| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0055/З |
| Дугаар | 110/ШШ2025/0063 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2025/0063
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б.Ж,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч,
Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай шийтгэлийн хуудсаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч Б.Ж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн …тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй гэх зөрчил гаргасан гэж үзэж, 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Б.Ж уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:
2.1. Миний бие 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлийн “Toyota prius alpha-XW” загварын, “ZVW410008176” арлын дугаартай,” 8926 БӨҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр гадаад улс руу /Бүгд Найрамдах Казахстан улс/ хувийн ажлаар яваад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эх орондоо буцаж ирсэн юм. Гэтэл хариуцагч А.М нь намайг тээврийн хэрэгслээ гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд Монгол Улсад буцаан нэвтрүүлээгүй зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, 2 гаруй цаг саатуулж шалгасны эцэст 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн хариуцагч энэхүү торгуулийн мөнгийг яг одоо төлөх ёстой, төлөхгүй бол хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгохгүй гэж дарамталсан тул уг торгуулийн мөнгийг төлөхөөс өөр сонголтгүй болж, хүнээс 400 000 төгрөг авч төлөөд хилээр орж ирсэн.
2.2. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт ...гаалийн эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол... гэжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч холбогдох хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, гадаад улсын иргэн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсад түр нэвтрүүлсний дараа тогтоосон хугацаанд Монгол Улсаас буцаан гаргаагүй үед хүлээлгэдэг хариуцлагыг надад хүлээлгэсэнд маш их гомдолтой байна.
2.3. Мөн тэр үед над шиг асуудалтай хүмүүс байсан боловч тэдгээр хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр явуулж зөвхөн надад ялгамжтай хандсанд гомдолтой байна.
2.4. Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирээд гаалийн болон онцгой албан татвар төлөгдсөн тээврийн хэрэгслийг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар хувийн ажлаар гадаад улс руу яваад буцаж ирж байгаа Монгол Улсын иргэн хүн. Угтаа бол миний бие Монгол Улсын хилийг нэвтрэх үед хэн нэгэн хүн, захиргааны байгууллага, албан тушаалтан надад тээврийн хэрэгслээ 6 сарын дотор Монгол Улсад буцаагаад авч ирэх ёстой, эс тэгвээс хариуцлага хүлээлгэнэ гэж огт хэлж сануулж байгаагүй гэжээ.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Хариуцагч холбогдох хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж, гадаад улсын иргэн, гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсад түр нэвтрүүлсний дараа тогтоосон хугацаанд Монгол Улсаас буцаан гаргаагүй үед хэрэглэдэг хариуцлагыг Б.Ж хүлээлгэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан гаалийн хилээр нэвтрүүлсэн гэдэг ойлголтын хууль зүйн агуулга нь тээврийн хэрэгслийг эсхүл зорчигчийг Монгол Улсын хилээр гаргахыг эсхүл орохыг ойлгоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Энэ тохиолдолд Б.Ж нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх гэдгийг Монгол Улсын хилийн чанадад түр гаргачхаад 6 сарын дотор оруулах ёстой гэж ойлгох уу, эсхүл гадаадад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улс руу түр оруулчхаад буцаад гаргахгүй байсан үйлдэл гэж ойлгох уу гэдэг нь маргааны зүйл болоод байгаа.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам”-ын Нэгийн 1.1 дэх хэсэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино гэж байгаа. Уг журмын 12.1-д “Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан зорчигчийн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэхэд дараах дарааллыг мөрдөнө: 12.1.1 Автотээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа энэ журмын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг”-ийг бөглөж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө.” гэж тодорхой заасан.
Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Б.Ж Монгол Улсад оруулж ирсэн тохиолдолд энэ журамд заасны дагуу Монгол Улсын хилээр түр нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг бөглөх бөгөөд журмын хавсралтаар батлагдсан мэдүүлгийн загварт жолоочийн овог нэр, паспортын дугаар, регистрийн дугаар, харьяалагдах утас гэж тусгасан байна. Мөн мэдүүлгийн баримтын 14 дэх хэсэгт хилээр орохыг зөвшөөрсөн гаалийн байгууллага гэдэг дээр эхлээд оруулсныг зөвшөөрөх, 15 дахь хэсэгт хилээр гарахыг зөвшөөрсөн эсхүл гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагын тэмдэг гэж байгаа. Буцаад гаргахдаа энэ тэмдгийг дардаг юм байна.
Б.Ж 2024 оны 09 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн “prius” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Гаалийн татвар, онцгой албан татвар гээд бусад хууль тогтоомжоор оногдсон татварыг төлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлээд техникийн тодорхойлолт авч, улсын дугаар аваад өмчилж байгаа, жолоочийн хариуцлагын даатгал нь төлөгдсөн, жил бүр замын хураамж төлдөг, зам ашигласны төлбөр гэж бүх төлбөр нь төлөгдөөд явж байгаа тээврийн хэрэгсэл бөгөөд гадаад руу түр гараад буцаж орж ирэх үед 6 сарын дотор оруулж ирээгүй гэж буруутгаж байгааг ойлгохгүй байгаа.
3.2. Гаалийн ерөнхий газрын гаалийн цахим үйлчилгээний систем бүхий веб сайт дээр хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийг бүртгүүлэх журам байдаг ба үйлчилгээний танилцуулга гэдэг хэсэг дээр Монгол Улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага зохих хяналтыг хэрэгжүүлж түр хугацаагаар орохыг зөвшөөрсөн тохиолдолд гэж тусгаж, нэвтрэх гэдгийг орох гэж тайлбарласан байна. Тухайн зорчигч тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн дагалдах хуудсыг гаалийн хяналт хийж, тамга тэмдгээр баталгаажуулж өгнө гэж тодорхой бичсэн байна. Бичиг баримтын бүрдүүлэлт нь тухайн тээврийн хэрэгслийн гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр түр хугацаагаар оруулах нөхцөлийг хангаагүй тохиолдолд гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын 500 кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй гээд танилцуулга дээр бичсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох шүүхийн журмаар бүрдүүлсэн аймгийн Прокурорын газраас авсан нотлох баримтад дагалдах хуудас гэх баримт авагдсан. Энэ нь гадаад улсын тээврийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр оруулахдаа бөгөлдөг хуудас байна. Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэлээр Монгол Улсын иргэн гадаадад түр хувийн ажлаар гарчхаад эх орондоо буцаад ирэхдээ 6 сарын дотор хилээр нэвтрээгүй гээд хуулийг буруу тайлбарласан.
3.3. Мөн тэр үед гаалийн улсын байцаагч Б.Ж шиг асуудалтай хүмүүсээс зөвхөн Б.Ж хариуцлага хүлээлгэж, бусад хүмүүст хариуцлага хүлээлгээгүй, ялгамжтай харьцсан асуудал байдаг.
Иймд гомдлын шаардлагыг нь хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт:
4.1. Баян-Өлгий аймаг, Бугат сум, 3 дугаар багийн оршин суугч Б овогтой Ж нь 8926 БӨҮ улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Цагааннуур боомтоор гаргаад буцаад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буюу 11 сарын дараа оруулж ирсэн.
Тухайн өдөр хилээр орох талын бүртгэл тээврийн хэрэгсэл бүртгэгдэхгүй байсныг гаалийн улсын ахлах байцаагчид танилцуулахад байцаагч Т.Б нь 8926 БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийн хилийн чанадад түр байх хугацаа өнгөрсөн тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан.
Гаалиар нэвтэрч буй тээврийн хэрэгслийг бүртгэлийн программд бүртгүүлсний дараа тухайн тээврийн хэрэгслийг шалгах гаалийн улсын байцаагчид хуваарилагддаг журмын дагуу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10:39:04 цагт бүртгүүлж гаалийн улсын байцаагч А.М надад хуваарилагдсан. Тэгээд миний бие тээврийн хэрэгсэл болон ачаа тээшийг холбогдох эрх зүйн актын дагуу шалгаад холбогдох хуулийн заалтыг тайлбарлаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн.
4.2. Иргэн Б.Ж 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10:39:04 цагт /орон нутгийн цагаар/ бүртгүүлж, 2025 оны 6 дугаар сарын 27-ны 11:40:52 цагт зөрчил шалгагдаж дуусаад тээврийн хэрэгслийн программ дээр 11:42:52 цагт баталгаажуулалт хийгдсэн байна. Гаалийн харилцаанд орсноос хойш 1 цаг 3 минут зарцуулагдсан.
Иргэн Б.Ж зөрчлийн талаар тайлбар бичихдээ хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, дараа нь улсын хил нэвтрэхдээ хуульд заасан хугацаанд тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна гэсэн тайлбар өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан.
Торгуулийн арга хэмжээ аваад уг торгуулийг төлөхийг шаардахад эхэндээ “одоо төлөх боломжгүй, хүргэн ах нас бараад ажил явдалд ирж байна.” гэж хэлсэн. Тэгээд торгуулиа “хуульд заасан хугацаанд төлөөрэй” гэж хэлэхэд “зүгээр ээ хамт явж байгаа хүнээс аваад төлчихье” гэж хэлээд төлсөн болно.
4.3. Иргэн Б.Ж гаалийн эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу арга хэмжээ авсан.
Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д "Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.”, 229.2-т “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.”,
Мөн хуулийн 3.1.5-д "тээврийн хэрэгсэл" гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж, гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг, 3.1.9-д “гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг ойлгохоор заасан.
Б.Ж нь Гаалийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн.
4.4. Энэ төрлийн зөрчил гаргасан иргэн бүрийг хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэж байна.
4.5. 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн болгон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг судалж мэдэх, дагаж мөрдөх үүрэгтэй,
Гаалийн улсын байцаагчийн хувьд гаргасан шийдвэр хуулийн хүрээнд гарсан гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг нь зөвхөн гадаад тээврийн хэрэгсэлд үйлчлэх хуулийн заалт биш. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх гэдэг нь дотоод, гадаад гэж ялгаагүй. Зорчигч гэдэг нь хилээр тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч байгаа, тээврийн хэрэгсэлд сууж байгаа болон жолоочийг зорчигч гэж байгаа. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэг нь зорчигчийн байнгын оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдгийг хуульд тодорхой тайлбарласан, үүнд гадаад улсын иргэнд үйлчилнэ, Монгол улсын иргэнд үйлчлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй.
5.2. Цагааннуур боомтын салбар дахь мэдээ мэдээллийн самбарт гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгсэлийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлэх талаарх мэдээ, мэдээллийг байршуулсан байгаа.
5.3. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 15 тээврийн хэрэгсэл дээр энэ төрлийн зөрчил гарч манайх дээр шийдвэрлэгдсэн, энэ онд гадаадад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил илрээгүй.
Харин 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Австри улсын иргэнд, мөн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орос улсын иргэнд энэ төрлийн зөрчлийн арга хэмжээ авагдсан байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.
2. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч Б.Ж нь өөрийн эзэмшлийн 8926 БӨҮ улсын дугаартай, “Toyoto Prius” маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Цагааннуур боомтоор гарч, буцаж 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр орсон нь тогтоогдсон байх ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.
3. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ.” гэж заасан ба гаалийн улсын байцаагчаас иргэн Б.Ж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай шийтгэлийн хуудсаар 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "тээврийн хэрэгсэл" гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;” 3.1.9-д "гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг;” гэж,
229 дүгээр зүйлийн 229.1-д “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.”, 229.2-т “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.” гэж тус тус заасан.
5. Хуулийн уг зохицуулалтуудаас үзэхэд гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр нэвтэрсэн зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл нь 6 сараас дээшгүй хугацаанд гаалийн хилээр буцаж нэвтрэхээр байгаа ба гомдол гаргагч Б.Ж нь 8926 БӨҮ улсын дугаартай, “Toyoto Prius” маркийн хувийн тээврийн хэрэгслээр гаалийн хилээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түр нэвтэрснээс хойш 10 сар 27 хоногийн дараа буцаж орсон буюу хуульд заасан хугацааны дотор уг тээврийн хэрэгслээ буцаан нэвтрүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
6. Иймд гомдол гаргагч талын Монгол Улсын иргэн нь тус Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээ гаалийн хилээр гаргаж, буцаан нэвтрүүлэхэд хугацаа хамаарахгүй, зорчигч хувийн тээврийн хэрэгслээ 6 сараас дээшгүй хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлнэ гэдэг нь зөвхөн гадаад улсад бүртгэлтэй гадаадын иргэний тээврийн хэрэгсэлд хамааралтай гэх маргаан нь Гаалийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, үндэслэлгүй тайлбар байна.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үндэслэлээ Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих журам”-ын Нэгийн 1.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.”, Арван хоёрын 12.1-д “Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан зорчигчийн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэхэд дараах дарааллыг мөрдөнө: 12.1.1 Автотээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа энэ журмын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг”-ийг бөглөж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө.” гэсэн заалттай холбож тайлбарласан боловч, энэхүү журмаар гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дарааллыг зохицуулсан, дээрх заалтууд нь гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх тээврийн хэрэгсэлд Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын иргэний хувийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй гэж үзэх зохицуулалт агуулаагүй болно.
8. Түүнчлэн гомдол гаргагчаас “…6 сараас дээшгүй хугацаанд тээврийн хэрэгслээ Монгол Улсын хилээр буцаан оруулах шаардлагатайг гаалийн улсын байцаагчаас тайлбарлаж өгөөгүй.” гэж маргасан ба хариуцагчаас “… ажлын ачааллаас болж энэ талаар зорчигч бүрд тайлбарлах боломж гардаггүй, харин энэ талаар мэдээллийн самбараас танилцах боломжтой.” гэж тайлбарласан.
Б.Ж нь Монгол Улсын хилээр хувийн тээврийн хэрэгслээр түр нэвтэрч буй зорчигчийн хувьд тээврийн хэрэгслээ 6 сараас дээшгүй хугацаанд буцаан нэвтрүүлэхээр заасан хуулийн зохицуулалтыг мэдээгүй нь, гаалийн хилээр нэвтрэх үед гаалийн улсын байцаагчаас энэ талаар тайлбарлаж өгөөгүй нь зөрчил гаргагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
9. Дээрх байдлаар гомдол гаргагч Б.Ж үйлдсэн зөрчил тогтоогдсон байх тул гаалийн улсын байцаагчаас түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн хуульд заасан шийтгэл оногдуулсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай нийцсэн гэж үзээд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Ж шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА