| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2025/0016/З |
| Дугаар | 117/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 117/ШШ2025/0010
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав би, Дундговь аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай *******ад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь “16 настай ******* иргэний үнэмлэхээ тогтоосон хугацаандаа аваагүй” гэх УБ-11 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, *******т Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянав.
Материалд цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, ******* нь 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн боловч иргэний үнэмлэхээ тогтоосон хугацаандаа аваагүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан ******* нь насанд хүрээгүй *******аас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр холбогдогчоор мэдүүлэг авсан атлаа гарын үсэг зуруулаагүй, мэдүүлэг болон шийтгэлийн хуудсанд хууль ёсны төлөөлөгч ээж *******оор гарын үсэг зуруулсан. Мэдүүлгийг хэнээс авсан, хэнд шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус холбогдогч ******* гэсэн атлаа ээж ******* гэж гарын үсэг зуруулсан. Насанд хүрээгүй холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* нь иргэний үнэмлэхээ тогтоосон хугацаанд аваагүй гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч *******ыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 692427 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай ЗХБ-З, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай ЗХБ-44, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай ЗХБ-7, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай ЗХБ-22 тэмдэглэл, шийтгэлийн хуудаст хууль ёсны төлөөлөгч *******оор гарын үсэг зуруулсан алдаа гаргасан. Иймд прокурорын дүгнэлтэд заасан хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчаас иргэн *******ыг “******* нь тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр 1-д зааснаар 20 нэгж буюу 20000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулсан байна
2. Дундговь аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос “насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан боловч гарын үсэг зуруулаагүй, мэдүүлэг болон шийтгэлийн хуудсанд хууль ёсны төлөөлөгч *******оор гарын үсэг зуруулж, хууль ёсны төлөөлөгчид торгох шийтгэл оногдуулсан” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт[2] шүүхэд ирүүлжээ.
3. Хариуцагч прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй буюу зөвхөн хуулийн зүйл заалтыг зөвтгөж өөрчлөхөөр байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.
Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай *******ад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2024 оны 02 сарын 21-ны өдрийн Голомт банкны баримтаар төлөгдсөн торгуулийн 20000 /хорин мянга/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд насанд хүрээгүй холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч *******н ******* /*******/-д буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ.