэж заасан байдаг ба Э Г ХХК нь сургуулийн урилгын эх хувь, визний урилга зэргийг Л.Д-д одоо болтол өгөөгүй байгаа тул гэрээний харилцаа дуусгавар болсон гэж тооцогдохгүй. Мөн зуучлагч нь гэрээний 3.4-т заасны дагуу захиалагчийг тухайн сургуульд хүргэж өгөх, оюутны байранд орох зэрэг асуудлаар зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Л.Д- нь одоог хүртэл ямар нэгэн тэтгэлэг аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Э Г ХХК-аас 9,600,000 төгрөг гаргуулах тухай Л.Д-ын нэхэмжлэлийг, Л.Д-оос зуучлалын хөлсний үлдэгдэл 7,125,000 төгрөг гаргуулах тухай Э Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Л.Д- нь БНХАУ-ын Хайнан Юниверсити-д аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй байсан тул Э Г ХХК-тай холбогдон 2020 оны 01 сарын 18-ны өдөр нийт 7,000 ам.долларын зуучлалын хөлстэй Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Урьдчилгаа төлбөрийг өөрийн төрсөн ахаас түүний автомашиныг худалдан борлуулж 4,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр, мөн 4,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр, мөн 1,600,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр, нийт 9,600,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн. Гэтэл 2020 оны 09 сарын 19-ний өдөр Э Г ХХК-ийн захирал Ө.Манлайхүү нь сургуулийн урилга ирсэн манай зайсан дахь салбар дээр ирээд уулз гэж надад хэлсэн. Миний бие зайсан дахь салбарт очиход Хайнан Их Сургуулийн урилга биш өөр сургууль буюу Шиньяань Аероспейс Юниверсити-гийн урилга ирсэн, энэ бол манай төвд олддог ховорхон боломж гэхэд нь би гайхаад би бодож үзээд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд танд хариу хэлье гэхэд Ө.Манлайхүү захирал чамд бодох хугацаа байхгүй, одоо өргөдөл бичээд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх талаар бич гээд шахаж, тулгаад өргөдөл бичүүлэн авсан. Өргөдөл бичүүлэн авсны дараа намайг Шиньяань Аероспейс Юниверсити-ийн бизнесийн удирдлагын ангид шууд онлайнаар бүртгүүлсэн байдаг. Л.Д- миний бие хятад хэлний HSK-4 зэрэгтэй, англи хэл мэдэхгүй, англи хэлний IELTS шалгалт өгч байгаагүй, ахлах сургууль төгссөнөөс хойш математикийн хичээл үзэж байгаагүй. Гэтэл Шиньяань Аероспейс Юниверсити-гийн онлайн хичээлд суухад уг сургууль нь хичээлээ хятад хэл дээр биш англи хэл дээр заадаг, бизнесийн удирдлагын анги тул математик голдуу ордог байсан хичээлээ сайн ойлгохгүй байсан. Улмаар энэ талаар Э Г ХХК-ийн захирал Ө.Манлайхүүд хэлэхэд одоо яаж сурах чинь чамаас өөрөөс чинь шалтгаална, өөрөө хичээ гэж хариуг өгсөн тул шүүхэд хандсан. Л.Д-ыг намайг Шиньяань Аероспейс Юниверсити-гийн бизнесийн удирдлагын ангид онлайн хичээлд бүртгүүлсэн нь 2020 оны 01 сарын 18-ны өдрийн гэрээний 1.1-д Захиалагч доорхи ажил гүйцэтгэхийг зуучлагчид даалгаж, зуучлагч түүнийг биелүүлэхээр хүлээн авна. Захиалагчийн захиалгын дагуу зуучлагч нь БНХАУ-ын Хайнан Юниверсити-д аялал жуулчлалын мэргэжлээр магистрын 100 хувь тэтгэлэг буюу Хятадын Засгийн газрын тэтгэлэг, түүнтэй дүйцэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахад зуучилна. Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт нэг жилийн Хятад хэлний сургалт багтаж болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг гэрээний 3.4-т Зуучлагч нь захиалагчийг тухайн сургуульд бүртгүүлэх, хүргэж өгөх, оюутны байранд оруулах зэрэг бусад холбогдох ажлуудаар зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж зааснаар Э Г ХХК нь Л.Д-ын хүсэж байсан Хайнан Юниверсити-д бүртгүүлэх үүрэгтэй байтал гэрээнд тусгагдаагүй Л.Д-ын хүсээгүй сургуульд оруулсан тул гэрээний 2.2-т Зуучлагч гэрээнд заасан үүргээ захиалагчаас хамаарсан нөхцөл байдлаас өөр бусад шалтгаанаар биелүүлээгүй тохиолдолд зуучлалын хөлсийг буцаан авах эрхтэй гэж заасны дагуу зуучлалын хөлсөнд төлсөн 9,600,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Мөн Э Г ХХК нь Шиньяань Аероспейс Юниверсити-гийн урилгыг өгөхийн тулд Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Харин гэрээнд заагдаагүй аргаар буюу хүсэлт бичүүлж авсан нь хуульд нийцэхгүй байна. Э Г ХХК нь захиалагч надад шинэ сургуулийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөөгүй, миний сурч боловсрох эрхийг хүндэтгээгүй, үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй нь Э Г ХХК-ийн буруутай үйл ажиллагаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э Г ХХК-аас зуучлалын хөлсөнд төлсөн 9,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Э Г ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний урьдчилгаанд төлсөн 9,600,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн ба нэхэмжлэгчид холбогдуулан зуучлалын хөлсний үлдэгдэл 7,125,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 1-3, 26, 35-36, 51-52/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцсон их сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцаагүй гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу сургууль, суралцах мэргэжил өөрчлөгдсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргадаг. Харин хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тохиролцсон зуучлалын хөлсний үлдэгдлийг төлөөгүй гэсэн агуулгаар тайлбарладаг бол нэхэмжлэгч нь татгалзлын үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 18-ны өдрийн Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 6, 38/, Голомт банк ХХК дахь 258412318 тоот дансны хуулга /хх 8-9/, тус банкны мемориалын баримт /хх 10-14/, Хаан банк ХХК дахь 5039625693 тоот дансны хуулга /хх 15-16/ зэрэг бичгийн нотлох баримтыг зохигч талуудын тайлбартай харьцуулан үзвэл, Э Г ХХК нь Л.Д-ыг БНХАУ-ын Хайнан Юниверсити сургуульд аялал жуулчлалын менежмент мэргэжлээр магистрын 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцахад зуучлах, Л.Д- нь зуучлалын хөлс 7,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар Л.Д- нь 2020 оны 01 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөгийг урьдчилгаа гэж төлсөн үйл баримт тус тус тогтоогдож байна. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ зуучлалын гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв болжээ.

 

Хэргийн 39 дэх талд авагдсан нэхэмжлэгч Л.Д-ын гараар бичсэн хүсэлтэд Миний бие ... Shenyang aerospace university сургуульд 2020-2023 он хүртэл уг хөтөлбөрт суралцахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн зуучлалын хөлс болох 2,500 ам.долларыг хоёр хувааж төлөх болно... гэж дурдсан байх ба уг хүсэлтийг нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур буюу шахаж, тулгаж бичүүлсэн үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсныг хариуцагч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Shenyang aerospace university-ийн онлайн хичээлд суухад бэрхшээлтэй байсан агуулгыг дурдсанаас үзэхэд тэрээр дээрх баримтаар илэрхийлсэн өөрийн хүсэл зоригоо Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу бодит үйлдлээр гүйцэтгэсэн буюу тус сургуульд суралцахыг зөвшөөрч, улмаар хичээлд онлайн хэлбэрээр суралцсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Э Г ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний урьдчилгаанд төлсөн 9,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Мөн анхан шатны шүүх ...Э Г ХХК нь Л.Д-ыг Хайнаны их сургуульд оруулаагүй үндэслэлээр хариуцагч байгууллагын нэхэмжлэгчээс 7,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Д-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 21-ний өдөр төлсөн 168,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР