Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/269

 

 

 

 

         

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2303004610435 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.А-,

 

Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн нутаг Их сургуулийн гудамж, Хүнсний 4 дэлгүүрийн баруун хойд талын замд “T” маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч T.Оийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын А-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хохирогч T.О нь цаашид гарах эмчилгээний зардал, зээл, түрээсийн төлбөр, олох байсан цалин, түүнтэй адилтгах орлого, иргэний нэхэмжлэгч “И” ББСБ, Э газар нь холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-аас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, хохирогч T.От 7.932.622 төгрөгийг хохиролд төлсөн болохыг тус тус дурдаж,     Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6, 3.8, дөрөвт тус тус заасныг баримтлан хохирогч T.О-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 /далан тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогч T.От олгож, Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие одоо 20 настай, Хөдөө аж ахуйн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан. Энэ хэрэгт холбогдон хохирогчид хохирол төлбөр төлөхийн тулд хичээлийн хажуугаараа CU сүлжээ хүнсний дэлгүүрт ажиллаж орлого олж байна. Шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид 5.500.000 төгрөгийг, шүүх хуралдаан дээр 2.432.622 төгрөгийг буюу нийт 7.932.622 төгрөгийг төлсөн ба шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Гэвч шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн боловч хоёр жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оноосон нь миний суралцаж сургуулиа төгсөх, боловсрол эзэмших, цаашид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болгож байна. Учир нь би Сүхбаатар дүүрэгт амьдардаг, харин миний сурдаг сургууль Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсанд байрладаг, хичээлдээ дүүрэг дамжин автобусаар зорчдог оюутны хувьд зорчих эрх хязгаарлах ял цаашдын ажил амьдралд маш хүндээр тусч байна. Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлснээр миний бие гартаа гав зүүж ажил хийх боломж хомс болохоор байна. Мөн зохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн ба энэ нь 550.000*75=41.250.000 төгрөг болж байна. Энэ нь оюутан миний хувьд маш их мөнгө. Хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг тодорхойлох журамд зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Миний хувьд гэм буруу дээрээ анхнаасаа маргадаггүй, болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчид тухай бүр нь эмчилгээний зардлыг төлсөн, шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн, сэтгэцэд учирсан хор хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн Сүхбаатар дүүрэгт амьдарч Хан-Уул дүүрэгт сурдаг оюутан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлснээр шийдвэрлэснийг “хохирогчийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, миний хувийн байдлыг харгалзан үзэж 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Б.А- нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн. Одоогоор 8.000.000 төгрөгийн хохирлыг төлөөд явж байгаа. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлнө. Гэхдээ миний үйлчлүүлэгч Б.А- нь оюутан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх нь түүний хувьд маш өндөр байгаа тул 46 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтоож, багасгаж өгнө үү. Мөн тэрээр Сүхбаатар дүүргээс Хан-Уул дүүрэг рүү зорчдог. Учир нь, түүний сурдаг сургууль Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Иймд түүнд хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.А- нь зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Харин түүний сурч, боловсрох эрхийг нь зөрчихгүйн тулд зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлөхөд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Мөн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан байсныг ...“2 жил...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг магадлалд залруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн нутаг Их сургуулийн гудамж, Хүнсний 4  дэлгүүрийн баруун хойд талын замд “T” маркийн ****УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч T.Оийг мөргөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн урагдал, задрал, ханын үхжил, их сэмжний задрал, бүдүүн гэдэс, хэвлийн гялтангийн няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хоёр дунд чөмөгний далд зөрөөтэй хугарал, дух, эрүү, баруун зулайд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч T.Оийн: “...4 дүгээр дэлгүүрийн тэнд хүнтэй уулзахаар явж байсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан сэхээнээс гараад эмнэлэгт байгаагаа мэдсэн. ...Хагалгаанд орсон, нарийн гэдэснээс 4 метрийг, бүдүүн гэдэснээс 20 см тайрч авсан, дотор талдаа үхжсэн өтгөн, шингэндээ холилдсон байсан гэсэн. Хоёр хөл дунд чөмөгнөөс бүдүүн гуяараа хоёулаа хугарсан байсан. Одоо би ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, дээшээ харж хэвтэхээс өөр зүйл алга. ...” /хх 38-39/,

 

гэрч Э.Бгийн: “...би Б.А-ын машины хойд талд нь суугаад Салхит руу гэр лүүгээ явж байсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараар хойшоо эргээд явж байтал Б.А- “тоормос болохгүй байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу” гээд утсаараа бичлэг үзээд явж байтал Б.А- “үнэнээсээ яриад байна шүү дээ” гээд машиныхаа хамаг юмыг дараад, хөл карданаа гишгээд байсан. Тэр хугацаанд машин контролгүй болоод донслоод түр, тар болоод явсан. Бид хоёр юу болчихов гээд машинаас буугаад хартал хашаа мөргөөд бас нэг эгчийг мөргөчихсөн, машины урд тэр хүн хэвтэж байсан. ...”/хх 228/,

 

иргэний нэхэмжлэгч Э.Аын: “...зээлдэгч Ш.Батжаргал нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 08000901745 дугаартай зээл, барьцааны гэрээ байгуулж ****УЕМ улсын дугаартай “Т” маркийн автомашиныг барьцаалж 36 сарын хугацаатай 19.500.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл, барьцааны гэрээний дагуу тус автомашин нь манай байгууллагын тээврийн хэрэгсэл байгаа юм. Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Уг осолтой холбоотой хохирлыг барьцааны гэрээний 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зам тээврийн ослын аваарын улмаас бусдад учруулсан аливаа хохирол болон бусад зардлыг зээлдэгч өөрөө хариуцна гэж заасан байдаг тул зээлдэгч бүрэн хариуцна. ...” /хх 26, 29/,

 

иргэний нэхэмжлэгч Д.Гийн: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч T.О нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж, үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 9.189.000 төгрөг гарсныг Б. Ааас гаргуулан Э газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 36/,

 

шинжээч эмч Б.Сгийн: “...Т.Огийн биед учирсан гэмтлүүд нь авто ослын үед автомашинд нэг удаа мөргүүлж газарт унаж, шидэгдэх үед дээрх гэмтлүүд нь хавсарч үүсгэгдэж байгаа тул мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /хх 59-61/,

 

Б.А-ын яллагдагчаар: “...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Осол бол санаандгүй үйлдэгдсэн. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” /хх 223-224/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...T.Оийн биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8342 дугаартай дүгнэлт,

 

 “...шинжилгээнд ирүүлсэн “Т” маркийн автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Тоормосны механизм ажиллаж байна. Ослын өмнө тоормосны механизм ажиллаж байсан байх боломжтой. ...” гэх шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3091 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73-93/,

 

“...Т маркийн ****УЕМ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 16.755.000 төгрөгөөр тогтоосон. ...” Хас Үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаартай үнэлгээний тайлан /хх 100-105/,

 “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах хашааг автомашин мөргөж 3 метр өндөртэй 7 метр түр хашаа хугарч, эвдэрч 948.250 төгрөгийн хохирол учирсан. ...” талаарх үнэлгээний тайлан /хх 108-114/,

 “Уран Проект” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 106/23 дугаартай “...нөхөж суулгасан 3 хашааны үнэ 900.000 төгрөг, ажлын хөлс болох 254.100 төгрөг, нийт 1.154.100 төгрөгийн төлбөрийг иргэн Б.А- “Уран проект” ХХК-ийн Хаан банкны 5015291145 тоот дансанд төлсөн тул гомдолгүй болно...” гэх албан бичиг /хх 117/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудас /хх 7/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч схем зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-15/, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр “Т овогтой Оийн сэтгэцэд учирсан хор уршгийг 5 /тавдугаар/ зэрэглэлийг тогтоов.” гэх Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх 227/, мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 972 дугаартай магадлагаа /хх 214/, хохирогч T.Оийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 9556 дугаартай өвчний түүх /хх 137-165/, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 178-213/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.А- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас T.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.А- нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг эрх бүхий байгууллагад  даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.А-д мэдэгдсэн нэмэлт заалтыг тус тус оруулав.

 

Түүнчлэн, хохирогч T.Оийн Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэглэлээр тогтоож, хохирогч хүлээн зөвшөөрсөн /хх 227/ байх бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын сэтгэцийн эмгэгийн 5 дугаар зэрэглэлд сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, шүүгдэгч Б.А-ын анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцдаг хувийн байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцсоныг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 50*550.000=27.500.000 төгрөгөөр тооцсон өөрчлөлтийг оруулж, мөн Иргэний хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй байгааг нэмж оруулан, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг мөн зөвтгөв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1244 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус Б.А-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

          3. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж,

7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын хоёр дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6, 3.8, дөрөвт тус тус заасныг баримтлан хохирогч T.Оийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /550.000/-г /50 /тавь/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 27.550.000 /хорин долоон сая таван зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулан хохирогч T.От олгосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН