Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Д.Б

Хохирогч Д.Н

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овгийн О.Б-т холбогдох эрүүгийн 1722000110008 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .........оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Х овгийн О.Б /регистрийн дугаар ЗИ84110814/

 

         Шүүгдэгч О.Б нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төв Аривжихын 18 дугаар гудамжны задгай тоотод оршин суух иргэн Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд халдан, биед нь тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус харвалт, зовхи, эрүү, бугалга, шуу, гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэгт тодорхой ярьсан гэв.

Хохирогч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 сарын 10-ны өдөр бие өвдөөд байхаар нь О.Б-ыг дуудсан. Малын мах аваад эвдэх гээд сууж байхад О.Б ирээд мах эвдэж өгсөн. Дараа нь хамт 1 пиво уусан. О.Б 1 шил архи авчирсан байсан. Би архинаас уугаагүй, пиво уусан. Өмнө нь 2 удаа миний утасруу О.Б-ыг асууж хүн залгасан болохоор би уурлаад “яахаараа чамайг асууж миний утасруу хүн залгадаг юм” гэж хэлсэн. Бид 2

 

маргалдаад би О.Б-ыг 2 удаа алгадснаас болж  намайг зодсон. Зодуулснаас болоод ямар ч тэнхэлгүй болсон учир би хажуу талынхаа гэрт орж унтаад өглөө 7, 8 цагийн үед босоод толинд хартал нүүр аймаар болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг тайван байлгаарай гэж О.Б-аас хүсэж байна гэв.

 

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн  “...Д.Н 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр  яаралтай тусламжийн тасагт ирэхдээ сандарсан байдалтай, амнаас нь пиво үнэртэж байсан. Бүх биеийн хэсэгт хөхөрсөн. Цээж, хоёр бугалга, нүүр, хоёр гуя, хөлөөр хөхөрсөн байсан. Ээж нь цуг ирсэн, ээж нь хэлэхдээ “босч чадахгүй намайг хотоос дуудсан, тэгээд гэрийнхэн нь эмнэлэгт хүргэж ирсэн гэж хэлсэн. Хүнд зодуулсан гэж өөрөө хэлж байсан. Ээж нь хэлэхдээ “надад хажуу айлын хүн манай охиныг шөнөжингөө зодож хоносон гэсэн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

 

- Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 170200209 дугаартай дүгнэлтэд

“1. Д.Н-ын биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус харвалт, зовхи, эрүү, бугалга, шуу, гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 12/

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/

- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин өндөр” гэжээ /хх-ийн 23/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 44/41 дугаартай албан бичиг, нэхэмжлэх зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

   Шүүгдэгч О.Б нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжихын 18 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Д.Н-тай маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Хохирогч Д.Н  шүүх хуралдаанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 103200 /нэг зуун гурван мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгдэгч О.Б-аас гаргуулж Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Б  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирогчийн гомдол саналыг харгалзан  шүүгдэгч О.Б-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Х овгийн О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-ыг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Б-т  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Д.Н хуульд заасны дагуу аюулгүй байдлыг хамгаалуулах, туслалцаа авах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  11.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 103200 /нэг зуун гурван мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгдэгч О.Б-аас гаргуулж Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

7. Шүүгдэгч О.Б  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ