| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0046/З |
| Дугаар | 110/ШШ2025/0064 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 110/ШШ2025/0064
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Ж,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ж, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн М.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн М.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулсан.
2. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 202 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Ж 2520 м.кв газрыг ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч нь уг захирамжийн хуулбарыг 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын даамлаас гардаж авснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч М.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие 2016 онд Өлгий сумын нутаг дэвсгэрт тухайн үед хогийн цэг байсан 2520 /0.252/ м.кв газрын хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, 40-өөд машин хогийг Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А.Х эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачуулан, торон хашаа татан, Өлгий сумын Засаг даргын захирамжаар уг газрыг таримал ойн зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшилдээ авсан юм. Надад газар эзэмшүүлэх шийдвэр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан.Өлгий сумын газрын даамлаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн.Үүний дараа би 2017 оны 4 дүгээр сард аймгийн зах дээр барилгын материал худалдан борлуулах С.Е 4 боодол буюу 240 метр урт төмөр тор, барилгын модон материал худалдан борлуулдаг Б 2,3 метрийн урт 75 ширхэг шургааг мод тус тус худалдан авч иргэн А.А торон хашаа татуулсан. Үүний дараа тухайн жилд байгалийн гамшиг болж, үерийн улмаас зарим газрын шонгууд нь нурсан байсан.
Дараа жил нь аймгийн төвийг тойруулсан үерийн далан барих ажил хийгдсэн. Үерийн далангийн Өлгий сумын 4 дүгээр баг руу чиглэсэн хэсэг нь миний эзэмшил газрын гол хэсгээр дайрч өнгөрсөн.Тухайн үед энэ ажлыг хийж гүйцэтгэсэн компани миний эзэмшил газрыг ухах үед би өөрийн биеэр очиж торон хашаа, шонгийн моднуудыг хурааж авсан. Үерийн далангийн ажил дууссаны дараа 2024 оны 04 дүгээр сард тухайн газарт фундамент татаж, цементэн блокоор хашаа татах ажлыг эхэлсэн.Энэ ажлыг Өлгий сумын иргэн Ж.А хийж байгаад өөр ажил руу явж, дараа нь 7 дугаар сард ирж үлдэгдэл ажлыг хийж өгсөн.Одоо тухайн газарт цементэн блок хашаа байгаа. Би өөрийн эзэмшил газрын татварыг 2019 оноос тасралтгүй төлж ирсэн. Тухайлбал 2019-2023 онуудад жил бүр 88200 төгрөг, 2024 онд 176400 төгрөг тус тус төлсөн
Гэтэл Өлгий сумын Засаг дарга 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А/246 тоот захирамж гаргаж надад огт мэдэгдэхгүйгээр уг газрыг эзэмшүүлсэн гэрчилгээ болон захирамжийг хүчингүй болгосон байна. Би уг газрыг дээрх шалтгаануудын улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байсан. Өлгий сумын Засаг даргын 2024 оны А/246 тоот захирамж нь миний эрхийг зөрчиж байгаа тул миний газар эзэмших эрхийг сэргээж, уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 202 дугаар захирамжаар Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2520 м.кв газрыг иргэн М.Ж ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
М.Ж нь дээрх газарт 2017 онд модон шонтой торон хашаа татсан, тухайн газар нь цахилгаан станцын үнс, хогийн хаягдалтай байсан ба 30-40 машины хог ачуулж цэвэрлүүлсэн үйл баримт байна. Эдгээр нь тухайн үед барилгын материал авч байсан зарлагын падаан, гэрч А.А, А.Х нарын мэдүүлгээр нотлогдож байна. Энэ үйл баримтыг хариуцагч талаас үгүйсгээгүй, энэ талаар маргасан зүйл байхгүй.
2017 оны 7 дугаар сард Өлгий сумын 4, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үеэр буусан. Тухайн үед онцгой байдлын байгууллагаас ус зайлуулах зорилгоор зам дээр байсан зарим хашааг зайлуулах, суваг шуудуу гаргах арга хэмжээг авч байсан. Тухайн үед М.Ж хашаа татсан хэсэг нь өртөж, торон хашааны зарим хэсгийг нь зайлуулсан үйл баримт байна. Тухайн үед үер буусан нь нийтэд тодорхой үйл баримт учраас түүнийг нотлох шаардлагагүй гэж үзэж байна.
Үүний дараа М.Ж нь 2024 оны 04 дүгээр сараас эхлэн тухайн газарт блокоор хашаа татах ажлыг хийж эхэлсэн. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрч Ж.А, М.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хариуцагч талаас бид нар 2024 оны 05 дугаар сард очиход хашаа татагдаагүй байсан, энэ талаар мэдэгдсэн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч талаас өмнө нь амбаар, хашааны зургийг тайлбартай хамт гаргаж өгсөн байсан. Тэгэхээр ажлын хэсгийн зүгээс тухайн газрыг нарийвчлан шалгаж, холбогдох хүмүүсээс тодруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. 2024 оны 7 дугаар сард мэдэгдсэн, 9 дүгээр сард захирамж гарсан байдаг. Тэгэхээр энэ хоорондох нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн тодруулсны үндсэн дээр газрын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. М.Ж зүгээс газрын төлбөрийг 2019-2024 оны хүртэл тасралтгүй төлж ирсэн, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.
Мөн 2020-2022 оны хооронд дэлхий даяар “Ковид-19” цар тахлын өвчин гарч, нийтийн хөл хорио тогтоосон. Тухайлбал, Засгийн газрын тогтоол гарч, 2020 оны 11 дүгээр сараас нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон ба 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор цуцалж байсан. Тэгэхээр 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл улс орны хэмжээнд хөл хорио тогтоосон үйл баримт байна. Энийг Улсын Дээд шүүхээс тодорхой хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад тайлбар гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар шийдвэрлэж байсан. Тэгэхээр дээрх дурдсан хугацааны 2-3 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.
5. Хариуцагч Өлгий сумын Засаг дарга хариу тайлбартаа:
“Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар бүхий “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага хүргүүлсэн.
Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч нь 2016 онд таримал ойн зориулалтаар газар эзэмшсэн байсан юм. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.
Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн сонсох ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж мэдсэний дараа Засаг даргад ямар нэгэн тайлбар хүсэлт гаргаж байгаагүй .
Харин нэхэмжлэгчийн газарт очиж үзэхэд ойжуулалт мод үржүүлгийн үйл ажиллагаа огт эхлүүлээгүй, нүдэнд харагдаж хэмжигдэхүйц хэмжээнд 1 ширхэг мод байгаагүй байсан учраас эзэмшлийн газар хүчингүй болох үндэслэл болсон. Ойжуулах зориулалтаар эзэмшсэн 8 жилийн хугацаанд огт ойжуулаагүй, хашаа татаагүй хоосон байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлийн дагуу хүчингүй болсон байгаа. Иймд
М.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч М.Жанболат нь уг газрыг 2016 онд авсан, үүнээс хойш 8 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“2024 оны 5 дугаар сард нэхэмжлэгч М.Ж ойжуулах зориулалтаар авсан газарт нь очиход ямар нэгэн ойжуулалт хийгээгүй, хашаа татаагүй, хоосон байсан учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэдийн нэрсийн жагсаалтад ороод, газар нь хүчингүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг үндэслэн “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр М.Ж газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
3.Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 202 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2520 м.кв газрыг ойжуулах зориулалтаар, 30 жилийн хугацаагаар нэхэмжлэгч М.Ж эзэмшүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ /Хавтаст хэргийн 79-84,102-103 дах тал/ байгуулжээ.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 32-т М.Ж газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаарыг тусгасан байна.
Уг албан шаардлагын дагуу Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан байх ба хариуцагчаас хариу тайлбарын хамт ирүүлсэн уг ажлын хэсгийн шалгалтын баримт бичиг болох зурагжуулсан судалгаанд М.Ж эзэмшлийн газрын талаар “хашаа дутуу татсан,амбаартай, хийгдсэн юм байхгүй” гэж тусгасан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 55-56,65,68,71,73-78 дах тал/ тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч талаас “Өлгий сумын газрын даамлаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсний дараа би 2017 оны 4 дүгээр сард аймгийн зах дээр барилгын материал худалдан борлуулах С.Е 4 боодол буюу 240 метр урт төмөр тор, барилгын модон материал худалдан борлуулдаг Б 2,3 метрийн урт 75 ширхэг шургааг мод тус тус худалдан авч иргэн А.А торон хашаа татуулсан. Дараа жил нь аймгийн төвийг тойруулсан үерийн далан барих ажил хийгдсэн. Үерийн далангийн Өлгий сумын 4 дүгээр баг руу чиглэсэн хэсэг нь миний эзэмшил газрын гол хэсгээр дайрч өнгөрсөн.Тухайн үед энэ ажлыг хийж гүйцэтгэсэн компани миний эзэмшил газрыг ухах үед би өөрийн биеэр очиж торон хашаа, шонгийн моднуудыг хурааж авсан. Үерийн далангийн ажил дууссаны дараа 2024 оны 04 дүгээр сард тухайн газарт фундамент татаж, цементэн блокоор хашаа татах ажлыг эхэлсэн.Энэ ажлыг Өлгий сумын иргэн Ж.А хийж байгаад өөр ажил руу явж дараа нь 7 дугаар сард ирж үлдэгдэл ажлыг хийж өгсөн.Одоо тухайн газарт цементэн блок хашаа байгаа” гэсэн тайлбар гаргасан.
6. Шүүхээс хийсэн үзлэгээр /Хавтаст хэргийн 86-92 дах тал/ нэхэмжлэгчид ойжуулах, мод тарих зориулалтаар эзэмшүүлсэн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2520 м.кв газрын 2 талд /баруун болон хойд тал/ нь цементээр суурийг нь цутгаж, цементэн блокоор барьсан 82,7 м хэмжээтэй хашаа байгаа нь тогтоогдсон.
Мөн нэхэмжлэгч М.Ж 2016 оны 202 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2520 м.кв газарт хогийн цэг байсан, нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр 30-40 гаруй машин хог ачуулж , тухайн газрыг цэвэрлэсэн ба 2017 оны 4 дүгээр сард ажлын хөлсөнд 1500 000 төгрөг төлж, 972000 төгрөгөөр шургааг мод, төмөр тор худалдан авч эзэмшлийн газрынхаа 3 талд нь торон хашаа бариулсан боловч үерийн хамгаалалтын далан суваг барих ажлын улмаас тухайн торон хашаагаа буулгасан, улмаар 2024 оны 4-8 дугаар сарын хооронд ажлын хөлсөнд 2800 000 төгрөг төлж, эзэмшлийн газрынхаа 2 талд нь цементэн блокоор хашаа бариулсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 95-98,104-107,112,116,120,126-130,134,138 дах тал/ тогтоогдсон болно.
Тодруулбал, Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2972 м хүчин чадал бүхий үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламж /өндөр зэргийн төвөгшлийн ангиллын/ буюу далан суваг барих ажлыг “А” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн байх ба аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/499 дүгээр захирамжаар байгуулсан Баян-Өлгий аймгийн үерийн усны хамгаалалтын далан сувгийн эхний ээлжийн ажлыг ашиглалтад оруулах комисс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан.
Уг 2972 м хүчин чадал бүхий үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламжийн буюу үерийн хамгаалалтын далангийн далд хэсэг нь нэхэмжлэгч М.Жанболатад эзэмшүүлсэн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2520 м.кв газрын баруун захаас 4 м дотор талд уртын дагуу 70 м газарт үргэлжлэн байрласан нь тус тус тогтоогдсон.
7.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-т “"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч М.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд ойжуулах зорилгоор тухайн газарт байсан хогийг ачуулж, газрыг цэвэрлэсэн, 2017 оны 4 дүгээр сард эзэмшлийн газартаа хашаа барьж, хамгаалалт хийсэн нь тогтоогдож байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа.
Түүнчлэн газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2972 м хүчин чадал бүхий үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламжийн ажил эхэлсэн, үүний улмаас нэхэмжлэгч эзэмшлийн газартаа барьсан хашаагаа буулгасан, уг үерийн хамгаалалтын далан суваг барих ажил нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан буюу нэхэмжлэгч өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас 5 жил гаруй хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан, тухайн үерийн хамгаалалтын далан сувгийн ажил дууссаны дараа 2024 оны 4-8 дугаар сарын хооронд эзэмшлийн газартаа хашаа бариулсан, мөн 2019-2024 оны газрын төлбөрөө төлсөн /Хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Энэхүү үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламжийн ажлаас гадна уг ажил хийгдэж байх хугацаанд Монгол Улсад Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд мөн хамаарахаар байгааг дурдах нь зүйтэй.
9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
Дээр дурдсанаар ажлын хэсгээс хийсэн шалгалтаар М.Ж эзэмшлийн газрын талаар “хашаа дутуу татсан” гэсэн судалгаа гаргаж, тухайн үеийн гэх фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн мөртлөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд уг ажлын хэсгийн гишүүн Т.Зангараас шүүх хуралдаанд “М.Ж хашаа татаагүй байсан, бид нар андуураад дээд айлын хашааны зургийг авсан байна. Амбаартай хашаа нь М.Ж газрын дээд талд байгаа айлын хашаа юм” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч М.Ж хувьд эзэмшлийн газартаа 2017 онд торон хашаа барьсан боловч үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламжийн ажлын улмаас хашаагаа буулгасан, мөн хариуцагчийн байгуулсан ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сард шалгалт хийхээс өмнө буюу 4 дүгээр сард газрынхаа 2 талд нь хашааны суурийг цутгасан, нэг талд нь цементэн блокоор хашаа барьсан,улмаар маргаан бүхий захирамж гарахаас өмнө 8 дугаар сард хашааны дахин нэг талыг барьсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч М.Ж эзэмшлийн газрын ашиглалтын бодит нөхцөл байдал болон дээр дурдсан газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан, өөрөөс нь үл хамаарах шалтгааны талаар тодруулахгүйгээр, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой уг үндэслэлүүдийг шинжлэн судлахгүйгээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна гэж үзлээ.
10.Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авах зорилгоор Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг нь албан шаардлагад заасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож,...харин ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 71 дэх тал/ тогтоогдсон болно.
Дээрх байдлаар нэхэмжлэгч М.Ж хувьд эзэмшлийн газартаа 2017 онд торон хашаа барьсан боловч үерийн хамгаалалтын зориулалттай барилга байгууламжийн ажлын улмаас хашаагаа буулгасан, 2024 оны 4-8 дугаар сарын хооронд эзэмшлийн газрынхаа 2 талд хашаа барьсан, тухайн газрын хогийг ачуулж цэвэрлэсэн зэргээр зардал гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдсон.
Гэтэл ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж хашаа татаж, мод тарьж, худаг гаргасан зарим газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах зэргээр тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглах боломж олгосон мөртлөө дээрх иргэдтэй ижил нөхцөл байдалтай байгаа, мөн үерийн хамгаалалтын далан суваг барих ажил буюу өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас 2018-2023 онуудад газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан нэхэмжлэгч М.Ж тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь шууд дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй .
11. Иймд нэхэмжлэгч М.Ж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан зарчим болон зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ