Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Хохирогч Б.Насанжаргал

Шинжээч эмч М.Баттүвшин

Шүүгдэгч Б.Нармандах нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нармандахад холбогдох эрүүгийн 1722000250050 тоот  хэргийг  2017 оны 12 сарын 1-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989  оны 02 сарын 03-ны  өдөр Дундговь  аймгийн  Луус суманд төрсөн, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа  хөдөлмөр  эрхэлдэг, Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  9-р  баг “Өндөр ээж” цайны газрын эсрэг  талын блокон хашаанд оршин суух,  урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Олхонууд овгийн  Болдбаатарын Нармандах  /РД:ЗЗ89020321/

            Шүүгдэгч  Б.Нармандах нь 2017 оны 7 дугаар  сарын  19-ний  шөнө  Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн “Өлзий Дундговь” ХХК-ийн  байранд  хамтран  амьдрагч  Б.Насанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн  хүчирхийлэл  үйлдэн хохирогч Б.Насанжаргалын эрүүл мэндэд  хөнгөн  хохирол  учруулсан гэмт  хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Нармандах “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна ...” гэв.

2. Шүүгдэгч Б.Нармандах мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэгтээ: “...2017 оны 7 сарын 19-ний  өдөр ажлаа тараад шөнийн 00 цаг  өнгөрч байхад гэртээ иртэл манай эхнэр Насанжаргал гэрээ ч цэвэрлээгүй, хоол хийгээгүй, утсаа  оролдоод хэвтэж байхаар нь би түүнд ядаж нэг аяга хоол хийчихгүй дээ гэж уурлангуй хэлэхэд Насанжаргал битгий хуц чи өөрөө хийж идэхгүй юу гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр хэрэлдэж  эхэлсэн. Би хоол бэлдэх зуураа шал угааж байгаад байж чадахгүй бол зайлаарай гэж хэлэхэд Насанжаргал уурлаж 2 давхар аяга аваад над руу шидэхэд аяга  нь намайг  онолгүй хананд оноод хагарсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан халуун тогооны  залгуурыг авч Насанжаргалыг 2-3 удаа ороолгосон. Тэгтэл  цагдаа  дуудлаа  чамайг  шоронд  чинь хатаана  гээд утсаа  авахаар нь би дуудвал дуудахгүй  юу гээд  хаалгаа саваад гарсан. Тэгээд гараад  явж байтал  манай  баз Энхзориг утасдаад наана чинь юу болоод байгаа  юм, Насанжаргал 2 давхараас унасан гэж байна гэхээр нь юу яриад  байгаа юм, би  мэдээгүй  гэж хэлээд  чи  хаана  байна  уулзая  гээд  Энхзоригтой  Тэмүүжин  буудлын  гадаа  уулзахад Насанжаргал 2 давхарын  цонхоор  үсэрсэн  гэж  байна.  Одоо эмнэлэг  дээр  байгаа гэж  байна гэж хэлсэн. Тэгэхээр  нь би цагдаа  сэргийлэх  болох  нь  гэдгийг  мэдээд  эхнэр  дээрээ очоогүй ...Урьд өмнө  нь Насанжаргалтай  ганц 2 удаа маргалдаж  гар хүрч байсан ...” гэжээ. /хх-ийн 41-рт/

3. Хохирогч Б.Насанжаргал шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...Би Нармандахтай эхнэр нөхөр  биш, Одоо хамтран амьдрахгүй байгаа. ...2017 оны 7 сарын 19-нд зүүн гэртээ  байж байгаад 21 цагийн  үед гэртээ ирсэн. Тэгээд усгүй байсан болохоор 2 ширхэг  5 литрийн  саваар музейн араас ус аваад явж  байтал Нармандах  яриад айлд хүрээд ир гэсэн. Тэгэхээр  нь би ус аваад явж байна гээд гэртээ иртэл Нармандах мах гулуузаар аваад хүнээр хүргүүлээд ирсэн. Гэрт ирээд  уурлаад байсан. Тэгэхээр  нь  би хоол унд хийгээгүй  юм  чинь  гэж бодоод дуугарахгүй байсан  чинь Нармандах  руу хүн  утасдсан.  Тэгээд хамтдаа гараад цэцэрлэг дээр  очоод Нармандах тэр хүнтэй архи пиво уусан. Тэгээд гэртээ ирсэн.  Хоёр  найз нь  хамт ирсэн.  Тэгтэл Нармандах надад уурлаад  үсдэж автал  хоёр найз  нь гараад явсан. Би аятайхан байж байгаад хувцасаа аваад явья гэж  бодож байсан юм. Тэгсэн чинь Нармандах хаалгаа дотроос нь түгжиж байгаад халуун тогооны залгуураар шавхраад байсан. Тогооны залгуур тасрангуут уртасгагч залгуураар шавхарч зодсон. Мөн  намайг  өшиглөж зодсон. Намайг аймар зодсон. Тэгээд зодохоо болиод матрасан дээр хэвтэхээр  нь би цүнхтэй хувцасаа үүрчихээд цонхны тавцан дээр сууж байсан. Тэгтэл гэнэт босоод ирэхээр нь айсандаа болоод цонхоор үсэрчихсэн. Намайг цонхоор үсрэхээс өөр аргагүй байдалд оруулсан.  Намайг  цонхоор  үсрэхэд байгаагүй  гэж  худлаа  хэлж  байна. Эмнэлэгт байхад намайг их доромжилсон. Үүнээс хойш намайг хэд хэдэн удаа зодсон. Өчигдөр л гэхэд куртиктэй байхад, цамцтай байхад хазсан. Духан дээр цохисон  нь хавдсан. Баруун талын гуяны дотор тал, шилбэний ар талд өшиглөж хөхрүүлсэн. Тэгээд цагдаа дуудахад цагдаа  ирчихээд маргааш чи эрүүлжүүлэхийн мөнгийг  нь төлөх үү гэсэн.  Тэгэхээр нь би яасан  гэж  төлөх  юм  гэхэд тэгвэл  аргадаж  байгаад  унтуулчих гэсэн.  Тэгэхээр нь эгч бид хоёр биднийг явтал түр саатуулж бай гэчихээд явсан. Ер нь бол байнга зоддог. Эмчилгээнд гарсан  зардлаа нэхэмжилж байна. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах  боломжгүй...” гэв.

4. Гэрч Ё.Намжилмаагийн “ ...Би 2017 оны 7 сарын 19-ний  өдөр гэртээ унтаж  байтал 02 цагийн үед манай гэрийн цонхыг  хүн  цохиод  түргэн  дуудаад өгөөч  гэж  хэлсэн. 20 гаран насны эмэгтэй хүн би нөхөртэйгөө муудаад 2 давхарын  цонхоор  үсэрчихсэн  юм. Та эмнэлэг дуудаад өгөөч гээд байсан ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас /

5. Гэрч  Ц.Өлзийдэлгэрийн  “...2017 оны 7 сарын  19-ний  өглөө  манай  ажлаас  болон  аймгийн эмнэлгийн түргэн тусламжийн дугаараас над руу хэд хэдэн удаа залгачихсан  байхаар  нь би буцаад залгахад манай эгч Өлзийтогтох түргэн тусламж дээр гарч байна  гээд танай Насанжаргал цонхоор уначихсан гээд хачин царайтай юм сууж чадахгүй  байна  гэхээр нь эмнэлэг ороход Насанжаргал бие нь өвдсөн  байдалтай  сууж байсан. Яасныг  нь  асуухад  манай нөхөр  Нармандах хаалгаа дотроос  нь  түгжиж байгаад  намайг  зодохоор  нь цонхоор  үсэрсэн  гэж  хэлсэн ...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 64-р хуудас /

6. Дундговь  аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны 2017 оны 7 дугаар  сарын  26-ны өдрийн 170200224 дугаартай  шинжээчийн  дүгнэлтэнд:

- Б.Насанжаргалын биед  бүсэлхийн  1-р нугламын их  биеийн  урд хананы шахагдсан  хугарал, нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт  цус хурсан  зөөлөн  эдийн гэмтэл  тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий  хөдөлмөрийн  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

- Бүсэлхийн 1-р нугламын  их биеийн урд хананы шахагдсан хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан   хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            Нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт цус хурсан  зөөлөн  эдийн  гэмтэл  нь  хөнгөн  зэргийн  гэмтэлд хамаарна гэжээ. /хх-ийн 34-рт/

            7. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч  эмч  мэдүүлэхдээ: “...Б.Насанжаргалын биед  учирсан бүсэлхийн 1-р нугламын их биеийн урд хананы шахагдсан хугарал гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна.  Уг гэмтэл нь залгуураар шавхарах болон цохиход үүсэхгүй. 2 давхараас үсрэх, унахад үүсэх боломжтой. Нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт  цус хурсан  зөөлөн  эдийн гэмтэл  нь гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна. Нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт  цус хурсан  зөөлөн  эдийн гэмтэл  нь залгуураар шавхарах болон хатуу  мохоо  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэв.

8. Хэрэгт  авагдсан  бусад  бичгийн  баримт зэргийг шинжлэн  судлав.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж,  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Нармандах нь 2017 оны 7 сарын 19-ний  шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах “Өлзий Дундговь” ХХК-ийн байранд байх гэртээ өөрийн хамтран амьдрагч  Б.Насанжаргалтай хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж,  улмаар зодсоны улмаас  хөнгөн гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч  Б.Насанжаргал  цонхоор  үсэрч биедээ  хүндэвтэр гэмтэл учруулсан  болох  нь  хэрэгт  авагдсан  баримтуудаар  тогтоогдож байна.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт  “анхан шатны  журмаар хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагаа нь тухайн  шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн  хэргийн  хүрээнд явагдана” гэж заасан  ба прокуророос шүүгдэгч  Б.Нармандахыг гэр  бүлийн  хүчирхийлэл үйлдэн  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн  байна.

Иймд шүүхээс хохирогч Б.Насанжаргал нь цонхоор үсэрсэний улмаас хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйлдлийн талаар дүгнэлт хийх  боломжгүй  байна.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  4.1 дүгээр  зүйлийн  2.2 дахь хэсэгт  зааснаар прокурор нь “гэмт  хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн  бол хэрэг  бүртгэлтийн  хэрэг  нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж  шалгуулах” эрхтэй ба мөн  хуулийн 30.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “прокурор  гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол мэдээллийг хүлээн  авах үүрэгтэй ” гэж  тус тус заажээ.

Хохирогч Б.Насанжаргалын “Намайг цонхоор үсэрхээс өөр аргагүй  байдалд оруулсан, энэ хэрэг болсноос хойш удаа дараа  зодсон” гэх мэдээллийг хүлээн авч шалгуулах нь прокурорын эрх, үүрэгт хамаарч байна.

Дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Нармандах нь энэ хэргийг хамтран амьдрагч Б.Насанжаргалын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  болох  нь  тогтоогдож байх тул  Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт  зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохирсон  байна  гэж  үзлээ.

Иймд  шүүгдэгч Б.Нармандахыг гэр  бүлийн  хүчирхийлэл  үйлдэн хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Нармандахын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх  нөхцөл  байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  Б.Нармандах нь Дундговь  аймаг  дахь  Сум  дундын  шүүхийн  2010 оны 06 сарын 24-ний  өдрийн 33 дугаар  шийтгэх  тогтоолоор Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар  3 сар  15 хоногийн  хугацаагаар  баривчлах  ялаар  шийтгүүлж, 2010 оны 7 сарын  16-ны  өдөр  ялын  хугацаа  дуусч  суллагдсан, Сум дундын 11 дүгээр  шүүхийн 2014 оны 07 сарын  21-ний өдрийн 62 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 99 дүгээр  зүйлийн  99.1 дэх  хэсэгт зааснаар 2 сарын  хугацаагаар баривчлах  ялаар  шийтгүүлж, 2014 оны 9 сарын 19-ний  өдөр  ялын  хугацаа  дуусч суллагдсан  болох  нь  ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 54-рт/ шийтгэх  тогтоолын  хуулбар- /хх-ийн  57-63/ зэрэг баримтаар  тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгчийн  хувийн  байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт  заасан  ялаас  нийтэд тустай ажил  хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  болон  битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй,  шүүгдэгч  нь  энэ  хэргийн улмаас цагдан  хоригдоогүй болно.

Хохирогч нь шүүгдэгчээс 959180 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан  баримтуудыг үндэслэн эм тарианы  үнэ 343700 төгрөг /161950+181750/ замын зардал 60000 төгрөг  нийт  403700 төгрөгийг  шүүгдэгчээс  гаргуулан  хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Насанжаргалаас шүүхэд гаргаж ирүүлсэн хохирлын талаархи нотлох  баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч хэргийн 15-16-р хуудсанд  авагдсан эмчийн  бичиг, 2017.7.25-ны  өдөр Гэмтэл согог судлалын үндэсний  төвд компьютер томографид харуулсан баримт зэргийг үндэслэн дээрхи 403700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн  болно.

Иймд хохирогч Б.Насанжаргалын хохирлын талаархи нэхэмжлэлээс 555480 төгрөгт холбогдох хэсгийг  хэлэлцэхгүй  орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй  орхисон  хохирлын  талаархи баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  журмаар  шүүгдэгч  Б.Нармандахаас нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Нармандахад холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх явцад хэд хэдэн  зүйлийг цагдаагийн  байгууллага  болон прокурорт зориуд анхааруулах нь зүйтэй  гэж  үзлээ. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар энэ  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй хэргийн оролцогч нарыг чирэгдүүлж байгааг анхаарах,  

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн аюулын зэргийн үнэлгээг Цагдаагийн  байгууллага  “өндөр” гэж гаргасан ба цагдаагийн байгууллагад яаралтай хандах зөвлөмжийг  өгсөн байна. Гэвч хүчирхийлэлд өртөгч цагдаагийн байгууллагад хандахад дуудлагаар  очсон  алба  хаагч та маргааш  эрүүлжүүлэхийн мөнгийг  нь төлөх үү, үгүй  бол унтуулчихья гэсэн гэх  хохирогчийн  мэдүүлгийг  үйл ажиллагаандаа  анхаарах  шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Олхонууд овгийн Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д  720 / долоон зуун хорин / цагийн  хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх  ял  оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн  5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх  ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх  ялын  8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдсугай.

4.Шүүгдэгч нь энэ  хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй,  хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг  тус  тус  дурдсугай.

5.Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн  497.1, 505 дугаар  зүйлийн  505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 403700 /дөрвөн зуун гурван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгож, хохирогчийн хохирлын  нэхэмжлэлээс 555480 / таван зуун тавин таван мянга дөрвөн зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

6.Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь хэлэлцээгүй орхисон хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шүүгдэгч  Б.Н-аас  нэхэмжлэх  эрхтэйг  дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ