| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2017/00079/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Э.З
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нт холбогдох эрүүгийн 1722000870016 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 40 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Хулд сум Уул 3-р багт /Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 16-11 тоотод түр/ оршин суудаг Боржигон овогт О. Н /РД: ЗБ96051718 гэв.
Шүүгдэгч О.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 5 дугаар гудамжинд Э.Згийн бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.
2.Яллагдагч О.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 22 цагын үед найз Цогтбаяр, Бямбажав нарын хамт Мандалын 5-р гудамжны худаг дээр сууцгааж байсан юм. Тэгтэл нэг үл таних залуу бид нар руу чулуу шидэх шиг болсон. Тэгэхээр нь би яаж байна аа гэсэн. Тэгтэл тэр залуу бид гурав дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг шууд боогоод авсан. Тэгэхээр би нэг удаа толгойгоороо цээж рүү нь мөргөөд баруун гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл хажуу хашаанаас нэг эгч гарч ирээд цагдаа дуудлаа гэхээр нь би зугтаасан. Би Золзаяаг нэг удаа цээж рүү нь мөргөөд нэг удаа баруун гараараа уруул руу нь цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Бид гурав руу чулуу шидсэн болохоор нь цохисон. Тэр чулуу бид нарыг оноогүй. Золзаяа намайг зодож биед гэмтэл учруулсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
3. Хохирогч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 сарын 4-ний өдөр Энхжин кафед найзтайгаа сууж пиво уучихаад харих гээд худгийн зүүн талаар явж байтал тэнд 3 хүн архи ууж байсан. Хажуугаар нь гараад явтал намайг дуудсан, хэн бэ гэхэд нааш ир гэсэн. Тэгэхээр нь айлгах санаатай худгийн хаалга руу чулуу шидсэн. Тэгээд дуудаад байхаар нь очсон чинь согтуу хүмүүс барьж аваад хэдэн талаас нүдсэн. Тэнд ойролцоо хашаанд амьдардаг эгч маань “хүмүүс муудаж байгаа юм шиг дуу гараад байна” гээд гараад хашааныхаа завсраар хартал зодоон болж байхаар нь намайг таниад цагдаад хэлсэн байсан. Би тэр өдөр эгчийнхээ хүүхдийн цамцыг өмсөж явсан байсан учраас намайг таньсан байсан. Нэг өндөр залуу намайг зодоод цагдаа дуудах үед зугтаасан. Манай дүүг бас зодох гээд туулгасан. Тэнд байсан хүмүүсээс нэг хүн нь зугтаад 2 хүн нь баригдаж, эрүүлжүүлэгдсэн. Би эмчилгээний мөнгөө авна. Бас ажил хийгээгүй учраас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа...” гэв.
4. Гэрч Д.Одончимэгийн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчим гэртээ юм угаагаад сууж байтал манай хашааны хойд талд хүмүүс зодолдож байгаа юм шиг чимээ гаргахаар нь гэрээсээ гараад хашааны хойд талын завсраар харсан чинь манай дүү Э.З нь 3 залуугийн хөлд нь хэвтэж байсан. Тэгэхээр нь хашаанаас гараад очсон чинь үл таних 3 залуу манай дүү Э.Зг зодсон байсан. Би дүү Э.Зг босгоод Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Цагдаа нарыг дуудлагаар ирэхэд нэг нь зугатаагаад алга болсон ба 2 залууг нь цагдаа нар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
5. Гэрч Ц.Хатанбаатарын: “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ванчиндоржийн хамт 2,3-р чиглэл /Сайнцагаан сумын 8,9-р баг Мандал, Айраг хороолол/-д эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 5-5 тоотын гадаа хүмүүс зодолдож байна гэх дуудлага ирлээ гэсний дагуу дуудлагыг авч, уг газар очиход 2 залуу зугтаасан. Араас нь д/а Ванчиндоржийн хамт хөөж барьж авсан. Золзаяа гэх залуу нь зугтаагаад баригдсан Ё.Цогтбаяр, Д.Бямбажав гэх 2 залууд зодуулчихлаа гээд нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Ё.Цогтбаяр Д.Бямбажав гэх 2 залуу нь нэлээд согтуу байсан. Тэгээд машинд суулгаад цагдаагийн газарт авчиран эрүүлжүүлж саатуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
6. Гэрч Э.Ванчиндоржийн: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Хатанбаатарын хамт 2, 3-р чиглэл /Сайнцагаан сумын 8,9-р баг Мандал, Айраг хороолол/-д эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 5-5 тоотын гадаа хүмүүс зодолдож байна гэх дуудлага ирлээ гэсний дагуу дуудлагыг авч уг газар очиход 2 залуу гудамжны булан эргээд зугтаасан. Араас нь а/ч Ц.Хатанбаатарын хамт хөөж барьж авсан. Золзаяа гэх залуу нь зугатаагаад баригдсан Ё.Цогтбаяр, Д.Бямбажав гэх 2 залууд зодуулчихлаа гээд уруулаас нь цус гарсан байдалтай байсан. Ё.Цогтбаяр, Д.Бямбажав гэх 2 залуу нь нилээд согтуу байсан. Тэгээд машинд суулгаад цагдаагийн газарт авчиран эрүүлжүүлж саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
7. Гэрч Ё.Цогтбаярын:“...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 22 цагийн орчим Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 5-р гудамжны үзүүрт байх худгын хажууд О.Н, Д.Бямбажав нарын хамт сууж байсан. Худгын хажуугаар үл таних хүн өнгөрсөн чинь Наранбаатар тэр залууг “Бооёоо гээд хүргэнтэйгээ андуураад хөөе нааш ир” гээд дуудтал тэр залуу урдаас чулуу шидсэн. Тэгээд О.Н тэр залуутай муудалцаад зууралдахаар нь би очиж салгах гэж оролдсон. Хажуу талын хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд хүн аллаа гээд орилж байсан. Тэгээд цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
8. Гэрч Д.Бямбажавын: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 22 цагийн орчим Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 5-р гудамжны үзүүрт байх худгын хажууд О.Н, Ё.Цогтбаяр нарын хамт сууж байсан. Би утсаар яриад худгын зүүн талд нилээн зайдуу /30-40м/ зогсож байсан чинь худгын урд О.Н, Ё.Цогтбаяр 2 муудалцаж байсан. Би салгах гээд байж байтал хажуу талын хашаанаас нэг эгч гарч ирээд цагдаа дуудна гээд орилоод салгасан. Тэгээд Ё.Цогтбаяр бид 2-ыг цагдаа ирээд барьж аваад эрүүлжүүлэхэд хонуулсан. О.Н цагдаа ирэх үед зугатаагаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
9. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 170200293 дугаартай дүгнэлтэд: “ ...Э.Згийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд 1,2, зүүн доод 1-р шүднүүд суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 18/
10. Бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч О.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 5 дугаар гудамжинд Э.Згийн бие, эрх чөлөөнд халдаж, зодсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Нын дээрхи үйлдлийн улмаас хохирогч Э.Згийн бие махбодид хөнгөн хохирол учирсан болох нь Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 170200293 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.З нь “Гурван залуу намайг тал талаас зодсон ” гэсэн мэдүүлгийг өгсөн боловч Ё.Цогтбаяр, Д.Бямбажав нар хохирогч Э.Згийн бие эрх чөлөөнд халдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.
Хохирогч Э.З нь шүүгдэгчээс эмчилгээний хохирол, нэхэмжилнэ, комьпютер, томо графикт харуулна гэсэн боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Э.З нь эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Наас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ