| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2017/00088/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Иргэдийн төлөөлөгч А.Долзодмаа, Ц.Цэрэнтогтох, Б.Эрхэмбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болорчулуун
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров
Шүүгдэгч Ч.Ганбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ганбаярт холбогдох эрүүгийн 1722000440014 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 1-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онгиуд овгийн Чанцалдуламын Ганбаяр /РД:ЗЮ73042919/
Шүүгдэгч Ч.Ганбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 1-6 тоотод Ш.Баттулгын цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт: Яллагдаг Ч.Ганбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 1-6 тоотод Ш.Баттулгын цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ.
Уг яллах дүгнэлтэнд гэрч Д.Наранболд, Ц.Дашгарав, Х.Бямбадолгор, Р.Төрбат нарын мэдүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 807 дугаартай дүгнэлт, мөн үндэсний төвийн 2017 оны 10 сарын 24-ны өдрийн 929 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 170100051 дугаартай дүгнэлт, яллагдагч Ч.Ганбаярын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар яллагдагч Ч.Ганбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон гэж дурджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ч.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад Д.Наранболд руу яриад хаана байна, надад нэг тамхи дөхүүлээд өгөөч гэж ярьсан. Тэгтэл Д.Наранболд, талийгаач болон нэг танихгүй залуутай хамт нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи авч ирсэн. Тэрийг ууж байхдаа блокон дээр гарч талийгаач бид хоёр тамхи татахад манай ангийн хүүхний утсыг өгөөгүй, халамжид хамруулж өгөөгүй гэх зэргээр үг хаяад уурлаад байсан. Буцаад буйдан дээр суухад тохойгоороо ёвриод байсан. Тэгэхээр нь би танихгүй хүний утсыг авахгүй байгаа байлгүй гээд чи өөрөө ярьж чадахгүй байгаа байлгүй гэж тоглож хэлсэн. Тэгтэл талийгаач намайг цохьсон чинь нүдний шил унасан. Тэгээд шилээ авах гээд тонгойтол дахиад нүдэнд цохьсон. Тэгснээ чи эхнэрээ бардаггүй, арчаагүй эр хүн, танай эхнэрийн ихэртэй унтсан, танай охиныг оролдоно гэх мэтээр доромжлоод ширээн дээр байсан хутга руу гар нь явах шиг болсон. Тэгэхээр нь би түрүүлээд хутгыг нь аваад бостол өөдөөс босоод ирсэн. Тэгэхэд дүрэгдсэн байсан. Үйл явдал их хурдан болсон. Тэгээд би цагдаа дуудсан...” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн төрсөн эгч нь байгаа юм. Талийгаач дүү маань ээжтэй хамт амьдардаг байсан...Хэрэг учрал болох үед би хөдөө байсан. 8 сарын 31-ний өглөө 06 цагийн үед манай хүү утсаар яриад дүүг маань хүнд хорлогдсон талаар хэлсэн. Тэгээд аймаг дээр ирээд Орших эмчтэй уулзахад хүнд хутгалуулсаны улмаас нас барсан. Эмнэлэг дээр ирээд нас барсан гэдгийг нь мэдсэн. Талийгаач маань долоон хуруу нь байхгүй, нэг гарын 3 хуруутай л хүн байсан. Архи уухгүй байж байгаад ууж байгаа нь энэ байх. Ганбаярын зүгээс оршуулгын зардалд 3.500.000 төгрөг, хоног хураахад 400.000 төгрөг өгсөн. Мөн хоног хураах гэж ирсэн хүмүүсийн машин тэрэг эвдрэхэд 300.000 төгрөгийн тусламж үзүүлсэн гэсэн. Нийт 4.200.000 төгрөг болж байгаа. Талийгаачийн төрийн банкнаас авсан тэтгэврийн зээл 4 сая төгрөгийг төлөөд өгчихвөл болно. Манай ар гэрийнхэн ярилцаад гомдолгүй гэсэн. Бидний зүгээс шалтгаалаад энэ хүнд оногдуулах ял нь хүндэрчих вий гэж бодож байна. Учир нь ээж маань миний хүүгийн үйл нь юм байгаа биз, оршуулгын зардал нэмж нэхэмжлэхгүй, хүүхэддээ зориулах юмаа бид нар зориулна гэсэн. Мөн тэр хүнд гомдолгүй гэсэн. Ах дүү нар маань ч гэсэн гомдолгүй гэсэн....” гэв.
3.Гэрч Д.Наранболд 2017 оны 08 сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд бид хэд Ганбаяр гэх найзындаа очихоор болсон. Тэднийх Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байранд байдаг юм. Тэднийд бид хэд нэг шил 0,5 л Улаанбаатар нэртэй архи аваачиж уусан. Архиа ууж дуусаад Баттулга, Дашгарав бид 3 Ганбаярынхаас явсан. Бид 3 гадуур явж байгаад Тэмүүжин нэртэй буудалд өрөө авч нэг шил архи нэмж уугаад орой болсон юм. Тэгээд байж байтал 20 цагийн үед Ганбаяр надруу утсаар залгаад хүрээд ирээч, тамхи аваад ир гэж дуудаад байсан. Тэгэхээр нь бид 3 тэдний гэрт нь очихоор явсан. Ганбаярынд очиход будаатай хоол хийчихсэн, бид 3-т аягалж өгсөн. Тэгсэн нэг мэдсэн Дашгарав гэх залуу яваад өгсөн байсан. Би нилээн халамцуу болсон байсан. Тэгээд бид 3 юм ярьж байтал Баттулга, Ганбаяр 2 хоорондоо маргалдаад Ганбаяр гал тогооныхоо булангаас шар иштэй хутга аваад Баттулгын цээжинд нэг удаа хутгалсан. Тэгсэн Баттулга намайг хутгалчихлаа шүү дээ гээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би Баттулгын араас гараад очтол Баттулга орцны үүдэнд сууж байсан. Тэгээд би түргэн болон цагдаа дуудсан. Тэгсэн урдаас Дашгарав гэх залуу ганцаараа ирсэн. Хэсэг хугацааны дараа цагдаа болон түргэн тусламж ирсэн. Тэр 2-ын юунаас болж маргалдсан талаар санахгүй байна, ямар ч байсан хэрэлдээд л байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/
4. Гэрч Д.Наранболд 2017 оны 09 сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...би урьд өгсөн мэдүүлгээ санаж байна. Би урьд өгсөн мэдүүлгээ уншиж танилцлаа буруу бичигдсэн эргэлзээтэй зүйл байхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс өмнө 2017.08.30-ны өдрийн 19 цагийн үед хамгийн сүүлд архи уусан, түүнээс хойш ойролцоогоор 4 цагийн дараа мэдүүлэг өгсөн. Тухайн үед би эрүүл болсон, мэдүүлэг өгөх чадвартай байсан. Амь хохирогч Ш.Баттулга нь Ганбаярыг нэг ч цохиогүй, би харж байсан юм. Тэр 2 эхнээс нь хэрэлдэж маргалдсан. Дараа нь Ганбаяр хутга аваад Баттулгыг хутгалсан юм. Тийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
5. Гэрч Д.Наранболд 2017 оны 09 сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тэгтэл Баттулга, Ганбаяр 2 хоорондоо маргалдаад байсан. Ганбаярын танидаг хүүхний утасны дугаарыг л Баттулга нэхээд байх шиг байсан. Надад хүүхний дугаар өгсөнгүй, нөгөө хүндээ миний дуудлагыг битгий ав гэж хэлсэн байна гээд л маргаад байсан. Би тухайн үед гараад коридор руу гарсан. Ганбаяр, Баттулгад “ би чамайг дуудаагүй шүү гээд байсан”. Тэр 2 намайг өрөөнөөс гарахад хэрэлдээд л үлдсэн. Ямар ч байсан чи муу арчаагүй эр хүн, эхнэрээ явуулчихаад гээд байсан. Би гараад коридорт гутлаа өмсөх гээд байж байх үед бүр хашгираад хэрэлдсэн. Танай эхнэр, охин, ихэрийг гээд л Баттулга хашхираад байсан. Шаана барина гээд байхаар нь бие биеэ цохиж зодох юм л яриад эхэллээ, орж болиулъя гэж бодоод орсон. Ганбаярын царай нь их сонин болчихсон, минчийгээд улайчихсан, гар нь хөл нь салгалаад их уурлаж бухимдсан байдалтай байсан. Аль гартаа билээ дээ нэг юм барьчихсан байсан. Эхэндээ би хутга барьсан гэж бол огт бодоогүй, сүүлд мэдүүлэг өгөхдөө хутгалуулсан талаар мэдсэн байсан учраас хутга бариад хутгалсан гээд хэлчихсэн. Түүнээс биш би хутга мөн эсэхийг сайн анзаарч хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
6. Гэрч Ц.Дашгарав 2017 оны 08 сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд 2017.08.30-ны 12 цагийн үед Баттулга ахтай түүний найз Наранболд нарын хамт тэр 2-ын найз гэх Ганбаяр гэх хүний аймгийн төвд байх гэрт нь очсон юм. Тэгээд бид хэд нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Ууж дуусаад Наранболд, Баттулга бид 3 Ганбаярынхаас гарсан. Гадуур явж байгаад Тэмүүжин нэртэй буудалд өрөө авч нэг шил архи уусан. Орой 20 цагийн үед Ганбаяр Наранболд ахын утас руу залгаад хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгээд бид 3 тэдний гэрт нь очсон. Тэгсэн Ганбаяр будаатай хоол хийсэн бид хэдэд аягалж өгсөн. Би хоолоо идчихээд Баттулга ахыг буудал руу авч явахаар Ганбаярын гэрээс нь авч гарахад Баттулга ах би үлдлээ гээд буцаад гэр рүү нь орсон. Тэгэхээр нь би ганцаараа буудал руугаа явсан юм. Тэгээд би буудлынхаа өрөөний гэрлийг унтраагаад 10-20 минут болоод буцаад Ганбаярынд ирэхэд Баттулга ах Ганбаярын байрны орцонд суусан байдалтай цээжин тус газраа хутгалуулсан, цус гарсан, хажууд нь Наранболд ах түшсэн, цагдаа, түргэн дуудаад зогсож байсан юм. Намайг хамгийн сүүлд Ганбаярын гэрээс гарахад Ганбаяр, Баттулга 2 хоорондоо маргалдах гээд байх шиг байсан. Баттулга ах Ганбаярын өөдөөс “чамтай архи уухгүй пизда минь муудалцах юм байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
7. Гэрч Р.Төрбатын 2017 оны 09 сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Намайг 2017.08.30-ны өдөр “Ундрам мандал” нэртэй нүдний шилний газар ажил дээр байхад үдээс хойш 14 цагийн үед Ч.Ганбаяр ах орж ирээд надаас 8000 төгрөгөөр харааны нүдний шил худалдаж аваад гарсан юм. Ч.Ганбаярын нүүр хэсэгт, зүүн нүдний хавьд гэмээр жаахан шалбарсан харагдсан. 2 нүд нь хөхөрсөн юм харагдаагүй. Тухайн үед эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
8. 2017.08.31-ний цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-62/
9.Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.09.15-ны өдрийн 170200051 дугаартай шинжээчийн:
- Баттулгын цогцост цээжний урд өвчүүний зүүн талд 4,5-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт /400мл/ үнхэлцгийн хөндий дэх цус /300мл/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
- Талийгаачийн цусанд 0,9 промилл спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно.
- Талийгаач нь АВIY бүлгийн цустай байна.
- Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.
- Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66/
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 9 сарын 13-ны өдрийн 807 дугаартай шинжээчийн:
- Ч.Ганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
- Ч.Ганбаяр нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
- Ч.Ганбаяр нь ярьж байгаа зүйл болон ой тогтоолт нь одоогоор ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй байна.
- Ч.Ганбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/
11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 929 дугаартай шинжээчийн:
- Ч.Ганбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна ” гэх дүгнэлт /хх-ийн 183-185/
12.Шүүгдэгч Ч.Ганбаярын хувийн байдлыг тогтоох зорилгоор цуглуулсан баримтууд
13. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал:
1.Гэрч Д.Наранболдоос 2017.08.30-ны 22 цаг 55 минутанд /хх-ийн 27-28/, Ц.Дашгараваас 2017.08.30-ны өдрийн 22 цаг 30 минутанд /хх-ийн 32-33-рт/ тус тус цагдаагийн газрын 115 тоот өрөөнд мэдүүлэг авсан болох нь тогтоогдож байна.
Гэрч Д.Наранболд, Ц.Дашгарав нарын дээрхи мэдүүлгийг судалж үзэхэд гэрч нар нь хэрэг учрал болохын өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлсэн байхад согтуурлын зэргийг шалгаж тогтоолгүйгээр мэдүүлэг авчээ. Энэ нь гэрч нар 2017.08.30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх нь эргэлзээтэй байна.
2. Гэрч Д.Наранболдоос 2017.09.01-ний өдөр 2 дахь удаагаа цагдаагийн газрын 115 тоот өрөөнд гэрчийн мэдүүлэг авчээ. Уг мэдүүлэгт өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэхийг тодруулсан ба гэрч Д.Наранболд нь “Ганбаяр хутга аваад Баттулгыг хутгалсан юм” гэсэн атлаа 2017.09.31-нд өгсөн мэдүүлэгтээ “...аль гартаа билээ дээ нэг юм барьчихсан байсан, эхэндээ би хутга барьсан гэж бол огт бодоогүй, сүүлд мэдүүлэг өгөхдөө хутгалуулсан талаар мэдсэн байсан учраас хутга бариад хутгалсан гээд хэлчихсэн...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.
Гэрч Д.Наранболдоос 2017.08.30, 2017.09.01-ний өдөр, гэрч Ц.Дашгараваас 2017.08.30-ны өдөр тус тус мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн 2017.09.31-нд гэрч Д.Наранболдоос 3 дахь удаагаа мэдүүлэг авсан гэх боловч 9 дүгээр сар нь 30 хоногтой болох нь нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд хуанлид байхгүй цаг хугацаанд мэдүүлэг авсан байна.
3.Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Ганбаяраас 2 удаа мэдүүлэг авчээ. Уг мэдүүлгийг авахдаа яллагдагчийн эрх үүргийг бүрэн тайлбарлаж өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо. Тухайлбал: Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “хуульд заасан дараахь эрх үүргийг тайлбарлан өгөв ” гэж тэмдэглээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дахь зүйлд заасан эрхийг тусгажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.3 дугаар зүйлээс 7.9 дүгээр зүйл хүртэл яллагдагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилсан ба үүнээс зөвхөн 7.4, 7.5 дахь зүйлд заасан эрхийг тайлбарлан өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана” гэснийг зөрчсөн байна.
4. Хэргийн 56-57-рт Шүүх сэтгэц эмгэг судлалын 807 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 183-185-рт Шүүх сэтгэц эмгэг судлалын 929 дугаартай шинжээчийн дүгнэлт тус тус авагдсан байна.
Дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл дээрхи шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд он, сар, зөрүүтэй /929 дугаартай дүгнэлт/, хаана хийсэн нь тодорхойгүй, шинжээчийн боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа, шинжилгээний аргачлал, явц зэрэг тодорхойгүй, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэлийг тусгаагүй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй ” гэж тус тус заажээ.
Дээрхи нөхцөл байдлыг дүгнэж үзээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын 807, 929 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Д.Наранболдын 3 удаа өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Дашгаравын мэдүүлэг, Ч.Ганбаярын яллагдагчаар 2 удаа өгсөн мэдүүлэг зэргийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримт нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3/, фото зургууд /хх-ийн 4-9/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 10-11/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг /хх-ийн 24-26/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор авсан гэрч Ч.Ихбаяр, Х.Бямбадолгор, Ч.Ганхуяг, Г.Хулан, Р.Төрбат, Д.Чанцалдулам, Д.Төмөртогтох нарын мэдүүлэг /хх-ийн 25-52-рт/ Ганбаярын биед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн шинжээчийн 170200267 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-рт/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 61-63-рт/ цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №170100051 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66-рт/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан дээрхи баримтуудаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр амь хохирогч Ш.Баттулга нь хутгалуулсаны улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн нь Ч.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас шүүгдэгч Ч.Ганбаярыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд шүүгдэгч Ч.Ганбаярыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9-р зүйлийн 4 дэх хэсэгт “ гэмт хэрэг гарсан нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2017.09.01-ний өдрийн тогтоолыг /хх-ийн 90/ хүчингүй болгож, Ч.Ганбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17220000440014 дугаартай хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “гэрч Д.Наранболдоос 2017.08.30, 2017.09.01-ний өдрүүдэд, гэрч Ц.Дашгараваас 2017.08.30-ны өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18-р зүйлийг зөрчсөн учраас нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай” хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “гэрч Д.Наранболд, Ц.Дашгарав нараас мэдүүлэг авахдаа шөнийн цагаар авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Хүний амь нас хохирсон тухай гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авах үед шөнийн цаг эхэлсэн ба тухайн нөхцөлд мөрдөгч зайлшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26 дахь хэсэгт заасан “хойшлуулашгүй тохиолдол”-д хамаарна.
Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж байгаа тул хохирогч нь оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдаж тэтгэврийн зээл нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхив.
Шүүгдэгч Ч.Ганбаяр нь энэ хэргийн улмаас 2017.08.31-2017.09.29-ний өдрийн хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхээс Ч.Ганбаярыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахаар шийдвэрлэсэн нь түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгахыг үгүйсгэж байгаа асуудал биш бөгөөд энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэргийг прокурорт буцааж, талийгаач Ш.Баттулга хутгалуулсаны улмаас амь нас нь хохирсон асуудлыг дахин шалгах, нотлох баримтыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатайг хохирогч, шүүгдэгч нарт тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.7, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 27-33, 56-57, 91-96, 183-185-р хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар тооцоогүйг дурдсугай.
2.Шүүгдэгч Онгиуд овогт Ч.Г-т Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 1722000440014 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б-нь оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тэтгэврийн зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5.Энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэргийг эд мөрийн баримтаар хураагдсан хутганы хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
6.Энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7.Энэхүү тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Г.МӨНХБАТ