Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01113

 

 

 

 

 

 

 

 

 

М Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01154 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.А-т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Т ХХК нь Чингэлтэй дүүрэгт байрлах 171 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг сарын 2 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Арвайн төгрөг ХХК-ийн захирал Л.А-тэй бичгээр гэрээ байгуулсан. Түрээслэгч нь 2012 оноос 2015 оны 05 сарын 15-ны өдрийн хооронд Элбэг нэртэй караокегоор түрээслэн ажиллуулж байгаад 2015 оны 6 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгсөн байдаг. 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр болох 7 500 000 төгрөгийг төлж барагдуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нь 2015 оны 05 сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөг болох түрээсийн төлбөрөө барагдуулах амлалт өгч Төлбөр барагдуулах акт-ыг бичгээр үйлдсэн. Гэвч Л.А- нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Иймд 7 500 000 төгрөгийг хариуцагч Л.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний төлбөр гэж шаардаж байгаа боловч Арвайн төгрөг ХХК болон М Т ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу байгуулсан түрээсийн гэрээ байхгүй, түрээсэлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн түрээсийн гэрээ байгуулаагүй учир үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. 2015 оны 3 сарын 15-ны өдөр Л.Нарантуяа буюу нэхэмжлэлтэй огт хамааралгүй хүн бичиг үйлдэж өгсөн байгаа. Мөн уг бичгийг айлган сүрдүүлж, дарамт шахалтанд оруулан бичүүлсэн болох нь Л.Нарантуяа, Д.Мөнхжаргал нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. 7 500 000 төгрөгийг төлөхөөр түрээсийн төлбөрийг тохиролцсон гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Талууд гарын үсэг зураагүй байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2020 оны 8 сарын 05-ны өдрийн 4 000 000 төгрөгийн хэлцлийн талаар хариу тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Тухайн үед ээжийн нь бие муу байсан учир тус бичгийг бичиж өгсөн гэж тайлбарладаг. Мэдэгдэх хуудсыг н.Алтанзул гэдэг хүн гарын үсэг зурж авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.2-т зааснаар Л.А-т холбогдуулан гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, 2020 оны 8 сарын 05-ны өдөр биечлэн уулзаж, 7 500 000 төгрөгийг хугацаандаа төлбөл 4 000 000 төгрөг болгон бууруулж, 2020 оны 9 сарын 30, 2020 оны 11 дүгээр 30-ны өдөр тус тус 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч Л.А- нь хугацаандаа төлж барагдуулаагүй байх тул ийнхүү нэхэмжлэлийг 7 500 000 төгрөгийн үнийн дүнгээр гаргасан. Иймд тус актаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасныг үндэслэн тухайн үедээ төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул 2020 оны 8 сарын 05-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн шинээр эхлэн тоолох ба мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 ...Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасны дагуу хариуцагч нь үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М Т ХХК нь хариуцагч Л.А-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч тус гэрээг үүсэх үр дагаврын талаарх дүгнэлт нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэл муутай байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М Т ХХК, Хүрд ХХК нарын хооронд 2011 оны 01 сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хүрд ХХК-иас М Т ХХК-д төлөх 64 500 000 төгрөгийн тооцоонд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Сүхбаатар гудамж хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, захиран зарцуулах эрх олгож, өр төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байна. /хх 50/

 

Дээрх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Сүхбаатар гудамж хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид 2012 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн сарын 2 500 000 төгрөгийн төлбөртэй, хугацаагүйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Түрээсийн төлбөр гэх баримт, гэрч Л.Нарантуяагийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд түрээсийн гэрээг 2015 оны 05 сарын 31-ний өдөр дуусгавар болгосон талаар маргаагүй. /хх 1, 17, 23, 42/

 

Хэргийн 13 дугаар талд авагдсан 2020 оны 08 сарын 05-ны өдөр үйлдэгдсэн Төлбөр барагдуулах тухай гэсэн бичмэл баримтад А.Алтанцэцэгээс авах 7 500 000 төгрөгийг 4 000 000 төгрөг болгон бууруулсан, Л.А- нь 2020 оны 09 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 11 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр тохиролцсон талаар дурдаж, Л.А-, Э.Ундрах нар гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Дээрх бичмэл баримтыг айлган сүрдүүлж, шахалтад оруулж бичүүлсэн гэх хариуцагчийн тайлбар эргэлзээгүйгээр нотлогдоогүй болно.

 

Хариуцагч Л.А- буюу үүрэг хүлээсэн этгээд нэхэмжлэгч компанийн захирал Э.Ундрахад 4 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, бичгийн баримт үйлдсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэх учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...түрээслүүлж байсан обьект нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгө байсан, түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч энэ нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А-ээс 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Т ХХК-д олгож, үлдэх 3 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын төсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-ээс 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Т ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуудариас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР