Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын хоорондын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252 дугаартай татвар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Х.Т, Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э /цахим/, хариуцагч Б.Т, Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-аас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Татварын хяналт шалгалт хийх 2523******* дугаар томилолтоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нар Т ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн НА-252 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 64,116,720 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016 төгрөгийн торгууль, 12,823,344 төгрөгийн алданги, нийт 96,175,080 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын. 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8 1.2, 8.2, 8.2.2, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, дахь хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн НА-252 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Н*******ь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...нөхөн ногдуулалтын актад "Т" ХХК нь 1 гишүүнтэй... байгуулагдсан... 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр захирал 3.Н*******ь болон Г.Б*******а нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгож, төлбөр тооцоог дуусгах тухай актыг үндэслэн...Г.Б*******аас 80,000 ам.доллараар компанийн 49 хувийг эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа албан татвар ногдуулж, суутгаж, төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 Эрх борлуулсны орлого, 8.2.1. Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого... гэж тооцож, татвар ногдуулсан нь татварын байцаагч нар хяналт шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, ойлгож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, аж ахуйн нэгжид хууль бусаар татварын нөхөн ногдуулалт хийснийг харуулдаг.

Бодит байдал дээр нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч З.Н*******ь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Б*******аас 80,000 доллар зээлж, зээлийн гэрээ байгуулаад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг иргэн барьцаалах эрхгүйг харгалзан зээлдүүлэгчийн шаардлагаар барьцаанд нь хувьцаагаа буцааж авах эрхтэйгээр түр зуур шилжүүлсэн бөгөөд зээлээ төлсний дараа хувьцаагаа буцаагаад авсан үйл баримт татварын шалгалтын явцад тогтоогдсоныг татварын актад тодорхой дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эцсийн өмчлөгч З.Н*******ь өөрийн хувьцааг Г.Б*******ад шилжүүлэх үед татварын нөхөн ногдуулалт оногдуулах хууль зүйн нөхцөл байдал үүссэн байж болох байтал, татварын хяналт шалгалтын хугацаанд ороогүй гэдгээр шалтгаанаар үл хэрэгссэн мөртлөө харин нэг жилийн дараа зээлээ буцаан төлж, хувьцаагаа буцаан авсан дээр нь татвар нөхөн ногдуулсан Татварын ерөнхий хуулийн үзэл баримтлал, зорилгыг буруу тайлбарлаж, хуульд заасан зарчмыг ноцтой зөрчиж, татвар оногдуулах хууль зүйн нөхцөл байдал (татварын суурь 0 дүнтэй) байхгүй байхад татвар ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.1.Зайлшгүй байх, 5.1.2 тодорхой байх: 5.1.3.шударга байх; 5.1.4. үр ашигтай байх гэсэн зарчмуудыг тодорхой тусгасан.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болгож зээлдэгч өөрийн 100 хувь эзэмшдэг Т ХХК-ийн 49 хувийн хувьцааг зээлээ эргэн төлөх хүртэлх түр хугацаагаар барьцаалсан ба Зээлийн гэрээний 4.1.2-т Гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд Барьцаа хөрөнгө барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах эрхтэй, Барьцааны гэрээний 2.1.1-д ХХК-ийн 49 хувийн хувьцааг... зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх хүртэл барьцаалагчийн нэр дээр шилжүүлж барьцаалуулна, 4.1.1-д Барьцаалуулагч нь барьцаагаар хангагдсан үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж зааснаас үзэхэд талуудын хооронд хийгдсэн шилжүүлэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийгдсэн түр зуурын шилжүүлэг байсан бөгөөд ямар нэгэн татвар ногдох орлогын харилцаа үүсгээгүй байхад татвар ногдуулсан нь хууль бус болжээ.

Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасан дээр дурдсан зарчмуудыг зөрчиж, үүргийн гүйцэтгэлийн хангах арга буюу барьцааны харилцааг үл хайхарч, зээлийн төлбөр тооцоог дуусгах тухай актад тусгагдсан 80,000 ам.долларыг иргэн Г.Б*******ыг компанийн 49 хувийн хувьцааг 3.Н*******ьд шилжүүлсний орлого (татварын суурь) гэж үзэж нөхөн ногдуулалтын актад уг дүнгээс нөхөн татвар, торгууль, алдангийг тооцсон нь татварын суурийг буруу тодорхойлсон, хууль зүйн үндэслэлгүй акт болсон гэж үзэж байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний дүн болох 80,000 ам.доллар нь анх зээлдэгч 3.Н*******ь нь зээлдүүлэгч Г.Б*******аас зээлж авсан мөнгө бөгөөд гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлсөн мөнгө болохоос Г.Б*******аас компанийн 49 хувийг шилжүүлэн авахдаа төлсөн төлбөр биш бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлсний дараа үндсэн Үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн авсан бодит үйл баримт тодорхой байдаг. Иймд, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн НА-252 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг дээр дурдсан хууль бус гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Үндэсний Аудитын газраас 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 03/86 дугаартай албан тоотоор Татварын ерөнхий газарт ирүүлсэн Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэл-д хийсэн аудитын шалгалтаар тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг Татварын. Ерөнхий газарт бүртгүүлээгүй, албан татвар ногдуулан төлөвгүй зөрчлийг арилгуулахаар албан шаардлага ирүүлсний дагуу Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нар 2523******* тоот томилолтыг үндэслэн Т ХХК-ийн 2019.01.01-2022.12.31 өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр татварын улсын байцаагчийн 252 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 64,116,720.00 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016.00 төгрөгийн торгууль, 12,823,344.00 төгрөгийн алданги, нийт 96,175,080.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Тайлбар: Татвар төлөгч нэхэмжлэлдээ татварын улсын байцаагч нар Т ХХК нь 2018 онд хувьцаа эзэмшигч 3.Н*******ь нь иргэн Б*******атай 80,000.00 ам долларын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувь иргэнд барьцаалах эрхгүй тул компанийн 49 хувийн хувьцааг буцааж авах эрхтэйгээр шилжүүлж, 2019 онд гэрээг дуусгавар болгон, барьцаанд тавьсан компанийн 49 хувийн эрхийг буцаан шилжүүлж авсан нь холбогдох гэрээгээр нотлогдож байна.

2018 онд хэрэгжиж байсан АМНАТ тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно" гэж заасан боловч тус компани нь хууль зөрчиж тусгай зөвшөөрлөө барьцаалсан. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийг барьцаалах гэсэн хуулийн заалт 2019 оны 03 сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Тус хуулийн 51.1. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж заасныг дахин зөрчсөн байна.

Энэ нь тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэрээ хийсэн гэдгээ Т ХХК-ийн захирал 3.Номуундарь нотолсон. Харилцагчтай хийсэн гэрээнээс үзэхэд.

Тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б*******а нь өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох бүхий л эрх, үүрэг, ашиг сонирхлыг эзэмшил, хяналтандаа авах эрх эдлэх, компанийн хувьцааны ашиг орлого, ногдол ашгийг хүртэх эрхтэй болохыг 2018 оны 09 сарын 12-ны өдөр хийгдсэн Хувьцаа шилжүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.3 дах заалтанд тодорхой тусгаж өгсөн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.13. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан нь компанийн тодорхой эрх шилжигдсэн байсан;

Тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмших эрх, тусгай зөвшөөрлийн 49 хувьд ногдох эрхийг буцаан 3.Н*******ьд шилжүүлсэн нь холбогдох төрийн байгууллагын буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 10 сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээнд Хувьцаа эзэмшигч 0 нэмэгдэж, 1 хасагдаж, хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн хуулийн этгээдийн гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтөөр нотлогдож байна.

Т ХХК нь харилцах дансгүй учир 80,000.00 ам.долларын зээлийг захирал 3.Н*******ь өөрийн хувийн харилцах дансаар авсан байна. 3.Н*******ьтай утсаар холбогдож зээлийн тухай лавлаж та хувийн харилцах дансаар авсан гэдгээ болон зээлийн зориулалт, зарцуулалтыг нотлох хэрэгтэй гэсэн боловч хувийн мэдээллийг өгөх боломжгүй гэсэн. Тус зээл нь хэрвээ хуульд заасны дагуу компанийн ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулахад зарцуулагдсан бол зардлын баримт буюу төлбөрийн баримтаар баталгаажих ёстой байсан боловч хяналт шалгалтын явцад төлбөрийн баримтаар нотлогдох зардал гараагүй болно. Үүнээс үзэхэд 80,000.00 ам.долларыг үндсэн үйл ажиллагаанд зориулаагүй гэж үзсэн.

Мөн 80,000.00 ам.долларын зээлд хэдэн төгрөгийн хүүгийн орлого олгосон нь тодорхойгүй, иргэн Б*******ад олгосон хүүгийн орлогоос татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд "Т" ХХК нь тусгай зөвшөөрлөө Татварын албаны зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт татвар төлсөн тодорхойлолтгүйгээр хувьцаа эзэмшигчийн нэмэлт өөрчлөлтийг хийлгэсэн.

Иймд татварын хяналт шалгалтаар 2019 онд 80,000.00 ам.доллараар /213,722,400.00 төгрөг/ иргэн Г.Б*******аас компанийн 49 хувийн хувьцаа, эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.16. суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.2.эрх борлуулсны орлого, 17 дугаар зүйлийн 17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар албан татвар ногдуулна гэж заасны дагуу 64,116,720.00 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016.00 төгрөгийн торгууль, 12,823,344.00 төгрөгийн алданги, нийт 96,175,080.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Т ХХК тус шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч нарын гаргасан, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн HA-252 дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчид 64,116,720.00 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016.00 төгрөгийн торгууль, 12,823,344.00 төгрөгийн алданги, нийт 96,175,080.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

- Т ХХК нь 1 гишүүнтэйгээр 2017 онд байгуулагдсан /үүсгэн байгуулагч-хувьцаа эзэмшигч З.Н*******ь/, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын Хавцгайн дэл, Төгрөг нуур-1 гэх газарт орших ашигт малтмалын ашиглалтын МҮ-02*******, MY-02******* дугаар тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг,

-2018 оны 9 сарын 12-ны өдөр З.Н*******ь нь иргэн Г.Б*******атай зээлийн гэрээ байгуулж 80 000 ам.доллар зээлэхээр, зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн, "Т" ХХК-ийн 49 хувийн хувьцаа болон тус компанийн ашигт малтмалын ашиглалтын МV-02******* тоот тусгай зөвшөөрлийг барьцаалахаар тохиролцон, мөн өдрөөр огноолон Барьцааны гэрээ-г мөн байгуулсан,

-Түүнчлэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын Компанийн хувьцааг шилжүүлэх тухай шийдвэрт иргэн З.Н*******ь нь компанийн нийт хувьцааны 51 хувийг, иргэн Г.Б*******а нь компанийн нийт хувьцааны 49 хувийг эзэмшдэг болохыг тэмдэглэн, Компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ Барьцааны гэрээ-ний дагуу хувьцаа эзэмшигч З.Н*******ь нь зээлийн барьцаанд компанийн 49 хувийн хувьцааг Г.Б*******ад шилжүүлсэн болохыг, дээрх гэрээгээр хүлээсэн З.Н*******ийн үүрэг дуусгавар болсон ба зээлийн гэрээний барьцаанд шилжүүлсэн 49 хувийн хувьцааг З.Н*******ьд буцаан шилжүүлэхээр тохиролцсоныг, компани нь Төв аймаг, Баянжаргалан сумын Хавцгай дэл гэх газарт ашигт малтмалын МV-02******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болохыг тэмдэглэн Г.Б*******ын эзэмшдэг 49 ширхэг энгийн хувьцааг З.Н*******ьд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн Т ХХК-ийн хувьцаа буцаан шилжүүлэх гэрээ-г иргэн Г.Б*******а, З.Н*******ь нар байгуулан дээрхи шийдвэрийн дагуу хувьцааг З.Н*******ьд шилжүүлэх, шилжүүлэн авагч нь компанийн хувьцааны эрхийг хүлээж авахаар тус тус тохиролцон Эрх шилжүүлэх гэрээг мөн өдрөөр огноолон байгуулсан, мөн 2019 оны 9 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг дуусгавар болгож төлбөр тооцоог дуусгах тухай акт үйлдсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.2-т эрх борлуулсны орлого, 8.2-т Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5-д эрх борлуулсны орлого гэж, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21 дүгээр зүйлийн 21.5-д Энэ хуулийн...17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ, 4.1.6-д суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтууд болон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2019 онд иргэн Г.Б*******аас компанийн 49 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлж авахдаа албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төлөөгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр тус компанид нөхөн төлбөр ногдуулсан Татварын байцаагч нарын акт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого-ыг эрх борлуулсны орлогод хамааруулахаар заасан, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлд 2018 онд өөрчлөлт оруулж нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч 1-ээр нэмэгдэж, мөн 2019 онд 1-ээр хасагдаж бүртгэгдсэн атлаа тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг Татварын ерөнхий газарт бүртгүүлээгүй, албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй болох нь Үндэсний Аудитын газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэл-д хийсэн аудитын шалгалтын дүнгээр тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч тухайлан маргаагүй.

Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч З.Н*******ь нь 80 000 ам.долларыг бусдаас зээлж авахдаа уг зээлийн барьцаанд өгсөн Т ХХК-ийн 49 хувийн хувьцааг бусдад /Г.Б*******ад/ шилжүүлэх замаар компани нь эрх шилжүүлсний орлого олсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасанчлан Төгрөг нуур девеломент ХХК-ийн 49 хувийн хувьцааг Г.Б*******аас 3.Н*******ьд шилжүүлж байгаа нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр З.Н*******ь, Г.Б*******а нарын хооронд байгуулсан 80 000 ам.долларын зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр үүссэн, нөгөө талаар тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ба тухайн компанийн эзэмшлийн хувьцааг 80 000 ам.долларын барьцаанд бусдад шилжүүлснээрээ эрх борлуулсны орлого олсон үйлдэлд хамаарна.

Нэхэмжлэгчээс эрх борлуулаагүй, хувьцаа бол эрх биш, хяналт шалгалтын хугацаанд хамаарахгүй тул 2018 онд байгуулсан гэрээнд үнэлэлт өгөх эрхгүй, нэгэнт 2018 оны гэрээнд үнэлэлт өгөх эрхгүй нөхцөлд уг гэрээний үр дүн болох 2019 оны гэрээг тусад нь салгаж авч үзэх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлан маргасан боловч эдгээр нь дараахь үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

Компанийн тухай хуулийн 32.1-д зааснаар хувьцаа нь хувьцаа эзэмшигчийн тухайн компанийн хувьд эдлэх эрх-ийг илэрхийлэхийн хувьд 80 000 ам.доллар зээлсний барьцаанд шилжүүлсэн компанийн хувьцааг Г.Б*******аас буцааж шилжүүлсэн үйлдлийг эрх борлуулсан гэж үзэх ба тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувь хүнд барьцаалсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагч нараас ...2018 оны гэрээний асуудал нь хяналт шалгалтын хугацаанд хамаарахгүй тул хөндөөгүй гэж тайлбарлан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад зөвхөн 2019 оны гэрээ буюу Г.Б*******аас З.Н*******ьд Т ХХК-ийн 49 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн асуудлыг зөрчилд тооцсон боловч энэ нь 2018 онд эдгээрийн хооронд байгуулсан гэрээний үр дүн болохын хувьд зайлшгүй дүгнэгдэх учиртай гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.

Иймд, татварын улсын байцаагчийн НА-252 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 232,750,103 00 төгрөгийн зөрчилд 64,116,720.00 төгрөгийн нөхөн татвар, 19,235,016.00 төгрөгийн торгууль, 12,823,344.00 төгрөгийн алданги, нийт 96,175,080.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцсэн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан Т ХХК-аас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Т, Н.Д нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-252 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН