Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 114/2016/0089/З |
Дугаар | 221/МА2017/0282 |
Огноо | 2017-04-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2017/0282
2017 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2017/0282 | Улаанбаатар хот |
Н.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 15 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э-ын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг ажилгүй байсан хугацааны олговор 2.629,984 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт тус тус даалгажээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Иргэн Н.Э-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1.Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй, хуулийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлаагүй, 27.2.4-т заасныг баримталсан нь буруу гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн асуудалтай холбогдолгүй хуулийн заалт баримталсан, техникийн шинжтэй алдаа байгаа нь үнэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёсгүй мэтээр дүгнэсэн нь буруу гэж үзэж байгаа бөгөөд хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчид ээлжийн амралт болон цалин хөлсний асуудлыг зайлшгүй Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд энэ асуудлуудыг нарийвчлан зохицуулж өгөөгүй бөгөөд мөн хуульд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж болно гэсэн зохицуулалтыг тусгайлан зааж өгсөн байхад ийнхүү дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлаагүй нь буруу гэж дүгнэсэн тухайд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталсан нь үндэслэлтэй, зөв гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал нь хасагдаж, чиг үүргүүд нь өөр өөр албан тушаалуудад хуваагдан шилжсэн. Тухайлбал шинээр батлагдаж бий болсон Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөр эрхлэлтийн чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн, Хөтөлбөрт төсөл хариуцсан мэргэжилтэн нарт хуваарилагдсан.
Тиймээс хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох нэхэмжлэгч Н.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 15 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж, ... тайлбар, санал, гомдол гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй талаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэлгүй буруу дүгнэжээ.
Тухайлбал нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэж, дараа мэдэгдэл өгсөн болохоо хэлсэн байдаг нь сонсох, сонсгох ажиллагааг хийсэн гэж үзэхээр байхын зэрэгцээ 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь энэ 8 хоногийн хугацаанд санал гомдол гаргах, эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжийг олгосон, эрхийг нь хязгаарласан гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байхад ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу ойлгон тайлбарлаж байна.
Түүнлчэн Захиргааны ерөнхий хуулиар дээрх ажиллагааг ямар нэгэн байдлаар явуулахаар заасан бөгөөд түүнд ямар хэлбэрээр, хэдий хугацаанд, хэрхэн явуулах талаар тодорхой, нарийн зохицуулалт байхгүй тул хариуцагчийн зүгээс уг ажиллагаануудыг хуульд нийцсэн арга хэлбэрээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй.
2.Э.Золжаргалыг эхлээд маргаж байгаа албан тушаалд томилсон, дараа нь түүнийг чөлөөлж, одоо ажиллаж байгаа гуравдагч этгээд Б.У-г томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар газрын мэргэжилтэн, ажилтныг албан тушаалд томилсон бөгөөд уг н.З-ыг АЧБОЗӨ, АЗ хариуцсан мэргэжилтнээр түр орлон гүйцэтгүүлсэн. Түр орлон гүйцэтгэнэ гэдэг бол уг ажлын байр сул буюу бүрэн жинхлэн томилоогүй, ажлын байрны онцлог, чухал ач холбогдолтой, ажил ихтэй зэргээс хамаараад уг ажлын байрыг сул байлгаж болохгүй, төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг хангах үүднээс түр орлон гүйцэтгүүлсэн байдаг.
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.У-г шинээр бий болсон албан тушаалд, ажлын байрны онцлог, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэлгэн ажиллуулсан бөгөөд тэр хүртэл маргаж байгаа албан тушаал сул байсны зэрэгцээ дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Дээрх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 гэдэг заалт бол албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд хэрэглэгдэх, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь заалтууд бол ажлын байр, албан тушаалын болон мэргэшлийн түвшинг үнэлэхэд хэрэглэгдэх заалтууд байхад эдгээр заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.
3.Э.Золжаргалыг, одоо Б.У-г Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөр эрхлэлтийн чадвар олгох сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон нь нэхэмжлэгч Н.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөхдөө ажилд томилохыг даалгуулах шаардлага гаргажээ. Тэгвэл нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид хандаж ажилд томилуулах, тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаараа амаар болон бичгээр хүсэлтээ гаргаж, хүсэл зоригоо илэрхийлээгүй гэдгээ тайлбарласан байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т ... захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсбөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсэн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргана гэж заажээ.
Эндээс юу харагдаж байна гэхээр нэхэмжлэгч нь гомдол хүсэлтээ хариуцагчид хандаж гаргаагүй, хариуцагч нь хуулийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал л гаргасан болохоос биш нэхэмжлэгч Н.Э-ын хүсэлт зориг нь юу юм, ажилдаа эргэж оръё гэдэг хүсэл зоригоо ямар нэгэн байдлаар илэрхийлснийг хүлээн аваагүй, ажилд эгүүлж авахаас татгалзсан шийдвэр гаргаагүй, эсхүл хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй огт байхгүй байхад ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй, шүүхээс ч энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн хүрээнд шийдвэрлэх хуультай. Тиймээс хууль зүйн хувьд өмнө дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар хариуцагчийн зүгээс татгалзсан шийдвэр гаргах боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбараас гадна хэрэгт авагдсан баримтаар ч нэхэмжлэгч нь ажилдаа буцаж орох талаар хариуцагчид хандаж байгаагүй болох нь нотлогдсон, хариуцагчаас ч ажилд томилохоос татгалзах шийдвэр гаргаагүй болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Э-ыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгтгэн Хөдөлмөр зуучлалын мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр түүний эрхэлж байсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж нэгдсэн, үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан байх бөгөөд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн 1 байхаар тогтоож, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг нэгтгэжээ.
Улмаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/85 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж байгаатай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдах Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн, үүнд Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн Н.Э хамрагдсан байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нийт ажилтнуудаас Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу шалгаруулж ажилд томилох ажилтнуудын нэрсийг гаргах, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст мэдэгдэл өгөх тухай хэлэлцэж, Хөдөлмөрийн хэлтсээс Н.Э нарын нэр бүхий 15 иргэнд ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд орон тоо нь нэгтгэгдсэн дээрх 3 албан тушаалд Н.Э, Т.Отгонбаатар, Ц.Нармандах нар ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Т.Отгонбаатарыг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр, Ц.Нармандах, Б.Урантуяа нарыг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Дархан сумын мэргэжилтнээр, Э.Золжаргалыг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: ... 27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэжээ.
Уг хуулийн зохицуулалтаас үзвэл маргаан бүхий Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан ажлын байранд сонгон шалгаруулах ажиллагаа хийх эрх хэмжээ нь тухайн эрх бүхий албан тушаалтанд хадгалагдах боловч зөвхөн уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас буюу өмнөх ажлын байранд ажиллаж байсан Н.Э, Т.О, Ц.Н нараас тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар байна.
Гэтэл хариуцагч нь Т.О, Ц.Н нарыг өөр албан тушаалд томилоод харин уг албан тушаалд ажиллаж байгаагүй Э.Золжаргалыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар түр томилоод дараа нь Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.У-г 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар маргаж буй албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй, уг албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн байна.
Нэхэмжлэгч Н.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч нь Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилохыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зүйл заалтыг хасах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтуудыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ