Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/267

 

 

 

 

    

 

М.Г, З.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

цагаатгагдсан этгээд З.Б, түүний өмгөөлөгч Х.Зоригтбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 17-ны өдрийн 2023/ШЦТ/1422 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдлоор М.Г, З.Б нарт холбогдох эрүүгийн 2306019112079 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З.Б,

 

М.Г,

 

М.Г нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** байрны1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Д" ХХК-ийн “Ж” сүлжээ дэлгүүр дотор З.Бтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, мөргөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

З.Б нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** байрны1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн “Ж” сүлжээ дэлгүүр дотор “Их хар сүлд” ХХК-ийн шуурхайн бүлгийн жолооч хамгаалагчаар ажиллаж байхдаа М.Гыг “хууль ёсны шаардлага биелүүлээгүй” гэх шалтгаанаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч шүршүүр ашиглан нүүрэн тус газарт цацах, биед нь халдах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Г, З.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт З-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б овогт М-ын Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гоос 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Бт олгож, хохирогч З.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох М.Гоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маш их гомдолтой байна. Шийтгэх тогтоолын эрх зүйн дүгнэлт хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэжээ. Хохирогч миний хоёр гарыг гавлаж, маргаан дууссан байхад шууд миний эгц өөдөөс 20-30 см-ийн зайнд нүд рүү нулимс асгаруулагчийг тулган цацаж хэрэглэсэн. Нулимс асгаруулагчийг маш ойроос тулган цацсанаар санаатайгаар надад хөнгөн гэмтэл учруулсан гэж би үзэж байгаа. Намайг гавласны дараа “би гаваа ав, гаваа тайл, би хүнд тусалсны төлөө яасан гэж намайг буруутгаад байгаа юм” гэж хэлж, гавыг тайлуулахаар түлхсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж бодож байна. Нөгөө талаар шүүх хуралдаан дээр З.Б нь зарим худал мэдүүлгүүдийг өгч байсан. Тухайлбал “...чи намайг эрүүлжүүлэх юм бол п***** минь, би маргааш чамд дээр ирээд хошногдоно. ... “, “... энэ үед нь би нулимс асгаруулагч буюу нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглаж болно шүү гэх сануулгыг хоёр удаа өгсөн ...”, “...байнгын довтолж, намайг мөргөж цохиж, хамгийн сүүлд миний баруун бөөр хэсэгт цохиход би ундааны машиныг хавсарч мөргөхдөө нулимс асгаруулагчийг хэрэглэсэн. ...” гэх мэтээр ярьж байсан. Миний хувьд “хошногдоно” гэдэг үгийг амьдралдаа хэлж үзээгүй шүүх хурал дээр сонссон. Мөн надад нулимс асгаруулагч буюу нэг удаагийн тусгай хэрэгсэл ашиглаж болно шүү гэсэн сануулга өгөөгүй атлаа өгсөн мэтээр худал ярьсан. Хэрэв үнэхээр З.Б нь нулимс асгаруулагч цацлаа шүү гэж надад сануулсан бол би тухайн үед ямар нэгэн хариу үг хэлэх байсан ба хариу үг хэлээгүйгээрээ, надад нулимс асгаруулагчийг цацах талаар сануулаагүйг нотолж байна. Мөн З.Б нь миний баруун бөөр хэсэгт цохиход би ундааны машиныг хавсарч мөргөхдөө нулимс асгаруулагчийг хэрэглэсэн гэж худал мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт нь камерын бичлэгт М.Г миний нүд рүү тулгаад цацаж байгаагаар нотлогдоно. Намайг гавтай зогсож байхад, бүх маргаан болоод дууссан байхад З.Б нь намайг гэнэдүүлж байгаад, зориуд санаатайгаар миний нүд рүү нулимс асгаруулагчийг буюу амьсгал боогчийг чиглүүлэн ойроос цацсан үйлдэл нь анхан шатны шүүхийн дүгнэсэн “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасантай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэв ийм ойр зайнаас хориглосон зүйл заалтыг зөрчиж, нулимс асгаруулагчийг ашигласнаар цаашид би хараагүй болох эрсдэл, улмаар зүрх муутай хүн байсан бол ийм аймшигтай амь тэмцэж байхад амьсгал боогдож давчдах, амьсгалж чадахгүй болох зэрэг гэнэтийн ачааллыг даахгүй, улмаар зүрх зогсох аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан гэдгийг онцгойлон хэлэх нь зүйтэй байх. Одоо ч миний нүд үе, үе өвдөх, нулимс гоожих, нүд бүрэлзэх зэрэг өмнө надад огт байгаагүй шинж тэмдгүүд болох нүдний зовиурууд илрээд байгаа. Ийм учраас би маш гомдолтой байна. Миний бие одоо 41 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Надад хөнгөн гэмтэл учруулсан З.Б нь 21 настай залуу хүүхэд атлаа аав шигээ хүн болох надтай анх маргалдахдаа үл хүндэтгэж, “архи чинь хаана байна, п***** минь” гэх мэт үг хэлж, хэл амаар доромжилж, ахмад хүнийг хүн гэж үзэхгүй үл тоон харьцсан нь хамгийн гол маргалдах шалтгаан болсон. Улмаар надад хөнгөн зэргийн гэмтлийг З.Б учруулсан атлаа дан ганц намайг буруутгаж, зөвхөн надад ял оногдуулсанд туйлын гомдолтой байна. Зүй нь бол шударга ёсны зарчмаар З.Б нь хохирогч М.Г надад хөнгөн гэмтэл учруулсан тул мөн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. З.Б нь анхнаасаа ах хүнтэй зүй ёсны үйлчлүүлэгч гэдэг утгаар нь харьцсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. З.Б нь том биетэй, өндөр, биеэрхүү, насны хувьд залуу хүн, надад зодуулахаар хүн биш гэдгийг хэлэх нь зүйтэй. З.Баас өөрөөс нь гаргаж өгсөн СД-нд тухайн үед болсон бүх үйл явдал гараагүй, хэсэгчлэн гарган өгсөн байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолд бичигдсэнээр: гэрч Т.Дмийн /хх 33/ “...М.Гтой уулзахад нүднээс нь нулимс гарсан, улайсан, нус гоожсон байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ над руу нулимс асгаруулагч цацсан, би өөрөө энэ хамгаалагчийг цохисон гэж хэлж байсан бөгөөд гарыг нь гавлан шалан дээр хэвтүүлсэн байсан. ...”, гэрч А.Бний /хх 226-227/ “ ... намайг сонсож байхад хоорондоо ноцолдоод нэгнийгээ хараагаад байсан. Би ажлаа хийж байгаад харахад газарт согтуу эрэгтэй хүн хэвтчихсэн З.Б дээр нь гарчихсан, нэг мэдсэн нөгөө согтуу эрэгтэйг гавласан байсан. ...Нөгөө согтуу хүн гавлуулчихсан сууж байсан. ...Нэг харахад нөгөө согтуу ах хоолойгоо бариад нүд сохорчихлоо гэж орилоод ус, ус гээд байхаар нь би тэр хүн дээр аягатай ус барьж очоод ус өгөх гэхэд уухгүй байсан. Тэр үед би өөрөө санаачилгаараа тэр согтуу хүнд ус өгөөд, нүүр лүү нь ус цацаж өгсөн. Тэр хүн амь тэмцэж байгаа юм шиг орилоод байсан. ...З.Б хамт ажиллаж байсан хүнийхээ хамтаар согтуу эрэгтэйг доош нь харуулаад хэвтүүлээд гавлачихсан байсан. ...” гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байна. Гэтэл камерын бичлэг дээр цагдаа ирэх хүртэлх бичлэгүүд байхгүй байна. Энэ мэтчилэн миний хохирсон буюу ямар үйл явдал болсон талаарх бүрэн камерын бичлэгийг өгөөгүй, хасаж, танаж гаргаж өгсөн. Мөн З.Бын өмгөөлөгч нь хохирогч М.Г намайг нулимс асгаруулагч хэрэглээгүй бол хэдэн удаа мөргөж цохихыг таашгүй гэж болсон мэтээр ирээдүй цаг дээр ярьж байсан. Өмнө нь намайг гэмт хэрэг үйлдсэн, цагдаа дээр очоод дадал болсон гэж доромжилж, сэтгэл санааны дарамтад оруулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан ойлголтыг шүүхэд төрүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан. Гэтэл шүүх “Шүүгдэгч урьд удаа дараа ял шийтгэгдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан байх ба дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь түүний хувийн байдлын хувьд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх эрх зүйн ухамсар, соёл төлөвшөөгүй, нийгэмшээгүй болохыг илтгэн харуулж байна. ...Үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.  ...” гэж дүгнэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг анхан шатны шүүх алдагдуулсан. Энэ үүднээсээ ч намайг өмнө нь удаа дараа шүүхээр орж байсан байна гэдэг хандлагаар хандаж, намайг ганцааранг нь гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ буюу 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд маш гомдолтой байна. Бүр тодруулбал улсын яллагчийн саналаас дээрдүүлэн хөнгөрүүлэх биш, бүр дордуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Манай хамгийн бага охин 3 настай учраас эхнэр маань ажилгүй хүүхдүүдээ гэртээ хардаг. Харин би хувийн компанид инженер мэргэжлээр ажилладаг. Шүүх хурал эхлэх үед би сандрахдаа ажилгүй гээд хэлчихсэн, учир нь компанид мэдэгдээд, ажил төрөлгүй болчихвий гэсэндээ шүүхээс айж сандрахдаа өөрийн бодолгүй хэлсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр би ганцаараа ажил хийж, эхнэр хүүхдүүдээ тэжээж, мөн хажуугаар нь ипотекийн зээл төлж байгаа. Надад 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар миний амьдралд хүнд тусаж байна. Учир нь цалин хөлсгүй ажлыг хийх боломжгүй, эхнэр, хүүхдүүд хоол ундгүй, ипотекийн зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхээр байна. Энэ нь дан ганц надад тусахгүй, улмаар миний гэр бүлд эдийн засгийн хямрал, өр зээлийн дарамт үүсэхээр байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлууд ар гэр ахуй амьдралыг минь харгалзан үзэж, хуульд заасан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү. …” гэв.

 

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тухайн үед З.Б нь шүүгдэгч М.Гын өөдөөс нулимс асгаруулагч цацаж, түүнд санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан. Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзвэл З.Б нь М.Гын нүд рүү нулимс асгаруулагчийг тулган цацаж байгаа харагддаг. Тухайн үед З.Б нь М.Гыг гавласан байсан. Өөрөөр хэлбэл, М.Г гавлуулсан байсан тул ямар нэгэн аюултай үйлдэл хийх боломжгүй. Үүнээс дүгнэхэд З.Б нь санаатайгаар М.Гын эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал харагдаж байна. Гэрч А.Б-ний мэдүүлэгт “...намайг сонсож байхад хоорондоо ноцолдоод нэгнийгээ хараагаад байсан. Би ажлаа хийж байгаад харахад газарт согтуу эрэгтэй хүн хэвтчихсэн З.Б дээр нь гарчихсан, нэг мэдсэн нөгөө согтуу эрэгтэйг гавласан нөгөө согтуу хүн гавлуулчихсан сууж байсан. ...Нэг харахад нөгөө согтуу ах хоолойгоо бариад нүд сохорчихлоо гэж орилоод ус, ус гээд байхаар нь би аягатай ус барьж очоод ус өгөх гэхэд уухгүй байсан. Тэр үед би өөрөө санаачилгаараа тэр согтуу хүнд ус өгөөд, нүүр лүү нь ус цацаж өгсөн. Тэр хүн амь тэмцэж байгаа юм шиг орилоод байсан. ...З.Б хамт ажиллаж байсан хүнийхээ хамтаар согтуу эрэгтэйг доош нь харуулаад хэвтүүлээд гавлачихсан байсан” гэдэг. Анхан шатны шүүхээс З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. …” гэв.

 

Цагаатгагдсан этгээд З.Бын өмгөөлөгч Х.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…хэргийн бодит фактаас үзэхэд М.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын Ж дэлгүүрт орж ирээд үйлчилгээний зааланд “Сөжү” архи уугаад байхаар нь худалдагчаар ажиллаж байсан гэрч М.Г шаардлага тавихад М.Г худалдагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн танхайрч эхэлсэн тул М.Г гэрээт хамгаалалтын албандаа дуудлага өгч хамгаалагч дуудсан байна. Тухайн үед харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан шуурхай албаны жолооч хамгалагч З.Б, хамгаалагч гэрч Х.С-ы нар байгууллагын оператороос өгсөн дуудпагыг хүлээн авч тухайн Ж дэлгүүрт очиж нөхцөл байдлыг тодруулан З.Б М.Год “ажилтныхаа өмнөөс танд баярлалаа, та одоо хэрүүл хийгээд яахав, гарч яваад гэртээ очоод амарчих” гэх мэт үг хэлэхэд М.Г дэлгүүрээс гарах гэж явснаа гэнэт буцаж ирээд  З.Бт “чи ер нь намайг яагаад хөөгөөд байгаан, манийгаа яагаад байгаан, чи хэн юм, чи эндэхийн юу нь юм бэ?, чамайг би нэг цохичих уу, шаачих уу” гэж хэлээд хоёр гараараа цээж рүү нь цохиод баруун гараараа З.Бын тусгай хэрэгслийн бүснээс, зүүн гараараа хийн бууны гэрнээс барьж авч, гарах хаалга руу чирж биед нь халдан эсэргүүцэл үзүүлэн довтолсноор З.Б хохирогч М.Гоос өөрийн эрүүл мэнд, амь биеэ хамгаалах, хохирогч М.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор ноцолдож эхэлсэн байна. Энэ үед М.Г З.Быг өөр рүүгээ шахаж татан газарт унагаах үйлдэл хийн довтолж, үснээс нь зуурч татах, нүүр рүү нь духаараа хэд, хэдэн удаа мөргөж миний үйлчлүүлэгчийн шүдийг нь хугалж, эмтлэн биед нь гэмтэл учруулж, биеэр эсэргүүцэн довтолсон тул З.Б хамтрагч Х.С-ын хамтаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай “Заавар батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах” зааврын: 2.1.2 “хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан"...,

3.1.1. “хоёр гарыг биеийн урд болон ард бугуйгаар холбох” гэсэн заалтыг баримтлан ноцолдож эхэлснээс хойш 10-аад минутын дараа З.Б М.Гын зүүн гарт зүүсэн гавны нөгөө талыг М.Гын гараас салган авч М.Гын баруун гарын бугуйнд холбож гавласан байна. М.Гын хоёр гарыг холбон гавласнаас 7 секундын дараа М.Г З.Бт “за одоо больё, би тайвширъя, би босъё” гэж хэлэхэд нь З.Б М.Гын хэлсэн үгэнд итгэн М.Год “за, та одоо тайвшир ах, босоод суучих, цагдаа ирж байгаа” гэж хэлээд анх ноцолдож эхэлснээс хойш “10 минут 17 секунд”-ийн дараа /10 гаруй минут биеэр эсэргүүцэл үзүүлэн довтолсон байна/ М.Гын дээрээс нь дарж суусан З.Быг босоход М.Г өндийж босоод шалан дээр завилан сууж байснаа ердөө 37-хон секундийн дараа дэлгүүрийн ажилчид руу гарын салаавч гарган орилж, хашхиран танхайрч, хамгаалгч Х.С-ийд “миний гавыг тайл, би энд байгааа эд зүйлсийг эвдэнэ” гэх мэтээр бусдыг заналхийлэн, гэнэт ухасхийн босож яваад дэлгүүрийн ундааны болон кофены цахилгаан машиныг өшиглөн, хамгаалагч Х.С-ы болон худалдагч кассын ажилтан нарт “буруу хүнээрээ оролдлоо та нар, би олон цагдаа танина” гэж, мөн гэрч М.Гүнбилэгт хандан “чи намайг эрүүлжүүлэх юм бол би чам дээр маргааш буцаж ирээд хошногдоно”, “манай дүү Ж-д ажилладаг, ажлаас чинь халуулна” гэх мэтээр заналхийлэн, миний үйлчлүүлэгч З.Быг М.Год хэд, хэдэн удаа нүүр рүүгээ мөргүүлж гэмтсэн шүд, амаа усаар зайлж цэвэрлэчихээд 00-ын өрөөнөөс гарч ирэхэд нь өөдөөс нь тосож очин үзье, үзье гэж хэлэн боксын ренгин дээр байгаа мэт үйлдлээр дайрч, довтлон З.Бын тавьсан шаардлага, урьдчилан хэлж сануулсан анхааруулгыг огт тоолгүй биеэр эсэргүүцэл үзүүлэн дайрч баруун мөр хэсэг рүү дух хэсгээрээ 2 удаа мөргөн, гавтай 2 гараараа цохиж, баруун гарын тохойгоороо тохойлдон цохих үед нь хамгаалагч Х.С-ы М.Гын баруун гарын тохой хэсгээс зүүн гараараа барьж доош нь дарж З.Быг цохиулалгүй хамгаалсан байна. ...Энэ үед З.Б М.Год “эсэргүүцэл, дайралтаа зогсоохгүй бол танд дахин санууллаа шүү, та намайг цохиод байна, мөргөөд байна танд нулимс асгаруулагч хэрэглэнэ шүү” гэж дахин анхааруулан хэлж сануулж байсан боловч М.Г үл ойшоон гэмт хэргийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлж байсан тул З.Б М.Гын хууль бус дайралт довтолгооноос өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болох аюулаас хамгаалж М.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад хүргэх зорилгоор “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хууль, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай тушаалаар баталсан: “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар”-ыг баримтлан харуул хамгаалалтын алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч шүршүүр хэрэглэж, М.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч З.Бын нулимс асгаруулагч шүршүүр хэрэглэсэн үйлдэл нь М.Гын эсрэг биеэр үзүүлсэн эсэргүүцэл, довтолгоо, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь өөр арга хэрэгслээр таслан зогсоох, арилгах боломжгүй нөхцөл байдалд орж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс хамгаалах, Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. … М.Г 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “гэрчийн биеийн байцаалт” хэсэгт хувийн байгууллагад IT инженер ажилтай гэж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Хохирогчийн биеийн байцаалт” хэсэгт ажилгүй, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэх өгөхдөө “Яллагдагчийн биеийн байцаалт” хэсэгт ажилгүй гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Б хохиролд 140.000 төгрөг, хэргийн материал хуулбарласан зардал 104.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 1.500.000 төгрөг нийт 1.744.000 төгрөг нэхэмжлэхэд шүүгдэгч М.Г “надад ийм их мөнгө байхгүй, би эрхэлсэн ажилгүй, төлөхгүй” гэж мэдүүлж байсан. Шүүхээс М.Гыг гэм буруутайд тооцож 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хиилгэх ял шийтгэх тухай тогтоолыг уншиж сонсгоход шүүгдэгч М.Г нь би инженер ажилтай, торгуулийн ял оноож өгөөч гэж хэлж байсан. Үүнээс дүгнэж үзэхэд  шүүгдэгч М.Г хохирогч З.Баас нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй санаа агуулж би огт ажил эрхэлдэггүй, надад тийм их мөнгө байхгүй гэж, харин өөрөө бол торгуулийн ял авч торгуулиа төлөөд явчих санаагаар шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэж үзэхээр байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед биднийг Сансрын КFС-ийн зогсоол дээр байхад манай “Их хар сүлд” ХХК-ийн оператороос “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол дахь Ж сүлжээ дэлгүүрийн аюулгүйн товч дарагдсан мэдээлэл ирсэн учир би хамгаалагч Х.С-ын хамт тухайн газарт очиж дотогш ороход 40 орчим насны согтуу эрэгтэй хүн дэлгүүрийн кассын урд суучихсан гараараа кассын ажилтан руу зангаад, чанга, чанга орилоод агсраад байхаар нь би тэр согтуу ахтай мэндлээд кассын ажилтан М.Гүнбилэгээс юу болсон талаар асуухад “энэ согтуу ах зааланд “Сөжү” архи уугаад, би “болохгүй, та аваад гар, энд архи ууж болохгүй гэж хэлсэн чинь над руу агсарч дайраад гарахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та яав, юу болов” гэж асуухад М.Г хулгай хийж байхаар нь барьж өгтөл энэ газрын ажилчид надад баярлалаа гэж хэлсэнгүй, наад хар п**** чинь” гээд кассын ажилчин М.Г рүү хуруугаараа зааж хэлэхээр нь би тэр ахыг согтуу байгааг мэдсэн болохоор аль болох аятайхан харьцаад гаргаад явуулчих санаатай “танд баярлалаа ах, одоо та гарч яваад амарчих, энэ газрын ажилчдын ажлыг нь хийлгэчих, энэ танаас хамаагүй жаахан хүүхдүүд байна, яах гээд хүүхдүүд рүү дайраад байдаг юм бэ дээ” гэхэд М.Г гадагшаа гарахаар хаалга руу чиглэж алхсанаа буцаж над руу ирж, миний нүүр рүү тулж ирж зогсоод “чи ер нь манийгаа яагаад байгаа юм бэ, би чамайг нэг цохичих уу, п***** ” гэж хэлсэн. Би М.Год “ах аа, би таныг зүгээр гарч яваад хариад сайхан амарчих, энэ хүмүүсийн ажлыг хийлгэчих, битгий хэрүүл, маргаан үүсгээд бай, та согтуу байна шүү дээ, та хүн цохиж болохгүй, би ажлаа л хийж байгаа хүн” гэж хэлсэн чинь л гэнэтхэн ухасхийгээд миний цээж рүү хоёр гараараа цохиод зүүн гараараа баруун ташааны нэг бүрийн тусгай хэрэгсэл хийн буутай хэсгээс барьж, баруун гараа зүүн талын суган доогуур оруулж намайг тэвэрч татаад, бүсний ар хэсгээс барьж өөр рүүгээ шахаж татаад намайг гарах хаалга руу чирээд би чирэгдэж гарах хаалга руу очиж М.Гын хоёр гарыг хувцаснаасаа тавиулах гэж ноцолдож эхэлсэн. М.Г нь энэ үеэр миний хоолойг цамцны захаар боосон, бас миний нүүр рүү гурван удаа духаараа мөргөсөн, миний баруун суган доогуур зүүн гараа оруулж урагш хөнтөрч намайг шалан дээр нүүрээр минь дарж унагах гэж дайрч байгаад бид хамтдаа газарт унасан, М.Г шалан дээр унасны дараа ухасхийж босож ирээд миний үснээс үсдэж дарсан, би гарыг нь үснээсээ тавиулсан, тэгээд нилээн ноцолдож байж хамгаалагч С-ы  М.Гын зүүн гарын бугуйнд гаваа зүүсэн, дараа нь бас л ноцолдож байж арай гэж баруун гарыг нь холбож гавласан. Хэсэг хугацааны дараа М.Г “за одоо больё, би та нартай буруу ойлголцчихож, одоо тайвширъя, би босъё” гэхээр нь би итгэж хоёр гарыг нь тавьж, М.Г өндийж ирээд шалан дээр завилаад суучихаар нь би 00-ын өрөөнд орж толинд харахад шүд эмтэрч, уруул амнаас цус гарч байхаар нь кассаас сальфетик авахаар буцаж гарч ирээд касс руу явах замдаа үүдэнд завилж суусан М.Г руу очиж “та энд суугаад яахав, цагдаа иртэл тийшээ очоод үйлчлүүлэгчийн сандалд суучих, цагдаа ирж байгаа” гэж хэлсэн чинь М.Г “үгүй ээ, үгүй п**** минь” гээд эсэргүүцээд босохгүй болохоор нь хамгаалагч Х.С-ытай хамт үлдээгээд касснаас сальфетик авахаар явахад миний хойноос хоёр гарынхаа хуруугаар салаавч гаргаад заналхийлээд орилоод байсан. Би кассаас сальфетик аваад 00-ын өрөөнд орж амаа усаар зайлж, цусаа арчиж цэвэрлэж байх үед М.Г хэн нэгэн рүү агсраад, бас энэ гаваа тайл, би Ж-ыг чинь нураана гээд орилоод байхыг сонсоод гарч ирэхэд М.Г касс руу яваад оччихсон “буруу хүнээрээ оролдлоо та нар, би олон цагдаа танина” гэх мэтээр орилоод байснаа намайг харангуутаа шууд над руу хүрч ирээд “үзье, үзье” гээд гавтай хоёр гараараа миний цээж рүү гурван удаа цохиж, бас зүүн гарынхаа тохойгоор шанаа руу цохих /тохойлдож/ үед нь хамгаалагч Х.С-ы гарыг нь барьж авсан. Би М.Год “миний биед халдаж цохиж дайрах үйлдлээ зогсоохгүй бол нулимс асгаруулагч хэрэглэнэ шүү” гэдгээ хэд, хэдэн удаа хэлж анхааруулж байсан боловч М.Г над руу улам дайрч, миний араас хөөж ирээд цээж, бөөр рүү цохиж, толгойгоороо мөргөн дайрч довтолсон тул би М.Гын хууль бус дайралт довтолгооноос өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болох аюулаас хамгаалж М.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх зорилгоор нулимс асгаруулагч шүршүүр хэрэглэж, М.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн. ...М.Г нь гомдолдоо “би хошногдоно гэдэг үгийг амьдралдаа хэлж үзээгүй, надад нулимс асгаруулагч ашиглана шүү гэсэн сануулга өгөөгүй атлаа өгсөн мэтээр худал ярьсан, намайг гавтай зүгээр зогсож байхад З.Б намайг гэнэдүүлж байгаад зориуд санаатайгаар миний нүд рүү нулимс асгаруулагч цацсан, З.Б аав шигээ хүнийг үл хүндэтгэж харьцсан, З.Б анхнаасаа надтай үйлчлүүлэгч гэсэн утгаар харьцаагүй, З.Б гэгч нь өөрөө том биетэй залуу хүн тул надад зодуулахаар хүн биш” гэх мэтээр ямар ч үнэний оргүй, огт худлаа юмнууд бичсэн байна.

М.Гын Ж дэлгүүрт хоёр гараа урдаа гавуулсан байх үедээ ямар үг хэллэг хэлж бусдыг дайрж заналхийлж байсан, мөн над руу яаж дайрч, мөргөж, цохиж байсан зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон хяналтын камерын дүрс бичлэгт тодорхой харагдаж байгаа. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…энэ хэрэгт би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ “шүүгдэгч М.Г нь З.Бын эрүүл мэндэд халдаж, түүнд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ зогсоохгүйгээр цааш хэвээр үргэлжлүүлж байсан тул З.Бын үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж үзсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд эхлээд шүүгдэгч М.Гын 2 гарыг нь ард нь гавласан байдаг. Үүний дараа З.Б дэлгүүрийн ариун цэврийн өрөө рүү ороод гарч ирснийхээ дараа хамгаалагч Х.С-ыгийн хамт очсон. Шүүгдэгч М.Гын гарыг ард нь гавласан байсныг урд нь гавласны дараа тэрээр З.Бын мөр, цээж хэсэг рүү нь мөргөсөн байдаг. Прокурорын зүгээс Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2003 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай “Заавар батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах” зааврын дагуу шүүгдэгч М.Гын үйлдлийг таслан зогсоосон гэж үзэхгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Гын үйлдэл төгссөн байсан, З.Быг цагаатгасан нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх М.Гыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. З.Бын хувьд гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. …” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Г, З.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос шүүгдэгч М.Гыг 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Д" ХХК-ийн “Ж” сүлжээ дэлгүүр дотор З.Бтай маргалдаж түүний нүүр хэсэгт цохих, мөргөх зэргээр халдаж эрүүл мэндэд доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч З.Быг тухайн өдөр, тухайн газар “Их хар сүлд” ХХК-ийн шуурхайн бүлгийн жолооч хамгаалагчаар ажиллаж байхдаа “хууль ёсны шаардлага биелүүлээгүй” гэх шалтгаанаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч шүршүүр ашиглан М.Гын нүүрэн тус газарт цацаж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун зүүн нүдний салст, зовхины улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, “...М.Г нь нийтийн аюулгүй байдал, хэв журмыг алдагдуулж, шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтанг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд хамгаалагч З.Б луу мөргөх, өшиглөх, цохих зэргээр удаа дараа халдаж байгаа үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байна гэж үзэв. Түүнчлэн М.Гын гаргасан дээрх байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зүй бус зан авир, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг дуудлагаар ирсэн хамгаалагч З.Б, Х.С-ы нар удаа дараа зогсоох шаардлагыг тавьсан байх бөгөөд уг шаардлагыг М.Г нь биелүүлэхгүйгээр удаа дараа халдахад хамгаалагч З.Б нь түүний зүй бус үйлдлийг таслан зогсоохоор халдсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдсан гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар З.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч М.Г нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** байрны1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн “Ж” сүлжээ дэлгүүр дотор З.Бтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, мөргөх зэргээр эрүүл мэндэд нь доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч З.Бын: “...2023 оны 03 сарын 19-ний шөнө 02:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол дахь GS 25 дэлгүүрийн аюулгүйн товч дарагдсан мэдээлэл ирсэн учир би хамгаалагч Саянхажитай хамт очсон. Дэлгүүрт ороход 40 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрийн кассын ажилтантай маргалдаад зогсож байхаар нь мэндлээд юу болсон талаар асуухад тэр ах “Хулгай хийж байхад нь барьж өгтөл энэ газрын ажилчид баярлалаа гэж хэлсэнгүй” гэхээр нь би “Баярлалаа танд гэж хэлээд одоо гараад ажилчдын ажлыг нь хийлгэчих” гэж шаардахад гарч явах гээд үүд хэсэгт оччихоод буцаад над руу дөхөж ирээд шууд миний цээж хэсэгт хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би түүнээс биеэ хамгаалж гараас нь барьж автал толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгэхэд миний зүүн доод соёо эмтэрсэн. ...Удалгүй цагдаа нар ирээд М.Гын гавыг тайлахаар баруун гараас нь эхэлсэн. Тэгэхэд М.Г баруун гараараа миний нүүр хэсэгт цохисон. Тэр үед миний уруулаас цус гарсан. ...” /хх 13, 21/,

 

гэрч М.Гүнбилэгийн: “...03 цагийн орчим манай дэлгүүрт согтуу хүн орж ирээд дэлгүүр дотор архи уугаад байсан. Би тэр хүнд шаардлага тавьсан боловч хэл амаар доромжлоод байхаар нь хамгаалалт дуудсан. ...Тэр хоёр ноцолдож байгаад З.Б нь нөгөө эрэгтэйг газарт унагаад арай гэж дээр нь гараад гарыг нь урд нь гавласан. ...З.Б гарч ирээд согтуу эрэгтэйг дэлгүүрээс гаргах гэхэд гарахгүй эсэргүүцээд, дэлгүүрийн кофены төхөөрөмж, ундааны төхөөрөмж зэргийг өшиглөж эвдлэх гээд, мөн З.Бын цээж хэсэгт нь хэд хэдэн удаа мөргөөд байсан. ...” /хх 27/,

 

гэрч Х.С-ыгийн: “...М.Г нь ямар ч шалтгаангүй уурлаад З.Быг хэл амаар доромжлоод эхэлсэн. ...М.Г З.Бын хувцаснаас зуураад хүзүүнээс нь боогоод байсан. ...Яг ингээд зогсож байхдаа М.Г нь З.Бын нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан. ...” /хх 30-31/,

 

гэрч Т.Дмийн: “...дэлгүүрт ороход хамгаалалтын ажилтан болсон үйл явдлын талаар тайлбарлахдаа зөрчил гаргасан иргэн нь хамгаалалтын ажилтныг цохисон, тэгэхээр нь нулимс асгаруулагч хэрэглэсэн гэсэн. М.Гтой уулзахад нүднээс нь нулимс гарсан, улайсан, нус гоожсон байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ над руу нулимс асгаруулагч цацсан, би өөрөө энэ хамгаалагчийг цохисон гэж хэлж байсан. ...” /хх 33/,

 

гэрч А.Бний: “...хамгаалагч нар ирээд нөгөө согтуу эрэгтэй хүнийг гаргах гэж үзсэн бөгөөд эрэгтэй эсэргүүцээд байсан. Хаалга дээр гарахгүй нэлээн удаан зууралдсан. ...би ажлаа хийж байгаад харахад согтуу эрэгтэй хүн газар хэвтчихсэн З.Б дээр нь гарчихсан, нэг мэдсэн нөгөө согтуу эрэгтэйг гавласан байсан. Тэгэхэд З.Б энэ согтуу хүн намайг нэг цохичихсон гээд л уруулаа бариад яваад байсан. ...З.Б нөгөө согтуу эрэгтэйг зүгээр бай гэх зэргээр хэлээд байсан. ...” /хх 226-227/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...З.Бын биед доод уруулд шарх, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3924 дугаартай дүгнэлт /хх 40-41/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-8/, “Их хар сүлд” ХХК болон З.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 117-119/, З.Баас гаргаж өгсөн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 213-224/, хохиролтой холбоотой баримт /хх 53, 54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.Г ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.Гын хохирогч З.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М.Гын торгох ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

         

   З.Бт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх гомдлын тухайд, хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Их хар сүлд” ХХК нь гэрээт харуул хамгаалалтаар үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан, “Дижитал Концепт” ХХК-тай “Дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ”-р 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж байгаа, З.Бтай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны “Хөдөлмөрийн гэрээ” байгуулснаар З.Б нь шуурхай бүлгийн жолооч хамгаалагчаар ажиллаж эхэлжээ.

 

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг”,

4 дүгээр зүйлийн 4.1-д “4.1.Төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалт болон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр энгийн жижүүр, манаачийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцаанаас бусад харуул хамгаалалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.”,

18 дугаар зүйлийн 18.1-д “Харуул хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ албаны нохой болон галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл, зэвсэггүй тулалдах мэх хэрэглэж болно.”,

20 дугаар зүйлийн 20.1.4-д “Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно ...нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр” гэж хуульчилж,

Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2003 оны 12/05 тоот тушаалаар баталсан “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах” зааврын 2.1 дэх хэсэг “Харуул хамгаалалтын алба хаагч зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа дор дурдсан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж, албаны нохой ашиглаж болно:

2.1.2.хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан” гэж тус тус заажээ.

   Шүүгдэгч М.Гын хууль бус үйлдлийн улмаас дуудлагаар ирсэн хамгаалагч З.Б, Х.Сы нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамгаалагч З.Бт чиглэн, түүний эрүүл мэндэд нь удаа дараа халдсан, эхний халдлагад тусгай мэх хэрэглэж, гавлах гэж оролдсон ба М.Г нь зүй бус үйлдлээ зогсооход мэх болон гавлах үйлдлээ зогсоосон байхад дахин халдах довтлох үйлдлээ үргэлжлүүлэхэд З.Б нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэж, М.Гыг зогсоосон нь нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргаснаас гадна Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд болон холбогдох зааварт нийцсэнээс гадна З.Бын нулимс асгаруулагч хэрэглэсэн үйлдэл нь М.Гын гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, зайлшгүй нөхцөл байдал үүсэхэд хууль болон холбогдох зааварт заасны дагуу мэх, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байх тул хэр хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Гын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1422 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                

 

                                    ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН