Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2025/00110

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2025/00110

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *********** тоот хаягаар оршин суугч И овогт З.О-н нэхэмжлэлтэй ************* тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч З.О нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие З.О нь 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Одоо ам бүл 2 нөхрийн хамт Тосонцэнгэл суманд амьдарч байна. Би 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн 2 дахь хүү Ж.Н төрүүлсэн. Хүү маань 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Иймд хүү Ж.Н нас барсан болохыг тодорхойлж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.О нь 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрүүлсэн хүү Ж.Н 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Ж.Н нь 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ж.Н. 1985-09-09-ний өдөр төрсөн, Эцэг- Т овогт А.Ж, эх- И овогт З.О... гэсэн мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа,

-З.О-н ЗА№965434 дугаартай Энэ паспортад бичигдэх хүмүүс: охин Ж.А 1984.01.10, хүү Ж.Н 1985.09.09, хүү Ж.Н 1987.12.02, хүү Ж.И 1991.02.21... гэсэн бичилт бүхий иргэний паспортын хуулбар,

-Архивын ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/300 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Ж- тэргүүлэгч өөрөө 27 настай, эрэгтэй, Ж.А охин 4 настай, эмэгтэй, Ж.Н хүү 0 настай, эрэгтэй, З.О эхнэр 26 настай, эмэгтэй... гэсэн бичилт бүхий Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын баримтын хуулбар,

- ...Ж.Н, эрэгтэй, төрсөн он, сар, өдөр-1985.09.09, төрсөн газар-эмнэлэгт, биеийн жин, урт-3600 кг, 52 см, төрүүлсэн эхийн хэддүгээр хүүхэд-2, төрсөн тухай ямар баримттай-эмчийн бичиг... гэсэн бичилт бүхий 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаартай төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/394 дугаартай ...З.О нь ам бүл-2, нөхрийн хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ...Ж.Нг 1987 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан эсэхийг судалж үзэхэд Ж.Н регистрийн дугаар тодорхойгүй, мөн хамаарал бүхий З.О дугаараар мэдээллийн сангаас лавлахад Ж.Н мэдээлэл хамаарал бүхий иргэнээр бүртгэгдээгүй байгаа болно... гэсэн Завхан аймгийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний тодорхойлолт,

-Гэрч З.Ч: ...З.О хамт 1985 онд төрж байсан. Би охин, З.О хүү төрүүлж байсан. Би З.О Нийтийн ахуй үйлчилгээний гутлын тасагт хамт ажиллаж байсан. Бид хоёр оёдолчноор ажиллаж байсан. Тухайн үеийн оёдолчны цалин 100 орчим төгрөг байсан. З.О нь хүү Ж.Н хөтлөөд явдаг байсан. Бид нар цайны цагаараа нэг, нэгнийдээ ордог байсан. 2 настай байх үе буюу 1987 онд Ж.Нг нас барчихсан гээд гутлын тасгийн ажилчид мөнгө цуглуулаад очиж байсан... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ч.Ц: ...3.Он нөхөр Ж, манай гэр бүлийн хүн Б, бид гурав Эрдэнэт хотын сургалтын төв төгссөн. 1979 онд мод боловсруулах комбинатад илгээлтээр ирсэн. 3.Он нөхөр Ж 75 рамд, манай нөхөр ДЦС-цахилгаанчин, би исгүүрийн цехэд машинистаар ирж ажиллаж байсан. Бид гурвыг ажлаар ирэхэд 3.О Нийтийн ахуй үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан. 3.О, Ж нар 1983 онд гэр бүл болсон. Ж 1984 онд охин А төрсөн, 1985 онд Н төрсөн, 1987 онд Т, 1991 онд И нар төрсөн. Ж.Н нь 2 нас, 2 сар хүрээд нас барсан. Тухайн үед найзуудаараа гэрт нь очиж буяны ажилд нь оролцож байсан. Бид гэр бүлийн найзууд учраас нэг нэгнийхээрээ байнга орж гардаг байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Жаргалын Нямсүрэнг 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Ос ирүүлсэн Ж.Н нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Ж.Н нь 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРТНАСАН