Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/229

 

 

 

 

  2024            02             21                                        2024/ДШМ/229

 

 Н.У-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

хохирогч П.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

цагаатгагдсан этгээд Н.У-ын өмгөөлөгч С.Мөнхтулга

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1427 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Н.У-д холбогдох эрүүгийн 2006 04499 2229  дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн .... У, 1969 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ... төрсөн, э..эгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ........./;

Шүүгдэгч Н.У нь “Ө б Х” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрыг “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа, өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж, хохирогч Д.О-т өөрийн эзэмшлийн 84, 85 дугаартай орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.А-ы Хаан банкны 5013151788 тоот дансаар 130.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 150.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ... овогт ... У-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Н.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч П.О нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ө б Х” ХХК-ийн захирал Н-н Т-ийн эгч гэж өөрийгөө танилцуулсан Н-н У нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны 84, 85 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Худалдах худалдан авах” гэрээг байгуулж уг гэрээгээр 2018 оны 9 дугаар сарын 24-ний өдөр 130.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 150.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ажилтан гэж өөрийгөө танилцуулсан үл таних 2 хүн ирж байрыг чинь хурааж авна гэж хэлэхэд бид сандарч Н.У-д мэдэгдэхэд “...эгч нь учрын нь олж өгнө. Барьцаанаас чөлөөлнө гэж бодож байсан юм. Т-д хэлээд чөлөөлүүлнэ. Санаа зоволтгүй” гэж хэлсэн боловч одоо энэ байр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмч болж, Н.У авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг төлөхгүй 5 жил өнгөрч байна. Өөрийн өмчлөлд байхгүй бөгөөд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд байгаа орон сууцыг мэдсээр байж бидэнд худалдсан үйлдэл нь миний мөнгийг Н.У нь өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлж байсныг бид хожим мэдсэн. Одоо бүр шүүх цагаатгасан нэг ч төгрөг төлөхгүй гэж дарамталж байна.

Цагаатгах тогтоолын хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт хэсэгт гэрээний “...гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Н.У болон О нарын хооронд гэрээний харилцаа үүссэн нь үнэн боловч энэ гэрээний заасан бүх зүйл анхнаасаа биелэх боломжгүй гэдгийг шүүгдэгч нь мэдэж байсан атлаа санаатай гэрээгээр халхавчилж намайг залилаж байсныг би мэдээгүй.

Иргэний эрх зүй болон Гэрээний эрх зүйд эрсдэл хүлээх зарчим байдаг боловч гэрээний харилцаа нь иргэний эрх зүйн хамгаалалтад орохын тулд гэрээний тохиролцоо бодитой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүрэг хэрэгжих боломжтой байх буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны 84, 85 тоот орон сууцны өмчлөх эрх Н.У-ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байх болон гуравдагч этгээдийн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байхыг ойлгоно. Барьцаалбар болон бусад үүрэг ногдуулсан хэлцлийг мэдсэн бол иргэний эрх зүйд мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн тохиолдолд шударга гэж үзнэ.

Харин Н.У-ын үйлдэл нь бидний мөнгөн хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үг, үйлдлээр зориудаар төөрөгдүүлж, дүү Т-ийн нэрийг барьж итгэл олж, өөрт нь худалдах болон эрх шилжүүлэх эрх олгогдоогүй буюу өөрийнх нь өмчлөлд байгаагүй барьцаатай байрыг бусдад худалдсан нь хэзээ ч хэрэгжих боломжгүй гэдгийг анхнаасаа мэдсээр байсан атлаа бодит нөхцөл байдлыг гуйвуулан хэлцлээр халхавчилж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн.

Хэрэв, гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц Н.У нь биднээс авсан 150.000.000 төгрөгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг буцаан шилжүүлсэн бол иргэний эрх зүйн хамгаалалтад орж, гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг харилцан шилжүүлэх үр дагавар үүсгэх боломжтой.

Гэтэл одоо ямар ч шалтгаангүйгээр миний хөрөнгийг шилжүүлэхгүй, ямар ч арга хэмжээ авахгүй, төлөхгүй гэж байгаа нь залилан мэхлэх гэмт санаа зорилго хэрэгжүүлэхийн тулд Н.Т-ийн “Юу Би Эйч Проперти” ХХК-иас нөхөн байдлаар гэрээ байгуулж, хохирогчийн болон шүүхийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл юм.

Цагаатгах тогтоолын хэргийн үйл баримт, шүүгчдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт хэсэгт “...Н.У нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Юу Би Эйч Проперти” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж байхад барьцааны гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдаагүй байсан. Түүнчлэн П.О болон Н.У нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдах үед уг Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны өмчлөх эрх “Худалдаа хөгжлийн банк”-д шилжиж очоогүй байжээ. Иймээс шүүгдэгч Н.У нь захиалгын гэрээгээр бариулсан орон сууцны өмчлөх эрхийг “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа болохыг мэдсээр байж бусдад худалдсан гэх шинж тогтоогдохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

П.О болон Н.У нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдах үед уг Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны өмчлөх эрх “Худалдаа хөгжлийн банк” /хуучнаар Улаанбаатар банк татан буугдаж, эрх үүрэг нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д шилжсэн/-тай барьцааны гэрээ байгуулагдсан байсан. Уг үйл баримтыг хохирогч П.О нь мэдэх боломжгүй, харин шүүгдэгч Н.У нь мэдэж байсан.

Барьцааны шаардах эрхийн дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны зарим орон сууцны өмчлөх эрх шилжсэн үр дагавар үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьж, хуулийн үзэл баримтлалыг гуйвуулан шүүгчдэгчид ашигтайгаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь П.О болон Н.У нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдах үед уг орон сууцны өмчлөх эрх “Худалдаа хөгжлийн банк”-д шилжиж очоогүй байх нь ач холбогдолтой үйл баримт бус, харин уг орон сууцыг барьцааны гэрээгээр үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй байсан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт юм.

“Юу Би Эйч Проперти” ХХК нь хувьцаа эзэмшигч нь 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Н.У-ын төрсөн дүү Н-н Т улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг Н.Т удирдан явуулдаг байсан. Дүү Н.Т нь талийгаач болсон тул Н.У нь юу ч гэж ярьсан сэргээн тогтоохгүй гэж дураар авирлаж байгааг шүүх дэмжиж байгаа нь биднийг хохироож байна.

Н.Т-гийн нэрийг барьж, барьцаа асуудал биш гэж тайлбарлаж байсан атлаа шүүхийн өмнө илт худал мэдүүлэг өгч, мэдээгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь шүүгдэгч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй Үндсэн хуулийн хамгаалалт байгаа хэдий ч уг хамгаалалтыг ашиглан худал мэдүүлж, залилан мэхлэх гэмт үйлдлээ халхавчилж байгааг шударга шүүх дэмжиж цагаатгаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Дээрх гэрээний харилцаа нь анх үүсэхдээ гэмт хэргийн шинжтэй байсан тул Иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж хамгаалагдах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний маргаан бус гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зоригийг агуулж байсан нь Эрүүгийн:хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангалттай агуулж үйлдэл юм.

Шүүх Худалдаа хөгжлийн банкны барьцааны шаардах эрхээр өмчлөх эрх шилжсэн үйл баримтыг дүгнэхгүйгээр гэрээ байгуулах үед өмчлөх эрх шилжээгүй байсан гэж дүгнэсэн нь барьцааны шаардах эрхийн үр дагаварт өмчлөлд шилжсэн үйл баримтыг үгүйсгэсэн төдийгүй хуульд нийцэхгүй дүгнэлт нь хохирогчийн эрхийг хөндөж байна.

“Юу Би Эйч Проперти” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар банк ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, улмаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болж хохирогчийн худалдан авахаар тохиролцсон “Х Т” хотхоны 71, 72,  73 тоот орон сууцыг шилжүүлсэн үйл баримт нь Н.У-д уг орон сууцыг өмчлөх эрх үүсэхгүй байсныг нотолж байна. Хэрэв “Юу Би Эйч Проперти” ХХК нь бусадтай үүрэг үүсгэсэн хэлцэл хийсэн атлаа бусдад үл маргах журмаар шилжүүлж байгаа нь уг орон сууцны тухайд Н.У-ын хэлцэл хэлбэрийн төдий байсны хангалттай нотолгоо юм.

“Юу Би Эйч Проперти” ХХК болон Н.У нарын хооронд байгуулсан гэх 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн НРТ14В72 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл тул “Юу Би Эйч Проперти” ХХК нь өөрийн өмч гэж үзэж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д шууд шилжүүлсэн байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдал нь хохирогчийг анхнаасаа залилан мэхлэх санаа зоригтой байсан гэж үзэхээр байна.

Шүүгчдэгч Н.У нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... “Өндөр буянт” ХХК гүйцэтгэгч Улаанбаатар банкинд захиалагч нь байсан ба “Өндөр буянт” компани мөнгөө төлж чадахаа болиод Улаанбаатар банкнаас Худалдаа хөгжлийн банк ХХК-д шилжсэн” гэх тайлбараас үзэхэд, болсон бүх үйл явдлыг мэдэж байсан, Н.У нь “Юу Би Эйч Проперти” ХХК болон “Өндөр буянт” ХХК нарын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй ойр буюу түүний төрсөн дүү Н.Т-гийн компани банкны барьцааны талаар дэлгэрэнгүй мэдүүлэг гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

Н.У нь “Юу Би Эйч Проперти” ХХК-тай болон “Өндөр буянт” ХХК-тай өөрийн байгуулсан гэх захиалгын гэрээтэй холбоотой маргаан болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж байгаагүй үйл баримтаар дүгнэхэд уг гэрээний үүрэг нь хэрэгжих боломжгүй гэдгийг мэдэж байгааг илэрхийлж байна. Хэрэв бусдад мөнгөө шилжүүлээд уг орон сууц нь бусдын зээлийн барьцаа хөрөнгө болсныг мэдсэн, улмаар үүргийн гүйцэтгэл хангуулж, банкны өмчлөлд очсон болохыг мэдсэн атлаа шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлцэл хугацааг хэтрүүлж байгаа идэвхигүй үйлдэл нь уг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн НРТ14В72 дугаар гэрээ нь үүрэг үүсгэхгүй, өмчлөх эрх шилжихгүй хэлбэрийн төдий гэрээ гэдгийг нотолж байна. Түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр Д.О-ийн эрхийг сэргээх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь зөвхөн намайг залилан мэхлэх зорилгыг агуулж байсан, одоо цагаатгасан тул төлөхгүй гэж байгаад үнэхээр их гомдолтой байна.

Цагаатгах тогтоол нь гэрээний эрсдэл гэж үзсэн атлаа гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсгийг дурдсан нь хууль зүйн логикгүй. Хэрэв, зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор гэж үзвэл гэм буруугийн асуудал заавал яригдана. Учир нь гэмт хэргийн улмаас хохирсон гэм буруутай болохыг шүүх зөвшөөрсөн агуулгатай дүгнэлт юм.

Н.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангалттай агуулж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦ/1427 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.У-д зохих шийтгэлийг хуулийн дагуу оногдуулж, миний хохирол 150.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг учиртай. Шүүгдэгч Н.У нь хохирогч Д.О-ийг залилсан байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. ...Түүнчлэн П.О болон У нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдах үед уг Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны өмчлөх эрх “Худалдаа хөгжлийн банк”-инд шилжиж очоогүй байжээ. Иймээс шүүгдэгч Н.У нь захиалгын гэрээгээр бариулсан орон сууцны өмчлөх эрхийг “Худалдаа хөгжлийн банк"-ны барьцаанд байгаа болохыг мэдсээр байж бусдад худалдсан гэх шинж тогтоогдохгүй байна. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх зохиомол байдал бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үйлдэлээр илрэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.У 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Д.О-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах үед Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрны өмчлөх эрх Худалдаа хөгжлийн банкинд шилжээгүй байсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлт нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш байдал, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Хэргийн оролцогч шүүгдэгч Н.У Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн эрхийн зөрчилгүй өөрийн өмчлөлийн орон сууцыг хохирогч П.О-ад худалдсан үйл баримт эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх орон сууцны өмчлөх эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна.

Шүүгдэгч Н.У 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Юу Би Эйч Проперти” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар “Юу Би Эйч Проперти” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 23- ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шаардаагүй орон сууцны төлбөрт өөрт шилжиж ирсэн 150.000.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн талаараа мэдүүлсэн нь түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэнд заасан шүүгдэгч Н.У-ын бусдыг залилсан үйлдлийн шинжийн талаарх дүтнэлтэд анхан шатны шүүх өмчлөх эрхийн талаар үндэслэлгүй залилах гэмт хэргийн шинжийн талаар эрүүгийн хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн гомдолтой байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулалгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Н.У-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт: ...шүүгдэгч Н.У-ыг хохирогч Д.О-ийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй, ...сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байна гэж дүгнэлээ. ...” гэж шүүхийн тогтоолд заасан үндэслэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч П.О “...У нь надад хэлэхдээ “Би уг 81, 82 тоотын гэрчилгээг худалдаа үйлчилгээний зориулалттай гаргах гэж байгаа юм, хүлээгдэж байгаа, чамайг үлдэгдэл 100.000.000 төгрөг өгөхөөр эгч нь худалдаа хөгжлийн зориулалттай ордерийг нь чиний нэр дээр гаргаж өгье гэж хэлсэн.” ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүр дээр Худалдаа хөгжлийн банкны хүн албан тоот авч ирж надад өгсөн. ... Ингээд би уг асуудлын талаар Уд “Би танд гэрээнд заасны дагуу үлдэгдэл 100.000.000 төгрөгөө өгье, та банкинд мөнгөө тушаагаад миний үл хөдлөхийг миний нэр дээр гаргаж өгнө үү” гэтэл У нь “эгч нь банктай очоод уулзчихна, би өөрөө асуудлаа шийдчихнэ” гэж хэлсэн. ...У өөрөө, мөн уг байрыг миний байр гэж надад хэлж итгүүлсэн. Мөн уг байранд захиалгын гэрээ үзүүлсэн. ...100 хувь миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж хэлж байсан. ... Н.У-ын надад хэлсэн зүйлд би хууртаж ийм байдалд орсон. Одоог хүртэл Н.У энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар нэг үйлдэл үйл ажиллагаа явуулахгүй алга болсон.

Н.У нь уг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын “Нарру town” хотхоны орон сууцны 84, 85 тоот байр нь миний байр юм. Мөнгөө шилжүүлчихвэл уг байрыг би таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж ярьж байсан боловч нийт 150.000.000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 100.000.000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад Худалдаа хөгжлийн банкнаас ажилтан ирж миний Н.У-аас худалдаж авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын “Нарру town” хотхоны орон сууцны 84, 85 дугаар тоот байрыг банкны өмч юм гэж намайг уг байрыг чөлөөлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. ...” гэж,

гэрч Ч.П “...Тухайн байрны гэрчилгээ нь гараагүй байгаа гарахаар нь үлдэгдэл мөнгөө төлөөд гэрчилгээгээ аваарай гэж хэлж байсан. Тэр байрыг нь миний эзэмшлийн байр Төмөрхүүд барилгын бараа нийлүүлдэг тэрнийхээ ордер нь гарна гэж хэлсэн. ...” гэж,

гэрч Б.Б “..тухайн 73 дугаар байранд оршин суугч иргэдтэй уулзаж байрыг хэрхэн авсан, зээлээ ямар байдлаар төлж байгаа гэдгийг судалж байх явцад 84, 85 дугаар тоотод оршин сууж байсан О-тай уулзахад би уг хоёр тоотыг У гэх хүнээс худалдаж авсан байгаа. Би урьдчилгаанд 150.000.000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг хэлсэн. Анх 73 дугаар байр нь манай банкны мэдэлд ирэхэд О, У гэх хүмүүсийн нэр дээр тухайн 84, 85 тоот нь шилжээгүй “Ө б Х” ХХК-ийн нэр дээр гэсэн бүртгэлтэй ирж байсан. ...” гэж тус тус мэдүүлжээ.

Гэтэл шүүхээс дээрх мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр үнэлээгүй, үгүйсгэсэн талаар дүгнээгүй, харин Н.У-ын гэрчээр болон мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үнэлж үйл баримтыг тогтоосон гэх атал хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж тус тус заасан.

Шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шинээр шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэх “Ө б Х ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15/178 тоот албан бичиг”, “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Т.Ө-т Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол “Х Т” ХД-73 байр 81, 82 тоот хаягт байрлах 140 мкв талбай бүхий 8 нэрийн хүнсний дэлгүүрийг тоног төхөөрөмжийн хамт түрээсэлсэн түрээсийн гэрээ”-г үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч уг баримт бичгийг хэн, хэрхэн цуглуулсан болохыг тодруулахгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Түүнчлэн цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан гэх боловч прокурорын шийдвэрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1427 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.У-ын өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос “шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн баримтыг үнэлсэн” гэж тайлбарлаж байна. Шүүх тухайн баримтуудыг шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлээгүй талаар дүгнэсэн. Мөн гэрч П, Б нарын мэдүүлэг нь Н.У-ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлодоггүй. Хохирогч П.О “интернэтээс гэрээний загвар татаж, бид хоорондоо тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн үр дагаврыг ойлгохгүй этгээдүүд тухайн гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдал харагдаж байна. Тухайн гэрээнд эрхийн доголдолтой асуудал байсан. Энэ нөхцөл байдлыг Н.У ч мэдээгүй байсан. 2014 онд тухайн байранд худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа тогтвортой явуулдаг байсан. Үүнийг үнэлж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Н.У нь байрыг П.О-ад 150.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрчилгээг эрхийн доголдолгүй болгосны дараа гэрээний үүргийг биелүүлэх үүргийг талууд хүлээсэн байсан. Мөн Н.У-ын санаа зорилгоос үл хамаарах нөхцөл байдал үүссэн байсан. Учир нь, тухайн барилгын компани нь 2014 онд Н.У-тай гэрээ байгуулчихаад гэрээ хийсэн тоотыг банкны барьцаанд тавьсан. Энэ талаар Н.У-д мэдэгдээгүй. Тухайн компани нь Н.У-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн байгаа тохиолдолд банкны барьцаанд тавих ёсгүй. Н.У Худалдаа хөгжлийн банкин дээр очиж энэ асуудлын талаар тодруулж байсан. Н.У-ын хохирсон асуудал байгаа. Учир нь, Н.У тухайн байрыг өөрийнхөө гэж бодож байсан. Хохирогч П.О Худалдаа хөгжлийн банкин дээр очиж уулзахад “иргэн хоорондын асуудал байна” гэж хариу хэлсэн нь үндэслэлтэй. Энэ бол Иргэний журмаар шийдвэрлэх ёстой асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго Н.У-д агуулагдаагүй. Н.У-ын хүсэл зоригоос үл хамааран залилах гэмт хэргийн асуудал яригдсан байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч П.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.У-ыг “Ө б Х” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрыг “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа, өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж, хохирогч Д.О-т өөрийн эзэмшлийн 84, 85 дугаартай орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.А-ы Хаан банкны 5013151788 тоот дансаар 130.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 150.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Н.У-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.У-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан эсэхийг, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэхийг бүрэн хянасны эцэст хэргийн үйл баримтад тулгуурлан гэмт хэргийн шинжийг тогтоох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Цагдаагийн байгууллагад П.О-аас “Банкны барьцаанд тавьсан орон сууцаа миний хөрөнгө гэж итгэл төрүүлэн миний 150.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн Н.У-ын үйлдлийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаар гомдол гаргаж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2006044992229 дугаартай прокурорын тогтоолоор “Н.У нь “Ө б Х” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” хотхоны 73 дугаар байрыг Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа, өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж, хохирогч Д.О-т өөрийн эзэмшлийн 84, 85 тоот орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.А-ы Хаан банкны 5013151788 тоот дансаар 130.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 150.000.000 төгрөг шилжүүлэн авсан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Н.У-ыг яллагдагчаар татжээ.

Энэхүү үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О-ийн “...У нь надад хэлэхдээ “Би уг 81, 82 тоотын гэрчилгээг худалдаа үйлчилгээний зориулалттай гаргах гэж байгаа юм, хүлээгдэж байгаа, чамайг үлдэгдэл 100.000.000 төгрөг өгөхөөр эгч нь ордерийг нь чиний нэр дээр гаргаж өгье гэж хэлсэн.” ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүр дээр Худалдаа хөгжлийн банкны хүн албан тоот авчирч надад өгсөн. ... Ингээд би уг асуудлын талаар Уд “Би танд гэрээнд заасны дагуу үлдэгдэл 100.000.000 төгрөгөө өгье, та банкинд мөнгөө тушаагаад миний үл хөдлөхийг миний нэр дээр гаргаж өгнө үү” гэхэд У нь “эгч нь банктай очоод уулзчихна, би өөрөө асуудлаа шийдчихнэ” гэж хэлсэн. ...У өөрөө, мөн уг байрыг миний байр гэж надад хэлж итгүүлсэн. Мөн уг байранд захиалгын гэрээ үзүүлсэн. ...100 хувь миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж хэлж байсан. ... Н.У-ын надад хэлсэн зүйлд би хууртаж ийм байдалд орсон. Одоог хүртэл Н.У энэ асуудлыг шийдвэрлэх талаар ямар нэг үйлдэл үйл ажиллагаа явуулахгүй алга болсон. ...” /1 хх 44-47, 50, 151-152/,

гэрч Ч.П-ийн “...Тухайн байрны гэрчилгээ нь гараагүй байгаа гарахаар нь үлдэгдэл мөнгөө төлөөд гэрчилгээгээ аваарай гэж хэлж байсан. Тэр байрыг нь миний эзэмшлийн байр Төмөрхүүд барилгын бараа нийлүүлдэг тэрнийхээ оронд 4-5 байр авах ёстой байрнуудын нэг нь байгаа юм удахгүй байрны ордер нь гарна гэж хэлсэн. ...” /1 хх 110/,

гэрч Б.Б-ий “..тухайн 73 дугаар байранд оршин суугч иргэдтэй уулзаж байрыг хэрхэн авсан, зээлээ ямар байдлаар төлж байгаа гэдгийг судалж байх явцад 84, 85 дугаар тоотод оршин сууж байсан О-тай уулзахад, би уг хоёр тоотыг У гэх хүнээс худалдаж авсан байгаа. Би урьдчилгаанд 150.000.000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг хэлсэн. Анх 73 дугаар байр нь манай банкны мэдэлд ирэхэд О, У гэх хүмүүсийн нэр дээр тухайн 84, 85 тоот нь шилжээгүй “Ө б Х” ХХК-ийн нэр дээр гэсэн бүртгэлтэй ирж байсан. ...” /1 хх 58/ гэсэн мэдүүлгүүд,

мөнгө хүлээлцсэн хэлцэл /1 хх 78-79/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1 хх 80-81/, Л.А-ы Хаан банкны 5013151788 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтас хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцэл, хохирогч П.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1427 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Н.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

                       ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР