| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00728/И |
| Дугаар | 301/ШШ2025/00270 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2025/00270
| 301/ШШ2025/00270 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух С овгийн В.Б
Хариуцагч: А аймгийн Т сумын . тоотод оршин суух Х овгийн Ж.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 951,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран
Хариуцагч Ж.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ж.Г-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.Б хариуцагч Ж.Г-т холбогдуулан хохирол 1,621,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосноос илүү үнээр худалдаж авсан сэлбэгийн үнийн зөрүү болох 647,000 төгрөгийн, үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ, зардал 304,000 төгрөг, нийт 951,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
- Би 2023 оны 12 сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн . дугаартай приус-20 маркийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байхад аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт МУБИС-ийн Архангай салбар сургуулийн зүүн уулзвараас баруун эргээд 20 метр зайд Ж.Г нь . улсын дугаартай Санни маркийн автомашинаар урсгал сөрж ирээд миний машиныг мөргөж осол гаргасан. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нар Г-н машиныг журмын хашаанд хийсэн. Миний машинд Хас үнэлгээ компанийн 2,043,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарч даатгалын компани уг хохирлыг төлсөн. Машинаа засварлуулахад үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ нийт 304,000 төгрөг /под крыло 80,000 төгрөг, обуд дугуй 120,000 төгрөг, нэмэлтийн гэрэл 50,000 төгрөг, Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ачуулсан зардал 54,000 төгрөг/. Үнэлгээнд бичигдсэнээс зөрүүтэй үнэтэй сольсон, засварласан сэлбэг, ажлын хөлс 647,000 төгрөг. Үүнд: урд буфер 650,000 төгрөгөөр худалдан авсан үнэлгээний тайланд 385,000 төгрөгөөр үнэлсэн. Үүний зөрүү 265,000 төгрөг, их крыло 180,000 төгрөгөөр худалдан авсан боловч үнэлгээний тайланд 150,000 төгрөгөөр үнэлсэн. Үүний зөрүү 30,000 төгрөг, амортизатор 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэлгээний тайланд 128,000 төгрөг. нийт зөрүү 52,000 төгрөг, өндгөн тулгуур 60,000 төгрөгөөр худалдан авсан, үнэлгээний тайланд 45,000 төгрөг, үний зөрүү 15,000 төгрөг, гар 90,000 төгрөгөөр худалдан авсан. Үнэлгээний тайланд 70,000. Үүний зөрүү 20,000 төгрөг, тэнхлэг тохиргоо 25,000 төгрөг. Үнэлгээний тайланд 0 төгрөг. Зөрүү 25,000, цахилгаан помп 250,000 төгрөгөөр худалдан авсан, Үнэлгээний тайланд 180,000 төгрөг. Үүний зөрүү 70,000 төгрөг, эд анги солих засварчины ажлын хөлс 400,000 төгрөг. Үнэлгээний тайланд 150,000 төгрөг. Үүний зөрүү 250,000 төгрөг болж байна. Хариуцагч Ж.Гантөмөр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч цагдаад дуудлага өгөөд хэрэггүй, ажил алдсаны хөлс 600,000 төгрөг өгье гэж хэлээд миний машиныг чирүүлж засварын газар аваачаад үнэлгээ гаргуулсан. Энэ зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Би машинаа засуулахдаа Улаанбаатар хотоос хүнээр сэлбэгээ авахуулж байсан болохоор сүүлд нь зарлагын падаанаа бичүүлж авсан. Ж.Г-с 1,621,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж сэлбэгийг машины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоосноос илүү үнээр худалдаж авсан сэлбэгийн зөрүү болох 647,000 төгрөг, үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ, зардал 304,000 төгрөг, нийт 951,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
3. Хариуцагч Ж.Г, түүний өмгөөлөгч Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Хариуцагч Ж. Г миний бие В.Б-ны гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь автомашины эвдэрсэн эд анги сольсон зардал 304,000 төгрөг, үнэлгээнд бичигдсэнээс илүү үнэтэй засварласан сольсон 647,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 600,000 төгрөгийн олох байсан орлого, шүүхэд эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг гэх нийт 1,621,200 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2023 оны 12 сарын 15-ны өдөр би өөрийн автомашинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад В.Б-ны эзэмшлийн приүс 20 маркийн автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед би В.Б-ны автомашиныг оношилгоонд оруулж, учирсан эвдрэл гэмтлийг нь тогтоолгож, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг нь үнэлгээний байгууллагаар хийлгэсэн. В.Б-д учирсан автомашины хохирлын үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар 2,043,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлүүд болон засаж сэлбэх шаардлагатай эд ангиуд болон хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрсний дагуу үнэлгээгээр тогтоогдсон 2,043,000 төгрөгийг би даатгалын байгууллагаар нөхөн төлүүлсэн байхад нэмж 1,621,200 төгрөгийг надаас дахиж гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. В.Б-ны нэхэмжилж байгаа машинаа засварлуулахад үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ нийт 304,000 төгрөг, үнэлгээнд бичигдсэнээс зөрүүтэй үнэтэй сольсон, засварласан сэлбэг, ажлын хөлс 647,000 төгрөг, нийт 951,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Даатгалын байгууллагаас хохирол гаргуулж авсан учраас хариуцагчаас дахин гаргуулж авах боломжгүй. Нэхэмжлэгч 951,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Архангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 31-03/5936 тоот албан бичиг, 2024 оны 01 сарын 04, 2024 оны 01 сарын 07-ны өдрийн зарлагын баримт, 2024 оны 01 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Б ХХК-ийн тодорхойлолт, Х ХХК-ийн 2023 оны 12 сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 149 тоот тодорхойлолт, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 сарын 15-ны өдрийн авто машин эвдрэл хохирлын үнэлгээ, тайлан, . шүүхийн . 400 дугаар шүүгчийн захирамж, . шүүхийн . 124 тоот шийдвэр, гэрэл зураг, В.Б-ны Х банкны 2023 оны 11 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хуулга болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч В.Б Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт дэвсгэрт 2023 оны 12 сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн . улсын дугаартай Prius 20 маркийн, хариуцагч Ж.Г . улсын дугаартай Sannu маркийн тээврийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хариуцагч Ж.Г замын урсгал сөрж нэхэмжлэгч В.Б-ны тээврийн хэрэгсэлд хохирол учруулсаны улмаас авто машины эвдрэл, хохирлыг үнэлгээгээр тогтоосноос илүү үнээр худалдаж авсан сэлбэгийн үнийн зөрүү болох 647,000 төгрөг, үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ болон зардал 304,000 төгрөг, нийт 951,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч В.Б-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэлд өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэх дээрх үйл баримттай хариуцагч Ж.Г нь маргаагүй.
Зохигчийн тайлбараас үзэхэд Ж.Г . улсын дугаартай Sannu маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчснөөс нэхэмжлэгч В.Б-ны эзэмшлийн . улсын дугаартай . маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэм буруутай этгээд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч Ж.Г “В.Б-д учирсан автомашины хохирлын үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар 2,043,000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлүүд болон засаж сэлбэх шаардлагатай эд ангиуд болон хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрсний дагуу үнэлгээгээр тогтоогдсон 2,043,000 төгрөгийг би даатгалын байгууллагаар нөхөн төлүүлсэн байхад нэмж надаас дахиж хохирол гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжилсэн хохирлын хэмжээтэй буюу нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.
Нэхэмжлэгчийг өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засаж сэлбэхэд үнэлгээгээр тогтоосноос илүү үнээр сэлбэг, эд ангийг худалдан авсан гэдгийг хариуцагч үгүйсгэж татгалзсан татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
Зохигч В.Б-ны эзэмшлийн . АРА улсын дугаартай Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролд 2023 оны 12 сарын 15-ны өдөр №760 дугаартай үнэлгээ гарсан үйл баримттай маргаагүй.
Нэхэмжлэгч В.Б дээрх үнэлгээнд бичигдсэн эвдэрсэн эд ангиудын үнэлгээнээс илүү үнээр худалдан авсан эд ангийн зөрүү үнийг дараах байдлаар нэхэмжилсэн. Үүнд:
|
№ |
Эвдэрсэн эд анги |
760 дугаар үнэлгээний үнэ /төгрөг/ |
Худалдан авсан үнэ /төгрөг/ |
Нэхэмжилж буй зөрүү үнэ /төгрөг/ |
| 1. | Буфер урд /солих/ | 385,000 | 650,000 | 265,000 |
| 2. | Крыло /солих/ | 150,000 | 180,000 | 30,000 |
| 3. | Амортизатор /солих/ | 128,000 | 180,000 | 52,000 |
| 4. | Өндгөн тулгуур /солих/ | 45,000 | 60,000 | 15,000 |
| 5. | Гар /солих/ | 70,000 | 90,000 | 20,000 |
| 6. | Тэнхлэг тохиргоо | 0 | 25,000 | 25,000 |
| 7. | Цахилгаан помп /солих/ | 180,000 | 250,000 | 70,000 |
| 8. | Эд анги солих ажлын хөлс | 150,000 | 400,000 | 250,000 |
2. Нэхэмжлэгчийн худалдаж авсан гэх үнэлгээнд бичигдээгүй сэлбэгийн үнэ нийт 304,000 төгрөг. Үүнд:
2.1. под крыло 80,000 төгрөг
2.2. обуд, дугуй 120,000 төгрөг
2.3. нэмэлтийн гэрэл 50,000 төгрөг
2.4. Улаанбаатар хотоос Архангай аймагт сэлбэг ачуулсан зардал 54,000 төгрөг зэрэг болно.
В.Б нь . байгууллагаас амартизатор 180,000 төгрөгөөр, өндгөн тулгуур 60,000 төгрөгөөр, гар 90,000 төгрөгөөр, . ХХК-с урд буфер 650,000 төгрөгөөр, крыло зүүн урд 180,000 төгрөгөөр тус тус худалдан авсан бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээнд эдгээр эд ангийн эвдрэлийн зэргийг “их”, солих гэсэн тул үнийн зөрүү болох урд буферийн 265,000 төгрөг, крыло 30,000 төгрөг, амортизатор 52,000 төгрөг, өндгөн тулгуур 15,000 төгрөг, гар 20,000 төгрөгийг мөн ., . ХХК-с худалдан авсан эд анги болох под крылоны үнэ 80,000 төгрөг, обуд, дугуйны 120,000 төгрөг, нийт 582,000 төгрөгийн хохирлыг тус тус хариуцагч Ж.Г хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь дээрх эд ангийг Улаанбаатар хотоос худалдан авсан гэж тайлбарладаг тул “Б” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн сэлбэг ачуулсан зардал 54,000 төгрөгийг хариуцагч Ж.Г-с гаргуулах нь зүйтэй.
Харин тэнхлэг тохиргоо, цахилгаан помп, нэмэлт гэрлийн үнэ болон ажлын хөлсний баримт /2024.1.11-ний өдрийн Чинзориг гэж бичсэн тодорхойлолт/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44, 756 дугаар зүйлийн 756.1-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ болон тээврийн хэрэгслийн эд анги худалдан авсан зарлагын падаан зэрэгт бичигдээгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Ж.Г-с эвдэрсэн эд ангийн үнэ 582,000 төгрөг, тээвэрлэн ирсэн зардал 54,000 төгрөг, нийт 636.000 (зургаан зуун гучин зургаан мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000 (гурван зуун арван таван мянга) төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Ж.Г- 636,000 (зургаан зуун гучин зургаан мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000 (гурван зуун арван таван мянга) төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Г-с 19,730 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Б-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулах ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА