| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2017/00102/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1722000660060 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 50 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р баг “Элст” гэх газарт нутаглах, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Бага Адаацаг овгийн Элбэгийн Баттулга /РД: ЗА80090912/ гэв.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмтэл” ХХК-ний жоншны уурхайд Ц.Чын бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө жоншны уурхайн урд хэсэг рүү ороод миний машины гэрэл унтарсан. Тэгэхээр нь уурхай дээр майханы гадаа очоод хүн байна уу гэж дуудсан. Гэтэл майхан дотроос нэг хүн “банди минь ороод ир” гэсэн. Намайг майханд ортол гэдэс рүү шууд тийрсэн, майхан харанхуй байсан. Тэрнээс болоод Ц.Ч бид 2 барилцаад авсан, бооход хохирогч унаад өгсөн. Хөнгөн шийдэж өгнө үү. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна гэв .
2. Хохирогч Ц.Чын: “...Шөнө 02 цагийн үед гадаа портер машинтай хүн ирээд сигнаалдахаар нь би “хэн бэ? ороод ир” гэсэн Баттулга орж ирээд чи муу орон нутгаа худалдаж, ухуулж байна гээд дайраад намайг боож унагаад гадаа гаргасан. Тэгэхээр нь би надад хамаа байхгүй. Чи хятадууддаа очиж хэл. Би зүгээр бензины мөнгө олох гээд ажиллаж байна гэсэн чинь намайг нүүрэнд хэд хэд мөргөчихөөд яваад өгсөн. Миний нүүр хэсэг рүү мөргөөд баруун нүд хөхөрч, хавдсан. Хамрын дээд хэсэг хавдсан, боож унагасан. Тухайн үед би юу болсныг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
3. Гэрч Ц.Эрдэнэбаярын: “...Хүргэн ах Баттулгын араас явж байтал жоншны өрөмний манаачийн гадаа Баттулгын машин байхаар нь очсон чинь Баттулга манаач гэх хүнтэй зууралдаад хэрэлдээд байж байсан. Тэгээд Баттулгыг Чулуунбатаас салгаад машинд суулгаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
4. Гэрч Б.Түвшинбаярын: “...Би Чулуунбатын хамт “Тэмтэл” жоншны уурхайгаас хойш байх өрмийг манаж хонож байсан чинь Баттулга шөнө орж ирээд Чулуунбатыг майхнаас шууд чирээд гараад зодолдоод байсан. Би тухайн үед урагшаа хамгаалагч дуудах гээд яваад хүмүүс аваад очсон чинь Баттулга яваад өгсөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №170200279 тоот дүгнэлтэд:
- 1.2 Ц.Чын биед амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр /нүдний доод хэсэгт цэгчилсэн цус харвалт/, тархи доргилт хамар ясны хугарал, хүзүүнд боолтын ором, чамархайд зулгарсан, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
- 3.Амьсгалын цочмог дутагдал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар амь тэнссэн шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт хамар ясны хугарал нь хөнгөн зэргийн гэмтэл, зулгарсан цус хурсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15/
5. Шинжээч М.Баттүвшингийн: “...Амьсгал дутагдалын хурц шинжээр нь гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан. Ц.Чын зүүн нүдний доод зовхины дотор салстын уг хэсэгт 0.2х0.2, 0.2х0.1 см хэмжээтэй цэгчилсэн цус харвалт, хүзүүнд боолтын ором байсныг үзээд амьсгалын хурц дутагдал шинж буюу амь тэнссэн байдал гэж үзэж гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан. Амь тэнссэн байдал гэдэг нь тухайн боолтын үед амь насанд аюултай шинж үүсч, боолт үргэлжилсэн бол амь нас эрсдэх нөхцөл байдалд хүрч болохуйц өөрчлөлт юм.” /хх-ийн 25-26/
6. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмтэл” ХХК-ний жоншны уурхайд Ц.Чын бие, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Баттулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Батулга нь хохирогчид 1.000.000 төгрөгийг гэмт хэргийг улмаас учирсан хохирол гэж нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 сарын 23-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь хэргийн 44-46-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Э.Бд холбогдох эрүүгийн 1722000660060 тоот эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг ердийн журмаар явуулсан ба прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргаж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б нь мал маллахын зэрэгцээ хувиараа малын хашаа, хороо хийж борлуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний орлого олох боломжийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Чад 1000000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ