Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн  өмгөөлөгч  Г.Лхам

Шүүгдэгч О.Рагчаасүрэн  нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэн мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд  ирүүлсэн О.Рагчаасүрэнд холбогдох эрүүгийн 1722000730041  тоот  хэргийг  2017 оны 12 сарын 1-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1997 оны 10 сарын  26-ны  өдөр Дундговь  аймгийн  Сайнцагаан  суманд төрсөн, эрэгтэй, 20 настай,  бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй,  Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  1-р  багийн  нутаг Цагаан арт гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, хэрэг  хариуцах  чадвартай, Түмэд овгийн  Охиноогийн  Рагчаасүрэн /РД:ЗК97102613/

            Шүүгдэгч  О.Рагчаасүрэн нь 2017 оны 09 дүгээр  сарын 22-оос 23-нд шилжих шөнө  Дундговь  аймгийн  Сайнцагаан  сумын  нутаг  дэвсгэрт буюу Дундговь-Луус чиглэлийн хатуу хучилттай замд зорчиж явсан Д.Эрдэнэ-Очирын 46-75 УБЦ улсын  дугаартай “Ланд круйзер-200 ” маркийн тээврийн  хэрэгслийн  цонх  руу  чулуу шидэж хагалсны  улмаас 550.000 төгрөгийн  хохирол  учруулсан,  мөн  2017 оны 10 дугаар  сарын  19-өөс 20-нд шилжих шөнө Сайнцагаан  сумын  нутаг  дэвсгэрт насанд хүрээгүй Г.Нямгаравыг зодож  биед нь хөнгөн  хохирол учруулсан гэмт  хэрэгт тус тус  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

А/ Эд хөрөнгө  устгасан, гэмтээсэн гэх  үйлдлийн талаар:

 

1.Шүүгдэгч О.Рагчаасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөнхпүрэв. Гунгаадорж, Цэрэнчунт бид 4 манайд очиж айраг уусан. Тэгээд буцаад явж байтал нэг  мотоцикль хэмхэрсэн.  Тэгэхээр  нь  нэг  мотоцикль дээрээ  4-үүлээ  сундлаад засмал замаар  явсан. Би бие засах  гээд чулуу түүсэн ба  өвөрт нэг  нь үлдсэн  болохоор  нь хаятал машин зөрөх таараад цонхыг нь хагалсан. Хохиролд 900.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж  байна ...” гэв.

 

2. Хохирогч Д.Эрдэнэ-Очирын “...Дундговь аймгийн  төвөөс баруун  тийш 10 гаран  км газарт засмал зам дээр  шөнийн 03 цаг 30 минутын  үед явж байтал зөрсөн  мотоцикльтой залуугийн  ард сундалж  явсан  залуу  мотоциклийн  ар  дээр  босч ирээд чулуу  шидсэн. Тэгсэн  чинь  машины  арын  цонх хагарсан. Тэгэхээр  нь  хойноос нь  хөөсөн  чинь засмалаас гарч  зугатаагаад машин  гүйцээд  очихоор  буцаж засмал дээгүүр  гарч  нөгөө  талд  нь гарч  зугатаагаад  байсан. Тэгээд  хамт  явсан  машинтай хүмүүстэй  шахаж  байж  барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-рт/

3. А.Энхцэцэгийн  “...Тэгээд  би замаас  буугаад хойноос нь  очтол мотоцикльтой  хүмүүстэй уулзаж  байсан. Тэгээд би хүнтэй уулзах байсан  юм  байх  гэж бодоод очтол нэг  залууг бариад авсан  байсан. Яасан  талаар  асуухад машины шил  хагалсан гэсэн. Тэгээд харсан  чинь жолооч  талын  арын шилийг  хагалсан  байсан  ” гэх  мэдүүлэг  /хх-ийн 12-13-рт/

4. Гэрч Ц.Мөнхпүрэвийн “...Тэгээд  явж байсан  чинь  машин  зөрөх  үед Рагчаа гараараа  даллах  шиг  болсон  чинь пад гээд нэг юм  дуугарах шиг болсон. Юу вэ гэсэн  чинь  юу ч биш гэж  Рагчаа  хэлсэн. Тэгсэн  чинь араас  машин  ирээд  сигналдсан. Юу болсон  талаар  асуухад Рагчаа би  сая  чулуу шидчихсэн  юм  гэж  хэлсэн...Яасан  гэсэн  чинь  цонх хагалчихлаа  гээд бид нарыг  машиндаа  суулгаад  аймаг руу  аваад явсан...” гэх  мэдүүлэг  /хх-ийн  24-25-рт/

5. Г.Осоржингийн  “...Зөрсөн мотоцикльтой залуугийн ард сундалж явсан залуу мотоциклийн  ард  дээр  өндийх  шиг  болтол чулуу  шидсэн.  Тэгсэн машины арын цонх хагарсан. Тухайн  үед би машин  жолоодож явсан. Тэгэхээр  нь  хойноос нь хөөсөн  чинь  засмалаас  гарч  зугатаагаад машин гүйцээд очихоор буцаж засмал дээгүүр  гарч нөгөө  талд  нь  гарч  зугатаад байсан ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 11/

6. Гэрч О.Цэрэнчунтын “...Тэгээд  явж байтал  замын  хагархай  дээр  машин  зөрсөн. Тэгээд юу болов гэхэд замын хагархай дээр л дуугарсан  байлгүй гэж  Гунгаадорж хэлсэн. Тэгсэн  чинь  араас  машин  ирээд  дохиод сигналдаад байсан. Тэгэхээр нь  цагдаа юм байх гэж  бодоод засмалаас буугаад шороон  замаар  яваад эргэж  засмал зам хөндлөн  гараад явтал  араас  машин гүйцэж  ирээд  зогсоосон. Тэгсэн  чинь  жолооч нь  бууж ирээд  яагаад  цонх хагалаад  байгаа  юм бэ гэсэн ” гэх  мэдүүлэг  /хх-ийн 15-рт/

7. Сайнцагаан  сумын  үнэлгээний  комиссын 2017 оны 9 дүгээр  сарын 25-ны  өдрийн №70 дугаартаы дүгнэлт /хх-ийн 24-25-рт/

8. Хэрэгт цугларсан бусад бичгийн  баримт  зэргийг  судлав.

 

Б.Хүний  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол учруулсан гэх  хэргийн  талаар:

 

1.Шүүгдэгч О.Рагчаасүрэн шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цэрэгт  хамт  байсан  он  жавууд таараад он жав Нямдоржтой уулзах гээд  очсон. Тэгтэл дүү нь  цонхоороо байхгүй  гэхээр  нь надаар тоглож  байна гэж  бодоод гэрэл тусгаад  хөнжлийг  нь  сөхсөн. Тэгтэл дүү  нь намайг  зайл  гэхээр  нь  шаралхаад нэг  цохьсон. Хашааных  нь  гадаа  бол цохиогүй. Хохиролд 200.000 төгрөг  төлсөн. Хийсэн хэрэгтээ  гэмшиж байна ...” гэв.

            2. Насанд хүрээгүй хохирогч Г.Нямгаравын “... Сайнцагаан  сумын  9-р баг  Мандалын  6-1 тоотод гэртээ  унтах гээд хэвтэж байхад хашааны гадаа  Нямдоржоо гээд  хүн  дуудахаар нь цонхоо  онгойлгоод ах  байхгүй  гэж  хэлсэн  чинь нэг  залуу  цонхон  дээр  ирээд хөнжлөө сөх  дөө гээд гэрэл  асаагаад  хөнжил гудас  сөхсөн.  Тэгэхээр  нь  би тэр  залуугийн  өөдөөс  би  ямар  байцаагдаж  байгаа  юм  уу гэж хэлсэн  чинь  он  жавын  дүүтэйгээ  уулзлаа  гоё байна. Ахтай чинь  хамт цэрэгт  байсан  юм. Ахыгаа  уучлаарай гээд гэр  барья гэхээр  нь цонхон  дээр  очоод гар  барьсан  чинь Рагчаасүрэн  гарнаас  татаад баруун  талын  шанаа  руу  нэг  цохьсон ...Хашааны  гадаа гарахад  ээж  Рагчаасүрэнг хувцаснаас  нь  татаад зогсож байхаар  нь би уурлаад чи гэрт  ирж  намайг зоддог хэн юм гэж хэлээд зогсож байхад машинаас 2 залуу гарч  ирээд боль боль гэртээ  ор гээд хоёр гарнаас бариад зогсож байхад Рагчаасүрэн ирээд толгойны ар хэсэг  рүү 2  удаа  цохьсон...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 51-52-рт/

 3.Насанд хүрээгүй  хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч  Б.Цэндээгийн  “...Намайг 2017.10.19-ний  өдөр Сайнцагаан  сумын  9-р баг Мандалын 6-1 тоотод гэртээ  унтаж  байхад  хүү  Нямгарав намайг  хүн  зодчихлоо гэхээр  нь гэрээс  гараад  хартал  хашааны  хаалгаар  нэг  хүн  гарч  байхаар  нь  араас  нь  гартал  яг  машинд суугаад  хаалгаа  хаах  гэж  байхаар 

нь куртикнээс нь татаад бариад зогсож байхад Нямгарав  руу дайрахаар  нь би  болиулсан. Тэгтэл   машинаас  2 залуу  гарч  ирээд  Нямгаравыг  аваад хашааны  хаалганы  үүдэнд очоод зогсож байхад Рагчаасүрэн  миний  гарнаас  мултраад Нямгаравын  толгой хэсэг  рүү 2-3 удаа  цохисон ...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 53-54-рт/

4. Гэрч Ц.Цолмонбаярын “... Рагчаасүрэн Нямдоржтой  уулзана  гээд  орсон. Тэгээд хэсэг  хугацааны  дараа  хашаанаас  Рагчаасүрэн, Нямдоржийн  ээж, дүү нар  гарч  ирэхээр нь би машинаас  буугаад  очтол Нямдоржийн  ээж хүүхэд  дээрэлхлээ, бөөндөө  зодлоо гээд  уурлаад  байхаар  нь би юу болсон  бэ  гэж асуухад  та  нар  хүүхэд зодлоо гээд  загнаад байсан. Нямгарав, Рагчаасүрэн  хоёр хэрэлдээд  байсан.  Рагчаасүрэн  Нямгаравыг зодохыг  хараагүй ...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 55-рт/

5. Дундговь  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээчийн  2017 оны 10 сарын  20-ны  өдрийн 170200306 дугаартай  шинжээчийн  дүгнэлтэнд:

  • Г.Нямгаравын  биед тархи доргилт, хацарт зөөлөн  эдийн гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи гэмтэл  нь  хатуу  мохоо  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Цаашид ерөнхий  хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  • Тархи доргилт нь  Шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна. Хацрын зөөлөн  эдийн  гэмтэл нь гэмтлийн  зэрэгт  хамаарахгүй гэжээ. /хх-ийн 57-рт

6. Хэрэгт  цугларсан бусад бичгийн  баримт  зэргийг  шинжлэн  судлав.

 

В.Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял  шийтгэлийн  талаар

            Хэрэгт авагдсан  болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж,  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч О.Рагчаасүрэн  нь 2017 оны 09 дүгээр  сарын 22-оос 23-нд шилжих шөнө  Дундговь  аймгийн Сайнцагаан  сумын  нутаг  дэвсгэрт буюу Дундговь-Луус чиглэлийн  хатуу хучилттай замд зорчиж явсан Д.Эрдэнэ-Очирын 46-75 УБЦ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн  хэрэгслийн  цонх  руу  чулуу шидэж хагалсан, мөн 2017 оны 10 дугаар  сарын  19-өөс 20-нд шилжих шөнө Сайнцагаан  сумын  нутаг  дэвсгэрт насанд хүрээгүй Г.Нямгаравыг зодож  биед нь хөнгөн  хохирол учруулсан болох  нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Рагчаасүрэн  нь өвөрт байсан  чулууг  хаях гээд  шидтэл машин  оносон, машины ирж  байгааг  хараагүй  гэж  мэдүүлж  байх  боловч  энэ нь  хохирогч Эрдэнэ-Очир, гэрч  Осоржин  нарын  “...зөрсөн  мотоцикльтой  залуугийн   ард сундалж явсан  залуу мотоциклийн  ард  дээр  өндийх  шиг  болтол чулуу  шидсэн...” гэх  мэдүүлгээр  үгүйсгэгдэж  байна.

Мөн  насанд хүрээгүй  хохирогч Г.Нямгаравыг хашааны  гадна  цохиогүй гэсэн  мэдүүлэг өгч  байх  боловч энэ нь  насанд хүрээгүй  хохирогч Г.Нямгаравын “...хашааны гадаа Рагчаасүрэн ирээд толгойны ар хэсэг  рүү 2  удаа  цохьсон...”  гэх  мэдүүлгээр, насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Цэндээгийн  “...хашааны  хаалганы  үүдэнд очоод зогсож байхад Рагчаасүрэн  миний  гарнаас  мултраад Нямгаравын  толгой хэсэг  рүү 2-3 удаа  цохисон ...” гэх  мэдүүлгээр  тус  тус  үгүйсгэгдэж  байна.

 

Иймд шүүгдэгч  О.Рагчаасүрэнг  эд хөрөнгө  устгах  гэмтээх,  хүний  эрүүл  мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Рагчаасүрэн  нь  анх  удаа гэмт  хэрэг  үйлдсэн, учруулсан хохирлоо  сайн  дураараа нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.2 дахь хэсэгт  заасан  эрүүгийн  хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл  болж  байх  ба эрүүгийн  хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал  тогтоогдохгүй  байна.

Иймд шүүгдэгчийн  хувийн  байдал  болон эрүүгийн  хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл  байдлыг  харгалзан  шүүгдэгч  О.Рагчаасүрэнд Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх  хэсэгт , мөн  хуулийн  17.8 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт  тус  тус заасан торгох  ялыг  сонгох  оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  нь хэд хэдэн  гэмт  хэрэг үйлдсэн  байх  тул  Эрүүгийн  хуулийн  6.8 дугаар  зүйлийн  1дэх  хэсэгт зааснаар хэрэг  тус  бүрт оногдуулсан  торгох  ялыг  нэмж нэгтгэн  нийт  эдлэх торгох  ялын  хэмжээг  тогтоолоо.

Шүүгдэгч  О.Рагчаасүрэн нь  эрхэлсэн  тодорхой  ажилгүй,  аав, ээжийн  хамт  мал  малладаг  гэх  тул  энэ   байдлыг  нь  харгалзан  түүнд  оногдуулсан  торгох  ялыг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр  тогтоох нь  зүйтэй  гэж  үзэв.

Шүүгдэгч  нь  энэ  хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй,  хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь  хохирогч Эрдэнэ-Очирт 900.000 төгрөг, насанд хүрээгүй  хохирогч Нямгаравт 200.000 төгрөг  тус тус  төлсөн болохыг  дурдаж  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Түмэд овгийн Охиноогийн  Рагчаасүрэнг   эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол учруулах гэмт хэргийг  тус тус үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай.
  2. Шүүгдэгч  Түмэд овгийн  Охиноогийн  Рагчаасүрэнд Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжээр  буюу 500.000 /таван  зуун мянган / төгрөгөөр, мөн  хуулийн  17.8 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжээр буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рагчаасүрэнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн  нийт  эдлэх  ялыг 1000 нэгжээр буюу 1.000.000 / нэг  сая/ төгрөгөөр  торгох  ялаар  тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рагчаасүрэнд оногдуулсан  торгох  ялыг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр  тогтоосугай.
  5. Шүүгдэгч  нь энэ хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй,  хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдсан  зүйлгүй,  битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй,  шүүгдэгч  нь  хохирогч Эрдэнэ-Очирт 900.000 төгрөг , насанд хүрээгүй хохирогч Г.Нямгаравт 200.000 төгрөг төлсөн, хохирогч нар  нь  гомдол  саналгүй гэсэн  болохыг   тус  тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Рагчаасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ