Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.,

Маргааны төрөл: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагчаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ад холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д. нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ХХК /РД:/ нь зохих тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгууль, 318,508,720 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш. нь удирдамжийн дагуу Н******* дүүргийн 5 дугаар хороонд хяналт шалгалт хийх явцад “М” ХХК-ийн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг илрүүлж, уг үйлдлийг шалгуулахаар геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн харьяаллын дагуу гаргасан гомдол мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын байцаагч Д. хүлээн авч, Н******* дүүргийн 5 дугаар хороонд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний ордод “М” ХХК нь зохих тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, “М” ХХК нь зохих тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулжээ.

4. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1895 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн боловч тогтоосон хугацаанд гомдол гаргагчаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй тул нэхэмжлэлийг буцаасан байна.

4.1. Ийнхүү гомдол гаргагчаас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. 

5. Гомдол гаргагч “М” ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Манай компани Н******* дүүргийн З******* гэх нэртэй газарт байрлах 32 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 30 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн.

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсантай холбоотойгоор манай компани нь тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор дээрх хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн эрх бүхий байгууллагаас хил заагуудыг тогтоох ажиллагаа явуулсны дагуу 2014 оны 174 дүгээр шийдвэрээр манай компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломж бүрдсэн.

Үүний дараагаар буюу 2014 оноос эхлэн албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, жил бүр уулын ажлын төлөвлөгөөг холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулан үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний А/609 дүгээр захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд захирамжийн үндэслэлээ “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэж дурдсан байсан.

Манай компанийн зүгээс дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани уг газарт хэвийн олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан нь шүүхээс явуулсан үзлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тус тус тогтоогдсон. Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/0559 дугаартай захирамжаар “талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Дээрх эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчид хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлж, баримт бичиг бүрдүүлэх явц нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралтай байсны улмаас тодорхой хугацааг алдаж 2019 оны 05 дугаар сард холбогдох баримтыг бүрдүүлж хүргүүлэн хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-ний үүргээ биелүүлсэн талаар тайлбар нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан боловч бид мэдүүлэгтээ эвлэрлийн гэрээний үүргээ Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлсэн эсэх талаар тодруулга авах талаар хэлсэн боловч тэдгээр ажиллагааг хийлгүй шууд зөрчлийн торгууль бичсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Гэтэл 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын байцаагч Д.аас “танай компани тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчлийн хэрэг нээж байгаа” гэж мэдэгдэн зөрчил шалган шийдвэрлэхдээ дутуу ажиллагаа явуулж үндэслэлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг манай компанид оноож, учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ингээд бид 2025 оны 03 дугаар сарын 13-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох шийдвэрийг шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2025/1895 дугаартай захирамж гаргаж бүрдүүлбэр хангаж дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар шийдвэрлэсний дагуу бүрдүүлбэрийг ханган шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж байна.

Нийслэлийн байгаль орчны газраас манай компанийн ажилтан гэх А.Чд гардуулсан талаар баримт бүрдүүлжээ. Гэтэл иргэн А.Ч нь манай компанийн ажилтан биш, нэг хаягт хамт оффис түрээсэлдэг “Б” ХХК-ийн ажилтан бөгөөд шуудангийн материалыг өөрийн компанийн бичиг баримт хэмээн андуурч гарын үсэг зурж авсан байна.

Доорх хавсралтад Нийслэлийн байгаль орчны газрын байцаагч Д.ын шийтгэлийн хуудсыг албан ёсоор манай компанид гардуулаагүй талаарх нотлох баримтыг хүргүүлж байна. Манай компани дээр ямар нэгэн ажилтан байхгүй ба зөвхөн гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд л гардан авахаар байна. Энэ талаарх татварын тодорхойлолтыг мөн хавсарган хүргүүлж байна.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

6. Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК анх 2017 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль батлагдаад хэрэгжих үед ашигт малтмалын газраас нийслэл рүү харьяалах явцдаа төрийн байгууллагын ажилтнуудын алдаатай үйлдлээс болоод уг жагсаалтад хамрагдсан. Учир нь манайх 2008 онд тусгай зөвшөөрлөө аваад 2009 онд урт нэртэй хуулиар түдгэлзэлд ороод 2012-2014 оны хооронд гол усны газар орсон хэсгээ хасуулж шинээр кадастрын цэг тогтоолгоод 2014 оноос үйл ажиллагаагаа явуулаад эхэлж байтал 2017 онд жагсаалтад оруулахдаа тусгай зөвшөөрөл авснаас хойш буюу 2008 оноос хойш 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн төрийн байгууллагын ажилтнуудын алдаанаас болж манай тусгай зөвшөөрөл анх цуцлагдсан. Бид энэ талаар тухайн үедээ Нийслэлийн Засаг даргад хэлээд компаниуд шүүхэд маргаан үүсгээд явахад шүүхээс талбай дээр очиж үзээд үйл ажиллагаа явуулж байсныг, 2014-2016 онуудад уулын ажлын төлөвлөгөө, тайлан зэрэг бүх бичиг баримтын бүрдэл хангагдсан байхад алдаатай шийдвэр нэгэнт гарсан тул шүүхээр шийдвэрлэхээс өөр аргагүй гэж үзсэн. Ингээд шүүхээр явж байх явцад 2017 онд нийслэлийн зүгээс эвлэрье гэдэг санал ирснээр компаниудтай эвлэрсэн. Эвлэрэхдээ тодорхой хэмжээний нөхцөл шаардлагуудыг тавьсан. Манай зүгээс шүүхээс бичгээ гаргуулчихвал бичиг баримтын хувьд асуудалгүй байсан учир эвлэрлийн гэрээнд асуудал дэвшүүлэлгүйгээр 2018 онд бүх компаниуд эвлэрсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл хугацаанд 4 Засаг даргын нүүр үзэж бүтэн 8 жил манай байгууллага хүндрэлтэй байдалд үйл ажиллагаагаа явуулсан. 2018 онд Су.******* Засаг дарга байсан үед Тамгын газраас бичиг баримтыг чинь буруу гаргасан учраас эвлэрье гэж хүмүүс ирж уулзсан. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр н.Амарсайхан дарга томилогдсоноор бүх дарга, цэрэг нь дахиад солигдсон. 2018 онд эвлэрсэн, бүх бичиг баримтууд бүрдлээ хангасан учир үйл ажиллагаагаа явуулъя гээд үйл ажиллагаагаа явуулж байтал танайхыг зөвшөөрөхгүй гэсэн. Бичиг баримтыг маань 2022 онд авчихсан. 2022 онд Д. Засаг даргын үед би шүүхийн шийдвэрээс албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна, үүнийг албадан сэргээ гэсэн албан бичгүүд удаа дараа бичсэн. 2022 оны 10 дугаар сард захирамжтай холбоотой ажлын хэсгийн тусгай зөвшөөрөл сэргээх бичиг боловсруулж байх явцдаа алга болчихсон. Бид дахиад шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар явсан. Юу нь болохгүй байгаа юм бэ? гэсэн чинь албадан гүйцэтгүүлэх тухай үг үсэг байхгүй байгаа учир болохгүй байна гэдэг тайлбар хэлсэн. Тийм учраас бид 2024 оны 12 дугаар сард шүүхэд албадан гүйцэтгүүлмээр байна гэж хүсэлт гаргаад, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан. Ингэснээр 02 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх бичиг очиж 3 сарын дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/609 дугаартай захирамжаар сэргээсэн. Сэргээх үндэслэлдээ манай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн захирамж, сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжийг үндэслэл болгон албадан сэргээсэн байдаг. Энэ хугацаанд би Д. байцаагчид удаа дараа бид шүүх дээр маргаан үүсгээд ялчихсан, захирамж гарах хугацаа нь надаас шалтгаалахгүй, та эрх мэдлийнхээ хүрээнд заавал ингэж хүнд ажил удах ямар хэрэг байгаа юм бэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраасаа асуу, Засаг даргатайгаа уулз, хуульч нартайгаа зөвлөлд, ямар нэгэн байдлаар бидэнд цагаан дээр хараар бичсэн хууль дүрэм үйлчилж байгаа, нийгмийн бүрэлдэхүүн хэсэг ч гэсэн нийгэм өөрөө хүний харилцаан дээр тогтдог учраас би танд учирлаад хэлж байна гэсэн. Гэтэл хариуд нь “үгүй” гэсэн. Би яагаад шүүхэд өөрөө ирж оролцож энэ бүхнийг хэлж байгаа вэ гэвэл тэр манай зөвшөөрлийг эс үйлдэхүй буюу нийслэлийн тухайн үе үеийн Засаг дарга захирамжилж гаргахгүй байсан. Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Манайхыг системээс үндэслэлгүйгээр 2017 оны А/609 дүгээр захирамжаар хассан гэж байгаа юм. 2022 онд хассан байдаг. Би тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс лавлагаа очиж авахад 2022 оны 02 дугаар сард 2017 оны А/609 дугаартай захирамжаар системээс манайхыг хас гэсэн байсан. Хасангуут 2 компани манай талбай дээр шууд хайгуулын өргөдөл өгсөн байдаг. Гэтэл хайгуулын өргөдөл өгсөн компани нь сая манайхыг гуравдагчаар татаад шүүхэд хандсан байна. Тухайн компани Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаад манайх хайгуулын өргөдөл өгсөн учраас “М” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн байсан. Яагаад өнөөдрийг хүртэл удаж 2025 он гэхээр бүтэн 8 жил үргэлжилсэн юм. Яагаад 2022 оноос хойш эрчимтэй байн байн байцаагч явуулаад торгоод байгаа юм. Үнэндээ удирдлага буюу газрын дарга нартай нь, удирдлага, орлогч зөвлөхүүдтэй уулзаад учир байдлаа тайлбарлаад хэлэхээр “танайхыг булаацалдаад байгаа хүн байхгүй, ямар сонин юм” гэдэг. Яагаад удаашруулаад байсан шалтгаан нь өнөөдөр харагдаж байна. Шүүхэд хандсан “Н*******” ХХК-тай Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд эсвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж би хардаж эхэлсэн. Тийм учраас энэ талаараа би тэр айлтай шүүхийнхээ маргааны тайлбар дээр хэлэх ёстой гэж бодоод байгаа. Би зөвшөөрлөө сэргээгээд хэвийн үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлээд явъя гэж бодож байтал янз янзын асуудлууд гарч ирээд байгаа учраас иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй учраас энэ бүх холбоотой хүмүүсийг тогтоолгох талаар хуулийн байгууллагад хандъя гэж бодож байгаа. Тэгээд энэ актыг гаргасан. Тэгээд учир байдлаа хэлсэн, мөн манайх 2017 оноос хойш 1 ч удаа зөвшөөрлийн төлбөрөө хойшлуулаагүй хугацаанд төлсөн. Бичилт хийх эрх нь Нийслэлийн Байгаль орчны газарт буюу Байгаль орчны газрын дарга нар зурж, тамгалж баталгаажуулах ёстой. Манай хуучин гэрчилгээ буюу эх хувийг нь авчхаад алга болчихсон гэж байгаа. Тэгээд нөхөн бичилт хийнэ гэсэн. Төрийн байгууллага буюу Нийслэлийн Байгаль орчны газар миний бичиг баримтыг 2021 оны 12 дугаар сард хурааж аваад 2022 онд системээс хасаад, миний бичиг баримтын эх хувь алга болчихсон гэж байгаа юм. Сая 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэргээсэн захирамж гарсны дараа бичиг баримтаа авах гэсэн чинь байхгүй. Бүтэн 2 сар араас нь явж байж одоо нөхөн бичилт хийж байгаа гэж байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нөхөн бичилтээр манай сунгалтыг дарсан байсан. Түүнээс хойш эс үйлдэхүй гаргаад дардаггүй. Тэгээд бичиг баримт авахдаа 2017-2021 оныхыг чинь нөхөж тамгалж өгнө гэж худлаа хэлж авсан. Тухайн н.Ц******* гэдэг ажилтныг хүмүүсийн бичиг баримт авсан, хүмүүсийн ажилд шантааж үүсгэж эс үйлдэхүйгээр хүмүүсийг дарамталж ийм байдлаар мөнгө төгрөг авдаг байсан байж болзошгүй гэдэг байдлаар ажлаас нь халсан байсан. Бурууг ганцхан н.Ц*******ад үүрүүлээд бусад хүмүүс нь өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Дотроо намайг “М” ХХК-ийн Б.Н гэдэг эмэгтэй бол хэлтэй, амтай бараг чөтгөр шулам мэт үздэг. Гэтэл би өнөөдрийн байдлаар “М” ХХК-д 2018 онд эвлэрэл баталснаас хойш 800,000,000 төгрөг гаруй хөрөнгө оруулалт хийгээд шинэ 3 ковш авсан, бүтэн шинэ БНСУ-н шигшүүр авсан. Энэ бүхнийгээ хүртэл ажиллуулж хөдөлгөх гэсээр байтал өнгөрсөн жилийн их усаар усанд автаад асар их хэмжээний хохирол хүлээсэн байгаа. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд хохирлоо хэнээс нэхэмжлэх вэ гэсэн чинь Нийслэлийн Засаг даргаас нэхэмжилж болно гэсэн. Нийслэлийн Засаг дарга буруутай нь тогтоогдвол буруутай албан тушаалтнуудад нь хариуцлагыг үүрүүлдэг зарчмаар явдаг гэж хуулийн зөвлөгөө өгсөн. Би өнөөдрийг хүртэл явахдаа улсаас 1 ч төгрөг аваагүй өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийгээд, өөрсдөө олборлоод, татвараа төлөөд, тайлангаа мэдүүлээд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө жил болгон тайлангаар мэдээлж явдаг. Ийм байхад давхар торгууль хүлээлгээд, энгийн бизнес эрхлэгч хүнийг өчнөөн зуун сая төгрөгөөр 8 жил хохироочхоод “танайх буруутай торгоно” гэж байгаа. Би энэ үндэслэлийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Хүний ёсноос гажууд үйлдлүүдийг Нийслэлийн Байгаль орчны мэргэжилтнүүд гаргаад байгаа учраас би маш их гомдож байгаа. Би өөрөө доороо өчнөөн ажилтнуудтай. Манайх ганцхан элс хайрга гэхгүй хотод үйлдвэр эрхэлдэг. Ямар ч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч өсөн дэмждэг байтал сүүлийн үед төрийн албан хаагчдын хүнд суртал, буруутай ажил, ажлаа мэддэггүй байдал, нарийвчлан шинжлэн судалдаггүй хүн ёсноос хөндий байдлаар ажилласнаас болж маш олон бизнес эрхлэгчид хохироод байна. Аргаа бараад захиргааны шүүх, иргэний шүүхээр бизнес эрхлэгчид явж байгаа. Хэвийн ажиллаж байхад данс хүртэл хаадаг, барьдаг. Энэ нь хэрэгт хамааралгүй ч гэхдээ ийм байдлаар өнөөдрийг хүрч байгаа. Захиргааны хэргийн шүүхийг би төрийн байгууллагын алдааг илрүүлдэг маш сайн байгууллага гэж үздэг учраас захиргааныхаа шүүхэд хандсан. Байцаагчид өөрөө Засаг дарга руугаа хандаад шийтгэлийн хуудсаа хүчингүй болгох эрх зүйн үндэслэл нь байхад “үгүй” гэж гүрийгээд байгаа нь нэг талдаа өнөөдөр төрийн албан хаагч нар чинь худлаа дүрэм хууль ярьж хүмүүсийг буланд шахаж зориудаар авлигал, хээл хахуулийн үүд хаалгыг нээдэг зарчим руу орчихсон. Энэ бол хэнд ч ил тод байгаа. Зөндөө олон бизнес эрхлэгчид бид аргаа бараад энийг таньдаг хүн байна уу, ах дүү нь байна уу гээд хайгаад явж байдаг.  Би өөрөө ХБНГУ-д сургууль төгссөн учраас тийм юманд дургүй, энэ асуудлаар шүүхээрээ шийдүүлэхээр явсаар байгаад бүтэн 8 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.” гэжээ.

7. Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аливаа улсын байцаагчаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Д. байцаагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан үйл ажиллагаа болон зарчмын нэгийг ч хэрэгжүүлээгүй гэж үзээд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг нь хэрэглэх эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж зохицуулсан байгаа. 42 дугаар зүйлийн 42.2-т хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан. Зөрчлийн хэрэг маргаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Б.Наас мэдүүлэг авсан. Б.Н юу гэж мэдүүлдэг вэ гэхээр хэрэв улсын байцаагч та Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийг үндэслэж шийдвэр гаргах гэж байгаа бол энэ захирамж өнөөдрийн байдлаар эрх зүйн үйлчлэлтэй эсэхийг тодруулаарай гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Гэтэл улсын байцаагч Д.аас зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт үндэслээд шийтгэлийн хуудсыг гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч тухайн үед юу хүсээд байсан бэ гэхээр Нийслэлийн засаг даргатай эвлэрсэн эвлэрлийн гэрээ баталгаажуулсан шүүхийн шийдвэрийн дагуу хэн нь үүргээ гүйцэтгээгүй байсан, хэн нь үүргээ умартаж эс үйлдэхүй гаргасан, нэхэмжлэгч “М” ХХК-иас үл хамаарах шалтгаан байна уу, байхгүй юу, тусгай зөвшөөрлөө гаргаж аваагүй шалтгаан нь юу байгаа юм гэдгийг бодитой байдлаар тодруулаагүй байна гэж үзээд байгаа юм. Нөгөө талаас Д. байцаагч өмнөх шүүх хуралдаанд эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг зөрчлийн хэрэгт авч шалгасан гэдэг. Энэ эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл алдагдсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй гардаг гэдэг агуулгаар өмнөх шүүх хуралдаанд тайлбарлачихсан. Хэн нь үүргээ биелүүлээгүй, хэн нь үүргээ биелүүлсэн эсэх талаар Д. байцаагчаас тодруулаагүй, бодит байдал дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл программ байхгүй мөртөө цаасан хэлбэрээр тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцсон асуудал байгаа учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Магадгүй өнөөдөр программ дээр бүртгэлгүй байсан байж болно. Өнөөдөр бүртгэгдсэн нь эргэлзээтэй нөхцөл байгаа гэж үзэж байгаа бол шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Д. байцаагч Нийслэлийн Засаг даргаас тодруулах замаар ахиж шинэ акт гаргах боломжийг байцаагчид олгож өгөөсэй гэж шүүхээс хүсэж байна.” гэжээ.

8. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д. би Н******* дүүргийн 5 дугаар хороо З*******ны элс гэх газарт “М” ХХК / РД: / нь зохих тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх ******* дугаартай зөрчлийн хэргийг хянаж 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар 2000 нэгжийн торгууль, 318,508,720 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

“М” ХХК-ийн MV-******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсан. Тус компани нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, холбогдогч нараас авсан мэдүүлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, зөрчил гарсан талбай дээр үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол тогтоосон баримт, өмнөх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хуулбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байгаа.

1. 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.аас “Танай компани тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчлийн хэрэг нээж байгаа” гэж мэдэгдэн зөрчил шалган шийдвэрлэхдээ дутуу ажиллагаа явуулж үндэслэлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг манай компанид оноож, учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзжээ.

Үүнд хариу тайлбар гаргах нь:

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харьяаллын дагуу ирсэн “Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжаар цуцлагдсан “М” ХХК-ийн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон тэдгээрт холбогдох дүрэм, журмын хүрээнд үзлэг шалгалт хийж, үзлэг шалгалтын үеэр цуцлагдсан талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт явагдаж байгаа нь тогтоогдсон тул, үйл ажиллагааг зогсоож, талбайд байсан машин техникүүдийг талбайгаас гаргаж, үзлэг шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, зурагжуулан баримтжуулж, талбайг хариуцаж байгаа “М” ХХК-ийн гэрээний ажилтан С.Г*******т хариуцсан хүн, хуулийн этгээдийн эзэмшигч нь ирж тайлбар мэдүүлэг өгөх дуудах хуудсыг өгч явсан. Дараа нь холбоо барих утас руу тайлбар, мэдүүлэг авахаар удаа дараа залгасан ч өнөө, маргааш очно гэсээр байгаад бүүр сүүлд нь дуудан ирүүлэх хуудсыг 2024 оны 12 дугаар сарын 09, 16, 25-нд явуулж байгаад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгчтэй хамт ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.

“М” ХХК тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх 2023 оны 6 сард зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/MA2024/0025 дугаартай магадлалаар шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр батлагдсан байна. “М” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь сэргээгдээгүй, шийтгэл оногдуулж үйл ажиллагааг зогсоосон байхад. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд: түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан/-ыг зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2024 оны 11 сард давтан үйлдсэн.

2. Нийслэлийн байгаль орчны газраас манай компанийн ажилтан гэх А.Чд гардуулсан талаар баримт бүрдүүлжээ. Гэтэл иргэн А.Ч нь манай компанийн ажилтан биш, нэг хаягт хамт оффис түрээсэлдэг “Б” ХХК-ийн ажилтан бөгөөд шуудангийн материалыг өөрийн компанийн бичиг баримт хэмээн андуурч гарын үсэг зурж авсан байна гэжээ.

Үүнд хариу тайлбар гаргах нь:

- Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-д ******* дугаартай утас руу нь 2402000756 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дууссан талаар танилцуулах гэж харилцаа холбооны хэрэгслээр 2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр удаа дараа холбогдоход утсаа аваагүй, хариу өгөөгүй болно. Мөн түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 19 минутад холбогдогч Б.Нын холбоо барих ******* дугаартай утас руу “Зөрчлийн 2402000756 дугаартай хэргийн материалыг шалгаж дууссан тул тухайн хэргийн материалтай ирж танилцана уу” гэсэн мессежийг явуулсан.

2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд холбогдогч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нын холбоо барих ******* дугаартай утас руу холбогдоход утсаа аваагүй, хариу өгөөгүй, хавтаст хэргийн материалыг танилцуулахад ирээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.6 /Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ/-д зааснаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг шуудангаар хүргүүлсэн болно.

- Холбогдогч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь утсаа аваагүй, мессеж бичсэн хариу өгөөгүй учир харилцаа холбооны хэрэгсэл ашиглан шуудангаар гардуулах бичигтэй хүргүүлсэн. Харин хүлээн авч гарын үсэг зурсан ажилтан А.Ч нь “М” ХХК-ийн үндсэн ажилтан мөн эсвэл биш тогтоох байгууллага бус учир тодруулах боломжгүй байна. Шуудангийн байгууллага гарт хүргүүлэх бичгийн буцах хэсгийг манай байгууллагад хүргэж өгсөн ба ажилтанд нь гардуулсан гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн.” гэжээ.

9. Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын геологи, уурхайн хяналтын байцаагч Д.аас танай компани тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчлийн хэрэг нээж байгаа гэж мэдэгдэж зөрчил шалган шийдвэрлэхдээ дутуу ажиллагаа явуулж, хуулийн үндэслэлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг манай компанид оноож учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзсэн.

Энэ нэхэмжлэлийн хүрээнд яримаар байна. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн харьяаллын дагуу ирсэн Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар цуцлагдсан “М” ХХК нь талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байна гэх гомдол мэдээллийн дагуу Төрийн хяналт, шалгалтын тухай тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон тэдгээртэй холбогдох дүрэм журмын хүрээнд үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтын үеэр цуцлагдсан талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт явагдаж байгаа нь тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоож талбайд байсан машин техникүүдийг талбайгаас гаргаж, үзлэг шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, зурагжуулан баримтжуулж талбайг хариуцаж байгаа “М” ХХК-ийн гэрээний ажилтан С.Г*******т хариуцсан хүн, хуулийн этгээдийн эзэмшигч нь ирж тайлбар мэдүүлэг өгөх дуудах хуудсыг өгч явсан.

Дараа нь холбоо барих утас руу тайлбар мэдүүлэг авахаар удаа дараа залгасан ч “өнөө маргааш очно” гэсээр байгаад сүүлд нь дуудан ирүүлэх хуудсыг 2024 оны 12 дугаар сарын 09, 16, 25-ны өдрүүдэд явуулж байгаад 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгчтэй хамт ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Ямар байдлаар хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл үйл ажиллагааг нь зогсоосон байхад одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юу гэхэд эвлэрлийн журмаар захирамж нь бүрэн болсон гэсэн утгаар тайлбар өгсөн. Нэг ёсондоо үйл ажиллагааг зогсоогоогүй, байнга явуулж байсан гэсэн үг юм. Энэ үндэслэлээр нь авч үзвэл газрын хэвлий болоод газар нь төрийн өмч юм. Төрийн өмчид зөвшөөрөлгүйгээр хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Нэгдүгээрт төрийн өмчид халдсан гэж үзэж байна. Төрийн өмчийг хувьдаа ашигласан. Яагаад гэвэл түүнээс хойш ашиглаж байх хугацаандаа татвар төлөөгүй гэдэг нь батлагдсан. Хоёрдугаарт эвлэрлийн гэрээгээр далимдуулаад цохилдуулсаар байгаад тухайн үед албан хаагч нараар 2 удаа гэрээгээ сунгуулсан байсан. Түүнээс сунгагдаагүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үзлэг шалгалтын үеэр тэмдэглэл хөтлөөд материалуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. “М” ХХК нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг 2023 оны 06 дугаар дугаар сард зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2024/0025 дугаартай магадлалаар шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр батлагдсан.

“М” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргээгдээгүй, шийтгэл оногдуулж үйл ажиллагаа зогсоосон байхад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон эсхүл борлуулсан гэдгийг зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сард давтан үйлдсэн. Би шалгаж үзэхдээ давтан үйлдсэн гэж тогтоосон ч холбогдогчийн өгсөн мэдүүлгээр давтан үйлдэх бус үйл ажиллагааг ерөөсөө зогсоогоогүй гэдгийг бүрэн илэрхийлсэн. Үйл ажиллагаагаа зогсоолгүй тухайн талбайдаа олборлолт хийж, нийлүүлсэн үйл ажиллагаа явуулж байж улсад төлсөн татваргүй, авсан зөвшөөрөлгүй. Зөвшөөрлүүд нь хянагдаж батлагдаагүй нөхцөлд үйл ажиллагааг дур мэдэн явуулсан гэсэн үндэслэлийг авч байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийн 35.1 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. 35.3-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг уурхай дээр байлгана. 35.3.1-д ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, 35.3.2-т ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, 35.3.3-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 35.3.4-д байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 35.3.5-д хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ, 35.3.6-д уурхайн талбайн хилийг тогтоож байнгын шав тэмдэг тавьсан акт, 35.3.7-д газар, ус ашиглах тухай гэрээ байгуулах гэсэн заалтуудыг зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Яагаад гэвэл зөвшөөрөл нь батлагдаагүй байхад эдгээрийг баталгаажуулах боломжгүй учир угаасаа байхгүй гэж үзнэ.

Хоёрдугаарт эрх нь сэргээгдээгүй учир үйл ажиллагаа бүх төлөвлөгөө, зөвшөөрөл нь гараагүй. Ийм байхад үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явуулсныхаа үндсэн дээр олсон ашиг орлого, санхүүгийн тайлан, татварын тайлан өгөөгүй, татвар төлөгдөөгүй, татвар хуримтлагдсан нь нэхэмжлэлдээ байж байгаа гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар батлагдсан эвлэрлийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 2 тоот шийдвэрээр “М” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан боловч огноо нь тодорхойгүй. Өмнө нь хэлсэнчлэн цохилдуулаад гэрээ батлуулсан. Хоёрдугаарт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлсөн баримт ирүүлээгүй буюу байхгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны нөхөн сэргээх баталгаа, барьцаа хөрөнгө байршуулсан талаар мэдээлэл ирүүлээгүй буюу байршуулаагүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэхээр мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд хянан баталгаа хийлгээгүй гэх үндэслэлээр тус эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байна. 2 тоот шийдвэрээр ингэж дүгнэсэн байдалтай байхад би энэ байгууллагын зөвшөөрөл бүх юм нь эвлэрлийн гэрээгээр хүчин төгөлдөр юм байна. Юу ч батлуулаагүй байсан ч, удирдах боловсон хүчин, зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болоод хэлмэгдээд байна, торгох ёсгүй, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёсгүй гэж хойшоо хараад хууль зөрчөөд суух боломжгүй байсан тул хуулийн үндсэн дээр зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг шат дараатай явуулсан.

Энэ хугацаанд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрсөн нь мөн илэрч байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл. Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах, 6.1-д Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна. Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл нь байхгүй байсан болохоор төрийн өмчид халдсан гэж нэгдүгээрт үзнэ. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 24 дүгээр зүйлийн 24.2-т хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 24.2.1-д тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтыг хүртэл зөвшөөрөлгүй нөхцөлд зөрчиж үйлдсэн гэж үзэх магадлалтай байгаа.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:” 1 дэх хэсгийн 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан;” гэж зааснаар гомдол гаргагч “М” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр акт тавьж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
  2. Гомдол гаргагч талаас гомдлын шаардлагын үндэслэлээ “... Эвлэрлийн гэрээний 2.5-д зааснаар сэргэсэнд тооцно гэсэн зохицуулалт байгаа. Сэргэсэнд тооцно гэдэг зохицуулалтыг манайх хангасан болоод үйл ажиллагаагаа явуулаад байгаа. Сэргэсэнд тооцно гэдгийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээсэн, хариуцагчаас эвлэрлийн гэрээг хянан үзэж тодруулах ёстой байхад энэ ажиллагааг хийлгүй акт тогтоосон ...” гэж тайлбарлан маргадаг.
  3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш. нь удирдамжийн дагуу Н******* дүүргийн 5 дугаар хороонд хяналт шалгалт хийх явцад “М” ХХК-ийн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг шалгуулахаар ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу улсын байцаагч Д. хяналт шалгалт явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаарМ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй элсний олборлолт хийсэн гэх зөрчилд 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 318.508.720 /гурван зуун арван найман сая таван зуун найман мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол гаргуулахаар шийтгэл оногдуулсан байна.
  4. “М” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулан шүүхэд маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
    1. Дээрх эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх, үүргийг зааж, ийнхүү биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч “М” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэнд тооцохоор тусгаж, гэрээг байгуулснаас хойш 3 сарын дотор гэрээнд заасан үүргийг бүрэн гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.
    2. Тодруулбал, тус гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2.1.1 уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/, 2.1.2 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх, 2.1.3 гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газраар тодорхойлолт гаргуулах ба талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг нийслэлийн Байгаль орчны газарт гаргаж өгөх, 2.1.4 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газрын шаардлагыг тухай бүрд биелүүлж ажиллах гэсэн үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж, харин гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь 2.2.1 нэхэмжлэгч тал гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх, 2.2.2 нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь холбогдох баримт бичгийг шуурхай хүлээн авах, шийдвэрлэх, 2.2.3 нэхэмжлэгчийн хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах гэж заасан үүргийг хүлээжээ.
    3. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжаар баталсан Эвлэрлийн гэрээний биелэлт болон нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл сэргээхтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаан үүссэн бөгөөд тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлалаар хэвээр үлдээж, мөн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр “нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3081 дугаартай “М” ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаар магадлалаар хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.
    4. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлалд “... “эвлэрлийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэхийг шалгавал гэрээний 2.1.1-д заасан үүргээс “газрын төлбөрийн баримтын хуулбар”-ыг бүрдүүлэх үүргээ, 2.1.2-т заасан “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх” үүргээ тус тус биелүүлээгүй болох нь тогтоогдож байна...” гэж, мөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаар магадлалд “...нэхэмжлэгчид хүргүүлсэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг шүүхээс дээр дурдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5-д заасныг зөрчсөн хууль бус татгалзал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн уг хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлөө хууль ёсны дагуу сэргээлгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна...” гэж тус тус дүгнэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул эдгээр үндэслэлд дахин дүгнэлт хийхгүй болно.
    5. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгч тал бүрэн биелүүлээгүй болон тусгай зөвшөөрөл сэргээх боломжгүй талаарх нөхцөл байдлуудыг шүүхээс тогтоосон.  
  5. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/609 тоот захирамжаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн байх боловч маргаан гарах үед Нийслэлийн Засаг даргаас “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлгүй гэдгээ илэрхийлэн маргаж, тусгай зөвшөөрөл сэргээхээс татгалзсан шийдвэр нь шүүхийн шийдвэрүүдээр хүчин төгөлдөр болсон тул тусгай зөвшөөрлийг сэргээсэнд тооцох тухай гэрээний заалт хэрэгжих боломжгүй байсан нь тодорхой байна.
  6.  Улмаар хариуцагчаас нэхэмжлэгчид шийтгэлийн хуудас оногдуулах тухайн хугацаанд нэхэмжлэгч компанийн эзэмшил бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас сэргээгээгүй байсан нь тогтоогдож байна.
  7. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. 25.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана: 25.2.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар; 25.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан; 25.2.3.сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө. 25.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ. Ашигт  малтмалын тухай хуулийн 35.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана: 35.3.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар; 35.3.2.ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө; 35.3.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; 35.3.4. байгаль орчны менежментийн төлөвлөгөө; 35.3.5.хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ; 35.3.6.уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт; 35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ гэж тус тус заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд түгээмэл тархацтай ашиг малтмалыг ашиглахад зайлшгүй шаардагдах дээрх ажиллагааг нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй тохиолдолд ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх болон үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн гэж үзэх боломжгүй юм.
  8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулах хугацаанд “М” ХХК-ийн эзэмшил бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас сэргээгээгүй байх тул хариуцагчаас тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчилд шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
  9. Гомдол гаргагчаас шүүх хуралдаанд “... Нийслэлийн Засаг даргын 2017 оны А609 дүгээр захирамжаар газрыг эрхийг дуусгавар болгосноос хойш хэвийн үйл ажиллагааг явуулж байсан, үйл ажиллагаагаа зогсоогоогүй..” гэж тайлбарладаг боловч Нийслэлийн Засаг даргаас А/609 дүгээр захирамж гарснаар гомдол гаргагчийн тусгай зөвшөөрөл дуусгавар болсон бөгөөд гомдол гаргагчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг сэргэх хүртэл хүчинтэй байсан гэж үзэхээр байх тул тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан нь хууль зөрчсөн байна.
  10. Зөрчлийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг нөхцөл байдлыг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй, гомдол гаргагчийг зөрчлийг зохих журмаар зөв шалгаж тогтоосон байх тул гомдол гаргагчийн гаргасан зөрчил, түүнд ногдуулах хариуцлага нь тохирсон, хуульд нийцсэн гэж үзлээ.
  11. Иймд дээрх үндэслэлүүдээр "М” ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХДЭЛГЭР