2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04831

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04831

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Наадамчдын гудамж, 8 тоот оршин суух, БНХАУ-ын иргэн Z J/Паспортын дугаар ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц анд холбогдох

 

Гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат, Д.А

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. 1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jнь хариуцагч Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц анд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04053 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ..... ГХОХХК-аас тодорхой хэмжээний мөнгө гаргуулж, .... банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжаар 2,558,323 ам.доллар гаргуулах төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нийт 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг барагдуулахаар гүйцэтгэх хуудас, шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамжид тусгасан.

1.2. Банкны төлбөр барагдуулах газраас хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шийдвэрт заагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй байж компанийн гүйцэтгэх удирдлага биш, хувьцаа эзэмшигчийн гадаадад зорчих эрхийг түүнд мэдэгдэлгүйгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гадаадын иргэнийг албан ёсны орчуулагч төлөөлөгч оролцуулахгүйгээр шууд эрхийг нь хязгаарласан нь илт хууль бус байна. БНХАУ-ын иргэн Z Jii-ийн орчуулагч н.Хулан, албан ёсны орчуулагч, өөрөө хууль ёсны төлөөлөгч огт гарын үсэг зураагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар батлагдчихсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад, төлбөрийн дүнд хүрэхээргүй нөхцөл байдал тогтоогдвол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа цаашид үргэлжлэх ёстой. Бусад албадлагын арга хэмжээг хэрэглэх ёстой. Гэтэл банкны төлбөр барагдуулах албаны газраас ажиллагаагаа явуулаагүй шууд гадаад зорчих эрхэд нь халдаж, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бизнесийн үйл ажиллагааг дордуулсанд нь гомдолтой байна.

1.3. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад .... банктай, төлбөр төлөгч нар нь харилцан тохиролцоод төлбөрийг 6 сарын хугацаатай эргэн төлөх хуваарь гаргасан тухай албан бичиг нь байдаг юм. Үүний дагуу гадаадад зорчих эрхээ сэргээлгье гэдэг хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. Гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй, алба руугаа уламжлахгүйгээр шууд л боломжгүй гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дээрээ төлбөр авагчаас хүсэлт авч байж төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээнэ гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй. Хуульд заасны дагуу гадаадад зорчих урилга, албан тоот, тийзийг хавсаргаж хүсэлтээ өгсөн боловч алба руугаа дамжуулдаггүй, шийдвэрлэдэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь шат дараалаад гомдлоо гаргасан. 14 хоногийн хугацаатай сэргээж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Хууль зүйн сайдад гомдол гаргаад, Хууль зүйн сайдаас холбогдох ерөнхий газрынх нь даргад нь асуудлыг шийдвэрлүүлээд Д.Ня гэдэг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэгтэй хариу нь ирсэн. Ажлын хэсэг эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг сэргээнэ гэж заасан тул нотлох баримтаа бүрдүүлээд харьяа нэгжид саналаа хүргүүлээд, шийдүүлэх нь зүйтэй байна гэсэн Д.Нямгомбын гарын үсэгтэй албан бичиг өгдөг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтээ ирүүлнэ үү гээд хүсэлтийнх нь дагуу бид уламжлаад өг гэхээр уламжилдаггүй.

1.4. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-7/515 дугаартай Банкны төлбөр барагдуулах газрын дарга ...а гэсэн QR кодтой Шү ш гүй Ей газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Д.Няд гэсэн албан бичиг нь 23-ны өдөр явсан байдаг. Гэтэл Д.Ня нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан байсан. Өөрөөр хэлбэл, доод шатны байгууллагаас нь албан тоот, санал ирээгүй байхад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн санаачилгаар эрхийг нь хязгаарласан нь илт хууль бус ажиллагаа юм. Төлбөр төлөгчийн зүгээс Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А53 дугаартай тушаалаар эрхийг нь хаасан гэсэн. Энэ тушаал нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай тогтоолд үндэслэсэн гэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа газрын саналыг нь авалгүйгээр урьдчилаад 22-ны өдөр ийм үйлдэл гаргаж байгаа нь илт хууль бус байна. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог.

1.5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байгаа БНХАУ-ын иргэн нь компанийн гүйцэтгэх удирдлага биш, хувьцаа эзэмшигч дээр нь ажиллагаа хийгээд байдаг. Ажиллагаа хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулна. байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэргүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгөөд, эрхийг нь сэргээлгэхийг нь даалгаж, тогтоолыг нь хууль бус болохыг нь тогтоогоод өгнө үү гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

2. Хариуцагч Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц а болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4053 дугаар захирамжаар ..... ГХОХХК, Z Jнараас 8,716,381,866 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21,940,130 төгрөгийг гаргуулж .... банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг үндэслэн 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэлд байгуулагдсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд гадаад руу зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25360235/06 дугаар мэдэгдэх хуудсыг инженер Шүй Гуан гэх хүнд дамжуулан өгөхийг даалгасан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 253690235/06 төлбөр тогтоолоор төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Z Jнар гардуулж, гадаадад зорчих эрх төлүүлэх мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийг тэмдэглэлээр баталгаажуулсан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож график байгуулж, төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээхгүй байх төлбөр төлөгч эргэн төлөлтөө 1 удаа зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах талаар дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай хүсэлтийг төлбөр авагч тал 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх ажиллагааг мэдээгүй, төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

2.3. Төлбөр төлөгч ..... ГХОХХК, Z Jнарын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2025 оны 01 дүгээр сараас хойш хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шү ш гүй Ей газрын даргад хүргүүлсэн албан бичиг /хх-11/, Банкны төлбөр барагдуулах газраас К тре инве гр ГХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас /хх-12/, Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн төлөөлөгчид хүргүүлсэн албан бичиг /хх-13/, Банкны төлбөр барагдуулах газраас К тре инве гр ГХО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас /хх-14/, .... банк ХК-иас Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүл албан бичгийн хуулбар /хх-15/, БНХАУ-ын иргэн Z Jii-гийн хүсэлт, урилга, тийз /хх-16-19/, 2025.02.28-ны өдрийн 197/ШЗ2025/08302 дугаартай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж /хх-20/, 2024.10.09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-21-22/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШХ2025/00028 дугаар гүйцэтгэх хуудас /хх-39/, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2024/04053 дугаар захирамж /хх-40-41/, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-42/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-43, 45, 51, 56, 63/, Зарлан дуудах мэдэгдэл /хх-44, 46, 57/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-47-48, 52-53, 58-60/, 2025.01.14-ний өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-49-50,54-55, 62/, Банкны төлбөр барагдуулах газраас Шү ш гүй Ей газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, еөрнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Б.Нямгомбод хүргүүлсэн албан бичиг /хх-61/, Банкны төлбөр барагдуулах газраас .... банк ХХК-д хүргүүлсэн хүсэлт /хх-66/, .... банк ХХК-иас Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн хүсэлтийн хариу албан бичиг /хх-67/

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/15167 дугаартай захирамжийн дагуу хариуцагч Шү ш гүй Ей газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-7/515 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Төлбөр авагч .... банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Г3/431 дугаартай албан бичиг; Канад треасуре инвестмент ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Z Jii-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №25/19 дугаартай албан бичиг, урилга, орчуулга, нисэх онгоцны тийзний баримтыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно. /хх-85-95/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jнь хариуцагч Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц анд холбогдуулан гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ банкны төлбөр барагдуулах газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуулийг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжид заагдаагүй хууль бус ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүхийн шийдвэргүйгээр гадаад зорчих эрхэд халдаж, төлбөр төлөгч гадаад улсын иргэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мэдэгдээгүй, хуульд нийцээгүй саналыг Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснийг тус алба хангасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нар нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлүүд бүрдээгүй, гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийг урьдчилж гаргаснаас гадна албан ёсоор танилцуулаагүй алдаа гаргасан гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид гардуулсан, энэ ажиллагааг мэдээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч .... банк ХК-ийн 2,578,323 ам.доллар буюу 8,716,381,866.72 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..... ХХК, Z Jнар бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ..... ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, 858 тоотод байрлах, ......дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993.12 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж,  тоотод байрлах, ..... дугаарт бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй, 993.12 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, тоотод байрлах, ...... дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987.15 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, 870 тоотод байрлах, ....дугаарт бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1324.9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж,  тоотод байрлах, ..... дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342.9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж,  тоотод байрлах, ..... дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342.9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Z Jii-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Ар зайсан гудамж,  тоотод байрлах, .....дугаарт бүртгэлтэй 85 хувийн гүйцэтгэлтэй, 715.36 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 40-41/

 

4.2 Төлбөр төлөгч ..... ХХК, БНХАУ-ын иргэн Z Jнар нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ГХ2025/00028 дугаартай гүйцэтгэх хуудас гарч, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна. /хх 39, 42/

 

4.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25360235/01, 25360235/03 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл-ээр төлбөр 8,740,322,016.72 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн боловч мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан байна. /хх 43, 45, 47-48/ Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25360235/06 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл-ээр төлбөр 8,740,321,997 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэхэд ханзаар бичигдсэн гарын үсэгтэй иргэн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан байна. /хх 51/

 

4.4. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25360235/06 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудас-ыг хятад инженер Шү Гуан гэх иргэнд хүлээлгэн өгч, энэ талаар Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлдээ тусгажээ. /хх 50, 51/ Мөн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25360235/06 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудас-ыг гаргасан байх боловч гарын үсэг зурахаас татгалзсан гэх тэмдэглэл тусгагдсан байна.

 

4.5. Хэргийн 58-60 дах талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Z Jболон түүний орчуулагч Ж.Уянгаа нартай 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн талаар тусгасан байх боловч тухайн тэмдэглэлд орчуулагч Ж.Уянгаа гарын үсэг зураагүй байна.

 

4.6. Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч Z Jii-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Шү ш гүй Ей газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргажээ. /хх 61/

 

Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч Z Jii-ийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн үйл баримтууд талуудын тайлбар, хэрэгт авагдсан санал, албан бичиг тогтоолоор тогтоогджээ.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно, 59.1.1-т эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэж зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрхтэй хэдий ч хуульд заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэхүү гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авахаар байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг баримталсан байх бөгөөд хариуцагч талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй хэдий ч ашиг орлогоо мэдүүлээгүй, бусдад шилжүүлсэн, хөрөнгөө нуун дарагдуулах зэргээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэн хэлэлцсэн гэрээний нөхцөл зөрчигдсөн буюу төлбөр төлөгч нар 2025 оны 01,02 дугаар сарын төлбөрийг төлж, 2025 оны 3 дугаар сараас эхлэн хуваарьт төлбөрийг төлөөгүй гэх боловч уг нөхцөл байдлыг төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргасан нь хэрэгт авагдсан Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3-7/1036, Шү ш гүй Ей газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09/819 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 9688 дугаар тогтоолын 4 дэх заалтад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдаж, 3 дахь заалтаар тогтоолыг бүртгэлийн 25360235 дугаартай, гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, төлбөр төлөгчид танилцуулахыг 244 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Гэвч 9688 дугаартай тогтоолыг төлбөр төлөгч нарт танилцуулсан баримт байхгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч талаас Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг урьдчилан гаргасан гэж тайлбарлах боловч 9688 дугаартай тогтоолд Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-7/515 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг хянаж гаргасан гэснээс үзвэл тогтоолыг гаргахдаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэж техникийн алдаа гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

9. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 9688 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц анаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц аны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9688 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шү ш гүй Ей г харьяа Ши гүйц анаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z Jii-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ