Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/227

 

 

 

 

         

 

Л.Б, Б.Ч, Ж.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Л.Б, Б.Ч  нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд, 

хохирогч Д.Э , Б.Х нарын өмгөөлөгч Н.Амарсанаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-жийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Б, Б.Ч, Ж.Э  нарт холбогдох эрүүгийн 2108015611952 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.

2.

3.

 

Шүүгдэгч Л.Б, Ж.Э, Б.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Хүй долоон худаг” гэх газарт “бусдын амьдралыг заалаа” гэх шалтгаанаар Д.Э г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн Л.Б нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хохирогч Д.Э г өмөөрлөө” гэх шалтгаанаар Б.Хын гарыг мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Б, Ж.Э, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Лийн Б, Х овогт Бийн Ч, Ү овогт Жийн Э нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, мөн М овогт Лийн Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хоёр жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ч, Ж.Э тус бүр 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Ч, Ж.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд сануулж, шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Э гийн нэхэмжлэлийн шаардлагаас 293.077.265 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 130.000.000 төгрөг, БНСУ-ын Сөүл хотод байрлах Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх зардал 36.963.308 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч болон Л.Б бидний зүгээс гэм буруу дээр маргахгүй бөгөөд харин зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар солиулах талаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн уншиж, тайлбарлахдаа Л.Б нь эрхэлсэн ажилгүй байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо, харин шүүгдэгч Чинбаа, Э нар нь эрхэлсэн ажилтай тул торгох ял оноолоо гэсэн бөгөөд тухайн шүүх хурал болох өдөр Л.Б нь ажил хийдэг талаар шүүхэд шууд  гаргаад өгөх бичгийн баримт байхгүй байсан. Гэтэл тэрээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны “Оргилон Ундрах Эрдэнэ” ХХК-тай өөрийн эзэмшлийн 52-60 УЕУ улсын дугаартай автомашинаараа ажил хийж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон байсан бөгөөд тухайн компани нь гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарж түүнд өгөөгүй байсны улмаас шүүх хурал болоход гаргаж өгч чадаагүй. Одоо Л.Б нь дээрхи компанитай хамтран ажиллах гэрээгээр ажиллахдаа тодорхой хэмжээний ажлын хөлс авч, нийгмийн даатгалаа сарын 2 сая төгрөгнөөс тооцуулахаар болсон. Л.Б нь 3-15 насны 4 хүүхэд, эхнэр гэр бүлээ тэжээн тэтгэх харах үүрэгтэй өрхийн тэргүүн хүн бөгөөд хэрэв шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлнэ гэвэл гэр бүлээ тэжээн, тэтгэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Л.Б нь гэм буруугаа ойлгож байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураараа 13 сая төгрөг төлсөн.  Гэтэл шүүх бодит хохирол 4.291.000 төгрөг гэсэн байдаг. Л.Б ийн холбогдсон хэрэг нь сонгох санкцитай бөгөөд хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг юм.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. “Оргилон Ундрах Эрдэнэ” ХХК-иас гаргаж өгсөн тодорхойлолтыг шүүхэд гарган өгч байна. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж орлого олсноор гэр бүлээ тэжээхийн сацуу хохирогчид хохирол төлбөр төлөх боломж бүрдэх учир шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Э , Б.Х нарын өмгөөлөгч Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шинээр гарган өгч байна. Энэ баримтыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээний зардалд 13 сая төгрөг өгсөн боловч 9 сая төгрөгийг нь буцаан нэхэмжилж байгаа. Энэ үйлдэл нь хохирогчоор тохуурхаж байгаа мэт харагдаж байна. Ажил хөдөлмөр эрхэлснээр хохирогчийн эмчилгээний зардалд тус нэмэр болно гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй. Учир нь хохирогч эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 14 хоног амь тэмцэн байхад болон үүний дараа хэвтэрт гуурсаар хооллож 8 сар болж байхад шүүгдэгч нар огт эргэж очоогүй, биеийнх байдлыг асууж байгаагүй атлаа шүүх хуралдаанд оролцохдоо 13 сая төгрөг өгчихөөд, буцаагаад 9 сая төгрөгийг нь нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос нэхэмжилж буй мөнгөөрөө шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх зорилготой гэж харж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэргүй байж торгуулийн ялаар шийтгүүлсэнээс гадна 2 зүйл ангиар ял завшсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нар бусдын орон байранд хүч хэрэглэн хууль бусаар нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой харагдаж байгаа. Энэ талаар хүсэлт гаргасан боловч хууль зүйн үндэслэлгүй хэмээн хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдэж бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн байдаг. Дээрх байдлаар ял завшсанд хохирогчийн зүгээс гомдолтой байна. Шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг анхаарч үзнэ үү. ...” гэв. 

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гарган өгч буй тодорхойлолт болон давж заалдах гомдолдоо хавсарган өгсөн тодорхойлолтыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч давж заалдах гомдолд хавсарган өгсөн гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нотариатаар батлуулсан байна. Л.Б ид ял оногдуулах үед түүнийг эрхэлсэн  ажилтай талаар баримт хэрэгт авагдаагүй байсан. Давж заалдах шатны шүүхэд гарган өгч буй баримт нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул баримтыг үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б, Б.Ч, Ж.Э  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Б ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдол заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Б, Ж.Э, Б.Ч нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Хүй долоон худаг” гэх газар “бусдын амьдралыг заалаа” гэх шалтгаанаар хохирогч нүд, эрүү, хавирга руу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү ясны ооч хэсгийг дайрсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины гадна дээд хэсэгт шарх, зүүн чихний омог, гэдсэнд шарх, цээжний баруун талын 7 дугаар хавирганы хугарал, баруун тохойд, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Э гийн: “...2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Э над руу залгаад “Мийг аваад очих уу” гэхээр нь “Цалин мөнгийг нь өгчихсөн байгаа юм чинь хувцас авч өг, та нар цалингаар нь архидаад байдаг юм уу” гэхэд “Чи хүний амьдралд оролцдог хэн бэ, очиж ална” гээд нэлээн согтуу ярьсан. Шөнө 01 цагийн орчим унтаж байхад хашааны хаалга эвдэж Э, Б, М, Ч  нар согтуу ирсэн. “Юу болсон бэ” гээд зогсож байтал Э баруун талын нүүр хэсэгт гараараа цохисон. Намайг орон дээр хэвтэж байхад Э, Б, М, Ч  дөрөв зогсоо зайгүй өшиглөж, миний хоолойноос хувцсаар боож, гэрийн үүдэнд газар хэвтүүлээд дахин өшиглөсөн. ...Б , Э хоёр миний хоёр гараас чирээд гэрээс гаргаад гэрийн үүдэн дээр дахин бүгдээрээ зодож дээрээс дэвсээд байсан. Миний зүүн чих сонсголгүй, баруун талын нүд цөмөрч, хараагүй болсон. ...” /1хх 30, 32, 34, 37-38/,

 

гэрч Б.Хын: “...2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Эгийнд очсон. Орой 23 цагийн орчим сэрэхэд Э хүнтэй утсаар яриад хэрэлдээд байх шиг байсан. Удалгүй хамт ажиллаж байсан Мөнх- Эрдэнэ, Э хоёр өөр үл таних 3 залуутай хамт согтуу ирсэн. Эг хэвтэж байхад нь Э, Б  хоёр зодож эхэлсэн. Би учрыг нь олохгүй, больчих байлгүй гэтэл Э, Б  хоёр гэрээс чирээд гадаа гаргасан. Гэрийн гадаа тавуулаа нийлээд тал талаас нь зодоод байхаар нь би салгах гээд очсон. ...” /1хх 47-48/,

 

гэрч Ц.Эын: “...унтаж байхад шөнийн 01 цагийн үед 5 залуу согтуу орж ирээд шууд манай нөхрийг Б  боож унагаагаад нөгөө дөрөв нь тал талаас нь цохиод байсан. Би болиулах гэхэд Э миний цээж рүү цохиод түлхсэн. Би утсаа авч гараад цагдаа дуудсан. Манай нөхрийг гэрээс чирч гараад тал талаас нь дэвсэж өшиглөсөн. Манай нөхрийн нүд, толгой хэсэг рүү Б  гараараа цохисон, зүүн талын эрүү хэсэгт Э гараараа цохисон. . ...” /1хх 51- 52, 54/,

 

гэрч Д.Эын: “...2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлээрээ хөдөө агаарт гарч амарч байхад манай бага дүүгийн утсанд Э хүнд зодуулчихсан, эрүү нь хугарчихсан, гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Би юу болсон талаар мэдэхгүй, хүнд зодуулсан гэж байсан...” /1хх 56/,

 

“...Д.Э гийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6438, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаартай дүгнэлтүүд /1хх 89-90/, /1хх 94-97/ зэрэг баримтуудаар,

 

шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн цаг хугацаанд “хохирогч Д.Э г өмөөрлөө” гэх шалтгаанаар Б.Хын гарыг мушгиж эрүүл мэндэд нь баруун атгаал ясны доод хэсгийн зөрөөтэй, гадна булуунд үе дайрсан зөрөө багатай хугарал  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Хын: “...Эг хэвтэж байхад нь Э, Б  хоёр зодож эхэлсэн. Гэрийн гадаа тавуулаа нийлээд тал талаас нь зодоод байхаар нь би салгах гээд очтол Б  миний гарыг мушгиж гэмтээсэн. ...” /1хх 47-48/,

 

хохирогч Д.Э гийн “...Б , Э хоёр миний хоёр гараас чирээд гэрээс гаргаад гэрийн үүдэн дээр дахин бүгдээрээ зодож дээрээс дэвсээд байсан. Тэр үед Х тэд нарыг болиулах гээд ирэхэд Б  Хтай ноцолдоод үлдсэн. ...” /1хх 37/,

 

гэрч Ц.Эын “...Х манай нөхрийг өмөөрөөд очсон чинь гарыг нь хугалчихсан. ...” /1хх 51-52/,

 

“...Б.Хын биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6099 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 100-101/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Б, Б.Ч, Ж.Э  нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Л.Б, Б.Ч, Ж.Э  нарын бүлэглэж, хохирогч Д.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Л.Б ийн хохирогч Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Л.Б ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд “...Л.Б ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б, Б.Ч, Ж.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.Ч , Ж.Э нарт 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Б ид зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Б ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Л.Б, Б.Ч, Ж.Э  нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн”, шүүгдэгч Л.Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг эсрэг үйлдсэн” гэж шүүгдэгч Л.Б ийг хоёр дахин гэм буруутайд тооцсон байгаагаас гадна шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эхлээд хязгаарлалт тогтоож дараа нь ялаа оногдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:” гээд 1.2-т  “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ;” гэж заасантай нийцэхгүй байгаа боловч энэхүү зөрчил нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх, түүнд ял оногдуулсан хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эргэлзэх нөхцөл байдлыг бий болгоогүй тул шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад найруулгын хувьд зохих өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1486 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Х овогт Бийн Ч, Ү овогт Жийн Э нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч М овогт Лгийн Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...”  гэж,

 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэж, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б ийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын “...ял шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН