| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00857/И |
| Дугаар | 192/ШШ2025/04402 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04402
2025 05 22 192/ШШ2025/04402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж 17011, ******* бюлдинг 9 давхар хаягт оршин байх “*******” /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ы өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гангаа овогтой Мөнхбат миний бие "*******" ХХК-ид 2021 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас халагдсан. Миний бие ингэж ажиллах хугацаандаа урьд өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Би эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуульч нараас зөвлөгөө авахад хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох ёстой мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл намайг ажил олгогч хууль бусаар халсан гэж ойлгож дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т тус тус зааснаар ******* дүүргийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд үүгээр хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд тус гурван талт хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/10 дугаартай тэмдэглэл гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд үүссэн асуудлыг хянан үзэж ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Нэхэмжлэлд дурдагдсан шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох гэдэг утга илэрхийлэгдэж байгааг нэхэмжлэлийн бичвэрийн сүүл хэсэгт дурдагдан бичигдсэнийг үүгээр тодруулж байгааг хүлээн авна уу гэжээ. Монголын томоохон компани болох “******* таван толгой” ХХК-тай гэрээ хийж ажилд орсон. 800 гаруй ажилчдаас 4 хүн халсан. Төсөл явагдаж байх хооронд ажиллаж байсан. Төсөл хэрэгжиж дуусаагүй байхад ажлаас халсан. Өнөөдөр энэ төсөл үргэлжлээд явж байхад ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг ажлаас нь халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусах өдөр гэрээг цуцлаагүй бол уг гэрээнд анх заасан хугацаагаар сунгагдана гэснээр гэрээний маань үргэлжлэх хугацаа нийт 6 жил болох ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нас хүйс, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж ажлаас халсан. Халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5 сар, нэг өдрийн цалинг 223,012, 1 сарын дундаж цалин 4,727,860 төгрөг , нийт 5 сарын цалинг 23,639,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх 3 удаа очиж уулзсан. Эхний уулзалтад та өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэх хүсэлтээ бичээд өгчих гэж өргөдөл бичүүлж авсан. Удаа дараа буюу хоёрдох удаа уулзах үед мөн л өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж өг нэг сарын цалинг чинь бүтэн өгнө гэсэн. 3 дахь удаа мөн л 3-4 сарын цалинг нь өгнө өөрийн хүсэлтээр өргөдлөө өг гэсэн. Миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул би үгүй гээд татгалзсан гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Мөнхбатаас “*******” ХХК-ид холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай “*******” ХХК нь 2020 оны 03 сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд Төрийн өмчит "******* " ХК-иас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан "Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт “Ти Эн түншлэл”-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу Захиалагч тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Тавантолгой нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд Ти Эн түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа/36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дах хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон. Нэхэмжлэгч *******тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, "Дампын оператор"-оор ажиллуулах болсон. Дээр дурдсан "******* " ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. “*******” ХХК маань 2020 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдсан. ******* Таван Толгой компаниас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан тендэрийг авч “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2021/705/-г байгуулсан. Энэ гэрээний дагуу манайх тухайн үйл ажиллагааг явуулсан. Ажил олгогч нь “******* таван толгой” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн хугацаатай гэрээ байгуулсан. Ажилд орох хүсэлтэй хүмүүс уг агуулгыг бүгд сайн ойлгож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Учир нь нэхэмжлэгч өөрөө уг өдөр тушаалаа авах тухай хүсэлт гаргасан. Мөн 800 гаруй хүнээс 4 хүн халсан гэх нь үндэслэлгүй юм. 40 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед нэхэмжлэгчээс санал хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч байхгүй шүүхдэнэ гэсэн. Мөн 2 өөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байгаа үүнийг нэхэмжлэгч нэг мэт ойлгож адилхан дүгнэж байх тул хариу тайлбарт хавсаргасан хөдөлмөрийн гэрээг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчтэй хийсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өөрийн хэлсэн тайлбар дээр тэтгэмжийг нь өгч хүчээр халсан зүйлгүй. Олон жил ажилсан ажилтандаа тодорхой хэмжээний тэтгэмж өгөх нь зүйтэй хэмээн бодсон. Анх энэ хүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “******* таван толгой” ХХК-иас ирүүлсэн мэдэгдлийн дагуу ажилтанд сануулж хэлж, бэлтгэл ажлаа ханга гэж мэдэгдэж байсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэг гэрээ үргэлжилж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч тусдаа өөр өөр гэрээний зохицуулалт явагдаж байгаа. Дараагийн ажлыг эхлүүлэхэд компани мөн адил зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа. Ажилтан тус бүр дээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээ нь нэг гэрээ биш, тус тусдаа гэрээ гэдгийг хэн аль нь мэдэж гарын үсгээ зурсан. Энэ талаар баримт авагдсан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл/хх-1-2, 155/, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаал/хх-8/, нэхэмжлэгчийн С.Сэргэлэнд олгосон итгэмжлэл/хх-4/, “*******” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-5-9/, “*******” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-10-14/, “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт/хх-15/, “*******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-16/, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах Гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/10 дугаар хуралдааны тэмдэглэл/хх-17-19/, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл/хх-95-106/, тус шүүхийн П.Дэлгэрнасанг гэрчээр асуусан тэмдэглэл/хх-107-111/, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн “******* ” ХХК-иас лавлагаа хүсэх тухай 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай албан бичиг/хх-144-145/, “******* ” ХХК-ийн өмгөөлөгч С.Сэргэлэнд хүргүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1009 дугаартай албан бичиг/хх-146/, итгэмжлэл/хх-147/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх-159/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх-21/, “*******” ХХК 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25/108 дугаартай итгэмжлэл/Хятад хэл дээр/хх-22/, итгэмжилсэн төлөөлөгч С.Хүдэрчулуун, Д.Мөнхбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-23/, “*******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25/108 дугаар итгэмжлэл/Монгол хэл дээр/хх-24/, хариу тайлбар/хх-33, 81, 156/, “******* ” ХК болон “Ти эн түншлэл” хооронд байгуулсан ЭТТ-2021/705 дугаар “Тавантолгой ордын Цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”/хх-35-56/, “*******” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Н.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/хх-57-61/, “*******” ХХК 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Н.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/хх-62-66/, “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Н.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт/хх-67/, “*******” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/хх-82-86/, “*******” ХХК 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/хх-87-91/, “*******” ХХК 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт/хх-92/, “*******” ХХК 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт/хх-93/, “******* ” ХК-ийн “Ти эн түншлэл”-д явуулсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/2167 дугаар албан бичиг/хх-113 тал/, “******* ” ХК-ийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “*******” ХХК-ийн түншлэлд явуулсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 дугаар албан бичиг/хх-114 тал/, “******* ” ХК-ийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ид явуулсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2145 дугаар албан бичиг, хавсралтын хамт/хх-115-116/, “Тавантолгой ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ/ЭТТ-2021/705/-ний ажлыг зогсоосон тухай акт”/хх117-118/, Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ/ЭТТ-2024/1171/-ний ажил эхлүүлэх акт”/хх-119-120/, “*******” ХХК-ийн хүний нөөцийн “Мэдэгдэх хуудас”/хх-121/, “******* ” ХК болон “Ти эн түншлэл”, түүнийг төлөөлж “Ти Ти Жи Ви Си Өү”х ХХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”/хх-122-142/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, тус хүсэлтүүдээсээ зохигч талууд хэн аль нь татгалзсан байна./хх 157-158/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” -ид холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг “******* ” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилсэн байхад хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусах өдөр гэрээг цуцлаагүй бол уг гэрээнд анх заасан хугацаагаар сунгагдахаар атал ажлаас халсан, халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5 сар, нэг өдрийн цалинг 223,012, 1 сарын дундаж цалин 4,727,860 төгрөг, нийт 5 сарын цалинд 23,639,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, хөдөлмөрийн гэрээний 3.1.1-ийг зөрчиж гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй дахин гэрээт ажил сунгагдсан тул нэхэмжлэлийн хангах үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Т.Мөнхбатаас “*******” ХХК нь 2020 оны 03 сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд Төрийн өмчит "******* " ХК-иас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан "Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт “Ти Эн түншлэл”-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу Захиалагч тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Тавантолгой нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд Ти Эн түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа/36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дах хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан *******тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулан, "Дампын оператор"-оор ажиллуулах болсон. “******* ” ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэл хүргүүлж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тус ЭТТ-2021/705 тоот ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болж дахин дараагийн өөр гэрээний харилцаа явагдаж байгаа нь нэг гэрээ биш тул хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх *******ын “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанийн “Дампын оператор”-ын албан тушаалд туршилтын хугацаагаар түр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
Ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн ******* нь “*******” ХХК-д холбогдуулан ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан боловч тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/10 дугаар тэмдэглэлээр маргалдагч талууд харилцан тохиролцож чадаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч тус шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэжээ.
“*******” ХХК нь ажилтан *******ад хөдөлмөрийн гэрээний хугацаа “******* ” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, нэхэмжлэгч өөрийн биеэр хүлээж авсан болох нь тогтоогдож байна./хх-121/
Улмаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.3 дахь заалтуудыг үндэслэн тус компанийн Уулын хэлтсийн Дампын оператор NTE240 албан тушаалтай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон тул мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ./хх-3/
Хариуцагч “*******” ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, уг чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэрээгээр уул уурхайн туслах үйл ажиллагаа явуулах, худалдааны зуучлал, машин тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байх ба хариуцагч “*******” ХХК нь “Ти ти жи ви си өү” ХХК болон “Си ар найнтээн бюро” ХХК нарын хамт “Ти эн түншлэл”-ээр “******* ” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 тоот “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээнд ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан “Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхай”-н хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцсон байна./хх-36-56/
Дээрх гэрээний талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ажлыг зогсоох тухай” акт үйлдэж, мөн өдрөө ЭТТ-2024/1171 тоот Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний ажил эхлүүлэх акт үйлдсэнээр мөн өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “******* ” ХК, “Ти эн түншлэл” нарын байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар гэрээт ажлыг эхлүүлжээ.
Зохигч талууд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаал гарахад Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай байсан эсэх, мөн өдрийн Б25/0033 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн эсэх, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа энэ өдөр дуусгавар болсон эсэх талаар маргажээ.
“*******” ХХК нь нэхэмжлэгч *******тай дахин гэрээ байгуулаагүй үргэлжлүүлэн ажиллах нөхцөлөөр хангаагүй байх боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.6 дахь хэсэгт зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх үед хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаа заан байгуулж болохоор хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн талуудын байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа “*******” ХХК болон “******* ” ХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ЭТТ-2021/705 тоот “Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ажлыг зогсоох тухай” акт үйлдсэн мөн өдрөөс дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3.1-д заасан заалтуудаас үзвэл ажил олгогч нь “*******” ХХК болон “******* ” ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар байгуулахаар тохиролцсон байх тул хөдөлмөрийн гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасны дагуу тохиролцож байгуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хариуцагч талын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээт ажлыг эхлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “******* ” ХК, “Ти эн түншлэл”-ийг төлөөлж “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нарын байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар гэрээт ажлын гэрээний 36 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэх тайлбар үндэслэлгүй юм.
Иймд ажил олгогч “*******” ХХК-иас ажилтанд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, “******* ” ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор 12 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохыг мэдэгдэж, улмаар гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
Ажил олгогч уг шийдвэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргаж, ажилтанд мэдэгдсэн байх тул тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт тус тус нийцсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь “******* ” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хамааралгүй байх тул “тухайн ажил гүйцэтгэх гэрээний гэрээт ажил үргэлжлэх хугацаанд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилнэ” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй буюу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ЭТТ-2021/705 тоот ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноор *******, “*******” ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
Нэгэнт хөдөлмөрийн харилцаа гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, хариуцагчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хуваарилахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б25/0033 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дампын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****