Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

А.У холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

прокурор Т.Түмэнжаргал,

шүүгдэгч А.У өмгөөлөгч Ч.Атарболд /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.А гаргасан гомдлыг үндэслэн А.У холбогдох 2317000350107 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт А У оны - дүгээр сарын -ны өдөр - аймгийн - суманд төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч  мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн “Б ө” м захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - дугаар байрны - дугаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх /РД:/,

Яллагдагч А.У нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг нийгмийн ажилтан сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөгүй атлаа 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D9801806 дугаартай “Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйч бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Говьсүмбэр аймгийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн / дугаартай тушаалаар Б ө м захирлаар томилогдон ажиллаж 82 316 024 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: А.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт А У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.У гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 53 056 150 /тавин гурав сая тавин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч А.У нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Харин 82,316,150 төгрөгийн орлого олсон гэж үзээд байгаа зүйлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ‘’Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй’’ гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгал, болон хүн амын орлогын албан татварт төлсөн мөнгийг хассан боловч мөнгөн урамшууллын мөнгө болох 6,068,170 төгрөгийг шүүхийн зүгээс хасаж тооцоогүй. Учир нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/lll тогтоолоор 1946 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт, адил хэмжээний цалин хөлс авах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хийсэндээ таарсан цалин хөлс авах эрхтэй гэсэн тунхаглалыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн шүүхээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлд Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ. Энэ хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар тооцож буюу өнөөдрийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шийдвэрлэх буюу 550 000*90 сар нийт 49 500 000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас хохирол төлбөрийг хасаж тооцож өгнө үү гэж  хүсэж байна. Гомдлоо бичгээр тодорхой гаргаж өгсөн байгаа гэв.

Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс тухайн хор уршгийг тооцохдоо тухайн ажил хийж байсан цаг хугацааных нь үеийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод мөнгийг авсан цалингаас нь хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Урамшууллын мөнгө болох 6,068,170 төгрөгийн тухайд хөдөлмөр эрхлэлтийн улмаас олсон орлого, цалинтай нь адилтгаж үзэх орлого учраас үүнийг хасах үндэслэлгүй тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний 2024/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.У нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг нийгмийн ажилтан сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөгүй атлаа 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэх D дугаартай “Нийгмийн ажилтан-Сэтгэл зүйч бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Г аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Б ө м захирлаар томилогдон ажиллаж 82 316 024 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.             

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан шаардлага зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй  байна. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд ... урамшууллын мөнгө болох 6 068 173 төгрөгийг тухайн мөнгөн дүнгээс хасч тооцуулах, ... мөн шүүгдэгчид ашигтайгаар тооцож одоогийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550 000 тооцож 49 500 000 төгрөгийг хасч өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь :

Шүүгдэгч А.У нь ажиллах хугацаандаа жилийн эцэст үр дүнгийн урамшуулал 6 068 173 төгрөгийг авч байсан бөгөөд энэ нь тухайн жилд ажилласны үр дүнд төрийн үйлчилгээний албан тушаалтанд Засгийн газрын тогтоолын дагуу олгодог урамшуулал байх тул үүнийг мөн төрд учирсан хохирол буюу хууль бусаар авсан цалин хөлс гэж үзнэ. 

Түүнчлэн  2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  550 000 төгрөгөөр тооцож хохирлоос хасах боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэсний дагуу гэмт хэрэг үйлдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 53 056 150 төгрөгөөр хохирлыг тооцсон  шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч  А.У нь хуурамч диплом ашиглан ажилд орсон болох нь

- хохирогч Б.Э “ ... А.У нь Дундговь аймагт нярайн сувилагч мэргэжлээр ажиллаж байх хугацаандаа давхар Улаанбаатар хотод өдрөөр Монгол улсын багшийн их сургуулийг Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр төгссөн байдал надад эргэлзээтэй санагдсан. Монгол улсын боловсролын их сургуулийн нээлттэй  ... сайтаар орж А.У D- дипломын хайлт хийхэд энэ дипломын дугаартай төгсөгч олдсонгүй гэж гарч ирж байсан болохоор энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж  шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан юм “ гэх / 1-р хх-ийн 27/

- Монгол улсын боловсролын их сургуулийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 3/387 дугаартай “ ... А.У нь МУБИС-ийг 1998 онд Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. 1998 оны - дугаартай бакалаврын диплом нь өөр төгсөгч дээр бүртгэлтэй байна ... гэх  албан бичиг / 1-р хх-ийн 129/

- А.У авч байсан цалингийн дүнд хийсэн шинжээчийн “... 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацаанд 82 316 024 төгрөгийн цалин хөлсийг гарт авсан байна. гэх /1-р хх-ийн 173-227/ дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Шүүгдэгч А.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон ба боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн  гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв болсон байна.

Шүүгдэгч А.У нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацаанд Б ө м захирлаар ажилласан хугацаанд гарт авсан цалин болох 82 316 024 төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул дээрх цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцон хураах учиртай.

Гэвч шүүгдэгч А.У нь 2017 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хохирлоос хассан нь зөв байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон үзвэл: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 240 000 төгрөг буюу 4  800 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 320 000 төгрөг буюу 3 840 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаарр сарын 31-нийг дуустал 420 000 төгрөг буюу 15 120 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал 550 000 төгрөг буюу 5 500 000 төгрөгөөр тооцоход нийт 29 260 000 төгрөгийг хохирлоос хасаж, үлдэх 53 056 150 төгрөгийн хохирлыг А.У гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хохирол нөхөн төлүүлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т  Бусдын  ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй . Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх тул шүүгдэгчийн ажиллах хугацаандаа авсан цалинг төрд учирсан хохиролд тооцож, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  5 дахь  заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь “ гэснийг “ Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх “ гэж  өөрчилсүгэй.       

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.НАРАНЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                  А.САЙНТӨГС

          ШҮҮГЧ                                                  О.ОДНЯМАА