Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01289

 

П.Баттөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2016/00703 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч П.Баттөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Батбаатар, Б.Шарав нарт холбогдох,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, бага хурал зохион байгуулах комиссын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гаргасан мэдээллийг албан ёсоор няцаахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Батбаатар, Б.Шарав, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 2.1, 2.3, 4.11, 5.10, 6.1 дэх заалтуудыг зөрчин татвараа төлөөгүй 15 хүнийг дүрмийн бусаар санал таслах эрхтэйгээр оролцуулж, хурлыг удирдуулсан, мөн удирдах зөвлөлийн гишүүн болон тэргүүлэгчээр сонгосон. 20 хүн тутмаас нэг төлөөлөгч сонгон хуралд оруулах гишүүдийн гаргасан саналыг үл хүндэтгэж нэр дэвшигч П.Баттөрийн сонгогдох эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр миний нэр төрийг хуралд оролцогчдын өмнө гутаан доромжилж, ҮЭ-ийн Холбооны фэйсбүүк болон МҮЭ-ийн Холбооны 200 000 гаруй гишүүдэд тараагддаг Хөдөлмөр сониноор нэр төрийг гутаан доромжлох үйл ажиллагаа явуулсан учраас нэр төрөө сэргээлгэх, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүй тооцох, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөрийн нэр төрийг сэргээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөхдөө:“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14 тоот тогтоолоороо 8 дугаар бага хурлыг зохион байгуулах комисст үүрэг болгожээ. Хурал зохион байгуулах Комиссоос Удирдах зөвлөлийн 56 гишүүнээ шууд оролцуулахаар давуу эрхийг тогтоож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Төлөөлөгч сонгох журмын 2 дугаар зүйл нэр дэвшүүлэх 2.3-т Анхан шатны нэгжийн ҮЭ-ийн хорооны тайлан, тайлан сонгууль, ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох хуралд ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид, хурал зохион байгуулах комисс оролцоно гэж заасны дагуу Холбооны тэргүүлэгчид хурал зохион байгуулах комиссын гишүүд төлөөлөгчийг сонгохдоо ҮЭ-ийн татвараа /дэм/ төлж байгаа ҮЭ-ийн гишүүн эсэхэд хяналт тавих байсан энэ ажиллагаа огт хийгээгүй ба үзэмжээр асуудлыг шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн 56 гишүүнийг Бага хуралд шууд оролцож байгаа нь Бага хурал хууль ёсны болох байх, хурлын шийдвэр хууль журмын дагуу байх боломжийг хаасан байгаа. Иймд П.Баттөр миний нэр дэвшигчийн өрсөлдөх эрхийг хязгаарласан нь хууль зөрчсөн тул Бага хурал зохион байгуулах Комиссоос гаргасан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагатай, мөн нэр төр сэргээлгэх хүсэлтээсээ татгалзаж байна.Мөн П.Баттөр нь Хүдрийн Ил уурхайн ҮЭ-ийн Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийн дагуу Ил уурхайн МҮЭ-ийн 445 гишүүний санал дэмжлэгээр тус үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны даргад нэр дэвших үүрэг хүлээсэн юм. Гэтэл хариуцагч нар санаатай үйлдлээр П.Баттөр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нэг биш удаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилж байгааг хүлцэн тэвчих боломжгүй байх тул ИХ-ийн 21 дүгээр зүйл Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зааснаар П.Баттөр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаан доромжилсон буруутай үйлдлээ хүлээж, фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гаргасан мэдээллийг албан ёсоор няцаахыг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 8 дугаар бага хурал зохион байгуулах комиссын дарга Б.Шарав, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатар нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүрмээр Холбооны бага хурал, бага хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийг эрх хэмжээ буюу хэлэлцэж шийдвэрлэсэн ээлжит 8 дугаар бага хурлыг зарласан, хуралд бэлтгэх комисс байгуулсан болон комиссын үйл ажиллагаа, 8 дугаар бага хурлын эрх хэмжээг би сонгуульт ажилтны хувьд дангаар төлөөлөх ямар ч боломж байхгүй юм. Нөгөө талаар ҮЭ-ийн Холбооны Тэргүүлэгчдийн бие даан шийдвэр гаргах хамтын удирдлагын эрх бага хуралд бэлтгэх комиссын үйл ажиллагаа, анхан шатны ҮЭ-ийн байгууллага, ҮЭ-ийн ахмад ажилтнуудаас Бага хурлын төлөөлөгч сонгох ажлыг дэглэн найруулсан, нэгэнт сонгогдож мандат авсан төлөөлөгчдийн бүрэн эрхэд нөлөөлсөн зүйл байхгүй болохоо хариуцлагатайгаар тайлбарлаж байна.Иймд нэхэмжлэлд дурдсан ҮЭ-ийн холбооны хамтын удирдлагын эрх хэмжээний асуудлуудаар миний бие хариуцаж тайлбар өгөх боломжгүй байна. Харин П.Баттөрийн ҮЭ-ийн хяналтын байгууллагад гаргасан гомдол, түүнийг судлах магадлах шаардлага гарсантай холбоотойгоор хуралд бэлтгэх комисс шийдвэрлэж Бага хурлын товыг дахин зарлаж хойшлуулсан байгаа. Иргэний хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль тогтоомжоор хууль ёсоор сонгогдсон Тэргүүлэгчид, дарга нь дараагийн Тэргүүлэгчид, даргыг сонгогдох хүртэл бүрэн эрх нь хадгалагддаг болно. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн сонгон авсан хариуцагчийг тодруулан зөвхөн ҮЭ-ийн холбооны дарга Н.Батбаатар надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ тайлбараар хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Шарав шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие дараах учир шалтгааны улмаас ҮЭ-ийн Холбоо болон бага хурлын өмнөөс хариуцлага хүлээх этгээд биш болно. Миний бие ҮЭХ-ны Тэргүүлэгчдээс Бага хуралд бэлтгэх комиссыг байгуулахад бүрэлдэхүүнд нь орсон бөгөөд би ҮЭ-ийн сонгуультан, орон тооны мэргэшсэн ажилтны хувьд ҮЭ-ийн хамтын удирдлагын зүгээс даалгасан ажил, үүргийг хүлээн авч биелүүлэх ёстой. Комисс 2015 оны 5 дугаар сарын 07-ны анхны хурлаараа Бага хуралд төлөөлөгч сонгох журам, ҮЭХ-ны даргад нэр дэвшүүлэх журмыг хэлэлцсэн. Энэ хуралд комиссын 19 гишүүнээс 15 нь оролцсон бөгөөд тэдэнд журмын төслийг тарааж, саналыг хэлэлцсэний дүнд комиссын гишүүд зөвшөөрч баталсан болно. Энэ журмыг бүх анхан шатны ҮЭ-ийн хороодод хүргүүлж, төлөөлөгч сонгоход хэрэгжүүлсэн болно.Комисс нь ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдээс байгуулсан түр ажлын хэсэг бөгөөд эрх, үүрэг нь 8 дугаар бага хурлыг удирдах Тэргүүлэгчид сонгогдсоноор дуусгавар болсон ба бага хуралд ямар нэгэн эрх эдэлсэн зүйл байхгүй. Б.Шарав миний бие ганцаараа шийдвэр гаргасан ямар ч асуудал байхгүй тул би шүүхийн өмнө ҮЭ-ийн Холбооны өмнөөс хариуцах зүйл байхгүй. Комисс ахмад болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүс, тэтгэвэрт гарсан ҮЭ-ийн сонгуульт ажлыг олон жил хийсэн хүмүүс ҮЭ-ийн эрх барих хуралд оролцох хүсэлтийг байнга гаргадаг, өмнө нь хуралд оролцуулж байсан жишгээр 15 хүний квот тогтоож өгсөн. Удирдах зөвлөлийн 56 гишүүний хувьд өмнөх бага хурлаас хойшхи хугацаанд ҮЭ-ийн Холбооны хамтын удирдлагыг хэрэгжүүлж байсан сонгуультнууд тул энэ бага хуралд ҮЭ-ийн Холбоо тайлангаа тавьж, үнэлэлт авах ёстой тул төлөөлөгч байх нь зүйтэй гэж үзэж журамд тусгасныг комиссын гишүүд зөвшөөрсөн. Энэ асуудлаар бага хурлаас өмнө болон бага хурал дээр гомдол гарч хянан шалгах комиссоор шалгуулсан зүйл байхгүй тул одоо шүүх зөв, буруу гэх боломжгүй.Иймд П.Баттөрийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2016/00703 дугаар шийдвэрээр Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбоо /Н.Батбаатар, Б.Шарав/ нь нэхэмжпэгч П.Баттөрийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 21 дүгээр зүйлийн 21.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Баттөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гарсан мэдээллүүдийг албан ёсоор няцаахыг даалгах, бага хурал зохион байгуулах комиссын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Баттөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Баттөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:... П.Баттөр нь энэ хэргийг өмнө нь шийдвэрлэж байсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны давж заалдах шатны шүүх хурал дээр дээр дурдсан VIII Бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд баримтжсан байна. Тэрээр 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу VIII бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах шаардлагаасаа мөн татгалзсан нь шүүхийн шийдвэрт тодорхой бичигдсэн байна. Нэхэмжлэгч П.Баттөр 2016.05.26-ны анхан шатны шүүх хурал дээр “VIII Бага хурал миний сонгогдох эрхийг хязгаарлан зөрчсөн болохыг тогтоолгох хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн. Түүний энэ хүсэлт нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагынх нь үндэслэл байсан бөгөөд тэрхүү шаардлагаасаа татгалзсан бол үндэслэлээсээ татгалзсан гэж үзэх ёстой. Ийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлээ өөрчлөх эрхийг олгосон байна. Хэрвээ П.Баттөр иргэнийх нь хувьд сонгогдох эрхийг нь ҮЭ-ийн байгууллага болон түүний сонгуультан зөрчсөн гэж үзэж тусдаа шаардлага гаргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар энэ шаардлагаа бичгээр гаргаж, тэмдэгтийн хураамж төлж, бүрдүүлбэр хангах, шүүх энэ шаардлагыг нэхэмжлэлийн нэмэлт шаардлагад зааж татсан хариуцагчид нь гардуулж, хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжийг олгох ёстой. Гэтэл П.Баттөр ийм байдлаар хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх тийм шаардлагыг бий болгож шийдвэрлэх боломж байхгүй. Хуульд заасан зарчмыг зөрчин маргааны нэг тал давуу эрх эдлэх боломжгүй.П.Баттөрийн шүүх хуралдаан дээр хүсэлт гэж хэлсэн тэр хэсгийг шүүх түүний тайлбар гэж үзэх байтал нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж тусгайлан шийдвэрлэсэн нь буруу төдийгүй хууль бус юм. Дээд шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд хандаж гаргаагүй шаардлагыг гаргах бололцоо олгох мэтээр ийм байдлаар хэрэг шийдвэрлэдэг болчихвол процессын хуулийн тогтоосон журам, ач холбогдол багасч шүүгч, шүүхийн эрх мэдлээр бүхнийг зохицуулдаг, хэргийн оролцогчид дуртай үедээ, дуртай санал бодлоо ярьж түүнийг нь шүүх шүүрэн авч шийдвэрлэдэг замбараагүй байдал бий болохоор санагдана. Хуульд, эрхзүйд зарчим гэж байх шаардлагагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйл үйлчлэхгүй болохоор байна....Нэхэмжлэл гаргасан этгээд нь иргэн П.Баттөр, түүний нэрлэж заасан хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга Н.Батбаатар, мөн хурлын бэлтгэл хангах комиссын дарга Б.Шарав нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан бүх эрх, үүргээ эдэлж хэрэглэж оролцсон тул энд зохигчдын эрх зүйн байдлыг өөр байдлаар тодруулах үндэслэл, шаардлага огт байхгүй. Нөгөө талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит VIII Бага хурлын бүх бичиг баримт хэрэгт авагдсан учраас тодруулах зүйл ч байхгүй байхад энэ хэргийг шийдвэрлэхгүй, хэргийн оролцогчдын заримд давуу байдал олгосон байдалтай дахин дахин буцааж байгаа нь үндэслэл муутай байна.Монгол Улсын Үндсэн хуульд 14 дүгээр зүйлийн 14.2 гэсэн заалт байхгүй. Харин арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах гэж байгаа бол П.Баттөрийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй бөгөөд П.Баттөр ч өөрийгөө Үндсэн хуулийн дээрх хэсэгт зааснаар ялгаварлан гадуурхагдсан тухай гомдол нэхэмжлэл гаргаагүй. Харин сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллагадаа сонгогдох эрхийг нь эдлүүлээгүй болон зөрчсөн гэх асуудал хууль зүйн агуулгын хувьд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт хамаарах бөгөөд боловсролоор нь шалгуур тавих эсэх нь эвлэлдэн нэгдсэн этгээдүүдийн тохирон тогтоосон дүрмээр тодорхойлогдох тул Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхах гэдгээс огт өөр ойлголт болно. Чухам ийм учраас анхан шатны шүүхийн 00703 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.Давж заалдах шатны шүүхийн 134 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн алдааг залруулах байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг санаачлагаараа сэргээж, шүүхийн шийдвэрээр албадан дахин нэхэмжлэл гаргуулах шинж агуулсанаараа хууль бус болно.Иймд анхан шатны шүүхийн 00703 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, давж заалдах шатны шүүхийн 134 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1., 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй, үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч П.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч П.Баттөрийн нэр төрийг сэргээлгэх шаардлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Н.Батбаатарт холбогдуулан  гаргажээ \хх-ийн 1-4 дүгээр тал\.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж,  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах шаардлагаа дэмжиж, бага хурал зохион байгуулах комиссоос гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг илт хууль бус, хүчингүй болохыг тогтоолгох, бага хурлыг хууль дүрмийн дагуу зохион байгуулахыг Үйлдвэрчний холбооны Тэргүүлэгчид, дарга, хурал зохион байгуулах комисст үүрэг болгуулах шаардлагыг холбооны дарга Н.Батбаатар, бага хурал зохион байгуулах комиссын дарга Б.Шарав нарт холбогдуулан гаргажээ \хх-ийн 452-453 дугаар тал\. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нэр төр сэргээлгэх шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхийг “хойшлуулж байна” гэж татгалзжээ.

2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Баттөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэр төрөө сэргээлгэх шаардлагыг гаргажээ \хх-ийн 541-542 дугаар тал\.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Баттөр бага хурал зохион байгуулах комиссоос гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг илт хууль бус, хүчингүй болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай шаардлагаа дэмжиж, харин 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн байна \хх-ийн 921 дүгээр тал\.

Нэхэмжлэгч ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан боловч шаардлага тус бүрийн талаар хариуцагч тайлбар өгсөн ба талууд маргааны зүйлийн талаар хангалттай мэтгэлцсэн байх тул хариуцагчийн хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах эрх хязгаарлагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагад “сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоолгох” тухай шаардлага байхгүй байхад анхан шатны шүүх шүүхэд гаргаагүй шаардлагыг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгч П.Баттөр нь анхан шатны шүүх хуралдаанд нэр төр сэргээлгэх тухай шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо өөрийн “сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн” гэж заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зааглан ялгаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх зарчмыг зөрчжээ. Харин энэ байдал нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцэх үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүх нэр төр сэргээлгэх, няцаалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа энэ шаардлагын үндэслэлийн нэгийг хангасан нь логик холбоогүй  болсны зэрэгцээ эрх зүйн хувьд алдаатай болжээ.

Нэхэмжлэгч П.Баттөр нь анхны нэхэмжлэл болон шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ Н.Батбаатар, Б.Шарав нарыг хариуцагчаар татсан боловч тэдгээрийг иргэнийх нь хувьд бус харин тодорхой албан тушаалтны хувьд нэрийг нь хариуцагчаар заасан болох нь тодорхой байх ба анхан шатны шүүх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй нь учир дутагдалтай боловч хариуцагч нар байгууллагаа төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тохиолдолд шүүх эрх зүйн маргааныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд холбогдуулан шийдвэрлэсэн нь буруу биш юм. Шүүхийн уг алдаа шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй шаардлага буюу “сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн болохыг тогтоолгох”-ыг хангаснаас бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь зөв болжээ. Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Баттөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2016/00703 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7., 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг илт хууль бус, хүчингүй болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд холбогдох нэхэмжлэгч П.Баттөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН