Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/233

 

 

 

 

 

    2024          02             22                                        2024/ДШМ/233

 

 

                                                     Б.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/3293 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 2105003420686 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн Б-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ......../;

Яллагдагч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 96/1 дүгээр байрны 83 тоотод байхдаа “А Т” ХХК-ийн ЕRР систем бүхий программд хууль бусаар нэвтэрч, тус компани болон харилцагч “Ю С” ХХК, “Н Ж” ХХК, “О У ОМЗ ББСБ” ХХК, “Э м” ХХК, “Д б” ХХК-иудын ЕRР системд ажилладаг өгөгдөл, өгөгдлийн сангийн нөөц, эх код зэргийг устгасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/3581 дүгээр захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хуульчилсан бөгөөд прокурорын дээрх тогтоолуудаас үзэхэд, “А т” ХХК, “М к” ХХК, “Ю С” ХХК, “Н Ж” ХХК, “М ф т” ХХК, “Д б” ХХК, “Г” ХХК, “Н Х" ХХКомпаниудыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч халдлагад өртсөн гэх байгууллагуудын ямар мэдээллийг яллагдагч Б.Б устгасан, гэмтээсэн, ашиглах боломжгүй болггосныг хэрхэн тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд прокуророос халдлагад өртсөн гэж хохирогчоор тогтоосон байгууллагуудын эд мөрийн баримтад /серверт/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23, 24 дүгээр бүлэгт заасан ажиллагааг огт хийхгүйгээр зөвхөн яллагдагч Б.Б-гийн эд зүйл болох нөүтбүүкт үзлэг хийн 2 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцон хэргийг нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсныг ноцтой зөрчжээ.

Яллагдагч Б.Б-д холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас халдлагад өртсөн гэх “А т” ХХК болон уг гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирсон гэх “М к” ХХК, “Ю С” ХХК, “Н Ж” ХХК, “М ф т” ХХК, “Д б” ХХК, “Г” ХХК, “Н Х" ХХКомпаниудын серверт хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шүүх үзлээ.

Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Эдгээрийг шалгаж тогтоох нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөх эсэх, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх эсэх зэргийг нотлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсаны үндсэн дээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 2105 00342 0686 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/3581 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “...өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, хэрэгт ач холбогдол бүхий хард дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэргийн оролцогчийг тогтоох...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийн харьяаллыг зөв тогтоон шийдвэрлүүлэх шаардлагатай байна...” гэж дурдсан байна.

Уг захирамжийн дагуу хэргийг хүлээн авч мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1309 дүгээр дүгнэлтийг гаргуулсан болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Б нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ байсан талаараа дурдсан ба үүний дагуу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.Б-гийн оршин суудаг орон байр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 96 дугаар байрны 83 тоотод нэгжлэг хийж, түүний ашигладаг саарал өнгийн Macbook Pro-1 ширхэг, алтан шар өнгийн Самсунг нөүт-5 гар утас-1 ширхэг, хар өнгийн Kindle paper white 10-р үе, Iphone 6s-1 ширхэг, саарал өнгөтэй Тоshiba маркийн хар өнгийн 512gb багтаамжтай зөөврийн хард, Huawei маркийн хар өнгийн Router-1 ширхэгийг тус тус хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан газрыг шалгаж тогтоосон буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/3581 дугаартай захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тул хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “А Т” ХХК-ийн ЕRР систем бүхий программд хууль бусаар нэвтэрч, тус компани болон харилцагч 'Ю С” ХХК, “Н Ж” ХХК, “О У ОМЗ ББСБ” ХХК, "М ф т” ХХК, “Н Х” ХХК, “М к” ХХК, "Э м” ХХК, “Д б” ХХК-иудын ЕRР системд ажилладаг ямар өгөгдөл өгөгдлийн сангийн нөөц, эх код зэргийг устгасан талаар хохирогч нараас дэлгэрэнгүй мэдүүлэг авсан ба уг үйлдлийн улмаас учирсан хор уршгийг арилгах зорилгоор дээрх нэр бүхий компаниуд нь хэдэн ажилчныг илүү цагаар ажиллуулж, ЕRР системд устгагдсан өгөгдөл, мэдээллийг нөхөж бүртгэсэн талаарх баримтуудыг хэрэгт авч хавсаргасан болно.

Мөн “А Т” ХХК болон уг гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирсон гэх “М к” ХХК, “Ю С” ХХК, 'Н Ж” ХХК, “М ф т” ХХК, “Д б” ХХК, “Г” ХХК, “Н Х” ХХК-иудын серверт хэргийн газрын үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцон мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх үндэслэлийн тухайд Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1309 дугаар дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “...Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан сервер компьютерт хандах эрхийг Чинзориг /99924221/-той холбогдоход “Тухайн үед ашиглаж байсан серверийн компьютерыг шинэчилж сайжруулсан одоо үйлдлийн систем нь өөрчлөгдсөн учир тэр сервер компьютер дээр үзлэг шинжилгээ хийх боломжгүй...” гэж ярьсны дараа ...цахим шуудангийн хаягаас БХ хэрэг Логууд zip /SНА1:f45с35153292а4аb87543dа6d325d5с58f039b56/ нэртэй файл хавсралтаар ирүүллээ...” гэж дурдсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгийг гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хамруулан хийж гүйцэтгэх ба одоо дээрх халдлагад өртсөн гэх сервер компьютер нь өөрчлөгдсөн тул нөхөн үзлэг хийх боломжгүй, уг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас гаргаж өгсөн баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх хэмжээг шалгаж тогтоосон ба яллах дүгнэлтэд хохирлын тооцоог гаргаж хавсаргасан болно. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид аль компанид учирсан хохирол, хор уршгийг буруу тогтоосон гэдэг талаар дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сард гарсан шүүгчийн захирамжаар өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч шинжээчээс асуулт асуух эрхтэй гэж ойлгон асуулт асуухад хариулаагүй. Иймд шинжээчээс асуулт асууж өгнө үү гэх хүсэлтийг дахин гаргаж байна. Хэргийн объектод шинжилгээ хийх боломжгүй гэх баримт үнэн, зөв эсэхийг мэдэхгүй. Хэргийн объектийн серверт халдлага болсон уу гэдгийг нарийвчлан тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байгаа. ...” гэв.

Яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 11 дүгээр сард анхан шатны шүүхэд хэрэг ирэхэд яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүлээж аваад шүүгчийн захирамжаар хэрэг буцсан. Өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж авсан шүүгчийн захирамж биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг хүлээж авсан боловч ажиллагаа хийгдээгүй. Улсын яллагчийн дахин шинжээчийн дүгнэлт гарсан учир өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж биелэгдсэн гэж байна. Үүн дээр ямар нэгэн маргаан үүсээгүй. Шинжээчийн дүгнэлт дахин гарахад өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн хүрээнд буюу компаниудын серверт халдлага гарсан уу гэдгийг тогтоогоогүй. Ажлын чатаар бичсэн зурвасуудыг хувийн таарамжгүй харилцаанаас болж нэвтэрч, устгасан гэх хардлагын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Серверт дахин үзлэг хийхэд өмнөх мэдээлэл нь устаж, өөрчлөлт орсон бол үүнийг нарийн мэргэжлийн хүмүүс нь дүгнэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр хэрэг шийдэхэд шүүгч, прокурор, өмгөөлөгч нар бодит байдлыг ойлгохгүй байсан учир мэргэжлийн хүмүүсээр тодорхой болгуулах гэж хэргийг буцаасан боловч бид нар зорилгодоо хүрээгүй. Бусад компаниудын тоног төхөөрөмжинд ажиллагаа явуулаагүй атлаа яллагдагч Б.Б-гийн зөөврийн компьютерыг мөрдөгч хурааж аваад ажиллагаа хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгжихгүй байгаа учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г “2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 96/1 дүгээр байрны 83 тоотод байхдаа “А Т” ХХК-ийн ЕRР систем бүхий программд хууль бусаар нэвтэрч, тус компани болон харилцагч “Ю С” ХХК, “Н Ж” ХХК, “О У ОМЗ ББСБ” ХХК, “Э м” ХХК, “Д б” ХХК-иудын ЕRР системд ажилладаг өгөгдөл, өгөгдлийн сангийн нөөц, эх код зэргийг устгасан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/3581 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй байна гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/3581 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан “шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай” ажиллагаа Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1309 дугаар шинжээчийн дүгнэлтээр хийгдсэн байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Б-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/3293 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                                            ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН  

                                 ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР