| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0056/З |
| Дугаар | 128/ШШ2025/0408 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0408
2025 05 28 128/ШШ2025/0408
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ц*******, Ц.Э*******
Нэхэмжлэгч Ц.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э, Б.Б
Гуравдагч этгээд: “О” СӨХ
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: С.П
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/** дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/** дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 3** дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 0* дугаар хороонд иргэн Л.Ц*******т /РД:Х/ 324 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
2.2.Дээрх захирамжийг үндэслэн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №С дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ.
2.3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт Сүхбаатар дүүрэг, 0* дугаар хороонд үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрыг 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
2.4.Дээрх захирамжийг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт маргаан бүхий 324 м.кв талбайг эзэмших 00 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.5.Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байна.
2.6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 0* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
2.7.Дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт маргаан бүхий 324 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
2.8.Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
2.9.Дээрх байдлаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь маргаан бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.10.Тус шүүх нэхэмжлэгч нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол улсын иргэн Л Ц******* би Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 0*-р хорооны нутаг дэвсгэрт 324кв.м газрыг йлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд 2019 оны 09 сарын 09-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дагуу тухайн газрыг эзэмшиж байна. Нийслэлийн Засаг дарга бидний газар эзэмших эрхийг /хүчингүй болгосон захирамждаа газар ашиглах эрх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж бичсэн байгаа/ Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэхдээ энэ хугацаанд бий болсон дор дурдсан бодит нөхцөл байдал болон газар эзэмшигчийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, захиргааны байгууллагын өөрсдийнх нь үүрэг оролцоо зэргийг харгалзан үзээгүй болно. Ковид-19 цар тахал гарч ямар нэг үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байсан.
Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий архитектор нь бидний барилга барих, газар эзэмших эрхийг зөрчиж тухайн газрын хил залгаа газар эзэмшигч Б.Б*******д /Барилгын хөгжлийн төвийн захирал асан/ 9 давхар барилга барихаар зөвшөөрөл өгөхдөө манай барилга барих газрыг автомашины зогсоол болгохоор төлөвлөлт хийсэн. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эзэмшил газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга барих хүсэлт гаргасан ба бүрдүүлэх материалд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн актыг хамт хавсаргаж өгсөн. Миний барилга барих хүсэлтийг "уулзалт хийж зөвлөгөө өгөв" гэж хаасан ба асуудлыг зохих журмын дагуу шийдээгүй Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай хил залгаа газар эзэмшигчид болох иргэн Б.Б*******, “Э” ХХК, СӨХ-тэй намайг оролцуулан хийсэн уулзалт дээр иргэн Б.Б*******д барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох талаар ярилцсан ба харин надад танай барилга барих эрх нээлттэй байгаа гэсэн хариу өгсөн. Хот байгуулалт, хөгжлийн газар нь ашиг сонирхлын зөрчилтэй хил залгаа газар эзэмшигч “Э” ХХК болон СӨХ-г уулзалтад оролцуулж тэдэнд үйлчлэн харин манай барилга барих хүсэлтийг орхигдуулж байна. Мөн бидний бичиг баримт бүхий хувийн хэргийг үрэгдүүлсэн, хөтлөөгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн, egazar.mn цахим мэдээллийн санд бидний мэдээллийг дутуу оруулсан зэргээр өөрийн чиг үүргээ биелүүлээгүй. Хот байгуулалт, хөгжлийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж ногоон байгууламж машины зогсоолтой төлөвлөгдсөн манай барилгыг бариулах зөвшөөрлийг олгоогүйгээс орчны тохижилтод сөргөөр нөлөөлж асуудал үүсгэж байна.
Дээрх уулзалтын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас танайх архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлүүлэх хүсэлтээ өг, ингэхдээ хажуу талын барилгатай нийцүүл гэсний дагуу би 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дахин барилга барих хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн актын хамт хавсаргаж бүх материалыг бүрдэл болгон өгсөн боловч бидний асуудлыг мөн л шийдээгүй. Барилга барих хүсэлтийнхээ талаар Нийслэлийн ерөнхий архитектор Н*******, Нийслэлийн хот төлөвлөлт хөгжлийн газрын дарга Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Б******* нартай биечлэн уулзахад Засаг дарга танай захирамжийг цуцална гэсэн, танай газарт барилга бариулахгүй гэж СӨХ эсэргүүцэж байгаа, эсвэл та өөр байршилд газар авах хүсэлт өгч болно, та зөвшөөрөхгүй байгаа бол шүүхээрээ явж заргалдаарай гэдэг хариу өгдөг. Бид эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглахад гадны нөлөөлөл буюу хил залгаа газар эзэмшигчдийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдал илт нөлөөлж байсан бөгөөд хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим бидний хувьд үйлчлэхгүй байгаад маш их гомдолтой байна. Иргэн Б.Б******* газраа зарчих гэсэн санал хэд хэдэн удаа тавьж байсан боловч намайг зөвшөөрөхгүй болохоор захиргааны байгууллагад нөлөөлж газар эзэмших эрхийг маань хүчингүй болгуулах арга саам хайж захиргааны байгууллага түүнд хүссэн хэмжээгээр нь газар эзэмшүүлж, барилгын зөвшөөрөл олгож, бусдын газар дээр авто зогсоолыг нь төлөвлөж өгч байгаа нь бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь шүүхийн шийдвэрээр манай газрын хэмжээг сэргээхдээ хил залгаа газар эзэмшигч “Э” ХХК-д давуу байдал олгож өмнөх координатыг алдагдуулан хэлбэр дүрсийг өөрчилсөн нь манай барилгын төлөвлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Бид өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар эзэмшил газар дээрээ барилгын ажлаа эхлүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн ба дээрх этгээдүүд намайг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдаг.
Харин би Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, Газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно. Эдгээр зөрчилтэй байдалд хяналт хийлгэх тухай нийслэлийн засаг даргад гаргасан миний өргөдөл гомдлыг нягталж эцэслэн шийдвэрлэлгүйгээр өөрийн бүрэн эрх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамаарах асуудлыг доод шатны байгууллагадаа шилжүүлж, улмаар миний газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчиж байна. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслээгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасныг үндэслэж газар эзэмшигчийг нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд энэ талаар захиргааны байгууллагаас бидэнд ямар нэг шаардлага тавьж байгаагүй болно.
Иймд Нийслэлийн засаг дарга иргэн миний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг зарчмыг мөрдөөгүйгээс уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болж иргэн миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 0З-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсье. ” гэжээ.
4.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байна, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гээд хоёр үндэслэлийг шийдвэр дээрээ дурдсан. Хоёр жил газраа дараалж ашиглаагүй шалтгаанаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой маргаан 2014 оноос хойш захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан учраас энэ хугацаанаас хойш хоёр жил тоолох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, ковидтой холбоотой нөхцөл байдалтай холбож тайлбарлаж байгаа. 2020 онд корона вирус цар тахлын халдварт өвчин дэлхийн даяар тархсан. Монгол улсад үүнтэй холбоотой шийдвэрүүд гарч, төрийн зарим үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан. Хоёрдугаарт, бид нар газраа зориулалтын дагуу ашиглая, өөрөөр хэлбэл 2005 онд газар дээрээ барилга бариулахаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Үүний дагуу барилга бариулах гэхээр гуравдагч этгээдүүд эсэргүүцэж гомдол саналаа газрын албанд гаргаад байдаг. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж чаддаггүй. Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагуудтай уулзахаар СӨХ-тойгоо тохиролцоод ир гэдэг. Маргаан бүхий шийдвэрт нийтийн эрх ашиг зөрчөөд байна, СӨХ буюу тухайн орон сууцад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчөөд байгаа учраас танай газрыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэдэг дүгнэлтийг шийдвэртээ тусгасан. Энэ нь үндэслэлгүй байна. Нийтийн эрх ашиг буюу өнөөдрийн гуравдагч этгээдээр оролцож байгаа СӨХ, орон сууцад хамаарах иргэдийн эрх ашиг зөрчигдсөн бол үүнтэй холбоотой баримтыг захиргааны байгууллага буюу газрын алба тогтоох ёстой. Үнэхээр нийтийн эрх нь зөрчигдөөд, маргаан бүхий газар эзэмшигч нар газраа хууль бусаар ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдвол бид нар хүлээн зөвшөөрнө. Ийм нөхцөл байдал байхгүй. Таамаг байдлаар СӨХ өргөдөл гаргахаар нийтийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж дүгнээд захиргааны акт гаргасан нь буруу байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж дараах тохиолдол байна гэж заасан. Газар олгосон учраас эерэг нөлөөлөл гэж үзэж байгаа. Гэхдээ 2018 онд гарсан энэ захирамж өөрөө яагаад хууль бус байсан бэ гэдгийг захиргааны байгууллага нотлох байх. Анх газар эзэмшүүлсэн, сунгасан захирамж эерэг нөлөөлөлтэй, нөгөө талдаа хууль бус байсан байна гээд газар эзэмших шийдвэртээ дурдчихаад байна. Газар эзэмшүүлэх эрхийг сунгасан захиргааны акт хууль бус байсан юм уу гэдэг дээр маргаан явах байх. Энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 0* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 нэгж талбарын дугаар бүхий 324 м.кв газрыг "үйлчилгээний" зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01*** дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.4 "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", 35 дугаар зүйлийн 35.3.1 "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.6 "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж заасныг баримтлан хүчингүй болгосон.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/*** дугаар албан бичгээр хүргүүлсэн байдаг. Дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 48 дугаар зүйлийн 48.2.2, Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл” зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно” гэж заасныг баримтлан хүчингүй болгосон байдаг. Захирамж нэр, техникийн алдаатай гарсан байж болох боловч захирамжлах хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших дуусгавар болгох гэж шийдвэрлэсэн байдаг. Бусдын хууль бус үйлдлээс шалтгаалж газар дээрээ юм хийж чадаагүй гэдэг боловч иргэн Б.Б*******тай холбогдох гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ нь тогтоогдоогүй. Захирамжийг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Хэргийн материалд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээд сэргээсэн боловч нотлох баримтаар авагдсан зүйл нь тодорхойгүй байгаа харагддаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7.Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Л.Ц*******, Ц.Э******* нар нь Нийслэлийн засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар 324 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон талаар бичсэн нь газар эзэмших эрхийг 2018 онд авсан мэт ойлгогдож байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Иргэн Л.Ц******* нь 2002 оны 1** тоот захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар 324 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд газрын маргааны улмаас барилгаа барьж чадаагүй юм. Маргаан шүүхээр орсны дараа шүүхийн шийдвэрийн дагуу 2013 онд А/*** тоот захирамж гарч 5 жилээр эзэмшүүлжээ. Энэ эзэмших эрх нь 2018 онд 15 жилээр сунгагджээ. 2002 оноос өнөөг хүртэл /2025 он/ 23 жил ямар ч ашиглалтгүй хогийн цэг болгон хадгалсаар ирсэн байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зүйлийг үндэслэн гаргасан захирамжийг эсэргүүцэн өгсөн тайлбарт, Ковид-19 той холбогдуулан ажил явуулж чадаагүй талаар өгсөн тайлбар нь үнэндээ 23 жил хадгалсан газрын хугацаатай харьцуулахад саад болох хугацаа биш бөгөөд түүнээс өмнөх жилүүдэд ажил хийх бололцоо байсан гэж үзэж байна. Иргэн Б.Б*** 9 давхар барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байгаа. О*** СӨХ барилга барих асуудалд эхнээсээ татгалзаж байсан. Энэ уулзалтад СӨХ-өөс хэн орсон нь тодорхойгүй. “О***” СӨХ-ны зүгээс барилга барихын эсрэг тууштай байсан. СӨХ зөвшөөрсөн тухай мэдээлэл буруу бөгөөд үнэнд нийцэхгүй байна. Тухай үеийн СӨХ-ны гүйцэтгэх захиралтай Ц.Э******* уулзаж байсан ч ямар ч зөвшөөрөл, тохиролцоо хийгээгүй болно. “О” СӨХ-оос өмнө 2 дугаар байр нь “У***” СӨХ-д харьяалагдаж байхдаа тухайн газрыг хувийн эзэмшилд өгч барилга барих зөвшөөрөл олгохгүй байхыг хүсэж 2013 оны 4 сарын 17-ний 04 тоот бичгийг “Нийслэлийн газрын албан”-д /тухайн үеийн нэрээр/ хүргүүлж байсан. Энэхүү газарт оршин суугчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчих нөхцөл үүснэ. Тухайлбал, барилга баригдсанаар бохир, дулааны хүрэлцээ муудна, түгжрэл улам нэмэгдэнэ, галын, түргэний, хогийн машин орох замыг хаах зэрэг тухай бүр асуудал гарч айл өрхийн тав тухыг алдагдуулах олон асуудал гарна.
Энэ газар хотын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдгийг мартах учиргүй. Олон жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад оршин суугчдыг цочирдуулсан, нийслэлийн засаг даргын хотын тохижилт, аюулгүй байдал, үзэмж зэрэг асуудлаар гаргасан олон захирамжуудын заалтыг зөрчсөн ажил хийдэгдэх гэж байгааг зогсоох талаар сүүлийн 4 жил ажиллаж байна. Барилга барихаар төлөвлөж байгаа газар, нөхцөл байдлыг хотын дарга асан Д.С*******, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Б******* нар нь 2023 оны 5 сард 11 11 төвд ажиллах үеэр өөрсдийн биеэр үзэж зохих дүгнэлт хийж оршин суугчдын шаардлага, хүсэлт үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Хотын газар олголтын алдаа, ая тух, үзэмжтэй холбоотой асуудлаар засах, залруулах олон шийдвэр гарсаар байтал зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцэх байдлаар асуудлыг шийдэх нь зохисгүй гэж ойлгож байгаа. Хувийн эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг гэдгийг мартах учиргүй. Засаг даргын захирамж хүчинтэй байснаар оршин суугчдын эрх ашиг, тав, тух, хотын үзэмж, түгжрэл зэрэг тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэхэд бас нэгэн хувь нэмэр болох учиртай. Олон нийтийн эрх ашиг, нийслэлээс тавьж буй зорилт, зорилгод нийцсэн тохижилт хийх нь амьдралын шаардлага болоод байна. “О” СӨХ-өөс өгч буй энэхүү тайлбарыг анхааран үзэж Нийслэлийн засаг даргын 2023 оны А/ захирамжийг хэвээр үлдээх нь зүйд нийцнэ.” гэжээ.
8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлдээ дурдахдаа 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захирамжийг хүлээн авсан гэж дурдсан байгаа. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан газар эзэмших эрхийн гэрээний 3.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдөр шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Нэгдүгээрт, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1.6, хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 40.1.6-д Улсын Дээд шүүхийн 2008 он 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан болон хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг тус тус тайлбарласан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс харвал нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн тогтоолд заасанчлан гэнэтийн давагдашгүй хүчний нөхцөлөөс буюу ковидын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад газраа ашиглаж чадаагүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл Улсын онцгой комиссын даргын хоёрдугаар тушаалын дагуу энэ нь нийтэд илэрхий үйл баримт байна. 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг хүртэл хатуу хөл хориотой байсан. Энэ хугацаанд ашиглах боломжгүй байлаа гэхэд үүнээс хойш бүхэл бүтэн тухайн хуанлийн хоёр жилийн хугацаа өнгөрчхөөд байхад ямар нэгэн ашиглалтын зориулалттай үйл ажиллагаа явуулаагүй байдаг.
Байгалийн тогтолцооны өөрчлөлтөөр тухайн газарт эвдрэл, гэмтэл, элэгдэл, цөлжилт бий болсон бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн газрын хянан баталгаа, чанарын дүгнэлтийн дагуу тухайн газар нь ямар нэгэн байдлаар байгалийн тогтолцооны өөрчлөлт элэгдэл, эвдрэл, гэмтэл байхгүй тухай тогтоосон байдаг. Гуравдугаарт, бусдын хууль бус үйлдэл газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй тохиолдолд газраа эзэмшиж чадаагүй гэсэн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан авч үздэг. Бусдын хууль бус үйлдэл гэдэгт юу авч үзэж болох вэ гээд бодоход нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар эрх бүхий этгээдүүд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гаргаж өгөөгүй, О*** СӨХ, ойр орчмын оршин суугчдын зүгээс шаардлага гаргаж байсан учраас газраа эзэмших, ашиглах боломжгүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл хэргийн материалд нотлох баримтаар хавсаргаж өгсөн Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр байдаг. 2016 оны 1*** дугаартай шийдвэрээс эхлээд энэ шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатын шүүхийн тогтоол авагдсан байдаг. Эдгээр тогтоолд нэхэмжлэгч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой маргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Б.Б*** оролцуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс Б.Б*** өөрийнх нь эзэмшиж байгаа газрыг авто зогсоол болгож архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байгаа хууль бус үйлдлийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс 2005 онд батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавраа одоо болтол хэрэгжүүлнэ, хүчинтэй гэж маргадаг. Гэтэл хяналтын шатны шүүхийн тогтоолоор тухайн архитектур төлөвлөлтийн даалгавар нь хуучин Хот байгуулалтын тухай хууль буюу 1998 оны Хот байгуулалтын тухай хууль үйлчилж эхэлсэн үед батлагдсан. Одоогийн Хот байгуулалтын тухай хуулийн дагуу хэрэгжих боломжгүй. Эзэмшил бүхий газар 324 м.кв газраа бүхэлд нь барилгажуулахаар архитектур төлөвлөлтийн даалгавартаа тусгасан байдаг. Хот байгуулалтын тухай хуулиар энэ хэмжээний ний нь 70 хувийг нь барилгажуулаад үлдсэн 30 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол байх ёстой байсан. Одоогийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ харьцаа 60:40 болчихсон. Энэ архитектур төлөвлөлтийн даалгаврыг Захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан үеэс хэрэгжих боломжгүй болохыг нэхэмжлэгч мэдсэн байх учиртай. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгавраа ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах хүсэлтийг энэ үеэс хойш огт гаргаагүй. Өөрийн эзэмшиж байгаа газартаа барилга барих талаар ямар нэгэн үйл ажиллагааны зөвшөөрлийг эрх бүхий этгээдүүд үүнээс хойш гаргаагүй.
Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн албан бичигт иргэн Л.Ц*******, Ц.Э******* нараас өөрсдийн эзэмшил бүхий газартаа 2020 оноос хойш архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй гэж байгаа. Эрх бүхий этгээдүүд ямар нэгэн байдлаар эдгээр иргэдийн эрхийг хязгаарласан байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа тогтоогдоогүй.
Иргэн Б.Б*** газар эзэмших эрхтэй холбоотойгоор өөрсдийнх нь эрх зөрчигдсөн гэдэг. Хөршийн эрхийг хэрэгжүүлэх ч юм уу ямар нэгэн байдлаар өөрсдийн газар эзэмших эрхийг хэрэгжүүлье гэсэн байдлаар Б.Б*** үйлдэл хууль бус байсан болох талаар иргэний хэргийн шүүхэд эсвэл ямар нэгэн байдлаар шалгуулсан, гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй. Хоёр жил дараалан газраа ашиглаагүй гэдгийг хуанлийн хоёр жил гэж тогтоосон. Тухайн газар эзэмших гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Түүнээс хойш захирамж гарах хүртэл 4 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд ямар нэгэн байдлаар газраа эзэмших, ашиглах үйл ажиллагаа явуулаагүй. Иргэн Л.Ц*******ийн хувьд 2002 оноос хойш тухайн газрыг эзэмшиж эхэлсэн. Энэ хооронд газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Одоогийн байдлаар тухайн газар нь хоосон , бараг хогийн цэг болсон шахуу байдалтай байдаг. Газар ашиглаагүй нөхцөл байдал үүгээр тогтоогдож байгаа. Улсын Дээд шүүхийн тайлбарт "газрын ашиглаагүй гэдэг нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж авто зам бариагүй гэсэн нөхцөл байдлуудыг авч үзэж байгаа. Захиргааны актад дурдсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдэг үйл баримт бүрэн тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэдгийг үндэслээд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.
Гуравдагч этгээдийн зүгээс Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны хоёрдугаар байрыг дүүргийн хамгаалалтад авах, соёлын өвд бүртгэсэн тухай нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Техникийн тодруулга дээрээ цэвэр усны холболтыг хоёрдугаар байрны худгаас татна гэсэн байгаа. Соёлын өвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар тухайн түүх соёлын үл хөдлөх дурсгалд анхны хэлбэр хийц бүтээцийг өөрчлөхийг хориглосон байгаа. Нэхэмжлэгч тухайн газраа ямар нэгэн байдлаар эзэмшээд, үйл ажиллагаа явуулаад, барилга барьж байгаа тохиолдолд Монгол улсын Үндсэн хуульд харшлах үйл ажиллагаа болно. Хот тосгоны төлөвлөлт, барилгын ажилтны норм дүрэм 30*** тооттой стандартад зааснаар хот тосгон, гудамж, зам тээврийн сүлжээнд эрүүл аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх замаар төлөвлөх ёстой байдаг. Нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээдээр оролцож байгаа О*** СӨХ-ны эзэмшлийн байр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр баг, зургаадугаар хорооны оршин суугчдын 2* дүгээр байр, С*** СӨХ, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг иргэдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, ногоон талбай байсан газрыг эзэмшээд авчихсан, үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшсэн байгаа. Орон сууцын хорооллын ногоон бүсийн нэг хүнд ногдох талбар 6 м.кв-аас багагүй байх ёстой. Гуравдагч этгээдээр авч үзвэл ногоон бүсийн хэмжээ огт байхгүй. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор гуравдагч этгээдүүд ногоон бүстэй болох боломжийг олгож байгаа юм.” гэв.
9.Иргэдийн төлөөлөгч М.Н*** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу иргэдийг төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай холбоотой Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж, Гуравдагч этгээдээс “... Иргэн Л.Ц*******, Ц.Э******* нарын эзэмшлийн гэх газар нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 360 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороонд иргэн Л.Ц*******т /РД:Х/ 324 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
5.Дээрх захирамжийг үндэслэн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №С дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ.
6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрыг 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
7.Дээрх захирамжийг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт маргаан бүхий 324 м.кв талбайг эзэмших 00 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
8.Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байна.
9.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
10.Дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарт маргаан бүхий 324 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 00*** дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
11.Нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
12.Дээрх байдлаар нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нар нь маргаан бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0* дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 324 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
13.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нарыг өөрсдийн эзэмшлийн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж тус тус үзэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
14.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.
15.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
16.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
17.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нар нь уг газрыг 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд эзэмшиж ирсэн байх бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ.
18.Нэхэмжлэгч нар нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан үйл баримт байхгүй байх бөгөөд үүнийгээ дэлхий нийтийг хамарсан ковьд-19 цар тахалтай холбон тайлбарлан маргаж байна.
19.Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №СБ*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байх бөгөөд тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар өөр хийсэн ажил байхгүй гэж тайлбарласан болно.
20.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлүүлсэн /барилга, байгууламж, зам талбай барьсан/ байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нар нь уг газрыг 20-оод жил эзэмшихдээ дээрх байдлаар гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
21.Мөн маргаан бүхий газрын ойр орчим болох гуравдагч этгээд “О***” СӨХ-д харьяалагдах орон сууцуудын гадна оршин суугчид явганаар зорчих зам, талбай байхгүй, авто машинаар зорчих хэсгийн зам, талбай нь стандарт бус /хоёр машин зөрөх боломжгүй/, орон сууцуудын гадна авто машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхгүй зэргээс үзвэл нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.
22.Иргэдийн төлөөлөгч М.Н*** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу иргэдийг төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
23.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Ц*******, Ц.Э******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан иргэн Л.Ц*******, Ц.Э******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/ дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ