Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0320

 

 

 

 

 

     2025        05           07                                    128/ШШ2025/0320    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: “И*******” ХХК  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г*******, Б.Ч*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О*******  

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******, Б.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:   

1.Нэхэмжлэгчээс “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” шаардлагаар маргаж байна.    

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9** дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Х** нэртэй 2554.17 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.  

2.2.Дээрх шийдвэрийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-0******* дугаартай гэрчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгосон байна.

2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 6** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.  

2.4.Нэхэмжлэгч “И*******” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Өргөдөл гаргах тухай” 0** дугаартай албан бичгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

2.5.Тус шүүх “И*******” ХХК-аас гаргасан “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.    

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9** дүгээр шийдвэрээр "И*******” ХХК нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын "Х***" нэртэй нутаг дэвсгэрт зориулалтын дагуу газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компанид XV-0******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгож, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сунгасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс манай компанийн 90**** улсын бүртгэлийн дугаартай ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг дахин сунгуулахыг хүссэн өргөдлийг "Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-22.4- т заасан баримтыг хуульд заасан хугацаанд шаардлага хангуулан ирүүлээгүй гэх" үндэслэлээр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосныг бүртгэснээр манай компанийн эрх ашиг хөндөгдсөн. Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ." гэж заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн боловсруулсан менежментийн төлөвлөгөөг Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн боловч дэлхий нийтийг хамарсан Covid- 19 цар тахлын улмаас Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь уг цар тахлаар Өвчилсөн байсан гэх шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, манай компанид мэдэгдсэн.   

Манай компанийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах ажиллагааг хугацаа дуусахаас олон сарын өмнө хийлгэх гэж төлөвлөсөн боловч Улсын онцгой комисс, Монгол улсын Засгийн газар, Аймгийн засаг даргын хөл хорио тогтоосон захирамжилсан шийдвэрүүдийн улмаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нэвтрэх боломжгүй байсан болно. Иймд дээрх шалтгаануудын улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад баримтыг бүрдүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүргүүлсэн боловч тухайн үед тус газарт ажиллаж байсан бичиг хэргийн ажилтан тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлд хавсаргах баримт дутуу гэх шалтгааны улмаас манай компанийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авалгүй буцаасан.

Иймд компанийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг даргад хандан "... танай газраас манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд баталж өгөөгүй шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашиг малтмал, газрын тосны газраас баримт бичгийн бүрдэл Дутуу гэх шалтгааны улмаас хүлээн авахгүй байна.

Иймд бидний төлөвлөөг яагаад хуулийн хугацаан баталж өгөөгүй шалтгаанаа тодорхойлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгнө үү.” гэх албан бичгийг хүргүүлж байсан болно. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргагдах баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь манай компаниас үл хамаарах нөхцөл байдлын улмаас хуулийн хугацаанд батлагдаагүй, бидний зүгээс тухайн орон нутагт нэвтрэх боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь Улсын онцгой комисс, Монгол улсын Засгийн газар, Аймгийн засаг даргын хөл хорио тогтоосон захирамжилсан шийдвэрүүдээр тогтоогддог болно.   

Дээрх шалтгааны улмаас манай компани олон зуун сая төгрөгөөр хохирох, тусгай зөвшөөрлөө дуусгавар болгох асуудал бий болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь жил бүр хайгуулын ажлын тайлан байгаль орчны менежментийн зардал гэх мэт их хэмжээний хөрөнгө, цаг хугацааг зарцуулдаг, энэ бүх ажлууд ямар нэгэн үр дүнгүйгээр өнгөрөх нөхцөл байдал үүсээд байна.     

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр "Их Хүдэр" ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.    

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд 2015 оноос хойш энэ хайгуулын талбай дээр үйл ажиллагаа явуулаад, зөвхөн лицензээс гадна тухайн орон нутагт байгаа уул уурхайн компаниудаас маш их татвар хураамж, энийг ч ирүүлдэг, тэрийг ч ирүүлдэг гэдэг байдлаар маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Ковидын цар тахлын улмаас бүх орон даяараа л энэ асуудлууд байсан. Тийм учраас бид нар цаашдаа хайгуулын лицензээ үргэлжлүүлээд, өмнөх хугацааныхаа төлбөрийг төлөөд, хайгуулынхаа лицензийг авч ашиглах гол зорилготой байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бид нар өмнөх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хянуулах, хууль зүйн талаасаа 2023 онд шийдвэрлэсэн шийдвэрийг барьж дараа дараагийн шатны шүүхэд хандах эрхийг нээлгэх зорилгоор цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулаад явж байгаа. Тийм учраас гаргасан нэхэмжлэлийн хүрээнд ийм харилцаа байсан гэдгийг газрын тосны газраас үгүйсгэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.  

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч татгалзлынхаа үндэслэлээ 2 үндэслэлээр гаргасан гэж ойлгосон. Ашигт малтмалын хуулийн 22.1-т заасны дагуу 1 сарын өмнө өргөдлөө гаргах ёстой байсан боловч ирүүлээгүй байна, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж аж ажиллаагүй. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгоод бүртгэчихсэн. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 10.1 дэх хэсэгт эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг хангахаас татгалзана гэж заасныг баримтлаад хүчин төгөлдөр бус болгоод бүртгэчихсэн гэсэн хариу тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт байгаа баримтуудаас харахаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргад хүргүүлж байсан баримт болон гэрч н.Г******* мэдүүлэг, мөн Ашигт малтмал, газрын тосны газар 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан баримтуудаар тухайн өдөр өргөдлөө хугацаандаа гаргаж байсан байна гэдэг нь тогтоогдож байна. Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тодорхой шалтгааны улмаас хуулийн хугацаанд хянан шалгаж баталж өгөөгүйн улмаас бүрдүүлбэр дутуу өргөдөл өгсөн гэдэг зүйл дээр буцаасан байгаа. ЭЭнэ талаар хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч тухайн үед бүрдүүлбэр хангаагүй өгөгдлийг бүртгэлд тэмдэглэл хийхгүйгээр буцаадаг байсан байна гэж өмнөх шүүх хурал болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Тэгэхээр тэмдэглэлд тусгагдахгүйгээр буцаагддаг байсан тохиолдолд байсан байна гэдэг нь харагдаж байгаа.

Хоёрдугаарт, захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж татгалзлынхаа үндэслэлийг тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу манай компанийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч тус газрын 11 дүгээр сарын 40-ний өдрийн албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болсон гэсэн хариуг ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилготой нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д захиргааны байгууллагын гаргасан захиргааны гэрээ илт хууль бус болох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох тухай захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг үл хамаарна гэж заасан байдаг учраас энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна.” гэв. 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Х*** нэртэй, 2554.17 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-01*** дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9** дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна. “И*******” ХХК-ийн дээрх талбай бүхий ХВ-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6** дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Гэтэл "И*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй, хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 

Ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуулиар тусгай эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаж байхыг мэдэгддэг. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан өргөдөл гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8- 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... тухайлан хуульчилсан. Хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т "Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно." 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй", 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. "94.2-т "Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд дээр дурдсан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхээр тус газар нь өнөөдрийн байдлаар хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан тусгай хэрэгцээ гэх мэт ямар ч талбайтай давхцалгүй байна. Шүүхэд бичгээр тайлбараа гаргаж өгсөн. Гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

2.Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэг сарын өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг өгсөн байхад өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байсан тул энэ үйл баримт тогтоогдох боломжтой.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас нэг сарын өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг манай байгууллагад гаргаж байсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ. 

3.Нэхэмжлэгч “И*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.         

4.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9*** дүгээр шийдвэрээр “И*******” ХХК-д Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Х*** нэртэй 2554.17 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.   

5.Дээрх шийдвэрийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “И*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-0******* дугаартай гэрчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгосон байна.

6.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 6** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.     

7.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”,22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”,22.1.1.“хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”,22.1.2.“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”,22.1.3.“байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”,22.1.4.“хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заажээ. 

8.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт болон холбогдох бусад баримтыг хавсаргахаар байна. 

9.Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “И*******” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах тухай өргөдлийг хариуцагч буюу төрийн захиргааны байгууллагад гаргахаар байжээ. 

10.Нэхэмжлэгч “И*******” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Өргөдөл гаргах тухай” 0*** дугаартай албан бичгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна. 

11.Уг албан бичигт “... Манай компанид XV-0***7 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгож, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сунгасан.  

Цаашид тус газарт үргэлжлүүлэн хайгуулын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд хугацаагаар сунгаж өгнө үү. 

Өргөдөлд холбогдох материалыг хавсаргав. 

Жич:Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулахаар Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч цар тахалын улмаас хуулийн хугацаанд батлагдаж ирээгүй тул нөхөн хүргүүлэх болно.” гэжээ.

12.Нэхэмжлэгч нь дээрх албан бичгээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагчид гаргаж байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна гэж үзэв.Үүнд:

12.1.Нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргад хүргүүлсэн “Манай компанийн зүгээс 2020 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлангаа 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын хэлтсээр батлуулсан тухайгаа дурдан 2021 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаа хүргүүлж хуулийн дагуу уг төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн албан бичгийн хамт тайлангаа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байна. Үүнээс шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас баримт бичгийн бүрдэл дутуу гэх шалтгаанаар хүлээж авахгүй байна.

Иймд бидний төлөвлөгөөг яагаад хуулийн хугацаанд баталж өгөөгүй шалтгаанаа тодорхойлж өгөн, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгнө үү.” гэх агуулга бүхий албан бичиг; 

12.2.Нэхэмжлэгч “И*******” ХХК-д гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан Н.Г******* шүүхэд гаргасан “... Даргалагчаас:“И*******” ХХК-ийн лицензийн хугацааг сунгуулахтай холбоотой асуудлаар холбогдож Ашигт малтмалын газартай холбогдож байсан уу?” гэхэд. Гэрч:“2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр лиценз сунгуулахтай холбоотойгоор гүйцэтгэх захирлын хамт Ашигт малтмалын газарт очиж байсан.Тухайн цаг үед дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчин гарсан байсан.Өмнөговь, Дорноговь аймгуудыг онцгой бүс гэдгээр Засгийн газраас хөл хориог нь цуцлаагүй байсан.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө орон нутаг руу явуулчихсан байсан.2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр лиценз сунгуулахтай холбоотойгоор гүйцэтгэх захирлын хамт материал өгч байсан.”, ... Даргалагчаас:“Материалаа өгсөн юм уу.” гэхэд. Гэрч:“Жижүүрт нь өгсөн. 2 хоногийн дараа гүйцэтгэх захирал н.Чингүүн рүү залгаж танай материал бүрдүүлбэр хангаагүй учир буцаагдаж байна гэсэн хариу өгсөн байдаг.” гэх гэрчийн мэдүүлэг; 

12.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан:“... Даргалагч:“Тухайн үед дутуу материал хүлээж авахгүй буцаадаг тохиолдол байсан уу?” гэхэд. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:“Ковид цар тахлын хүрээнд 30 хувиар ажиллаж байсан. Ээлж, график гаргаад тухайн үед баримтыг нэг бүрчлэн бүрдүүлж авдаг байсан.Цар тахлын үе байсан учир нэг л материал дутуу бол хүлээж авдаггүй, хүмүүсийн нааш, цааш нь явуулахаас сэргийлж уг ажиллагааг хийж байсан.”гэх. Даргалагч:“Дутуу материалтай өргөдлийг бүртгэж хүлээж авахгүйгээр буцаадаг байсан гэж ойлголоо. Зөв үү?” гэхэд. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:“Зөв.” гэх.” тайлбар зэрэг болно. 

13.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч “И*******” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан байх бөгөөд хариуцагч нь бүрдэл дутуу буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаагүй гэх үндэслэлээр өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг буцааж байсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв. 

14.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хариуцагчид гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч “И*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.5, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “И*******” ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ