Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Д.Лхавга-Очир нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лхавга-Очирт холбогдох эрүүгийн 1722000000057 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 50 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны сангийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн  хамт  Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 5-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Дэлдий овгийн Дэмчигцогийн Лхагва-Очир /РД: ЗИ87102119/ гэв.

Шүүгдэгч Д.Лхавга-Очир нь 2017 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын 9-р баг  Мандалын 5б-4 тоотод иргэн М.Насанбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Лхавга-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв .

2. Яллагдагч Д.Лхавга-Очирын: “... 2017.11.19-ний орой эхнэр Долгорын хамт Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  9-р баг Мандалын 5б-4 тоотод байх гэртээ байж байтал манай найз Насанбат манайд ирсэн.  Түүнтэй удаан  уулзаагүй болохоор 1 шил 0,75 литрийн  Соёмбо архи гаргаж өгөөд тэр архийг бид 2 хувааж уусан. Ууж дуусаад амарцгаая гэхэд Насанбат дахиад нэг шил юм уучихъя  гээд нэг хүн рүү утсаар ярьсан.  Тэгтэл удалгүй гаднаас Насанбаяр, Буяндэлгэр нар нэг шил 0,5 литрийн Титэм нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг уугаад сууж байтал Насанбат манай гэрт 2-3 удаа шүлсээ хаяж нулимсан. Тэгэхээр нь би чи найзындаа ирчихээд ингэж болохгүй ш дээ гэхэд миний өөдөөс салаавч гаргаад дахиад нулимсан. Тэгэхээр нь би босож очоод 2 удаа алгадахад Насанбат зөрүүлээд намайг цохиод авсан. Тэгээд л бид 2 дээр доороо орж ноцолдсон. Ноцолдох явцад ширээн дээр байсан архины шил, стакан хагарсан. Тэр хагархай шилэн  дээр би Насанбатыг  доороо хийж байгаад боож дарсан.  Тэгж байхад биднийг  Буяндэлгэр салгасан. Салаад харахад Насанбатын толгойноос учиргүй их цус гарч байсан. Тэгтэл Насанбаяр гадаа утсаар ярьж байгаад орж ирээд Насанбатын дүүг  дуудсан. Удалгүй Насанбатын дүү нь нөхрийнхөө хамт ирээд Насанбатыг аваад явсан. Өөр зүйл болоогүй.  Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 23/

3. Хохирогч М.Насанбатын: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой өөрийн найз Д.Лхавга-Очирын хамт түүний гэрт нь буюу Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 9-р баг  Мандалын 5б-4 тоотод нэг  шил Соёмбо нэртэй архи хувааж уусан. Бид 2-ыг архи ууж дууссаны дараа манай найзууд болох Насанбаяр, Буяндэлгэр 2 ирсэн.  Тэд ирэхдээ 1 шил 0,5 литрийн Титэм нэртэй архи авч ирсэн. Би тэр архинаас ууж байгаад ухаангүй болоод согтсон. Тэгээд нэг  мэдсэн аймгийн эмнэлэг  дээр толгойдоо оёо тавиулж байсан. ...Би өөрөө бол санахгүй байгаа. Хамт байсан Насанбаяр, Буяндэлгэр нар хэлэхдээ Лхагва-Очир чамайг зодсон гэж хэлсэн. Д.Лхавга-Очир ч намайг зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа... Миний дагз ярагдсан байсан учраас 3-н оёо тавиулсан. Хамар хугарсан, мөн язарч урагдсан нэг оёо тавиулсан, зүүн талын чамархай хэсэгт бага хэмжээтэй урагдсан, хавдартай, баруун  хөмсөгний дээд талд язралт үүссэн, нурууны зүүн  хэсэгт зулгаралттай , хавдсан байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

4. Гэрч Б.Пүрэвжавын: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 01 цаг өнгөрч байхад миний танил Насанбаяр гэх залуу манай эхнэр Насангэрэл рүү утасдаж ах Насанбатыгаа ирж ав гэхээр нь би эхнэрийнхээ хамт Мандалын 5б-4 тоотод очоод гэрт ороход манай хадам ах Насанбат сандал дээр суучихсан нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон, пудволк нь урагдчихсан сууж байсан, Лхагва-Очирын эхнэр нь шалаа арчаад байж байсан, шалан  дээр нь цус гоожсон  байдалтай байсан. Гэрт Насанбатаас гадна Насанбаяр, Буяндэлгэр, Лхавга-Очир түүний эхнэр Догоо гэх хүмүүс байсан. Д.Лхавга-Очир орон дээр сууж байсан. Д.Лхавга-Очирын өмд нь цус болчихсон байсан. Эхнэр бид 2 тэднийд Насанбатын цусыг нь угаачихаад аваад эмнэлэг явсан. Би цагдаад дуудлага өгсөн. ...Зүүн  талын шанаа нь их хавдсан, толгой хэсэгтээ 3-4 зүсэгдсэн шархтай, хамар нь хавдсан, халцарсан нуруу нь урагдсан байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14/

5. Гэрч Д. Буяндэлгэрийн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн найз Насанбаярын хамт явж байтал түүний хамаатнынх нь ах Насанбат утасдаад нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Титэм нэртэй архи аваад Д.Лхавга-Очирын гэрт очсон юм. Тэднийд очиход Насанбат, Д.Лхавга-Очир, Догоо гэх хүмүүс байсан. Насанбат Лхавга-Очир 2 нэг шил архи хувааж уусан бололтой нилээн согтуу байсан. Бид 2-ын аваачсан архийг Д.Лхавга-Очир, Насанбат, Насанбаяр бид 4 хувааж уусан. Намайг архи аягалаад сууж байтал Насанбат элдэв бусаар харааж бандиа наашаа суучих 2-уулаа зодолдоё гээд байсан. Тэгэхэд хажуунаас Насанбаяр та болио нэг шил архи уух гэж хүнийг элдэв бусаар нь хэлж яахав дээ гэж хэлсэн. Тэгэхэд Насанбат өөдөөс түй май  гээд л хүн хүн  рүү агсраад байсан. Тэгээд сууж байтал Насанбат Д.Лхавга-Очирын гэрт нь хэд хэдэн удаа шүлсээ хаясан. Тэгэхэд нь Лхавга-Очир болилдоо муу ч гэсэн энэ чинь айл ш дээ та нар гэртээ ингэхгүй биздээ айл болохоор доромжлоод байна уу гэхэд Насанбат өөдөөс нь түй май, үзье, зодолдоё гэж хэлсэн. Тэгсэн Лхавга-Очир зөрүүлээд Насанбатын  нүүр рүү нэг удаа цохиод доороо хийж дээрээс нь хэд хэдэн  удаа бөөр, нуруу, нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгасан. Тэр 2-ыг зодолдох үед нь ширээн  дээр байсан стакан хагарсан юм. Насанбат хагархай шилэн дээр толгойгоороо уначих шиг болсон. Тэгээд л толгой,  хамраас нь цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

   6. Гэрч Ц.Долгорын: “...Насанбатыг манай нөхөр доороо хийчихсэн тэр 2 нэг нэгнийгээ цохиод байгаа байсан. Би салгаж чадахгүй болохоор болиочээ гэж хэлээд зогсож байсан. Тэр 2-ыг Буяндэлгэр боль гээд салгасан. Тухайн үед Насанбаяр гэрийн  гадаа утсаар ярьж байсан, зодоон болох үед байгаагүй. Гаднаас Насанбаяр орж ирээд Насанбатын дүүг  нь дуудсан. Тэгэхэд дүү нь нөхөртэйгөө ирээд эмнэлэг рүү аваад явсан. Насанбат манай нөхрөөс өөр хэн нэгэнтэй зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 170200332 тоот дүгнэлтэд: “ ...М.Насанбатын биед хамар ясны хугарал, тархи доргилт, дагз болон хамарт язарсан шарх, хөмсөг, чамархай, нуруу зулгарсан, зовхинд цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэсэн  дүгнэлт  /хх-ийн 18/

8. Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Лхавга-Очир нь 2017 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Дундговь амйгийн  Сайнцагаан  сумын 9-р баг  Мандалын 5б-4 тоотод иргэн М.Насанбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Лхавга-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

Шүүгдэгч Д.Лхавга-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн айлд шүлсээ хаясан, бусдыг үл хүндэтгэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Д.Лхавга-Очирт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт авагдсан баримтаар хохирогч М.Насанбат нь эмчилгээний төлбөр 550000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирлын мөнгийг төлсөн болох нь ХААН банкны 2017.12.31-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг  дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Дэлдий овгийн Д.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т таван зуун нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 
  4. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 550000 /таван зуун тавин мянган/ төгрөг төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ