Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00283

 

 

 

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00283

 

 

                                                     Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . байрлах М ХХК 

Хариуцагч: А аймгийн Х сумын А багт оршин суух Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1,461,149 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь М-тай мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 сарын 08-ны өдөр 140000585935 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн  хэмжээ нэмэгдсэн. Д.Э нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 4 сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн хүсэлтээр 770,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Д.Э нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт 1,461,149 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, О.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК нь Д.Э-с зээлийн гэрээний үүрэгт 1,461,149 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,461,149 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Д.Эрэвгийсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,461,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч М ХХК нь 2025 оны 4 сарын 23-ны өдрийн 25/1847 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг М.С О.Б нарт олгосон байна.

 

Хариуцагч Д.Э нь М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр нийт 1,461,149 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, О.Б нарын тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК зээлийн төлбөрт нийт 1,461,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,328 төгрөгөөс 19,164 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-с 19,164 төгрөг, улсын орлогоос 19,164 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт нийт 1,461,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч М ХХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,328 төгрөгөөс 19,164 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-с 19,164 төгрөг, улсын орлогоос 19,164 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАЙГАЛМАА