| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00002/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Г.Х
Хохирогч Х.Б
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Н.Г-т холбогдох эрүүгийн 1722001190062 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх О овгийн Н.Г
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Б-ийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр явуулын цайны газрын гадаа Б.А хүнтэй зууралдаж байхаар нь би салгах гэж дундуур нь орохдоо хохирогчийн хамарруу цохьсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.А, Д.М нарыг хоорондоо зууралдаж байхаар нь би хүрээд очсон. Эхлээд Н.Г-ийг салгасан, дараа нь Б.А, Д.М хоёрыг салгаж байтал намайг цохьсон. Бид хоорондоо юу ч яриагүй. Би Луус сумын эмнэлэгт очсон боловч цус тогтохгүй болохоор нь дахиж Хулд сумын эмнэлэгт очиж үзүүлж, тэндээс цагдаад мэдэгдсэн. Улаанбаатар хотруу явж 2, 3 удаа эмнэлэгт үзүүлсэн. Н.Г-өөс эмчилгээний зардалд 528788 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1428680 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал 790960 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсч байна. Хохирол төлвөл гомдол, саналгүй гэв.
- Н.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би эхнэрийн түрээслэж байгаа цайны газарт мах эвдээд сууж байтал гадаа Б.А нэг танихгүй хүнтэй хоорондоо маргалдаж байхыг цонхоор хараад гарч очоод салгах гэтэл хажуугаас нэг танихгүй жолооч гарч ирээд намайг гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд хамарруу нь гараараа цохиж зодсон...тухайн үед би жаахан архи уучихсан байсан. Би тэр хүнтэй маргалдаагүй. Б.А-ыг салгах гэж байгаад ийм зүйл болсон...Би тэр хүний хамарруу нь гараараа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэнэт уур хүрээд л цохисон...” гэжээ /хх-ийн 22-24
- Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2017.11.24-ний өдрийн 170200334 дугаартай дүгнэлтэд
“1. Х.Б-ийн биед хамар ясны хугарсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 15/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/
- Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 27/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Б-ийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Х.Б шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г-өөс эмчилгээний зардалд 528788 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 790960 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин 1428680 төгрөг, нийт 2748428 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох “Их догшин” эмийн сангийн 35700 төгрөгийн баримтыг хасаж тооцон, эмчилгээний зардалд 493088 төгрөгийг шүүгдэгч Н.Г-өөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч шүүх хуралдаанд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай цалингийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Г-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Н.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-өөс 493088 /дөрвөн зуун ерэн гурван мянга наян найман/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 790960 /долоон зуун ерөн мянга есөн зуун жаран мянган/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1428680 /нэг сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун наян/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогч Х.Б-д тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ