Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/226

 

 

 

 

    2024            02            20                                      2024/ДШМ/226

 

Б.С, Ц.Д, Ө.М  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нарын өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/721 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.С, Ц.Д, Ө.М  нарын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.С, Ц.Д, Ө.М  нарт холбогдох эрүүгийн 2210020981247 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.

 

2.

 

3.

 

            Шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нар нь урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “И” нэртэй бааранд хохирогч Б.С “Хөл дээр гишгэсэн, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгааны улмаас  зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.С, Ц.Д, Ө.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Бгийн С, Б овогт Цын Д, И овогт Өлын М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.С, Ө.М, Ц,Д нар нь нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг хохирогч Б.С д нөхөн төлснийг тэмдэглэж, түүний нэхэмжлэлээс сорви арилгах лазер эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.118.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.С  нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нарын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус хэргийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгч К.Манлай би сэжигтнүүдэд яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулах үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн еренхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн зүйлийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульчилсан. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр прокуророос эдгээр 3 шүүгдэгчийг яллагдагчаар татсан тухай тогтоолд дугаар авч мөрдөгчид 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цохогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж заасан байх бөгөөд миний үйлчлүүлэгч нар 2022 өны 8 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба тэдэнд 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Илт хууль хэрэглээний ноцтой алдаа байхад шүүхээс тэдгээрийг гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, сэжигтэнд тогтоолыг танилцуулж яллагдагч болсноор яллагдагчаар татах процесс дуусна. Энэ процесс дууссан өдөр нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 3-ны өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэв.

 

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийг тайлбарлаж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд зааснаар 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, прокурорын нэгдсэн системд эрүүгийн хэргийн дугаар авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж хуульчилсан. Энэ гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн. Прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл өмгөөлөгч яллагдагчаар татсаны дараах асуудлыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасныг тайлбарлаж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.С, Ц.Д, Ө.М  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдол заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нар нь урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “И” нэртэй бааранд хохирогч Б.С “Хөл дээр гишгэсэн, хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгааны улмаас үсний сав шидэх, түлхэх, үснээс нь зулгаах, гарнаас маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шууны урд дээд хэсэг, дотор дунд хэсэг, зүүн шууны урд дунд хэсэг, баруун өвдөг, шилбэний гадна дээд урд хэсэг, зүүн өвдөгний дээр цус хуралт, баруун шанааны дээд хэсэг, баруун хацрын доод хэсэг, баруун шууны урд хэсэг, дотор дээд, доод хэсэг, зүүн шууны урд дунд хэсэгт зулгаралт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           

            хохирогч Б.С гийн “...бүжиглэж байтал миний араас нэг том биетэй охин хөл дээр гишгээд, түлхээд ороод ирэхээр нь би “чи жоохон цаашилж болохгүй юу” гэж хэлэхэд нөгөө охин “чи өөрөө цаашил, энд зай байхгүй байна” гэж хэлээд бид маргалдсан. ... нөгөө гурван охин дахин ирээд намайг түлхээд, би хойшоо унахдаа нүдний шилээ унагачихсан. Босоод шилээ хайгаад олохгүй байхаар нь найз О-т “миний шилийг хайж байгаач” гэж хэлээд  Хтай хамт 00 ороход нөгөө 3 охин намайг хараад “нөгөөдөх чинь байна ш дээ” гээд гурвуулаа нийлээд миний толгой, хөл, цээж нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ...” /1хх 80-81, 88/,

 

            гэрч М.Хгийн “...би Сын хамт 00 ороход нөгөө охид дотор байсан. Биднийг ороход Сыг хараад “нөгөөх чинь байна” гээд “чи наашаа ороод ир дээ, хөөе” гээд шар үстэй өндөр охин дуудаад С очоод эхлээд тэд хоорондоо ярилцах гэж оролдоод байж байтал араас нь хар үстэй, хэл ам хийгээд яваад байсан охин нь үгийн зөрүүгүй үснээс нь дараад, түүний араас бүгд үсдээд, өшиглөөд, цохиод эхэлсэн. Тэр үед би салгах гээд ерөөсөө дийлээгүй. Дахин хамгаалагч нар ирж салгасан. /1хх 117-118/,

           

            гэрч С.Огийн “...найз С, Х нарын хамтаар бүжиглэхээр орсон. Биднийг бүжиглэж байтал хэдэн охид манай найз Стай түлхэлцээд байсан. Тэгэхээр нь би Хгийн хамт найз Сг холдуулан сууж байсан ширээ рүүгээ явсан. Тэгээд байж байгаад нөгөө охид 2 удаа манай ширээн дээр ирээд, хэрүүл өдөөд манай найз руу дайраад байсан. Тэр үед хамгаалагч ирээд нөгөө охидыг гаргаад явуулсан. 30-40 минутын дараа нөгөө 4 охины 2 нь биднийг текний хажуу талын шатан дээр байхад Сгийн үснээс нь зуураад авсан, С мөн адил зуураад авсан. Тэгсэн цаанаас нь 2 охин ирээд Стай зодолдох гээд бужигнаад хамгаалагч ирээд салгасан. Тэр үед Сгийн нүдний шил нь алга болсон болохоор би бүжгийн талбайгаар хайсан. Тэр хооронд С, Х хоёр байхгүй болчихсон байсан. 00 руу очсон чинь хаалгыг нь хамгаалагч нар барьсан, С Х хоёр 00-ын гадна талд, Сгийн нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. ...” /1хх 121-122/,

           

            шинжээч эмч Ч.Эрын “...Б.С гийн биед учирсан гэмтлүүдээс зөвхөн тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /1хх 148, 156/,

 

Б.Сгийн яллагдагчаар: “....Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх171-172/,

 

Ц.Дын яллагдагчаар: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 175-176/,

 

Ө.Мгийн яллагдагчаар: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.С гийн бие хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11248 дугаартай дүгнэлт /1хх 144-145/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 84-86/, хохирогч Б.С гаас хэрэгт хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн төлбөрийн баримт, гэмтэл авсан гэх хэсгийг харуулсан гэрэл зураг /1хх 60-76/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолууд /1хх 1-4, 6-9, 11-14, 16-19/,  зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 186, 199, 221, 225, 226/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нарын бүлэглэн хохирогч Б.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

 

Гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолох ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

 

Дээрх журамд тодорхойлсноор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн хугацааг яллах дүгнэлтэд заасан 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө буюу 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий өнгийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт торгох ялын доод хэмжээг 450 нэгж, дээд хэмжээг 2.700 нэгж,  нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг 240 цаг, дээд хэмжээг 720 цаг, зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 1 сар, дээд хэмжээг 6 сараар тогтоосон тул  энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцох ба дээр дурдсан 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хугацааг тоолоход 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох ажээ.

 

Шүүгдэгч Б.С, Ц.Д, Ө.М  нарыг хохирогч Б.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан баримт хэргийн /1хх 6-9, 11-14, 16-19/ талд авагджээ.

 

Эдгээр ажиллагааг прокурор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулсан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой шүүгдэгч нар нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр танилцсан /6-9, 11-14, 16-19/ байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлайгийн “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/721 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН