Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/306

 

 

 

 

         2024           03             07                                   2024/ДШМ/306

 

Э.Ч, Ж.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Э.Ч, Ж.П нарын өмгөөлөгч Л.Ганганбарс,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Ч, Ж.П нарт холбогдох эрүүгийн 2302000000433 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.П,

 

Э.Ч,

 

Шүүгдэгч Э.Ч, Ж.П нар нь нийтийн албан тушаалтнаар томилогдон үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах зэрэг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ********* дугаарын утаснаас Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 7021102 дугаарын утсаар “...Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх иргэний гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Ч, Ж.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Ж-ийн П, Д овгийн Э-гийн Ч нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Э.Ч нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ч, Ж.П нарт тайлбарлаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгч Э.Ч, Ж.П нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилгаж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Гэтэл шүүхээс шүүгдэгч нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 1.3 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Мөн шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага оногдуулахгүй гэж үзэж байгаа, үүнд ямар нотлох баримт нөлөөлсөн зэрэг хуулиар тогтоож өгсөн шаардлагын талаар огт тайлбарлаж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/4 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор “Албан тушаалын гэмт хэрэг нь нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, хөрөнгө орлогыг хурааж хохирол, хор уршгийг арилгаснаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээнэ” гэжээ. Үүнийг хуулийн аль ч байгууллага, албан тушаалтан хүлээн зөвшөөрнө. Гагцхүү хэрэг тус бүр өөрийн гэсэн онцлогтой, сэдэл, санаа зорилго, үйлдэл, хохирол хор уршиг, гомдол нэхэмжлэл гэх мэт олон нөхцөл байдлууд байдаг. Энэ бүхнийг харгалзан үзээд ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж болохоор хууль тогтоогчид заримыг нь хөнгөн, заримыг нь хүнд хэргийн ангилалд хамааруулан ял шийтгэлийг тогтоон хуульчилсан байгаа. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан хуульд заасан хариуцлагыг оногдуулсан. Прокурор “...тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулсан гэжээ. Гэтэл энэхүү зорилгод дурдсан зүйлүүдээс юу нь зөрчигдөөд байна вэ?. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хуульд заасан ял шийтгэл авч, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх буюу нийгмийн ашиг сонирхол бүрэн сэргэсэн гэж үзэх боломжтой, энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй гэж прокурорын байгууллага өөрөө дүгнэн шүүхэд шилжүүлсэн, харин гэмт хэрэг үйлдсэн хүн заавал хорих ял эдэлснээрээ нийгэмшинэ гэж үзэх үү?. Тэгвэл хорихоос өөр төрлийн ял шийтгэл авч буй бүх хүн нийгэмшихгүй гэж үзэх бөгөөд энэ хуулийн зорилт биелэхгүй зөрчигдөж байна гэж үзэх үү?. Прокурор “тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд үл нийцэж байна гээд ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага оногдуулахгүй гэж үзэж байгаа тухай дүгнэлт хийгээгүй гэжээ. Дээр дурдсан хэргийн онцлог болон хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэсэн, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, шүүгдэгч нарын өөрсдийн ажилласан байдал, ар гэрийн болон хувийн нөхцөл байдлууд, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болон нэхэмжлэл байхгүйг харгалзан ийм шийдвэрт хүрсэн гэдэг нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дурдагдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн 1-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, 2-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэсэн 2 шаардлага шүүгдэгч нарт тавигдах бөгөөд үүнийг хангасан бол тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж л заасан. Энэ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай асуудал яригдаж байгаа болохоос прокурорын эсэргүүцэлд бичсэн хариуцлага огт оногдуулахгүй байх тухай асуудал биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцтай бөгөөд өмгөөлөгчийн зүгээс 2 төрлийн сонгох санкцаас хүндийг сонгож хэрэглэсэн гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хэлцэл явагдаж байсан ч талууд тохиролцоогүйн улмаас ердийн журмаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг нь авлигын гэмт хэрэгт хамаардаг. Тухайн гэмт хэргийг үйлдсэнээрээ өсвөр наснаасаа 10 гаран жил төрийн тусгай албанд амь биеэ хайрлахгүй, цаг наргүй зүтгэсэн залуучууд ял шийтгэгдэж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулж, цаашилбал цэргийн тэтгэвэрт гарах, тэтгэмж авах гэх зэрэг маш олон хор уршгийг өөрсдөө хүлээж байгаа гэдгийг хуульч хүн бүр л ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч нар авлига авсан, өгсөн үйлдэл огт байхгүй. Тухайн үед ажиллаж байсан албан тушаал нь энэхүү гэмт хэрэгт заасан албан тушаалын ангилалд хамаарч байсан тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт дурдагдсан хүмүүстэй ямар нэг байдлаар хувийн болон бусад харилцаа холбоо байхгүй. Хэн нэгэнд нь давуу байдал олгох санаа зорилго огт байгаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Ч, Ж.П нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Ч  нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр, шүүгдэгч Ж.П нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах зэрэг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ********* дугаарын утаснаас Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 7021102 дугаарын утсанд “...Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Буянтогтохын: “...манай найз Э.Б  Багануур дүүргийн цагдаагийн газарт “манай найз бусдад хутгалуулсан” талаар дуудлага мэдээлэл өгсөн. ...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн дуудлагын дагуу цагдаагийн 3 алба хаагч ирээд юу болсон талаар асууж тодруулаад бид нарын зургийг гэрэл зургийг аваад, манай найзыг хутгалсан залуугийн гэрт орж хутгыг хайсан боловч олдоогүй. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламжийн машин манай найз Аыг түрүүлээд эмнэлэг рүү авч явсан. Цагдаагийн алба хаагч нар манай найзыг хутгалсан залуу болон түүний аавынх нь хамт авч явсан. Харин би найз Пүрэвсүрэнгийн машинд суугаад эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод манай найз А-  ын хутгалагдсан газарт оёдол тавьж цусыг нь тогтоосон. Дараа нь би бас толгойн ар дагз хэсэгтээ оёдол тавиулсан. Харин манай найзыг хутгалсан залуугийн даралтыг нь үзсэн. Бид нарыг эмнэлэгт үзүүлсний дараа манай найз А-ын ээжийг цагдаагийн алба хаагч дуудаж эмнэлэг дээр ирүүлсэн байсан ба Аыг ээжид нь хүлээлгэж өгөөд гэр рүү нь явуулсан. ...Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчдын зүгээс надаас болон бусад хүмүүсээс ямар нэг мэдүүлэг байцаалт огт аваагүй. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн асуудал гарснаас хойш ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Шүүх эмнэлэгт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ямар нэг тогтоол гаргаж өгөөгүй. ...Миний хувьд болон надтай хамт байсан найзуудын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой” гэх газарт болсон хэрүүл, зодоон үүсгэсэн асуудлын талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх зорилгоор цагдаагийн эрх бүхий албан тушаалтны албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл огт байхгүй, мөн цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэл бүртгэж шалгаагүйн хариуд надаас болон манай ар гэрийнхнээс, найзуудаас маань мөнгө, эд зүйл өгөхийг шаардсан, нэхсэн зүйл байхгүй. ...” /хх 27-30/,

 

гэрч Ш.Сын: “...би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын албаны бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчээр томилгооны дагуу үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 4 дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж ажилласан. “...Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг Талын толгой ** тоотод О бусдыг хутгалсан...” гэх дуудлага ирсний дагуу Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.П, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.Ч  нарын хамт албаны Дастер маркийн *** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. ...Миний хувьд уг дуудлага мэдээллийг яагаад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн бүртгэлд бүртгээгүй талаар мэдэхгүй байна. Миний хувьд тухайн дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж ажилласан талаараа Шүүх шинжилгээний ерөнхий газрын ерөнхий зохицуулагч руу өөрийн 92090988 дугаарын утсаар ярьж мэдэгдэж, хоногийн нөхцөл байдлын мэдээндээ оруулсан. Мөн тухайн дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажилласан талаараа өөрийн рапортын дэвтэрт бүртгэсэн байгаа. Миний хувьд 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн ** тоотоос хэргийн газраас бэхжүүлж авчирсан банз модыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Пт тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгөхгүйгээр тус цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны гадаа тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 33-35/,

 

шүүгдэгч Ж.Пын яллагдагчаар: “...миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. ...” /1хх 78/,

 

шүүгдэгч Э.Ч ийн      яллагдагчаар: “...миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дурдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. ...” /1хх 96/ гэсэн мэдүүлгүүд,

 

Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28м/4046 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүргүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан бүртгэл, рапорт, дуудлага /Галуут-113/, Монголын Цахилгаан холбооны Багануур холбооны газраас ирүүлсэн дуудлагын жагсаалт, иргэн Ц.Б-гаас авсан тэмдэглэлүүд, Б.Г-оос авсан тайлбар, тэмдэглэл, Ж.Поос авсан тайлбар тэмдэглэл, илтгэх хуудас /1хх 2-24/, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.П, мөн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ч  нарын 2021, 2022 онуудыг хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, албан тушаалын тодорхойлолт, албан тушаалд томилогдсон тушаал, төрийн алба хаагчийн хувийн хэрэг /1хх 128- 139, 1хх 155-247/, Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн дуудлага болон яаралтай тусламж үйлчилгээ авсан иргэдийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /1хх 249-250, 2хх 1-11/, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, шуурхай бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хуваарь, томилгоо, алба хаагчдад удирдлагаас өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, алба хаагчдаас авсан баталгаа /2хх 14-56/, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 1592 дугаартай “Баримт бичиг гаргуулан авах тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй эрүүгийн 2304000000102 дугаартай хавтастхэргийн материалд үзлэг хийж бэхжүүлж авсан бичмэл нотлох баримтууд /2хх 59-250, Зхх 1-6/, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Сын албаны үйл ажиллагаанд ашигладаг рапортын дэвтэрт үзлэг тэмдэглэл /Зхх 7-10/, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Поос гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, албан тушаалтай цагдаагийн ахмад цолтой Ж.Пын үйлдсэн “...Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 8-18 тоотод хоорондоо зодолдсон хүмүүс байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дагуу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх 11-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Ч, Ж.Пнар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ч  нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгчөөр, шүүгдэгч Ж.П нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ********* дугаарын утаснаас Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 7021102 дугаарын утсаар “...Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нар бие биедээ халдаж, бүлэглэн танхайрч гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгалгүй, хуулиар хүлээсэн үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Г.А, Б.О, Б.Б, Ц.Б нарт эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийн зорилго болон шударга ёсны зарчимд нийцээгүй тул анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч, Ж.Пнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнцэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                  

 

                                    ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                               ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН