Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхжаргал

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 1722000620038 тоот  хэргийг  2017 оны  11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам  бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 5-11 тоотод оршин суудаг, урьд 1 удаа  ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Хорхой овгийн А.А /РД: ЗЗ87091418/ гэв.

Шүүгдэгч А.А нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 6 дугаар баг, Цэргийн ангийн 1-1 тоотод насанд хүрээгүй Э.Тыг зодож, биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна  гэв.

            2. Яллагдагч А.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн :  “...Би 2017 оны 9 сарын 11-ний өдөр гадуур архи ууж байгаад 20 цагийн орчим хадам аав Эрдэнэ-Очирынд өөрийн 2 хүүхдээ авах гээд очсон. Тэгэхэд манай эхнэрийн дүү Түвшинсайхан гэрт манай 2 хүүхэдтэй хамт байсан.  Тэгээд би 2 дүүгийнхээ хувцасыг  өмсүүлээ би аваад явлаа гэсэн чинь хувцас нь байхгүй байна хаана байгааг  нь би мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би хэл амаар доромжилсон. Тэгтэл намайг сандал дээрээс түлхээд газар унагаасан. Тэгээд нэг мэдэхэд бид 2 зууралдаад гэр дотор дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгж байгаад би 2 хүүхдээ аваад гэрээс гараад явж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Би Түвшинсайхантай зууралдаад газар ойчиход эгмэн дээр нь дарсан байсан  болохоор гэмтэл учруулсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Хийсэн хэрэгтээ  гэмшиж  байна ... ” гэх мэдүүлэг   /хх-ийн 20-21/

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тухайн үед Дорноговь аймагт байсан. Хүү маань зун хөдөө амарч байхдаа мотоцикль унаж байгаад эгмээ хугалсан  байсан юм. Тэр хугархай нь бороолж  эдгээд  сар болж байтал ийм зүйл болж эгэм нь дахиад хугарсан. Одоо гайгүй байгаа. Яс нь хугарсан  учраас тэнгэр муухайрахаар өвддөг гэсэн. Хохирол төлөгдсөн одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

4. Насанд хүрээгүй  хохирогч Э.Ты  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ 2017 оны 9 сарын 11-ний  орой  18 цаг  өнгөрч байсан  байх. Би гэртээ  байж  байтал  гаднаас  манай хүргэн  ах Амартүвшин орж ирээд  өөрийнхөө  утсаар манай эгч  Нарантуяа руу  залгуулсан. Нарантуяа эгчийг  хаана  байна  гэж  асууж байсан. Тэгээд хоёр хүүхдээ  авч  явах  гээд байхаар  нь хүүхэд чинь даарна  ш дээ гэсэн  чинь намайг заалаа  гээд загинаад байсан. Тэгээд намайг  эгчийгээ  дууд гэж  2 удаа хэлсэн. Тэгэхээр нь би та сая утсаар  ярьсан  биз дээ  гэж  хэлчихээд гэрийнхээ  зүүн  орон  дээр сууж байтал сандал дээр  сууж байсан  Амартүвшин  ах босч ирээд шууд намайг  боогоод авсан. Тэгээд миний  дээр  гарч суугаад  нүүр  рүү  цохиод байсан. Би гараад зугатаах гэтэл өмднөөс  барьж  аваад гадаа гаргаж  байгаад нүүрний 2 талруу  буюу  толгой руу  цохиод байсан. Тэгээд би хажуу  айлдаа ороод цагдаа  дуудаарай  гэж хэлээд цагдаад  дуудлага өгсөн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 6-рт/

5. Гэрч Э.Нарантуяагийн: “...2017.09.11-ний өдрөөс хойш  манай нөхөр согтуу яваад байсан юм. Намайг байхгүй байхад ажил дээр ирээд явсан байсан. Тэгээд орой манай дүү надруу утасдаад “Би Амартүвшин  ахад зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цэргийн ангийн  1-1 тоотод байдаг  гэртээ очсон.  Намайг  очиход манай дүү  Түвшинсайхан  эвхэрчихсэн уйлчихсан  сууж байсан. Тэгээд дүүгээ аваад эмнэлэгт үзүүлээд, цагдаагийн  газар дээр ирсэн.  Толгой нь энд тэндээ хавдсан, хоолой дээр нь боож улайлгасан мөр байсан.  Бас эгэм нь хугарсан байсан...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 7/

6. Гэрч Т.Туяацэцэгийн: “ ...2017.09.11-ний орой гэртээ байж байтал манай хашаанд хажуу гэрт Эрдэнэ-Очир ахынд нэг хүн  ирлээ гэж манай дүү хэлж байсан. Тэгээд гэрт байж байтал Түвшинсайхан  цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь цагдаа дуудсан. Ийм л асуудал болсон. Яагаад цагдаа дуудах болсон шалтгааныг мэдээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

7. Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 170200276 дугаартай дүгнэлтэнд:

- Э.Ты биед баруун эгэм ясны далд хугарал,  зүүн нүдний эвэрлэгт 7-10 цагийн  түвшин дэх цус харвалт, зүүн  чамархай хэсгийн зөөлөн  эдийн гэмтэл тогтоогдлоо.

- Эгэм ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана. Нүдний эвэрлэгийн цус харвалт нь гэмтлийн хөнгөн  зэрэгт, чамархай хэсгийн зөөлөн  эдийн гэмтэл нь гэмтлийн  зэрэгт хамаарахгүй.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 14/

8. Шинжээч эмч М.Баттүвшингийн : “...Би 2017 оны 9 дүгэр сарын 15-ны өдөр Э.Ты биед үзлэг хийхэд толгой өвдөөд хөдөлгөөн хийх үед баруун  эгэмээр өвдөнө гэсэн  зовиуртай  байсан.  Хэсэг газрын үзлэгт зүүн  чамархайд 5/7 см талбайд хавдсан зүүн  нүдний эвэрлэгт 7-10 цагийн  түвшинд цус харвасан, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн  рентгэн зурагт баруун эгэм яс дунд хэсгээр хугарсан  байсаныг үндэслэн хүндэвтэр зэрэгт хамааруулан дүгнэлт гаргасан. Тухайн баруун  эгэм хугарсан гэмтэл нь шинэ гэмтэл, хуучин хугарсан  гэмтэлтэй байж эдгэх явцад тухайн хэсгээр дахин хугарсан тохиолдолд уг гэмтэл нь шинээр үүссэн гэмтэлд хамаарна. Урд өмнө хугарсан байсныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ 

9. Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримт зэргийг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.А нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 6 дугаар баг, Цэргийн ангийн 1-1 тоотод насанд хүрээгүй Э.Тыг зодсон, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй  хохирогч Э.Ты биед хүндэвтэр гэмтэл учирсан  болох  нь  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч  А.А  нь  өөрийн  эхнэрийн  дүү  15 настай, Э.Тыг  зодсон  ба энэ  нь гэр  бүлийн  хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар  зүйлд заасан этгээдэд  хамаарахгүй  байна.  Өөрөөр  хэлбэл шүүгдэгч  болон түүний  эхнэрийн асрамж хамгаалалтанд байсан, тэдэнтэй хамт  амьдарч байсан  гэдэг  нь тогтоогдохгүй  байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд  шүүгдэгч А.Аг хүндрүүлэх  нөхцөлгүйгээр  хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол  учруулсан  гэж  үзэж  Эрүүгийн  хуулийн  11.4 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар  Эрүүгийн  хэрэг  үүсгэж, яллагдагчаар  татах  тогтоол болон  яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохирсон  байна  гэж  шүүх  үзлээ.

Иймд шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай байна  гэж үзлээ.

Шүүгдэгч А.Агийн  үйлдэлд эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч  А.А нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн  2013 оны 5 дугаар  сарын  23-ны  өдрийн 29 дүгээр  шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн  хуулийн  100 дугаар  зүйлийн  100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар  хорих  ялаар  шийтгүүлж, уг  ялыг 2 жилийн  хугацаагаар  тэнсэж  хянан  харгалзсан  болох  нь  хэргийн 29-31-р хуудсанд авагдсан  шийтгэх  тогтоолын  хуулбараар  нотлогдож байна.

Дээр дурдсан шүүгдэгчийн хувийн  байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Э.Тд 50.000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдав.

Насанд хүрээгүй  хохирогч Э.Т  болон түүний  хууль  ёсны  төлөөлөгч Д.Энхжаргалаас хохирлын талаархи баримт ирүүлээгүй боловч цаашид эмчилгээтэй холбогдон гарах  зардлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн  иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх журмаар  шүүгдэгч  А.Агээс  нэхэмжлэх  эрхтэй  болохыг  заах нь  зүйтэй гэж  үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хорхой овгийн А.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн  хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А-д долоон зуун нэгжээр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 50000 /тавин мянган/ төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар А.А-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ