Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01151

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж эаалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/00800 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206038659 дугаартай, 51.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ хийж тогтоосон үнэ 93 218 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 01 сарын 22-ны өдөр дуудлага худалдаагаар оруулах мэдэгдэл ирүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00926 дугаар тогтоолоор Г.М-, Мон инж эм жи ХХК-аас 66 745 847 төгрөгийг гаргуулж Эм Ар Си моргаж корпорэйшн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Эм Ар Си моргаж корпорэйшн ХХК нь нэрээ 2019 оны 01 сарын 22-ны өдөр Вилэнд капитал ББСБ ХХК болгон нэрээ өөрчилсөн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038659 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 19291241/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 сарын 23-ны өдргийн 19291241/03 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч Мон инж эм жи ХХК болон Г.М- нар дээрх 2 өрөө орон сууцыг 300 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч Вилэнд капитал ББСБ ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Иймд тус газрын 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 10/546 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар 93 218 600 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 4-222/40245 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Г.М-т 9990-0269 дугаарын утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 93 218 600 төгрөгийн 70 хувь болох 65 253 020 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 сарын 25-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 4-222/40754 дугаартай албан бичгээр Г.М-т 99900269 утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна.

Төлбөр төлөгч Г.М- нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 26-ны өдөр шүүхэд гаргахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Эй Ар си моргаж корпорэйшн ХХК-ийн эрх залгамжлагчаар Вилэнд капитал ББСБ ХХК-ийг тогтоосон ямар нэгэн баримт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан, түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй болж олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.М- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохоор шаардсан боловч ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 96.218.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамжны 54д байрны 16 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038659 дугаартай 51.61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Мон инж эм жи ХХК, Эм Ар Си моргаж корпорэйшн ХХК-ийн барьцаанд тавьж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд байгаа. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ хийж тогтоосон 93 218 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх1, 42-43/

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 405 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00926 дугаар тогтоолоор /хх 47-60/, Мон Инж Эм Жи ХХК, Г.М- нараас 66 256 614 төгрөгийг гаргуулан Эм Ар Си моргаж корпорэйшн ХХК-д олгох, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахийг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 сарын 13-ны өдөр үүсгэж, 2019 оны 12 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2020 оны 10 сарын 23ы өдөр хураах ажиллагаа явуулж, мөн өдрөө төлбөр төлөгч, авагч нарт орон сууцны үнийн саналаа 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 10 цагт ирүүлэх талаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тус газрын тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд талууд маргаагүй. /хх61-94/

Нэхэмжлэгч Г.М- нь дээрх мэдэгдэлд заасан хугацаанд орон сууцны үнэлгээг 300 000 000 төгрөг гэж гаргасныг /хх 95/ төлбөр авагч тал эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан /хх 96/ байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзнэ. Иймд хариуцагч байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор 2020 оны 10 сарын 29-ний өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн.

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан байх ба эдгээрээс зах зээлийн хандлагын аргаар тооцсон үнэлгээний дүн нөгөө аргаар тооцсон дүнгээс зах зээлийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлж байгаа үндэслэлээр 100 хувийн ач холбогдолтой гэж үзэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 93 218 600 төгрөгөөр тогтоожээ. /хх 102-126/ Иймээс шинжээчийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн, дээрх үнэлгээний тайлангийн талаарх хариуцагч байгууллагын 2020 оны 11 сарын 05-ны өдрийн мэдэгдлийг Г.М- нь 2020 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авсан атлаа шүүхэд 2021 оны 01 сарын 19-ний өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар болон нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Мөн нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасан ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаагаа тодорхой дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/00800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР