Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01111

 

 

           

 

 

 

 

 

 

 

"Г Э Р Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01092 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Г Э Р Ф" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Ч Ө" ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 945 059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2020 оны 4 сарын 16-ны өдөр ХЭ-20/56 тоот түрээсийн гэрээ байгуулан, уг гэрээний дагуу "Г Э Р Ф" ХХК нь HL780-9S загварын #0538 сериалтай техникийг түрээслүүлэх,  “Чандгана-Өгөөж” ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Талууд 2020 оны 10 сарын 30-ны өдөр түрээсийн төлбөр 76 879 876 төгрөг, сэлбэгийн төлбөр 1 954 000 төгрөг, нийт 78 833 877 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа талаар “Түрээсийн техникийн тооцоо нийлсэн акт” үйлдэж баталгаажуулсан. Гэрээний Ерөнхий нөхцлийн 7.5-д заасны дагуу алдангийг тооцоход 35 111 182 төгрөг болсон. Дээрх үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан.

Иймд түрээсийн гэрээний үүрэгт нийт 113 945 059 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин түрээсийн гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 78 833 877 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн үнийн дүнг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, хэтэрхий их хэмжээтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Чандгана-Өгөөж” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 389 486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Г Э Р Ф" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 555 573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Г Э Р Ф" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 сарын 24-ний өдөр төлсөн 727 675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Чандгана-Өгөөж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 639 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь, талууд гэрээ байгуулсан болон төлбөрийн талаар маргаагүй. Харин алдангиас чөлөөлөх эсэх нь маргааны зүйл болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх хугацаанд Дэлхий нийтээр тархсан корона вирусын халдвар буюу цар тахлын улмаас хариуцагч "Ч Ө" ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох техник, тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар үйл баримтыг дахин нотлохгүй. "Ч Ө" ХХК нь өөрт учирсан санхүүгийн төлөвлөөгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, улмаар ажлаа зогсоож буйгаа нэхэмжлэгчид 01/20/70 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох зохицуулалттай. Үүргийн зүйлийг ашиглах боломжгүй байсан дээрх нөхцөл байдал нь талуудын хэн алинаас хамаарахгүй үүссэн тул үүссэн эрсдлийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс тогтоосон анзын хэмжээ илт их хэвээр байна.

Дэлхий нийтээр тархсан корона вирусын халдвар нь одоог хүртэл Монгол улсад маш эрчимтэй үргэлжилж байх бөгөөд хөдөө орон нутаг, сумдын гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, тэг зогсолт хийх шийдвэрүүд ар араасаа гарч байх нөхцөлд манай компанийн үйл ажиллагаа үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд 17 555 591 төгрөгийг алдангид төлж байгаа нь шударга бус байна. 

Иймд дээрхийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан тухайн шийдвэрт заасан алдангийн хэмжээг 50 хувь буюу 8 777 795 төгрөгөөр бууруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч "Г Э Р Ф" ХХК нь хариуцагч "Ч Ө" ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 76 879 876 төгрөг, сэлбэгийн төлбөр 1 954 000 төгрөг, алданги 35 111 182 төгрөг, нийт 113 945 059 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг нь буюу алдангийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 33/

 

Талууд 2020 оны 04 сарын 16-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж /хх7-12/, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид #0538 сериалтай, HL780-9S загварын дугуйт ачигчийг 1 сар буюу хязгааргүй мото/цагийн 34 000 000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээсэн талаар маргаагүй.

 

Мөн гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс мөн оны 07 сарын 25-ны өдрийг дуустал дэлгэрэнгүйгээр харилцан тооцож, "Ч Ө" ХХК нь "Г Э Р Ф" ХХК-д 78 833 877.85 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг тогтоож /хх 13-14/, хариуцагч нь үүнийг 2020 оны 12 сарын 15-ны өдөр, 2021 оны 01 сарын 15-ны өдөр тус тус хэсэгчлэн төлөх хүсэлтийг нэхэмжлэгчид 2020 оны 10 сарын 30-ны өдөр 01/20/70 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. /хх 16/

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний хэрэгжилт, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл, шинж зэргийг харгалзан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзал, шүүхийн шийдвэрээр багасгасан алдангийг дахин 50 хувиар бууруулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолдоо “төлбөрийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон тул алдангийг 2020 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн тодорхой бус байдлаар тооцсон нь буруу, мөн шүүхэд дахин нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын улмаас түрээсийн гэрээний зүйлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, улмаар уг цар тахалтай холбоотой хязгаарлалтаас шалтгаалан хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хэвийн бус байдалтай байна” гэжээ.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргийг дээрх гэрээний тусгай нөхцлийн 3-т зааснаар хүлээсэн бөгөөд мөн гэрээний ерөнхий нөхцлийн 7.5-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөр төлөх хугацаанаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө хийж гүйцэтгээгүй бол үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлнө” гэсэн зохицуулалттай нийцжээ. /хх 7, 11/

 

Хэрэгт авагдсан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн “Loader 16 түрээсийн техникийн тооцоо нийлсэн акт”-д тусгагдсан нэхэмжлэлийн дүн /хх 13/, нэхэмжлэгчээс гаргасан алдангийн тооцоолол /хх 14/ зэргийг харьцуулан үзвэл, хариуцагч нь 2020 оны 05 сарын 28, мөн оны 06 сарын 15, 07 сарын 25-ны өдрүүдийн байдлаар тухайн сар бүрт тооцогдсон түрээсийн төлбөрийн дүнг нийлж, улмаар нэхэмжлэгч 2020 оны 06 сарын 13, 2020 оны 07 сарын 22, 2020 оны 09 сарын 09-нд дээрх төлбөрүүдийг нэхэмжилсэн байх тул хариуцагч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Дээрхээс гадна хариуцагчийн татгалзлаа үндэслэж буй 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 01/20/70 тоот бүхий “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг нь гэрээний нэг талын үйлдсэн баримт байх бөгөөд үүнд заасан хугацааг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй тул “2021 оны 01 сарын 25-ны өдрөөс алданги тооцох ёстой” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй. Энэхүү хариуцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч хэлцэл хийгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний тохиролцоо болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангийн төлбөрт нийт 35 111 182.34 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Мөн түрээсийн төлбөрийг техник ашигласан мото/цагийн хэмжээгээр тооцон нийлснээр талууд акт үйлдэж баталгаажуулсан байх тул “гэрээний зүйлийг ашиглаагүй нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдсон” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх “Ковид-19 цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас дээрх алданги болох 35 111 182 төгрөгийг 50 хувиар багасгасан байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэн дахин бууруулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Ч Ө" ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 21-ний өдөр төлсөн 155 394 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

                ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР