Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Хохирогч С.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 1722001230001 тоот хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Хөшөөт 1-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бага дулаан овгийн Ж.Б /РД: ГВ68010919/ гэв.

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн  нутаг “Хөх овоо” гэх газарт иргэн С.Сувд-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, түүний нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017.10.30-ны өдөр хөдөө айлын найранд очсон. Найр хийсэн айлд хоноод 30-ны өглөө наашаа явах гэж машинд суухдаа би согтуу, мэдрэлгүй байсан. Сувд-Эрдэнийн нүүрэнд  өшиглөсөн гэдгийг маргааш нь Сувд-Эрдэнэ надад утсаар хэлсэн. Тэр үедээ хэлээгүй. Би болсон үйл явдлыг санахгүй байгаа учраас сууж явсан машиныхаа жолоочоос асуусан. Бидний сууж явсан машины жолооч “Сувд-Эрдэнэ ёо ёо гэсэн, өшиглөж байхыг чинь би хараагүй” гэж байсан.Би  унтаж байсан, өшиглөсөн гэдгээ мэдээгүй. Бидний хооронд хэрүүл зодоон болоогүй. Миний үйлдлээс болж Сувд-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ хийлгэсэн зардал 195.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэв.

2. Хохирогч С.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017.10.30-ны  өглөө 5 цаг өнгөрөөж Луус сум явж шинэ гэр барьж байгаа айлыг гэрийн модоо босгож байхад нь очсон. Найр нь  11, 12 цагийн үед эхэлсэн. Тэр айлд хоноод 31-ний өглөө наашаа явах гээд машинд суусан. Би пургонд сандал дээр сууж байхад Б гаднаас орж ирээд хажуугаар хэвтэж байгаад, удалгүй өндийж ирээд намайг харж байгаад өшиглөсөн. Хамраас цус гарах нь уу гэтэл гараагүй. Миний уур хүрээд  Бийн цүнхтэй хувцсыг нь авч шидээд, машинаас түлхэж буулгасан. Эмч нар Улаанбаатар хот явж үзүүл гэсэн. Эмчилгээ хийлгэсэн болон Улаанбаатар хот явах зардалд 1 сая төгрөг  гаргуулж авна. Эмчилгээний зардал 195.000 төгрөг  хүлээн авсан. Үүнийг нэхэмжилж байгаа 1 сая төгрөгөөс хасч тооцно...” гэв.

3. Гэрч Д.Мөнхсаруулын: “...Би 2017 оны 10 сарын 31-ний өглөө 8 цагийн үед машин  дотроо сууж байтал Сувд-Эрдэнэ хүүхдээ аваад хойд заланд сандал тавиад сууж байсан. Тэгсэн чинь Б нь хувцасаа бариад би та хэдтэй явна аа гээд машинд суусан. Тэгтэл төд удалгүй Сувд-Эрдэнэ нь ёоо миний нүүр лүү  өшиглөчихлөө гээд түлхээд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

4. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 170200327 тоот дүгнэлтэд: “ ...С.Сувд-Эрдэнийн биед хамрын таславч цуурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна ..”  гэсэн  дүгнэлт  /хх-ийн 12/

5. Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн  нутаг “Хөх овоо” гэх газарт иргэн С.Сувд-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, түүний нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч Ж.Б нь тухайн үед согтуу байсан учраас үйл явдлыг санахгүй байна, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...”  гэж заасан байх тул түүнийг болгоомжгүйгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэж  үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 195000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч С.Сувд-Эрдэнэ нь эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал нийт 1 сая төгрөгийг  нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч 193732 төгрөгийн  баримтыг хэрэгт хавсаргажээ.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг /195000 төгрөг/ шүүх хуралдааны шатанд төлсөн ба хохирогч С.Сувд-Эрдэнэ нь 805.000 төгрөгт холбогдох зардлын талаархи баримтаа  ирүүлээгүй байх  тул хэлэлцэхгүй орхилоо.

Хохирогч С.Сувд-Эрдэнэ нь  хэлэлцээгүй орхисон зардлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх  эрхтэй болохыг  дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б овгийн Ж-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 

4.Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 195000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1,505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлээс 805000 /намайн зуун таван/ мянган  төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2, 36.5 дугаар зүйлийн 2-т тус тус хохирогч С.Сувд-Эрдэнэ хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг  хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ