Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/228

 

 

 

 

  2024           02            21                                        2024/ДШМ/228

 

 Ч.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З, түүний өмгөөлөгч О.Сайнбаяр, Л.Намнансүрэн,

цагаатгагдсан этгээд Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1138 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэл, хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Г-д холбогдох эрүүгийн 1809026820580  дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ......-гийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ........./;

Шүүгдэгч Ч.Г нь “Н Э” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 30- ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Н Э” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн “Осим” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32.946.875 төгрөгийг завшсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809026820580 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ... овогт ...-гийн Г-г цагаатгаж, Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Г нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1809026820580 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Н Э” ХХК-ийн зүгээс Ч.Г-д холбогдох 1809026820580 дугаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1138 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Ч.Г-г цагаатгахдаа зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг л үндэслэл болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заах хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй болно.

Ч.Г нь OS-838 ulnfinity Eternal Orange модель дугаартай 5 ширхэг массажны сандлын урьдчилгаа төлбөрийг захиалагч нараас цуглуулан 14.600.000 төгрөг болгон шилжүүлэх үүрэгтэй байсан. Гүйлгээний утга нь ч урьдчилгаа гэж байгаа болно. Үүний дагуу дээр нь компаниас мөнгө нэмж Сингапур улсаас 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр OS-838 ulnfinity Eternal Orange модель дугаартай 5 ширхэг массажны сандлыг оруулж ирэн нэг бүрийг 12.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Гэтэл Ч.Г нь урьдчилгаа төлбөрийг захиалагч нараас цуглуулан компанид шилжүүлсэн атлаа энэхүү мөнгийг хөрөнгө оруулалт байсан мэтээр худал тайлбар гарган шүүхээр нэхэмжилсэн. Мөн 4 сандлын борлуулалтын орлого, урьдчилгаанаас Ч.Г нь хувьдаа завшсан болно.

Ч.Г нь дараах байдлаар мөнгө завшсан болно. Үүнд:

1. 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ч.Г-ийн 12.000.000 төгрөгийн үнэ бүхий массажны нэг сандлыг зарж борлуулсан орлогыг завшсан. Үүнийг гэрч Ч.Б-ийн “...Энэ үед Г сандал хүргэж ирээд сандлын үнийн дүн болох 9.700.000 төгрөгийг бэлнээр аваад бэлгэнд нүд амраах зориулалттай Осим брендийн нүдний аппарат өгсөн. Тухайн үед надаас 9.700.000 төгрөг бэлнээр аваад ямар нэгэн баримт баталгааны хуудас, НӨАТ-ын баримт өгөөгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч О.М-ийн "...1 ширхэг массажны сандал байхгүй, хайрцаг дотор нь модон тавиур, зурагтны хоосон хайрцаг зэргийг хийсэн байсан. Тэгээд тэр сандал дутахаар нь сайн нягтлан шалгаад үзэхэд миний өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс тодруулан асуухад, Г наад сандлыг чинь авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Мөн Ч.Г-ийн өөрийн мэдүүлэг, тайлбараар 9.700.000 төгрөгийг авчихаад таксинд мартаж буусан гэх боловч төлбөрийг кассанд төлөөгүй түүнийгээ нуухын тулд хайрцагт нь модон поддон, зурагтны хоосон хайрцаг хийж, сандал дотор нь байгаа гэж удаа дараа тоолуулж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нуун дарагдуулж компанийн хөрөнгийг санаатай завшсан. Эхнээсээ худалдсан орлогыг завших бодолгүй байсан бол массажны сандлыг хайрцагны хамт Ч.Б-т хүргэж өгөх байсан. Гэтэл массажны сандалны хайрцагийг үлдээж хайрцаггүйгээр нь авч явж байгаа нь завших санаа зорилгыг харуулж байна. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон ч хяналтын прокурор Ц.Сүхбат нь бодит хохирлын дүнг 10.004.238 төгрөг болох нь нотлогдсоор байхад 4.600.000 төгрөгөөр үнэлж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй яллагдагчаар татсан байхад нь хөнгөн гэмт хэрэгт тооцох хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгтэнд ял завших боломжийг шууд олгосон байдаг. Харин Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/37 дугаар тогтоолоор дээр дурдсан Ч.Г-д холбогдох эрүүгийн 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэх, мөн өмнө шийдвэрлэсэн хэргийн прокурорын тогтоолыг хүчингүй болгон гомдлыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс тус үйлдлийг хэрхэн үгүйсгэж цагаатгасан нь тодорхойгүй үндэслэл бүхий байж чадахгүй байна.

2.  Гэрч Д.Ж-гийн “ ...2014 оны намар урьдчилгаа 3.600.000 гаран төгрөг өгч Осим брендийн массажны сандал захиалсан... гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл урьдчилгаа 3.600.000 төгрөгийг Ч.Г авч компанид шууд шилжүүлээгүй, сүүлд шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт байсан мэтээр тайлбарлаж компаниас иргэний журмаар нэхэмжилсэн байна. Д.Ж массажны сандалны үлдэгдэл төлбөрөө заавал компанийн дансанд тушаана гэсний дагуу “Н Э” ХХК-ийн 5038026418 тоот Хаан банкны дансанд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр массажны сандлын үлдэгдэл 8.400.000 төгрөгийг төлж Ч.Г-ийн дараагийн мөнгө завшсан үйлдэл мэдэгдсэн байдаг. Мөн сандлын үлдэгдэл төлбөрийг Ж-гаас авахаар нэхэмжлэх дээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 409034479 тоот дансыг бичиж үлдээсэн байдаг нь санаа зорилгыг нь харуулж байдаг.

3. Нэгдүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудасны ар талд Ч.Г-ийн 5023158067 тоот Хаан банкны дансны хуулга байх бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5087024665 тоот данснаас /Д.Б 99136357/ ЕВ-массаж гэсэн утгатайгаар 4.000.000 төгрөгийн төлбөр хийгдсэн нь массажны сандалны урьдчилгаа төлбөр байх бөгөөд энэхүү төлбөрийг Ч.Г авч компанид шилжүүлсэн байхад үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4. Түүнчлэн сандлыг 12.000.000 төгрөгөөр зарж орлогыг өөртөө авсан атлаа хямдрал үзүүлсэн гэж худлаа хэлж зөрүү мөнгийг авсан. Э.Содбаярын гэрчийн мэдүүлэгт хямдралын талаар ярилцсан зүйлгүй мөн С.Б захирал болон захирал Б.А нараас хямдралын талаар зөвшөөрөл өгөөгүй шийдвэр гаргаагүй гэж мэдүүлсээр хямдралын акт үйлдсэн гэж 5.508.750 төгрөг, 4.582.500 төгрөг, нийт 10.091.250 төгрөгийг үндэслэлгүйгээр Ч.Г хувьдаа завшсан бөгөөд Э.С нөхцөл боломжийг бүрдүүлсэн байхад энэхүү үйлдлийг гаргаагүй гэдгийг шүүх нотолж чадаагүй атлаа цагаатгаж үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Орлогийн эх сурвалжийг нуух зорилгоор “Эрхэссор” ХХК-ийн нэрийг ашигласан. Энэхүү компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захиралаар Ч.Г бүртгэгдсэн байдаг. Нөхөр Хүрэлбаатарын мэдүүлгээр энэ компани нь үйл ажиллагаа явуулдаггүй байгуулаад хаясан компани гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл 4 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан Г-гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга дээрээс “Эрхэссор” ХХК цалин гэх агуулгаар 2014 оны 9 дүгээр сарын 02-ны 3.400.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дансанд хийсэн. Энэ мөнгө нь өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан болох нь зарлагын баримтаас харагдаж байна. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эрхэссор” ХХК-иас цалин гэх утгаар 1.950.000 төгрөг, 1.700.000 төгрөг 2 удаагийн гүйлгээ хийгдсэн. Энэ нь нийлбэр дүнгээр 3.650.000 төгрөг болж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар талд дээр Хаан банкны дансны гүйлгээг харах үед 4.000.000 төгрөгийн гүйлгээ орж ирдэг. Энэ нь Батбаяр гэх хүнээс шилжиж орж байгаа нь тогтоогдсон. Энэ хүнийг хайгаад эрэн сурвалжлаад мэдүүлэг авах гэсэн боловч олдоогүй. Энэ мөнгийг массаж гэх утгатайгаар сандлын урьдчилгаа төлбөр орсон. 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирэх үед нь 15-ны өдөр бэлнээр авч байгаа. Энэ нь дансан дахь гүйлгээний утга дээр 2015 оны 01 дүгээр сарын 15-нд Г гээд өөрийнхөө регистрийн дугаараар зарлага бэлнээр авчихаж байгаа юм. Энэ мөнгөө “Эрхэссор” ХХК-ийн урамшуулал цалин гээд 4.000.000 төгрөг 2015 оны 01 дүгээр сарын 15-нд хийсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар талд 1.700.000 төгрөг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр орж байгаа. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр талын ар талд 4.000.000 төгрөг Г гээд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр орчихож байгаа. Энэ мөнгөн дүн нь урьдчилгааны мөнгө гэж бүрдүүлж өгч байх үеийн мөнгө. Урьдчилгаа төлбөр бүрдүүлж өгөх хугацаа нь болоод 5 дугаар сарын 13-нд мөнгө хэрэгтэй болмогц 10.600.000 төгрөгийг нөхрөөсөө аваад 4.000.000 төгрөгийг өөрөө бэлнээр хийгээд урьдчилгаа төлбөрийг төлсөн нь харагдаж байгаа юм.

Дээрх байдлаар Ч.Г-ийн завшсан үйлдлүүд тодорхой нотлогдож байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1138 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоотоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэх боломжтой юм.

Харин шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд хөрөнгийг би бусдад худалдан борлуулж байсан хэдий ч түүнээс олсон орлогыг завшаагүй гэж өөрийн гэм буруугийн талаар маргасан.

Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын “...Үлдсэн 3 ширхэг сандлын 1 ширхгийг нь 2015 оны 8 сард борлуулалтад бүртгэгдсэн гэвч яасан нь тодорхойгүй. 4 дэх сандлыг нь Г нь өөрөө хулгай хийж баригдаад шүүхээр орж эвлэрүүлэн зуучлалаар төлж барагдуулсан. Энэ 3 ширхэг сандлыг яаж мэдсэн юм бэ гэхээр Г нь өөрөө иргэний шүүх дээр сандлын урьдчилгаанд өгсөн мөнгө бол миний мөнгө гэж гомдол гаргасан. Тэгээд сайн судлаад үзэхэд уг сандлын мөнгөнүүд тушаагдаагүй байсан. ...”,

гэрч Ц.Р-гийн “...Г үйлчлүүлэгчээс бараа бүтээгдэхүүний урьдчилгааг бэлнээр авах зэрэг асуудал гаргадаг байсан. ...Тэр үед нь би “тэгвэл бараа тус бүрд дор хаяж 30 хувийн урьдчилгаа авсан байх ёстой, урьдчилгаа нь хаана байгаа юм бэ?” гэж хэлэхэд, Г “би авчихсан байгаа” гэж хэлсэн ба дараа нь компанийн дансанд 4.000.000 төгрөг, 10.600.000 төгрөг тус тус шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг шилжүүлэхдээ Г өөрийн нэрээр шилжүүлсэн байсан ба тухайн үед би ойлгохдоо захиалагчаас авсан урьдчилгаа байна гэж ойлгосон. Гэтэл одоо уг мөнгөө би компанид хөрөнгө оруулсан гэх мэтээр тайлбарлаж нэхээд байгаа юм билээ. ...”,

гэрч Д.А-ын “...Захиалагчаас урьдчилгаа авдаг бөгөөд уг урьдчилгаа мөн кассаар дамжаагүй. Ингээд би тухайн үед нягтлан бодогч Р-т утсаар “шинэ бараа, сандал ирсэн гэж яригдаад байх юм. Манай кассаар дамжиж бараа өгөхгүй юм уу? Г бараагаа зараад байгаа бололтой яваад байх юм. Кассаар дамжсан мөнгө төгрөг тушаагдахгүй юм. Яаж хаана тушаагдаад байгаа юм бэ? гэж хэлж байсан. Учир нь Г ажил дээр биш, гадуур жолооч А-тай хамт яваад байсан тул бараа хүргээд байна гэдгийг ойлгосон. ...”,

гэрч Д.Ж-гийн “...2014 оны намар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, хүүхдийн зууд байрлах “Наран молл” дотор байрлах “Н Э” компанийн худалдагч Г-тай уулзаж массажны “Осим” брэндийн сандлын талаар тайлбарлуулсан бөгөөд тухайн үед уг сандлыг авахаар сонирхож гадаадаас захиалах гэж байсан. Ингээд Г сандлыг 10 хүнд хямдралтай захиалж өгөх гэж байгаа талаар тайлбарлахад кассанд карт уншуулсан урьдчилгаа 3.600.000 төгрөг өгч Осим брэндийн массажны сандал захиалсан. Ингээд захиалчихаад 2015 он гараад дараагийн зун нь гадаадад явж байхад Г гэх худалдагч нь залгаад “Сандал ирлээ, танайд хүргээд өгье” гэж ярьсан, “манай гэрт хүргээд өгчих би Монголд очихоороо тооцоогоо гүйцээж хийе” гэж хэлээд Монгол дахь гэрийн хаягаа зааж өгч хүргүүлсэн. Тухайн өдрөө манайд сандал хүргэж өгч байсан бөгөөд сандал хүргэж өгсний маргаашаас нь Г байн байн залгаж “ажлаасаа халагдах гээд байна” гэх зэрэг шалтгаан хэлж үлдэгдэл тооцоогоо нэхээд байсан ба тухайн үед Монголд байсан хүнээр дамжуулан “Дорнод гурил” ХХК-ийн 5405085128 данснаас үлдэгдэл тооцоо болох 8.400.000 төгрөгийн тооцоог “Н Э” компанийн данс руу 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд улсын яллагчаас түүнийг гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан.

Гэвч анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн бол энэ талаараа цагаатгах тогтоолд дүгнэлт хийгээгүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй орхигдуулсан байна.

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ЦШТ/1138 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч “Н Э” ХХК-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1138 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нь цагаатгах тогтоолын үндэслэлдээ дараах бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:    

“Шүүгдэгч Ч.Г-ийн тухайд “Н Э” ХХК-ийн Осим брэндийн борлуулалтыг хариуцсан брэнд менежерийн ажилтай. Осим брэнд нь маш үнэтэй борлуулагддаг бараа, хэрэглэгчид энэ төрлийн барааг өдөр тутумдаа худалдан авахгүй, тодорхой төрлийн бизнес эрхчэгчид худалдаж авдаг нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогддог. Шүүгдэгчийн хувьд өөрийн хариуцсан брэндийг худалдан борлуулснаар компанид тодорхой хэмжээний ашиг оруулахаас гадна өөрийн цалин хөлс, урамшуулал, авах хэмжээг өсгөх зорилготой байсан гэдэг. Тиймээс хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд захиалсан барааг зарахад идэвхийлэн оролцсон, оруулсан хөрөнгөө, ашгаа гаргаж, авах санаа зорилготой байсан болох нь хэргийн үйл баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авсан, захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байна гэх дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцэхгүй, бүхэлдээ үндэслэлгүй дүгнэлт болсон бөгөөд шүүхийн хийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. /Цагаатгах тогтоолын 26 дугаар тал/.

Анхан шатны шүүх “тодорхой төрлийн бизнес эрхлэгчид худалдаж авдаг ” гэх бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тайлбар, дүгнэлтийг хийсэн байна. Учир нь, шүүгдэгчийн холбогдох үйлдлүүд нь бүгд иргэнд хүдалдсан үйлдлүүд байдаг бөгөөд шүүгдэгч Ггаас хүргэлт хийж аваачиж өгсөн газруудын талаар хэрэгт жолоочоор ажиллаж тээвэрлэлтийг хийж өгсөн гэрч нар мэдүүлдэг болно.

Үүний дотор Жавзан гэх иргэн нэг сандлыг худалдан авсан болох нь тодорхой болж хэрэгт гэрчээр маш тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Ж нь мэдүүлэхдээ “...Г-д сандлын урьдчилгааг өгсөн, харин үлдэгдэл 8.400.000 төгрөгийг өөрийн хувийнхаа иргэний Худалдаа хөгжлийн банкны дансаар авах гээд байсан тул миний бие өөрийн биеэр очиж компанид бэлнээр төлсөн. ...” гэж мэдүүлдэг болно.

Энэ маш чухал гэрчийн мэдүүлгээр “Сандлын урьдчилгааг Гд өгсөн” болох нь хөдөлгөөнгүй тоггоогддог бөгөөд харин Г нь энэхүү гэрчээс авсан сандлын урьдчилгааг компанид төлөөгүй байдаг. Мөн энэ гэрчийн мэдүүлгээр “Үлдэгдэл нь 8.400.000 төгрөг” болох нь баттай тоггоогддог. Гэтэл Г нь сандлын урьдчилгаа болох 8.400.000 төгрөгнөөс доогуур үнээр борлуулсан мэтээр хуурамч баримтыг үйлдүүлж, түүнээсээ дахин “Үнэ хямдрал” гэх үндэслэлгүй байдлаар үнийг бууруулах арга замаар хууль бусаар өөрт завшиж гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь хуулиар тавигдах шаардлагад нийцээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Мөн дээрх гэрчийн мэдүүлгээр “Г нь сандлын төлбөрийг бэлнээр авсан, мөн үлдэгдлийг ийнхүү хүвийн дансаараа авах гэж байсан” болох нь давхар тогтоогддог болно. Энэ гэрчийн мэдүүлгийг үгүйсгэн няцаасан өөр цагаатгах талын нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгүйгээр хуульд нийцэхгүй байдлаар ял, эрүүгийн хариуцлагаас завших нөхцөлийг бүрдүүлсэн багаад маш их гомдолтой байна. Бодит байдал ийм байхад шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Г нь “Үнэнч, шударгаар ажилласан, хэргийн бодит байдлыг олж тогтоолгох хүсэлтэй” байсан бол сандлуудыг хаана, хаана, хэн гэх хүнд худалдан борлуулсан, хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаар мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллгаагаар бодит байдлыг тогтоолгох байсан. Гэтэл Г нь хаанаа аваачиж өгсөн, хэдэн төгрөгөөр борлуулсан, урьдчилгаанд хэрхэн, хэдэн төгрөг, яаж авсан талаар өнөөдрийг хүртэл хэлэхгүй нууж, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл үүсгэж ирсэн бөгөөд одоо ч энэ талаар хэлдэггүй болно. Хэрэв энэ талаар хэлсэн бол уг сандлыг худалдан авсан иргэдийг дуудаж мэдүүлэг авахад бүх зүйл ойлгомжтой, тодорхой болж хэргийн учрыг төвөггүй олох, тогтоох бүрэн боломжтой юм. Энэ байдал нь түүний үйлдэл ямар учиртай болохыг өөрөө бүрэн харуулсаар ирсэн.

Дээрх гэрчийн мэдүүлгээс сандлын захиалгыг анхнаасаа авахдаа худалдан авагчид хэдэн төгрөгөөр худалдан борлуулах талаар тодорхой ойлгуулж, түүнийхээ урьдчилгааг авдаг болох нь бүрэн дүүрэн ойлгогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд сандлыг Монголд оруулж ирсэний дараа үнийг бууруулах, үнэ хямдрал хийх ямарч шаардлага, үндэслэлгүй юм. Гэтэл Г нь сандлуудын тооцоог хийхдээ нягтлан Р-гийг гүйцэтгэх захирал С-ын хамт шахаж “Үнэ хямдрал” гэх бодит байдалд нийцэхгүй зохиомол байдлыг бүрдүүлж, энэ аргаар сандлыг бусдад худалдан борлуулсан бодит үнээс өөрт завшиж үлдэх хууль бус нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энэ талаар нягтлан Р гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд сандал захиалсан худалдан авагч буюу хэрэглэгч нараас авсан урьдчилгаа төлбөрийг Г өөрт авсан атлаа компанид тушаагаагүй байсан тул тухайн үед шаардаж байж мөнгийг компанид тушаалгасан гэдгийг гэрчлэн нотолдог. Хэргийн ийм нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн энэ нөхцөл байдал ямар баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаарч ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Мөн гүйцэтгэх захирал Содбаяр ч хэрэглэгч нарын захиалгын урьдчилгаа Г-д байгаа гэдгийг мэдэж байсан байдаг бөгөөд өөрийн гараар нягтланд цохолт хийж, гарын үсэг зурсан баримтанд “Г-д байгаа хэрэглэгч нарын урьдчилгааг нийлүүлж барааг захиалах” гэж гараараа бичиж, цохолт хийсэн байдаг болно. Энэ талаар шүүх хуралдаан дээр гэрчээс асууж мэдүүлэг авахад “Хэрэв тийм цохолт хийсэн байгаа бол тэр үнэн” гэж мэдүүлсэн, Содбаярын гарын үсэг бүхий цохолттой баримтын талаар Г нь ямар нэгэн байдлаар маргадаггүй болно.

Хэргийн бодит байдал ийм байхад эдгээр нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй эдгээр баримтууд нь хэрэгт авагдсан ямар баримтаар хэрхэн үйгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр цагаатгах тогтоол гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагаатгах тогтоолд тавигдах шаардлагыг огт хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нь: “... захиалсан барааг зарахад идэвхийлэн оролцсон, оруулсан хөрөнгөө, ашгаа гаргаж, авах санаа зорилготой байсан болох нь хэргийн үйл баримтаас харагддаг” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлтийг хийхдээ ямар ч баримтгүйгээр ... хэргийн үйл баримтаас харагддаг гэх хэлбэрийн бөгөөд өөрийн үзэмжээр хэргийг дүгнэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад огг нийцээгүй.

Анхан шатны шүүх энэ дүгнэлтийг хийхдээ Г нь сандлын мөнгөнөөс хууль бусаар завшихын тулд энэ боломжийг өөртөө бүрдүүлэхийн тулд ямар идэвхитэй үйлдлүүд хийсэн буюу “Сандлын урьдчилгааг өөрт хувьдаа авч байсан, сандлуудыг өөрөө захилагч нарт хүргэж өгсөн, үлдэгдэл төлбөрийг өөрийн хувийн дансаар авах оролдлого хийсэн, авсан, үнэ хямдрал гэх үндэслэлгүй зохиомол нөхцөл байдлыг бүрдүүлсэн” талаарх нөхцөл байдлыг дүгнээгүй, энэ нөхцөл байдал хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Мөн шүүхийн тайлбарлаад байгаатай адилаар Г нь “... оруүлсан харөнгөө, ашигаа гаргаж, авах санаа зорилготой байсан... ” бол илүү ашигтай ажиллахын тулд нэгэнт захиалга авсан бараанд үнэ хямдрал гэх зүйлийг хийж аарийн авах ашиг, хөрөнгийг бууруулах, үнэгүйдүүлэх шаардлагагүй бөгөөд энэ талаар Б-тэй эсхүл компанитай эцэслэн тооцоо нийлж дүгнэх байсан. Гэтэл үүний эсрэг байдлаар нэгэнт захиалага хийгдэж, урьдчилгааг авсан барааны тухайд үнэ хямдрал гэх зохиомол зүйлийг гаргаж завшсан, хууль бус арга хэрэглсэн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийж чадаагүй.

Анхан шатны шүүх хэргийн зангилаа асуудал, гэмт хэрэг үйлдэгдсэн нарийвчилсан аргын талаар бурэн гүйцэт ойлгоогүй тул “...хариу төлбөргүйгээр, хууль бусаар авсан, захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул...” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн аргаа хууль ёсны мэт болгох, ийнхүү хуулийн дагуу болгож харуулах үүднээс хийсэн аргыг ойлгоогүй төдийгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга нь заавал “хариу төлбөргүйгээр, хууль бусаар авсан, захиран зарцуулсан” байдал нь илэрхий ойлгомжтой байх ёстой мэт хэлбэрийн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ гэрч Ц.Р-гийн “...Учир нь, Г-гийн хариуцсан тасаг дээр кассын ажилтан байдаг боловч Г үйлчлүүлэгчээс бараа бүтээгдэхүүний урьдчилгааг бэлнээр авах зэрэг асуудал гаргадаг байсан. ...шаардлага тавихад гүйцэтгэх захирал С өмөөрч ... ханддаг байсан. ...Уг бичвэрийг би бичсэн ... үүний дараагаар Г надад 2-3 сандлын захиалга авсан, цааш нь бараагаа захиалаагүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь би тэгвэл бараа тус бүрд дор хаяж 30 хувийн урьдчилгаа авсан байх ёстой, урьдчилгаа нь хаана байгаа юм бэ гэж хэлэхэд Г би авчихсан байгаа гэж хэлсэн ба дараа нь компанийн дансанд 4.000.000 төгрөг, 10.600.000 төгрөг тус тус шилжүүлсэн байсан. ... тухайн үед би ойлгохдоо захиалагчаас авсан урьдчилгаа гэж ойлгосон. Гэтэл одоо уг мөнгөө би компанид хөрөнгө оруулсан гэх мэтээр тайлбарлаж нэхээд байгаа юм билээ. Осим брэндийн сандал нь 12.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд ийм үнийн дүнтэй барааг 30 хувиас дээш урьдчилгаа авч байж захиалдаг байсан” гэх болон түүний гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй орхигдуулсан, энэ гэрчийн мэдүүлэг ямар баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоолд хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн гэрч А, гэрч Д.Ж, гэрч С.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, хохирогч Б.Б, гэрч О.М-ийн мэдүүлгүүдийг дээрхитэй адилаар үнэн зөвөөр үнэлээгүй, эдгээр мэдүүлгүүд ямар баримтаар хэрхэн үгүйсгэдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг шууд зөрчсөн.

3. Анхан шатны шүүх нь Д.Ж-гийн худалдан авсан сандлын талаар дүгнэлт хийхдээ сандлын мөнгийг бүхэлд нь компанид тушаасан мэтээр үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийж маш ноцтой алдааг гаргасан байна. Ийнхүү тайбарлахдаа Д.Ж ингэж мэдүүлсэн мэтээр үндэслэлгүй тайлбарлаж үүгээрээ Г-д хууль бус ял завших боломж нөхцөлийг бүрдүүлсэн хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан байгаад маш их гомдолтой байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хурал дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно. Анхан шатны шүүхийн энэ байдал нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц баримтыг буруу үнэлж, дүгнэлт хийж, үүгээрээ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Анахан шатны шүүх нь Г-гийн гэмт хэргийн шиижтэй үргэлжилсэн үйлдлүүдийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, Г өөрийн мэдүүлгээр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч нэг сандлыг өөрөө авч яваад бусдад дур мэдэн худалдан борлуулж, түүний мөнгийг өөрт завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэ нь компанийн тооллого, хяналт шалгалтаар илэрч тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тоггоогдож, хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдаж шийдвэрлсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүхийн энэ байдал нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэхэд ноцтой нөлөөлсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1138 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ийн өмгөөлөгч О.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь, цагаатгагдсан этгээд Ч.Г 5 ширхэг сандалны урьдчилгаа төлбөрийг захиалагч нараас цуглуулан өгснийг өөрийгөө хөрөнгө оруулсан мэтээр тайлагнаад орж ирсэн мөнгөнөөсөө буцаагаад урьдчилгаа төлбөрт надаас мөнгө гарсан гэдэг. Энэ нь гэрч н.Б мэдүүлэхдээ “би 9.700.000 төгрөгийг бэлнээр Ч.Г гэдэг хүнд өгсөн” гэх мэдүүлгээр нотлогддог. Цагаатгагдсан этгээд Ч.Г нь гэрч н.Б-гийн өгсөн 9.700.000 төгрөгийг таксинд мартаад буусан гэдэг. Урьдчилгаа төлбөр авсан мөнгөн нь 14.600.000 төгрөгт орсон байгаа. Ч.Г нь н.Б-гийн өгсөн 9.700.000 төгрөгийг таксинд мартаад бууснаа хүлээн зөвшөөрөөд сандалны хайрцганд модон порлон хийн нууж байсан нөхцөл байдал илэрсэн. Мөн өмнө нь шийтгэгдэж байсан прокурорын тогтоолоор сэргээж шалгаж байгаа нөхцөл байдал байгаа. Гэрч Д.Ж мэдүүлэхдээ “2014 оны намар урьдчилгаа төлбөр 3.600.000 төгрөгийг төлсөн” гэж мэдүүлсэн. Энэ урьдчилгааг Ч.Г-ийн /4 хх 176 дугаар талд/ Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганаас харахаар “Эрхэссор” ХХК-ийн цалинг гаргуулахаар 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3.400.000 төгрөгийг дансандаа хийсэн байгаа юм. “Эрхэссор” ХХК-ийг шалгаж үзэхэд, 100 хувь эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Ч.Г өөрөө байсан. Энэ нь Ч.Г-ийн нөхөр болох н.Х-ын мэдүүлгээр тогтоогддог. “Эрхэссор” ХХК-ийн цалинг гаргуулахаар хийсэн үйлдэл нь орлогыг эх үүсвэрийг нууж байгаа нь илэрхийлэгдэж байгаа. Энэ нь компанийн ажилтан н.М-ийн мэдүүлэг болон компанийн ажилтны мэдүүлгээр нотлогддог. 1 дүгээр хавтас хэргийн 67 хуудасны ар талд Ч.Г-ийн Хаан банкны дансанд н.Б гэдэг хүнээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр массаж гэх гүйлгээний утгатай 4.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөгдсөн. Мөн сандлыг 12.000.000 төгрөгөөр зарж орлогыг өөртөө авсан атлаа хямдрал үзүүлсэн гэж худал хэлээд үнийн дүнг бууруулаад урьдчилгаа төлбөрийн авлага гэх бичилтийг хийсэн. Урьдчилгаа төлбөр авснаа хэд хэдэн аргаар нуусан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эрхэссор” ХХК-иас цалинг гаргуулахаар 1.950.000 төгрөг, 1.700.000 төгрөгийн хоёр гүйлгээг нэг өдөр хийсэн. Нийлбэр дүн 3.650.000 төгрөг болж байгаа. Хавтаст хэргийн 67 дугаар талд байгаа Хаан банкны гүйлгээг харахад 4.000.000 төгрөгийн гүйлгээ н.Б гэдэг хүнээс орж ирсэн мөнгийг бэлнээр аваад “Эрхэссор” ХХК-ийн цалин гэх агуулгаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буцаагаад хийсэн. Дансны хуулганаас харахад дансанд орж байгаа мөнгө өдөр тутмын жижиг гүйлгээнд зарцуулагдсан байгаа юм. Жижиг гүйлгээнд зарцуулагдаад мөнгөн төлбөрийн эх үүсвэргүй болох үед 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрийг өгөхдөө нөхрөөсөө 10.600.000 төгрөгийг зээлээд өөрөө 4.000.000 төгрөгийг төлөөд нийт 14.600.000 төгрөгийг сандлын урьдчилгаа гэж шилжүүлсэн байгаа. Цагаатгагдсан этгээд Ч.Г нь сандлыг худалдан борлуулах эрхтэй этгээд мөн үү гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, компанийн дотоод журмаар бэлнээр мөнгө авах асуудал хориотой. Хэрэв үйлчлүүлэгч бэлнээр мөнгө өгсөн тохиолдолд кассанд тушаах ёстой. Гэтэл Ч.Г урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл сандлын төлбөрийг кассанд төлсөн баримт байхгүй. Урьдчилгаа төлбөрийг хасуулна гээд нягтлан бодогчийг төөрөгдөлд оруулж хасалт хийсэн. Нийт хохирлын дүнг аудитын дүгнэлтээр 32.000.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлын дүнг хохирогч  “Н Э” ХХК дэмжиж хүлээн зөвшөөрдөг. Эдгээр үйл баримтаар Ч.Г цагаатгагдах боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүх хурал дээр гэрч н.Б, Д.Ж, н.М нарын мэдүүлгийг үгүйсгэдэггүй. Мөн дансны хуулгуудыг хэрхэн тайлбарлаж байгаа нь тодорхойгүй цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗТ/1138/ дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна, нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ж 8.400.000 төгрөгийг өөрийн биеэр очиж компанид төлсөн гэж байна. Гэвч гэрчийн мэдүүлгээр “Дорнод гурил” ХХК-ийн данснаас тухайн гүйлгээг шилжүүлсэн. Өмгөөлөгч Л.Намнансүрэн анхнаасаа 8, 9 жил иргэний болон эрүүгийн маргаанд оролцож байсан. Намайг гүтгээд байгаа гэрчийн мэдүүлгийг би няцааж үгүйсгэсээр өнөөдрийг хүрсэн. Анхан шатны шүүх дээр аудитын шалгалт жилд 2-3 удаа ордог гэдгийг тухайн үеийн кассын нярав н.Л мэдүүлдэг. Намайг хохироосон гэж байгаа хэрнээ хэдэн төгрөгөөр хохироод байгаа нь тодорхойгүй. Гомдлын хувьд өмгөөлөгч тайлбарлана. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Ч.Г-ийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед н.С, С.Б, Ч.Г гэдэг 3 хүн уулзаад Ч.Г-гаас хөрөнгө оруулалт авахаар болсон гэдгийг н.С, С.Б хоёр нотолно. С.Б “уулзалт болоогүй би Ч.Г-гаас хөрөнгө оруулалт аваагүй” гэж 8, 9 жилийн хугацаанд мэдүүлдэг. Гурван хүний хоёр нь уулзалт болоогүй гэж мэдүүлэхэд улсын яллагчийн зүгээс яллах үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд шүүхэд хэргийг шилжүүлээд Ч.Г цагаатгагдсан. Гэрч н.С-ын мэдүүлгээр дээрх үйл баримтыг нотолдог. Мөн гэрч н.Х-ын мэдүүлгээр тухайн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч хийсэн хөрөнгө оруулалтынхаа ашгийг одоог хүртэл хүртэж чадаагүй. Ч.Г тухайн компанитай хөдөлмөрийн маргаан үүсгэсэнтэй холбоотой хэрэг үүсэж өдийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хөрөнгө завших гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжүүд бүрэн нотлогдон тогтоогдоогүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор Б.Өнөбатын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэл, хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ч.Г-г “Н Э” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Н Э” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн “Осим” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32.946.875 төгрөгийг завшсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн 1809026820580 дугаар хэргээс Ч.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...” гэж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М болон гэрч Ц.Р, Д.А, Д.Ж, С.Б нарын мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, Ч.Г-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Өнөбатын бичсэн эсэргүүцэл, хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөллөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1138 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Өнөбатын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэл, хохирогч “Н Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР