| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2023/0111/Э |
| Дугаар | 2024/ДШМ/03 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/03
Э.А холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Прокурор Т.Түмэнжаргал,
Хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч А.Г нарын өмгөөлөгч А.Энхгэрэл,
Шүүгдэгч Э.А,
Иргэний хариуцагч Т.Х, тэдгээрийн өмгөөлөгч П.Наранхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч А.Г нарын өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.А холбогдох 2317000950106 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр Г аймгийн С суманд төрсөн, - настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, УБТЗ-ын харъяа Сайншанд ажилтай, ам бүл -, хүүхдийн хамт Г аймгийн С сумын - дүгээр баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Х б овогт Э А /РД: -/,
Яллагдагч Э.А нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б сумын - дугаар багийн нутаг дэвсгэр - дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын 498/161 дэх километр шонгийн дэргэд - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 10.6-д “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Ж жолоодож явсан - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зорчигч урд чагтан холбоосны бүрэн урагдал, зүүн өвдөгний дотор гадар шөрмөсний урагдал, тойгны доорх өөхөн эслэгийн урагдал, зүүн дунд чөмөг, шаант ясны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, нуруу зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х б овогт Э А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч Т.Х 1 743 807 /нэг сая долоон зуун дөчин гурав мянга найман зуун долоон/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г, 10 875 100 /арван сая найман зуун далан таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г тус тус олгож, хохирогч Л.Г хохирлоос банкны зээлийн төлөлт 4 550 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Г нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Г, иргэний нэхэмжлэгч А.Г нарын өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаартай тогтоолын хохирол, төлбөр, хор уршиг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэрт гомдол гаргасан. Тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн гэмт хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тийм учраас үндсэндээ тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөөч ээ гэсэн гурван агуулгаар гомдол гаргасан. Нэгдүгээрт: Хохирогч Л.Г хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Энэ хохирол учирснаас хүний эрүүл мэнд болон сэтгэцийн байдалд бодит хор уршиг учирсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт бол эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага үнэн шударгаар хүлээлгэх, мөн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахтай холбоотой. Тэгэхээр анхан шатны шүүхийн тогтоолоор бол хохирогчийн эрх бүрэн сэргээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээр яг тулгуур эрхтэнд буюу өвдөг, зүүн өвдөгний чагтан холбоос, бүрэн тасарсан. Энэ гэмтэл одоо хүртэл нөхөн сэргээгдээгүй таягтай явж байгаа. Тэгэхээр хор уршиг арилаагүй. Мөн дээрээс нь сэтгэцийн байдал маш тогтворгүй, өвчин зовуурь шаналгаа ихтэй байдаг учраас зан ааш болон амьдралын хэв маяг нь бодитойгоор өөрчлөгдсөн. 5 сар ажилгүй, гэртээ болон эрүүл мэндийн байгууллагуудаар удаа дараа явж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлт гаргахад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай шинэчилсэн хуулиар хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход тодорхой төрлийн хэргүүд дээр шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.1 болон 2 дугаар хавсралтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн сэтгэцийн гэм хорын хохирол 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа учраас шууд тогтоох боломжтой гэж мөрдөгчийн зүгээс танилцуулсан. Мөрдөгч хууль болон тухайн журамд заасан 3 дугаар зэрэглэлийн ангилалыг хүлээн зөвшөөрөхгүй бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг чинь дахин шинжээч томилж тогтоох боломжтой гэсэн. Хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрсөн учраас тухайн маягтыг бөглөөд явж байсан. Гэвч анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг тогтоож шийдвэрлээгүй. Шийдвэрлэхдээ мөрдөгч өөрөө дур мэдэн тогтоосон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр талд мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт гэх баримтаар 3 дугаар зэрэглэл гэж тогтоосныг үндэслэж сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ гэсэн. Энэ дүгнэлт бол хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар, өөрөө хохирол. Энэ хохирлын улмаас үүсэж байгаа үр дагавар бол өөрөө хор уршиг. Тэгэхээр энэ хор уршиг одоо хүртэл арилахгүй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний тухай хуулиар хүний сэтгэцэд учирч байгаа хор уршгийг зэрэглэл тогтоож мөнгөн хэлбэрээр гаргадаг байсан. Энэ хууль Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөөд эхэлчихсэн. Тухайн хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосон. Тэгээд 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэмт хэрэг 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу тухайн хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш гарсан байдаг. Тэгэхээр сэтгэцэд учирсан энэ хор уршгийн зэрэглэлийг хууль болон Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэг, мөн дээрээс нь Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 25 дугаартай тогтоолоор баталсан. Энэ тогтоол болон журамд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хуульд заасан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно. Үүнийг хүснэгтээр тогтоосон байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэсэн заалт юм. Тэгэхээр заавал шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүхийн тогтоолд зааж байгаа нь одоо мөрдөгдөөд байгаа хуулийн заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа. Магадгүй хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоохоор хүсэлт гаргаагүй. Мөрдөгчийн зүгээс хохирогчийн хувьд хор уршиг нь арилчихсан, бодит хохирол төлбөр нь төлөгдчихсөн, сэтгэл санаа нь хэвийн, амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байсан бол заавал тогтоож гаргах шаардлага байхгүй. Гэвч хохирогч Л.Г хувьд үнэхээр асуудал хүнд байгаа. Шүүх хуралдаанд өөрийн биеэр орж чадахгүй гэсэн учраас өөрийнхөө тайлбарыг бас шүүхэд ирүүлсэн учраас шүүх хуралдаанд өөрийнх нь тайлбарыг бас уншуулж судлуулах хүсэлтэй байгаа. Хуульд болон журамд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлд эрүүгийн хариуцлагыг өөрчлөхгүйгээр тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой учраас шүүхээс өөрөө тогтоогоод Улсын дээд шүүхээс тогтоосон энэ аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг тооцоод гаргах бүрэн боломжтой гэж үндэслээд гомдол гаргаж байгаа,
Хоёрдугаар үндэслэлийн хувьд хохирогч Л.Г эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлаа нэхэмжилсэн. Ингэхдээ ажилгүй байсан хугацааны 2023 оны 08 дугаар сарын 06-наас 2023 оны 12 дугаар сар хүртэл нийт 5 сарын цалингийн зөрүү 13,964,515 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг нэхэмжлэхдээ өөрийн ажилладаг Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн цалингийн тодорхойлолт, мөн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа болон бусад баримтуудаар нотолж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ингэхэд шүүх хангалттай нотлох баримт бүрдээгүй байгаа учраас жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан дүгнэлт, санал дээрээ юу гэдэг вэ? гэхээр хөдөлмөрийн чадвар яг хэдэн хувиар алдсан юм бэ? нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас хэдэн төгрөгийг авсан юм бэ? хэд хоног ажилгүй байсан гэдгийг нь тогтоохгүй байна гэж ярьж байгаа. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь хэсэгт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлоод заачихсан. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар юуг нотолж байна вэ? гэхээр цалин хөлс, түүнтэй адилтгах орлого илт буурсан. Л.Г хохирогчийн хувьд шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө юу гэдэг вэ? гэхээр би одоо хөдөлмөрийн чадвар алдалтаар 3 сараас дээш хугацаагаар хөдөлгөөн хорь гэсэн учраас би группт ормооргүй байна. Би ахлах тогооч учраас сар болгоныхоо тайланг гэрээсээ ажиллаад нийгмийн даатгалаа оруулж байсан. Тийм учраас би группт ороогүй. Энэ гэмтэл ослоос гарсан гэмтэл учраас байнга эмнэлэгт хэвтэх боломжгүй. Эмнэлэг гэр хоёрын хооронд байсан. Тийм учраас би нийгмийн даатгалаа таслаагүй гэдэг байдлаа нотолж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 2023 оны 08 дугаар сараас илт буурсан. Ингээд нийгмийн даатгалынхаа бодолтыг гомдол дээрээ тодорхой заачихсан байгаа. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-д зааснаар түүний урьд авч байсан 5, 6, 7 дугаар сарын цалингийн дунджаас нийгмийн даатгал, цалин хөлстэй адилтгах орлого нь хэр хэмжээнд буурснаар тогтоогдоод шүүх бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн, анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж байсан санал дүгнэлт бол одоо хөдөлмөрийн чадвар алдалтын талаар, мөн эмнэлгийн хуудас болон листийн талаар санал дэвшүүлдэг. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах тухай хуулийн зорилт бол тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа. Тэгэхээр Л.Г хувьд хэдийгээр эмнэлэгт хэвтэж байгаа хугацаандаа эрүүл мэндийн хуудсаар лист аваад тодорхой хэмжээний нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хуулиараа тэтгэмж авч байсан. Ажил хөдөлмөрөө эрхлээгүй байгаа буюу энэ нөхцөл байдалтай шууд уягдаж, тэндээс мөнгө авсан учраас тэр баримт байхгүй гэдгээр цалин хөлснөөс нь хасаж тооцох юм гэдэг өмгөөлөгчийн санал дүгнэлтийг энэ гомдлоороо бас няцааж байна. Тэгэхээр энэ тэтгэмжийн даатгалын сангаас энэ хүн эмнэлэгт хэвтсэн хугацаандаа тэтгэмжээ аваад явж байгаа болохоос биш ажил хөдөлмөр эрхлээгүй гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаараа шууд тогтоогдож байгаа учраас ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин хөлсийг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн эмнэлгийн хуудас олгох 2021 оны журмын 3.1 дээр ердийн өвчин болон ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хүртэл хоногоор л эмнэлгийн хуудас олгодог. Тэгэхээр Л.Г хувьд бол 5 сар хөдөлгөөн хорих 2 удаагийн хагалгаанд орсон. Одоог хүртэл таягтай бүрэн явж чадахгүй. 01 сарын 09-нөөс ажилдаа орсноос болоод хөл нь байнгын хавантай явж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр өөрийнхөө ирээдүйг бодоод энэ хүн чинь бас хөдөлмөрийн чадвар алдалт, тэр группт орохгүйн тулд чармайгаад байгаа юм. Мөн эмнэлгийн хуудас олгох журмын 3.2 дээр амбулаториор эмчлүүлсэн тохиолдолд дээд тал нь 14 хоногоор эмнэлгийн хуудас олгодог. Тасралтгүй 5 сар өвчтэй байгаа. Одоог хүртэл өвчтэй байгаад байдаг. Эмнэлэгт хэвтсэн бол эмнэлэгт хэвтсэн хугацаагаараа гээд 3.2 дээр байгаа байхгүй юу. Тэгэхээр тасралтгүй лист аваад л тасралтгүй нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас мөнгө аваад байсан юм бол байхгүй. Яах аргагүй ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй ийм нөхцөл байдалтай байсан учраас одоо гомдлыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.
Гуравдугаарт: иргэний нэхэмжлэгч А.Г хувьд энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд. Тэгэхдээ тухайн үед осолд өртсөн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Г, тухайн үед эхнэр нь 7 сартай жирэмсэн тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас нилээдгүй хор уршиг бол учирсан. Осол 08 дугаар сарын 06-нд гарсан. Төрөх хугацаанаасаа 01 сарын өмнө М.М 09 дүгээр сарын 13-нд дутуу төрсөн. Дутуу төрснөөс болж нярайг асарч бойжуулах маш их хор уршигтай байсан. Тийм учраас 08 дугаар сарын 20-ны өдөр гарсан Ашид Билгүүн компанийн үнэлгээ дээр бол хот руу авч очоод дутуу үнэлгээ орсон эсэхийг үзэж шалгаж явах ямар ч боломжгүй байсан. Тэгээд шүүх хурлаас өмнө шаардаж байж 12 дугаар сарын 10-нд буюу шүүх хуралдааны өмнө Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанаас машинаа ачуулж авч явж засварын газарт өгөхөд нэмэлт эвдрэлүүд гарсан. Тийм учраас цаашид нэмж гарсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй энэ дөрвөн эвдрэл гэмтэлтэй холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүхэд нээлттэй орхиж өгөөч гэдэг санал дүгнэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч тухайн үед даргалагч шүүгч нээлттэй гэж хэлсэн боловч тогтоол бичихдээ шүүхийн дүгнэлтээр тухайн үед гаргуулаагүй, гомдол санал гаргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй нэмж гаргасан эвдрэлтэй холбоотой, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шаардлагагүй гэсэн дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Ерөнхийдөө цалингийн зөрүүний асуудал бол анхан шатны шүүхээр яригддаг. Энэ дээр болохоор хамгийн гол нь Эрүүл мэндийн даатгалаас тодорхой хэмжээний тэтгэмж авсан асуудал харагддаг. Хавтаст хэрэгт баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүх цалин, тэндээс авч байгаа даатгалын шимтгэл, эндээс олгож байгаа цалин 2-ын зөрүү хэд вэ? тухайн үеийн тогтмол цалин нь хэд вэ?, мөн дээрээс нь авсан цалин нь буураад дахиад цалин авсан байгаа асуудал бас байдаг. Энэ дээр үүссэн зөрүүнүүд цалингийн задаргаа хэрэгт байхгүй учраас тогтоох боломжгүй. Ийм учраас иргэний журмаар нэхэмжлэхийг нь нээлттэй орхисон. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хангалттай баримт хавтаст хэрэгт байхгүй учраас шүүгчээс тухайн үед дүгнэлт хийх боломжгүй байсан. Мөн дээрээс нь машины сүүлд гарсан эвдрэл гэмтэлийн үнэлгээтэй холбоотой асуудал яригддаг. Сая өмгөөлөгч бас ярьж байна. Үүн дээр бол тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир үүнийг тогтоохгүйгээр гэж анхан шатны шүүхээр шийдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудал дээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад давж заалдах шатны шүүхээс тогтоох нь зүйтэй. Яагаад гэвэл холбогдох дүрэм журмаараа энийг тогтоож болох тухай сая хохирогчийн өмгөөлөгчийн ярьдаг шиг маягтаар тогтоогоод тэрэн дээр маргаагүй тохиолдолд журмаараа шийдэж болно гэсэн практик бол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа асуудал. Тэгэхээр үүнийг гаргуулах нь зүйтэй гэсэн тайлбар байна гэв.
Шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, хохирогчийн бичгээр гаргасан гомдолтой танилцлаа. Мөн прокурорын гаргасан санал, тайлбарыг сонслоо. Прокурорын зүгээс, гурван гомдлын нэгийг нь дэмжээд хоёрыг нь эсэргүүцэж байна. Өмгөөлөгчийн гаргасан 3 агуулгатай гомдлыг бүхэлд нь няцааж тайлбар хиймээр байна.
Нэгдүгээрт: Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь юу вэ? гэхээр гомдолд дурдаад байгаа мөрдөгчийн, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх, маягт гэх баримтаар 3 дугаар зэрэглэл тогтоосныг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг нь шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Яагаад гэхээр эх сурвалжуудыг дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ, зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн холбогдох гэмт хэргийн зүйл заалтуудыг бүгдийг нь дурдсан. Тэр дурдсан заалтууд дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хамаарч байгаа. Хамаарлаа гээд ач холбогдолтой бол биш. Юун дээр ач холбогдол өгөөд байна гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам гэж байгаа. Энэ журмын 2.1 гэх заалтыг гомдол гаргагч өмгөөлөгч дурдаад байгаа. Энэ заалт дээр тодорхой бичсэн, шүүх шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гээд үндсэн агуулгаараа хуульдаа нийцээд гарсан байна. Тэгэхээр хэрэгт авагдсан байгаа шүүгчийн дүгнэлтэд дурдаад байгаа хүснэгтэн материалыг мөрдөгч үйлдээд байгаа юм. Үүнийг маягтыг нь Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайд хамтран үүнийг хэрэглэнэ гэж баталсан нь тодорхой. Энийг харин буруу хэрэглээд байна. А/268, А/275 дугаар тушаал дээр үүнийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэсэн тогтоолын үндэслэл байгаа. Эндээс юуг харж байна гэхээр хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн дүгнэлтийг зөвшөөрсөн учир цааш явна гэж ярьж байгаа нь хамаагүй ач холбогдолгүй зүйл. Үүнийг эрх бүхий байгууллага нь, аль юм, хэн тогтоох юм гэдгийг тогтоочихоод байхад буруу явуулаад байгаа асуудал. Нэгэнт тухайн хэргийг шийдэж байх явцад тэр материал өөрөө шаардлага хангахгүй материал байсан. Тэр хүснэгтийг хэрэглэх нь зөв. Гэхдээ мөрдөгч хэрэглэхгүй. Мөрдөгч бол Шүүх шинжилгээний байгууллагыг төлөөлөхгүй. Мөрдөгч Шүүх шинжилгээний байгууллага, шинжээч биш. Шүүх шинжилгээний байгууллагад хамаарах этгээд үүнийг үйлдэх гээд байгаа юм. Энийг прокурор юу гэж ойлгоод материал бүрдүүлж байгаа цагдаагийн албан хаагчид ямар чиглэл өгдгийг би мэдэхгүй. Тэгэхдээ шүүх бол хуулийг нэг мөр хэрэглэж маргаангүй болгодог. Үүн дээр практик буруу гэж харж байгаа. Буруу байгааг эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч бол зөв дүгнэсэн гэж үзэж байна. Энэ бол хууль буруу хэрэглэсэн тохиолдол. Энийг шийдүүлэх гээд прокурор шүүхэд шилжүүлж байгаа. Магадгүй иргэний журмаар шийдсэн тохиолдолд дараа нь шийдэх боломжтой гэдгийг харж байгаа. Аль ч тохиолдолд Шүүх шинжилгээний байгууллага тогтоох зүйлийг мөрдөгч хийгээд байгаа нь Шүүх шинжилгээний байгууллагын ажлыг мөрдөгч хийхтэй адил логик юм. Өөрөөр хэлбэл нэгэнт хэм хэмжээг тогтоогоод өгсөн журмыг хэрэглэхдээ өөрсдийн ойлгосноор хэрэглэж болно гэсэн ойлголтой болох юм бол юуг ч өөрсдийн ойлгосноор хэрэглэж болно гэсэн ойлголт төрнө гэсэн үг. Тийм учраас нэгдүгээр үндэслэлд хамаарах шаардлагыг эсэргүүцнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт: Цалингийн зөрүү 13,964,515 төгрөгийг хангаж өгөөч гэсэн байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад гэхээр анхан шатны шүүх дээр маргасан. Хоёр талаас мэтгэлцсэн. Манай талаас болохоор хохирол учирсан зүйл байхгүй гэж хэлээгүй. Хохирлыг хуульд заасан баримтаар тогтооно. Ингэхдээ яаж тогтоох бэ? гэхээр цалингийн зөрүүг гэж байгаа. Эрүүл мэндэд учирсан хохирол дээр маргаагүй Эрүүл мэндэд учирсан хохирол дээр анхан шатны шүүх хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн материал дээр тавьсан дүнгээс нь давуулж хангаж өгсөн. Харин цалинтай холбоотой асуудал юу бэ? гэхээр 1-рт хөдөлмөрийн харилцаа, өнөөдөр өмгөөлөгч нь хэлж байна. Хохирогч лист авахыг хүсээгүй. Группт орохыг хүсээгүй. Ажлаа хийхийг хүссэн гэж байна. Ажлаа хийж байгаа учраас ажил олгогчтойгоо хөдөлмөрийн харилцааг хэрхэн яаж тохирсон нь тусдаа асуудал болж байна. Тэгэхээр энэ нь ямар хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсан, цалин мөнгөнд өөрчлөлт орсныг тогтоох боломжгүй болчихож байна. Үүнийг яаж тогтоох бэ? гэхээр группт орно. Харагдах байдал бол тодорхой маргах зүйл байхгүй. Энэ хүн ажлаасаа халагдаагүй, ажлаа хийж байгаа, мөн лист авахыг зөвшөөрөөгүй, группт ороогүй. Тэгэхээр эмчилгээтэй холбоотой зардлыг хангаж өгсөн. Миний үйлчлүүлэгч төлөхөд бэлэн байгаа. Анхан шатны шүүхийн хоёр дахь дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.
Гуравдугаарт: хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол тодорхойгүй байна. Хэрэг шалгах, материал бүрдүүлэх явцад үнэлгээ хийж 10,050,000 төгрөгийн эвдрэл хохирол гарсан гэж тогтоосон. Тэгээд шүүх хуралдаан дээр хэд хэдэн материал нэмж орж ирсэн. Тэр нь 4-5 төрлийн эд анги эвдэрсэн гээд, нэмэгдэж орж ирсэн. Тэр шүүх хурлаас өмнө машинаа хэзээ ч зөөх, эвдрэл гэмтлийг тогтоох боломжтой байсан. Тухайн нэмэгдсэн гэмтэл тэр үед эвдэрсэн үү? дараа нь эвдэрсэн үү гэдгийг одоо тогтоох боломжгүй. Тухайн эвдрэл эрүүгийн гэмт хэргийн үед учирсан гэж тогтоогдоод 10,050,000 төгрөгийн хохирол гэж гарч байгаа бол нэмэгдэж орж ирж байгаа зүйл нь эрүүгийн хэрэг шалгах явцад нэмэгдэж тогтоогдох ёстой. Ийм учраас иргэний нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэг шалгах явцад ийм ийм зүйлийг шалгаагүй гэж гомдол гаргах боломж байсан. Үүнийг анхан шатны шүүх энэ талаар гомдол гаргаагүй, баримт өгөөгүй байна гэж дүгнэсэн. Үндэслэлтэй дүгнэлт гарсан. Тийм учраас хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Л.Г давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2023 оны 08 дугаар сарын 06-нд болсон авто машины ослоос шалтгаалан эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш хүнд хохиролд орж одоогийн байдлаар зүүн талын хөл бүрэн нугарах боломжгүй, явган сууж чадахгүй, шат руу буух, өгсөхөд энгийн алхалт хийж чадахгүй, тэгш газар ч хэвийн алхаж чадахгүйн дээр баруун, зүүн хөл шөнө, өдөргүй өвдөж хавагнаж өнөөг хүртэл байнга эм ууж, эмчилгээ хийлгэж байгаа боловч өвчин зовлондоо шаналан зүдэрч байна.
Энэ ослын улмаас миний биеийн тулгуур эрхтэн болох хоёр өвдөг зэрэг гэмтэж, зүүн өвдөгний чагтан холбоос тасарч Улаанбаатар хотын Гэмтэл согогийн эмнэлэгт хоёр удаа мэс засалд орсон цагаас хойш өнөөг хүртэл өвчин эмгэг нь бүрэн эдгэрч өгөхгүй эрүүл мэндийн болон эдийн засгийн, сэтгэл санааны гүн хямралд орсоор байна. Эм эмчилгээнд хичнээн их зардал гарч, өр зээлд баригдан ядарч яваа надад, өмнөх шүүх хурлын шийдвэрийн дагуу хохирол барагдуулах мөнгө өнөөг хүртэл бүрэн төлөгдөхгүй байхын сацуу өвчинд идэгдэн зовж яваа надад олон сар ажил тасарсны улмаас, үйлдвэрээс олгодог 13 дахь сарын цалин ба улирлын бүх бонус хаагдаж, ажиллаагүй тасарсан саруудын цалингийн зөрүүг өмнөх шүүх хурлаар хуулийн дагуу нөхөн олгох шийдвэр гараагүй нь миний сэтгэлийн шаналал зовлон дээр зовлон болж явна.
Шинжээчийн дүгнэлтээр “хүндэвтэр” гэж дүгнэлт гарсан байхад гэм буруутай нь 100 хувь тогтоогдсон Э.А хэмээх этгээд миний сэтгэл санааны дарамтыг бага боловч нимэглэн, таны бие ямар байна гэж ганц ч удаа асуугаагүй, эмнэлэгт зовж байхад ирээд ганц ч удаа уулзаагүйн дээр хохирлыг минь барагдуулахгүй наранд чөлөөтэй алхаж явна. Шүүгч нартаа хандан дараах хүсэлтийг гаргаж байна.
1-рт Өмнөх шүүх хурлын шийдвэрийн дагуу эмчилгээний зардлыг буруутай этгээдээс бүрэн гаргуулах,
2-рт миний эрхэлсэн ажлын цалингийн тасарсан хугацааны зөрүү мөнгийг баримт бичгийг үндэслэн гаргуулж өгөх,
3-рт Шинэчилсэн хуулийн зүйл заалтын дагуу сэтгэл санааны хохирлыг минь барагдуулах,
4-рт Цаашид ослын улмаас миний эрүүл мэндийн байдал хэрхэхийг би мэдэхгүй байгаа учир эм болон эмчилгээнд гарсан ба гарах эдийн засгийн хохирлыг хэрхэн барагдуулах тухай хууль эрх зүйн шийдвэр гаргаж өгнө үү.
Миний бие осолд орсоноос хойш сэтгэл зүйн гүн хямралд орж, үг яриагаа мартах санах, тохиолдож буй зовлондоо гутарч ганцаараа хүүхдүүдээсээ нуугдаж уйлах, нойр хүрэхгүй байх, гэнэт юмнаас цочиж түгших, амархан уур хүрч уйлах, авто машин харах, хажуугаар өнгөрөх үед осол нүдэнд харагдан хашгирах, хүмүүс чанга ярихаар айж тэвдэх, бие чичрээд салганахаар даралт өөрчлөгдөөд, шил хөшиж өвдөх, хүмүүсээс нуугдаж уйлж тайтгарах, хөл гэмтсэнээр хөдөлгөөн хязгаарлагдаж сүүлийн үед жин нэмэгдээд эрүүл гялалзаж явсанаасаа өөрчлөгдөөд буйгаа мэдрэх тусам сэтгэл санаа минь тавгүйдэн их шаналж явна. Би тэр гэмтэн жолооч Э.А их гомдож, намайг ийм болгосонд асгаран уйлж хараалаа урсгаж сууна. Миний эрүүл мэнд, эдийн засгийн хүнд байдал, сэтгэл санааны дарамтын улмаас би шүүх хуралд оролцож чадахгүй байгаа учраас миний өмгөөлөгч хүсэлтийг минь давж заалдах шатны шүүх хуралд уншиж танилцуулж надад хууль зүйн туслалцаа үзүүлж өгнө гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.А нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын 498/161 дэх километр шонгийн дэргэд - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 10.6-д “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Ж жолоодож явсан - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.Г биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А нь Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.А “...Улаанбаатар хот явж байгаад замдаа юм мартсанаа санаад ярилцаад буцаж явах гэж 2 минут орчмын дараа хөдөлсөн. Тухайн үед толинд хараагүй. Эргээд дарахад хажуунаас машин орж ирсэн. Миний буруутай үйлдлээс болоод бусдыг хохироосондоо маш их харамсаж байна. Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Г “...Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас Гэмтэл согогийн үндэсний төвд 11 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. 2 удаагийн хагалгаанд орсон. Одоогийн байдлаар өрөөсөн хөл дээрээ таягтай бэхэлгээтэй явж байна. Зүүн хөл дээд хэсгээрээ битүү хавантай, бага зэргийн хагалгааны цүлхэн үүссэн байгаа. 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Миний нэхэмжлэлийг хурдан барагдуулж өгөхийг хүсч байна....” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч А.Г “... Шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэмтэл, эвдрэл их гарсан. Миний хохирлыг хурдан барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Нийт 10 875 000 төгрөгний зардал гарсан...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Т.Х “... - маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө.” зэрэг мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогч Л.Г сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тооцох, мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 13 964 515 төгрөгийг гаргуулах, иргэний нэхэмжлэгч А.Г хохирлын үнэлгээнд тусгагдаагүй эвдрэлтэй холбоотой хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасны заримыг хүлээн авах боломжгүй байна.
Тухайлбал Хохирогч Л.Г ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тодорхойлоход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас гадна тухайн ажилтны цалингийн карт буюу хүснэгт, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбоотойгоор авсан тэтгэмжийн баримт зайлшгүй шаардлагатай.
Учир нь, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаарын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлах бөгөөд цалин, тэтгэмжийн зөрүү буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн хөдөлмөрийн чадвар буурсан хэмжээгээр шүүгдэгч хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Мөн иргэний нэхэмжлэгч А.Г нь автомашины хохирлын үнэлгээнд тусгагдсанаас гадна өөр олон эвдрэл байсан нь сүүлд мэдэгдсэн гэх боловч мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаж дахин үнэлгээ гаргуулаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх боломжгүй байна.
Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “ Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ... -д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар батлагдсан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.6-д “ Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хүснэгт”-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт”-д заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Г сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлд багтаан тогтоосон байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэл буюу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг гэж үзэн гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7 150 000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулахаар өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Төлбөрийн хэмжээг тогтоохдоо жишиг аргачлалын 3.8-д зааснаар “гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруугийн байдал” зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э.А сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөр 7 150 000 / долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г, иргэний хариуцагч Т.Х 1 743 807 /нэг сая долоон зуун дөчин гурван мянга найман зуун долоон/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г, 10 875 100 /арван сая найман зуун дан таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г тус тус олгож, хохирогч Л.Г хохирлоос банкны зээлийн төлөлт 4 550 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “...сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА