Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/268

 

 

 

 

    

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306047643565 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б-,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлд Б.Т-ыг “эмэгтэй хүн цохилоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бын Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эс 7.292.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- нь орчуулагчийн зардал болон бусад хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Б.Б-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хохирогч болох талийгаач Б.Т-ы сэтгэцэд учирсан хохирлыг 550.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 7.144.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хамгийн дээд хэмжээгээр хохирлыг тооцож тогтоосон нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо юуг үндэслэж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, өөрийн үзэмжээр дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-эд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 7.144.500 олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие давж заалдах шүүхийн шатнаас эхлэн шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.144.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлж тооцсон. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан. Гэтэл үүнийг шүүх харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ёстой. Мөн хохирогч Б.Т- нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүхийн шатанд түүний эцгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хохирлыг хохирогчийн эцэгт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бол сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хүнд өөрт нь олгоно” гэж байгаа. Гэтэл шүүх нас барсан хүний сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тогтоож, нөхөн төлбөрийг хэмжээг тооцож, уг нөхөн төлбөрийг хохирогчийн эцэгт нь олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.1.3-т “хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх” гэж заасан байгаа. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-эс 7.292.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 1.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “…анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ээс нэхэмжилсэн хохирогч Б.Т-ы оршуулгын зардал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-эс сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тухайн үед буюу 2023 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б-эс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1.1-т “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ гэмт хэрэг хамаардаг. Мөн журмын 2.2-т “2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасан. Мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан дээрх журмын дагуу хохирогчид учирсан гэмтлийг сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа болохыг хүснэгтээр танилцуулсан. Хэрэв тухайн хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогч зөвшөөрөхгүй бол Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн журмын хүснэгтээр тогтоосон хохирогчийн сэтгэцэд учирсан сэтгэцийн эмгэгийг 2 дугаар зэрэглэлд хамаарсан талаар хүснэгтийг хэргийн оролцогчдод бүгдэд нь танилцуулсан. Иймд заавал шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “зөвхөн хохирогчид олгох нөхөн төлбөр байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон нь үндэслэлгүй” гэж байна. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх үед хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эцэг М.Б-ийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хохирогч ямар шалтгааны улмаас нас барсан болохыг тогтоох гэж байсан боловч хохирогчийн ар гэрээс “бид ёс заншлаа хамгаалж байна, цааш нутаглуулсан” гэж хувийн мэдээлэл өгөөгүй. Хохирогч нас барсан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хохирогч нас барсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол хохирогчийн эдлэх эрхийг эдэлж, хүлээх үүргийг хүлээнэ. Анхан шатны шүүх хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэжмээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлд “эмэгтэй хүн цохилоо” гэх шалтгаанаар Б.Т-ы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Т-ы: “...Нарантуул захын “Эрч худалдааны төв”-ийн гадна тэрэг түрээд явж байхад 13 цагийн орчимд худалдааны төвийн урд талд хоёр тэрэг байсан. Би нэг түрдэг тэргийг нь хөдөлгөөд хажуугаар нь явах гэтэл дотроос үл таних эмэгтэй хүн гарч ирээд “чи яагаад тэрэг хөдөлгөөд байгаа юм, чи энүүгээр явахгүй, цаашаа яв” гээд шууд ирээд баруун талын хацар луу алгадаж авсан, тэгэхээр нь дахиад тэрэгтэйгээ хажуугаар нь явах гэтэл дахиж ирээд намайг алгадахаар нь би тэр эмэгтэйн цээжин тус газар түлхээд тэргээ түрээд явж байтал араас хоёр эрэгтэй хүн ирээд саарал өнгийн хувцастай, малгайгүй эрэгтэй хүн нь намайг хоолойноос боосон. Нөгөө малгай өмссөн байсан эрэгтэй нь миний зүүн талын шанаа хэсэгт 4-5 удаа цохиж авсан. Тэгээд би газар унаад өгсөн. ...” /хх 34-35/,

 

гэрч Б.Н-гийн: “...Нарантуул захын өргөтгөлийн өөрийн ажиллуулдаг “Ерөөл” бөөний төвийн лангууны гадаа тэрэг дээр ачигч нарын хамт ундаа, ус зэрэг бараа ачаад байж байтал тэрэг түрдэг залуу тэргээ түрээд ачаатай тэрэгний хажуугаар гарах гээд байхаар нь би “чи энүүгээр явж болохгүй, арын явдаг замаараа яв, эсвэл хүлээж бай” гэтэл “энүүгээр яагаад явж болдоггүй юм, чи энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу” гээд ачаатай байсан том тэргийг хөдөлгөөд, ачаатай байсан ундаа зэрэг зүйлсийг унагаах гээд байсан. ...Шууд над руу дайраад ачаатай байсан түрдэг тэрэгний бариул хэсгээрээ намайг 2 удаа гэдэс рүү түлхэж миний гарнаас бариад намайг тэрэгтэйгээ цуг татаад зам руу гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ачиж явсан барааг нь аваад газар шидэхэд  газар унасан байсан хайрцагтай зүйлээ аваад миний зүүн талын толгой хэсэг рүү шидээд гараараа баруун шанаа хэсэгт хоёр удаа цохиж би хэсэг шоконд ороод байж байтал манай ажилтан болох Б гарч ирээд намайг цохисон залуутай барьцалдаад тэр хоёр маргалдаад байх шиг байсан. ...” /хх 40/,

 

гэрч Г.Г-ын: “...бөөний төвөөс манай ажлын газрын залуу Б гарч ирээд Б.Нарантуяа эгчийг цохиж байхыг нь хараад салгах гэж очтол Бийн нүүр лүү тэр казак залуу нэг удаа цохиход Б зөрүүлээд нүүр лүү нь цохиод барьцалдаж авахаар нь Д бид хоёр очоод салгасан. ...” /хх 42/,

 

гэрч Т.Д-ын: “...Нарантуяа эгчийг нэг үл таних эрэгтэй хүн нүүр лүү миний харснаар нэг удаа баруун талын шанаа хэсэгт цохиж байсан. Тэгэхэд Б барьж явсан ундаагаа хаяад тэр залуу дээр яваад очтол Бийг цохиод авсан, зөрүүлээд Б цохиж аваад хоорондоо зууралдаж байхад нь Г бид хоёр очоод салгасан. ...”/хх 44/,

 

“...Б.Т-ы биед тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохын тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12446 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 56-57/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-23/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт /хх 105/, шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Б.Т-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж,  М.Б-эд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 7.144.500 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б-ийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Түүнчлэн, хохирогч Б.Т-ы Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоож, хохирогч Б.Т- 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан /хх 105/ байх бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Т- нь нас барж /хх 145/ 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг М.Б-ийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж /хх 149/ хохирогч Б.Т-ы сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 7.144.500 төгрөгийг шүүгдэгч Б.Б-эс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-эд олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

         

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиулах, ...сэтгэцэд учирсан хохирол 7.144.500 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр 11-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.АЛДАР                    

 

                        ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН