Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сосорбурам,

Хохирогчийн  өмгөөлөгч Х.Отгонжаргал,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч А.Энхбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 4.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн А.Энхбаатарт холбогдох эрүүгийн 1722000590036 дугаартай хэргийг  2017 оны 11 сарын 15-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн  Адаацаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,  эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр  баг “Цахилдаг” гэх газар нутаглах  урьд ял шийтгүүлж  байгаагүй, хэрэг  хариуцах чадвартай Зуут овгийн Адъяагийн  Энхбаатар  /РД:ЗА87051835/

 

            Шүүгдэгч А.Энхбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг  сумын 4-р багийн нутаг Тосон гэх газарт согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн  үедээ эрхийн  үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй, HENSIM маркийн  мотоцикль жолоодож зам тээврийн  осол гаргасны  улмаас Г.Зандраасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч А.Энхбаатар  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Өглөө 9 цагийн үед  малд явж байгаад Зандраасүрэнгийн аав Ганболдын  гэрт буусан. Тэднийх урд орой  нь унагаа  тамгалсан  гээд  байж байсан. Тэнд тавуулаа нэг шил архи уусан. Дараа нь баруун тийшээ яваад Мөнх-Очирын гэрт очиж айраг ууж байгаад, урагшаа яваад Пүрэвийнд очсон. Пүрэвийнд айраг уугаад унтаж амарсан. Тэгээд тэднийхээс мотоцикль унаж яваад  километр орчим яваад л осол болсон. Талийгаач сундалж явахдаа хажуу тийшээ болохоор нь нэг  гараараа тэгшилтэл осол болсон. Осол болсон газар нь  тэгш гэхдээ дэрстэй газар байсан. Би осол болсноос хойш  архи уугаагүй. Харин согтуурал шалгахын  өмнө  айраг  уусан байсан.  Энэ талаараа  шалгаж  байгаа хүнд нь  хэлсэн... Оршуулгын зардалд 9.000.000 төгрөг төлсөн...” гэв

 2. Хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч  шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр 2017.09.09-ний өдөр  байсан. Тэр өдөр А.Энхбаатар, талийгаач хоёр манайд хадмынхаас ирсэн. Тэгээд чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд хариулахгүй, намайг загнаж байгаад  гарсан. Орой нь 4, 5 цагийн алданд манай хойд  Мядаг гэдэг хүн “танай гэрийн чинь утас холбогдохгүй байна, тэр хоёр  Тосон гэдэг газар мотоциклоосоо унасан байна, танай нөхөр ухаан орохгүй байна гэнээ” гэж хэлсэн.  Би тэнд хадам аав ээж ахтайгаа хамт очиход манай нөхөр ухаангүй,  амнаас нь  хөөс гарсан  байсан.  Түргэн тусламжийн машин дуудсан боловч сумын түргэн тусламжийн машин ирээгүй.  Аймгаас түргэн тусламжийн машин ирсэн боловч нөхрийг маань бурхан болсон байна гэж хэлсэн. Харанхуй болж 10 цагийн алданд би гэртээ  авч ирсэн. Тэр үед  цагдаа ирээд биднээс мэдүүлэг авсан. Би 6 настай,  3 настай,  1 нас 6 сартай гурван хүүхэдтэй. А.Энхбаатараас талийгаачийн оршуулгын зардал, гэм хорын төлбөр тогтоолгож авмаар байна. Оршуулгын зардал 184210741 төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд туслаад дэмжээд байх юм болов уу гэж харсан. Хөдөө хамт  явъя гэж гуйхад  А.Энхбаатар  үгүй гэсэн. Миний гурван хүүхдийн ирээдүй хүнд байна. Хүүхдүүд минь эцгийн хайр хүртэхгүй болсон. Том охин минь  аавыгаа санаад хэцүү байгаа. Оршуулгын ажил 9 сарын 13-15-ны өдрүүдэд болсон. Оршуулгын бүх зүйлийг Номгон дэлгүүрээс зээлж авсан. Тэр үед байсан мөнгөө өгсөн, дараа нь буяны мөнгөөр зарим хэсгийг нь төлсөн. Дараа 49 хоногийг нь хураах  мөнгийг төлсөн. Одоо шүүгдэгчээс нийтдээ 18421071 төгрөг нэхэж байна. Оршуулгын зардалд 11526550 төгрөг зарцуулсан, баримтууд нь байгаа. Үүнээс 9 сая төгрөгийг төлсөн. 856550 төгрөгийг 2018 оны 04 сард төлөхөөр тохирсон...” гэв.

 

3. Гэрч Т.Очирхуягийн  “...Талийгаач Зандраасүрэн, Энхбаатар  хоёр гэрээс баруун  зүг рүү түрүүлээд хөдөлсөн, Энхбаатар  мотоциклийг  жолоодож байсан. Би тэр х оёрын араас хөдлөөд явсан. Тэгээд урд явж байгаад алга  болохоор  нь  эргээд гэр  рүү нь явсан  чинь Пүрэвийн гэрээс баруун урагш 1 км гаран  зайд Зандраасүрэн, Энхбаатар  хоёр газар хэвтэж байсан. Мотоцикль нь босоогоороо байсан. Мотоциклийн хажууд Энхбаатар доошоо хараад талийгаач Зандраасүрэн  дээшээ хараад хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/

 

4. Гэрч Д.Энхжаргалын “Манай дүү Пүрэвээ, саахалтын залуу Очирхуяг 2 манайд ирээд Энхбаатар, Зандраасүрэн  хоёр хойно мотоцикльтойгоо ойччихсон  байна  гэж хэлсэн. Тэгээд бид хэд хамтдаа манай гэрээс  зүүн  хойш 1 км  орчим зайд байх  ослын газар  дээр о чсон. Очиход шороон зам дээр мотоцикль нь дамхраадастай, мотоциклийн баруун талд Зандраасүрэн, Энхбаатар хоёр хэвтэж байсан. Биднийг очиход Энхбаатар босоод ирсэн” гэх мэдүүлэг хх-ийн 22-23-рт/

 

5. Дундговь аймгийн  Цагдаагийн  газрын Замын Цагдаагийн  тасгийн шинжээчийн 2017оны 09дүгээр сарын 21-ний  өдрийн  69 дугаартай дүгнэлтэнд:

- Уг осол болоход А.Энхбаатар нь Монгол Улсын  Замын  хөдөлгөөний дүрмийн  заалтыг  зөрчсөн байна.

- Hensim  маркийн улсын  дугааргүй  мотоциклийг  жолоодож явсан А.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д согтууруулах, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж  чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байна. 2.1.Механикжсан тээврийн  хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. А.тухайн тээврийн хэрэгслийн  ангилалд тохирох Монгол Улсын  үндэсний буюу олон  улсын жолоодох эрхийн  үнэмлэхтэй байх, 2.3.в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй  байх.21.8.ж/согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн  хэрэгслийн  задгай тэвшинд тээвэрлэхгүй байх гэсэн  заалтыг  тус тус зөрчсөн  байна.

- Адъяагийн  Энхбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох  “А”  ангиллын  эрхгүй  байна гэжээ. /хх-ийн  31-рт/

6. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр  сарын 22-ны  өдрийн 170100056 дугаартай шинжээчийн  дүгнэлтэнд:

- Зандраасүрэнгийн цогцост гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун зүүн чарамхай, их тархины зүүн тал бөмбөлгийн суурь, бага тархины дээвэр хэсгийн аалзавчинд голомтлог цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр  үүсэх  боломжтой.

- Талийгаачийн цусанд 1.7 промилли этилийн  спирт илэрсэн  болно.

- Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх  архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Зандраасүрэн  нь  гавал тархины  битүү гэмтлийн  улмаас нас баржээ.

- Талийгаач ВIII бүлгийн цустай байна  гэжээ. /хх-ийн 36-37-рт/

7. Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.Энхбаатар нь 2017 оны  09 сарын  09-ний  өдөр улсын  дугааргүй Hensim  маркийн  тээврийн  хэрэгслийг  жолоодож явахдаа осол гаргаж, улмаар сундалж явсан  Г.Зандраасүрэнгийн  амь нас хохирсон болох  нь тогтоогдож байна.

Хэрэг  бүртгэлт мөрдөн  байцаалтын  шатанд  цугларсан баримтаар  шүүгдэгч  А.Энхбаатарын тээврийн  хэрэгсэл  жолоодох  “А” ангиллын  эрхийн  үнэмлэхгүй,  согтуугуур  тээврийн  хэрэгсэл жолоодсон  гэж  үзэж,  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 2.2, 4.1 дэх хэсгэт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж  хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжсэний дараа буюу шүүхийн  урьдчилсан  хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч  А.Энхбаатар  нь “2009 оны 05 сарын 20-ны өдөр Адъяагийн Энхбаатарт олгосон мотоциклийн  №543361 дугаартай үнэмлэх”-ийг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг тээврийн  хэрэгсэлсэл жолоодох “А” ангиллын  эрхийн  үнэмлэхтэй байна  гэж  үзлээ.

Мөн шүүгдэгч  А.Энхбаатарыг  согтуугаар тээврийн  хэрэгсэл  жолоодсоны улмаас  осол гарган  бусдын амь насыг хохироосон гэж үзэж  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн  4.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохироогүй  байна. Учир нь хэрэг  бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын болон  шүүгдэгчийн  мэдүүлгээр  осол гарахын өглөө  09 цагийн  үед архи /1 шил архи 5-уулаа / уусан, айраг  уусан гэх  боловч осол болох  17 цагийн  орчим  согтуу байсан  эсэх  нь  тодорхойгүй байна. Хэргийн 49-рт 2017 оны 09 сарын 10-ны  өдрийн  00 цаг  59 минутанд шүүгдэгч  А.Энхбаатарын  согтуурлыг драгер багажаар  шалгахад 0.93 хувийн  согтолттой байсан  болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгчийн согтуурлыг осол болсноос хойш 7-8 цагийн  дараа шалгасан, осол болсноос хойш  согтуурал шалгах  хүртэлх цаг хугацаанд шүүгдэгч А.Энхбаатар нь хаана байсан нь тодорхойгүй, түүнийг цагдаагийн байгууллагын эрх  бүхий  ажилтан саатуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Энэ нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн  бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан  бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн  яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  заасныг зөрчсөн ба шүүгдэгч А.Энхбаатар нь  осол болох үед согтуу байсан  эсэхийг нөхөн  тогтоох боломжгүй  юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий  л нотлох баримтыг шалгасан  боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн  гэм  буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад Эрүүгийн  хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг журамлан шүүгдэгч А.Энхбаатар нь зам тээврийн  осол гаргах үедээ согтуу байсан  нь нотлогдохгүй байна  гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Энхбаатарт  холбогдуулан  Дундговь  аймгийн  Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар  зүйлийн 2.2, 4.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн  өөрчиллөө.

Шүүгдэгч А.Энхбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2.1 дэх хэсэгт заасан “замын хөдөлгөөний  дүрмийг  сахин биелүүлэх үүрэгтэй” гэсэн  заалтыг, Замын  хөдөлгөөний  дүрмийн 2.3.в-д заасан “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх”, мөн дүрмийн 21.8.ж-д заасан “согтуу хүнийг  мотоциклиор буюу тээврийн  хэрэгслийн  задгай тэвшинд тээвэрлэхгүй  байх” гэсэн заалтыг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.Зандраасүрэнгийн  амь насыг  хохироосон гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  А.Энхбаатарын  үйлдсэн  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн  3 дахь хэсэгт  заасан  гэмт хэрэг  нь Эрүүгийн  хуулийн 2.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  хөнгөн гэмт хэргийн  ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч А.Энхбаатарын гэмт хэрэг үйлдсэнээ  хүлээн  зөвшөөрч байгаа  байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо зарим хэсгийг  буюу 9 сая  төгрөгийг  төлсөн, үлдэх 856550 төгрөгийг 2018 оны 4 сард нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн  хуулийн  7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэхээр  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Энхбаатарт  хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар  тэнссэн  хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  7.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн 7.3 дугаар  зүйлд  зааснаар  тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилйин хугацаагаар хязгаарлах хязгаарлалтын арга хэмжээ  тогтоож, гэмт хэргийн  улмаас  учирсан  хохирлыг бүрэн  төлж барагдуулаагүйг үндэслэн гэмт хэргийн  хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч Э.Сосорбурам нь оршуулгын зардал 18421071 төгрөг болон хохирогч нас  барсны улмаас  үүссэн  гэм  хорын  хохирлыг  нэхэмжилнэ  гэжээ.

Хэрэгт авагдсан  хохирлын  талаархи баримтуудыг судалж үзэхэд талийгаачийг  оршуулахтай холбогдон гарсан 9.856.550 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Хохирогчоос шүүхэд гаргаж  ирүүлсэн ламын өргөл барьцанд өгсөн 1.400.000 төгрөг, ажилд явсан  жолооч нарт өгсөн 270.000 төгрөгийн  баримтууд нь нотлох  баримтын шаардлага хангахгүй, ХААН банкнаас авсан  малчны 5.394.521 төгрөгийн зээл  нь гэмт хэргийн  улмаас  учирсан хохирол мөн эсэх нь  тодорхойгүй байх тул дээрхи 7.064.521 төгрөгийн  нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхилоо.

Мөн хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч Э.Сосорбурам болон түүний өмгөөлөгч нар  хохирогч нас барсны улмаас үүссэн  гэм хорын хохирлыг сар  бүр хөдөлмөрийн  хөлсний  доод хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг  гаргажээ.

Иргэний  хуулийн  508 дугаар  зүйлийн  508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан  бол гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж  заасан ба мөн  хуулийн 508 дугаар  зүйлийн 508.3 дахь хэсэгт “...төлбөр авагч тус бүрт тогтоосон хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...” гэж тус тус заажээ.

Хохирогч шүүх хуралдаанд талийгаачийн бага насны 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон гэсэн боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул гэм хор учруулсны төлбөрийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч өмгөөлөгчид төлсөн хөлс 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн ба хохирогч нь өмгөөлөгч авах эрхтэй ба Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар  зүйлд заасан  өмгөөлөгч оролцуулахгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг  гаргуулах хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч А.Энхбаатараас талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан 9.856.550 төгрөгийг  гаргуулан  хохирогч Э.Сосорбурамд олгох үндэслэлтэй боловч шүүгдэгч А.Энхбаатар нь шүүх хуралдааны шатанд хохирогчид 9.000.000 төгрөгийг  төлсөн  байх тул үлдэх 856550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь дээрхи 856550 төгрөгийг  2018 оны 4 сард нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг  дурдлаа. .

Хохирогчийн нэхэмжлэлээс 7064521 төгрөгт холбогдох хэсэг болон хохирогч нас  барсны улмаас  үүссэн  гэм  хорын  хохирол нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн  хөлс 1.500.000 төгрөг  нэхэмжилсэн  хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч А.Энхбаатарын мотоцикль жолоодох  эрхийн №5433618 дугаартай, “В” ангиллын №1016420 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймаг  дахь Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг  шүүгчийн  туслахад даалгаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4,  36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Э-т холбогдуулан  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн  2.2, 4.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн  3 дахь хэсэг  болгон хөнгөрүүлэн  өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Зуут овгийн  А.Э-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2.1 дэх хэсэгт заасан “замын хөдөлгөөний  дүрмийг  сахин биелүүлэх үүрэгтэй” гэсэн  заалтыг, Замын  хөдөлгөөний  дүрмийн 2.3.в-д заасан “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх”, мөн дүрмийн 21.8.ж-д заасан “согтуу хүнийг  мотоциклтор буюу тээврийн  хэрэгслийн  задгай тэвшинд тээвэрлэхгүй  байх” гэсэн  заалтыг  тус  тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.Зандраасүрэнгийн  амь насыг  хохироосон гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  хорих ялыг шүүгдэгч А.Э-т ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн  хугацаанд шүүгдэгч А.Э-т гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэж, тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг  хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч А.Э нь тэнссэн  хугацаанд хүлээлгэсэн үүргийг  биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Э-т шүүхээс оногдуулсан  тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дундговь аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй, эд мөрийн  баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг  дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 856.550 төгрөгийг гаргуулан хохирогч Э.С-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1500.000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож, 7.064.521 төгрөгт холбогдох хэсгийг  болон гэм хорын хохирол нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар хохирогч Э.С нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн  талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч  А.Э-аас нэхэмжлэх  эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч А.Э нь 856550 төгрөгийг 2018 оны 4 сард төлөхөө илэрхийлж, хохирогч Э.Сосорбурам хүлээн зөвшөөрсөн  болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-т урьд авсан  хувийн баталгаа гаргах  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ