Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 11

 

 

 

        

 

 

 

 

                                           

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.С даргалж, шүүгч Г.М, Л.О нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Иргэдийн төлөөлөгч: Г.Г, Ч.О, Р.М

         Шүүгчийн туслах: Г.Н

Нарийн бичгийн дарга: Г.Н

Улсын яллагч: Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Л

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: С.Ц 

Харгалзан дэмжигч, иргэний хариуцагч: С.Д

Шүүгдэгч: Ж.Ц нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох тус шүүхийн 1392017/00030/Э/ индекстэй, эрүүгийн 201712000046 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1984 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, .......... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй гэх, ам бүл 4, “Оюун ухааны хөнгөн хомсдол” оношийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 69% тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй /РД: ЗП84080827/ Т овгийн Ж.Ц нь хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:    

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ж.Ц нь 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ган-Илч” ХХК-ний уурын зуухны хашааны гадна байх дулааны худгийн нүхэнд Х.Н-тай маргалдсаны улмаас алсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

        -  Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

        - Шүүгдэгч Ж.Ц-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн үед намайг Цоглогийн баруун талын үсчин дээр байхад талийгаач Х.Норж ирээд хашгираад байсан. Тэгтэл талийгаачийг Г ах өрөөнөөс хөөж гаргасан. Соёмбо дэлгүүрлүү орж 0.75 литрийн ерөөл нэртэй архи худалдаж аваад би Х.Н-тай хамт “Ган-Илч”-ийн уурын зуухны зүүн урд талд байх траншейны нүхрүү ороод нөгөө авсан архиа хамт хувааж уусан. Би тэр архинаас 3-4 удаа татсан... Х.Н намайг барьж аваад гараараа миний хоолойг боосон. Би арагш нь түлхсэн чинь Х.Н толгойгоороо труба дээр саваад ойчсон. Х.Н эргэж босож ирээд намайг барьж аваад дахиад хоолой бооход нь хажуу тийш түлхтэл дахиад труба дээр хажуу талаараа ойчсон. Тэгэхэд нь би Х.Н-ын хоолойг нь нэг гараараа ойролцоогоор 1 цаг гаруй боогоод ухаан алдахаар нь тэр газар орхиод нүхнээс гараад явсан. Би 19 цагийн үед эргээд нөгөө нүхрүү асаагуурын гэрэл тусгаад орсон. Ороод дуудахад Х.Н сэргээд  хашгираад байхаар нь би амруу нь шар өнгийн даавуу чихээд дараа нь цагаан өнгийн жижиг даавуу бас чихээд гарахдаа цээжин дээр нь хөлөөрөө гишгээд нүхнээс гарсан. Би 20 цаг 20 минутын орчимд тэр нүхнээс гараад гэртээ очсон. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 07 цагийн үед нөгөө нүхрүү орсон чинь Х.Н дээшээ хараад нас барсан юм шиг байсан. Би аманд нь байсан даавууг аваад трубаны цаагуур хийгээд нүхнээс гарсан...” гэх мэдүүлэг /1 х.х 110-112,  1 х.х 113-116/

         - Гэрч  Д.О-ын /Нэгдсэн эмнэлгийн сувилагч/: “...2017 оны 3 дугаар сарын 6-ны өглөө намайг нэгдсэн эмнэлгийн дуудлага хүлээн авах өрөөнд ажил дээрээ байхад гаднаас Цгэх эмэгтэй орж ирээд “Ган-Илч” ХХК-ний зүүн урд талд байх траншейнд нэг эрэгтэй хүн нас барсан байна гэж хэлсэн… Би Ц-ээс худлаа яриад байна уу? гэж асуухад би худлаа ярьдаг хүн биш гээд гараад явсан юм… орж ирэхдээ дээд тал нь хар, доод тал нь улаан гэмээр өнгөтэй куртиктэй орж ирсэн, гутлыг нь би анзаараагүй юм. Ганцаараа орж ирээд гарсан...” гэх мэдүүлэг  /1 х.х 36-37/

       -  Гэрч С.О-ийн /үсчин/:  “...2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр намайг “Сондор” салонд ажил дээрээ байхад гаднаас Х.Н гэх хүн орж ирсэн. Тэр хүн их согтуу байсан. Би түүнийг харьж унт гэж хэлээд хөөсөн. Гэтэл гаднаас Ж.Ц орж ирээд Х.Н-ыг дагуулаад гарсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан. Х.Н, Ж.Ц нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /1 х.х 41/

       - Гэрч Д.Д-ийн /худалдагч/:  “...2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг 58 минутад намайг “Соёмбо” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас Ж.Ц гэх эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэй архины тасгаас 0.75 литрийн ерөөл нэртэй архи 10500 төгрөгөөр худалдаж аваад мөнгөө өгөөд гарсан. Ж.Ц ганцаараа орж ирсэн, эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /1 х.х 42-43/

       - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр Ган-Илч ХХК-ий уурын зуухны зүүн урд талд байх төмөр тагтай траншейны нүх байлаа. Уг нүхэнд ертөнцийн зүгээр зүүн тийшээ толгой хэсэг нь харсан дээшээ харсан байрлалтай куртик болон цамцыг дээш шууж цээж хэсгийг гаргасан эрэгтэй хүний цогцос байлаа. Уг цогцосны урт 170 сантиметр байв... гэжээ /1 х.х 3-8/

      - Шинжээчийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 170300013 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №17 гэж хаягласан гэрэл зурагт бэхжигдсэн гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гутлын улны мөр Ж.Ц-ийн гэх зүүн хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байна. Гутлын улны мөрний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна  гэжээ /1 х.х 55/

      -  Шинжээчийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 170300014 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас олдсон гэх архины шил нь шинжилгээнд тэнцэнэ. Архины шилэн дээрээс гарын мөр илэрсэн. Архины шилэн дээрээс илэрсэн гарын мөр нь Ж.Ц-ийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. Папилляр шугамын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгийн цогц байдлаараа тохирч байна  гэжээ /1 х.х 62/

       - Шинжээчийн 2017 оны 3 сарын 24-ний өдрийн 170100017 дугаартай дүгнэлтэд: Х.Н-ын цогцост толгойн дагзанд цус хуралт, доод уруулын дотор салстад цус хурсан, доод уруул хавдсан зөөлөн эдийн гэмтэл, зүүн жавжны доод хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. Цогцосноос авсан цусанд 3.9 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь хүнд зэргийн согтолт болно. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Х.Н нь 2017.03.05-ны өдрийн 22-00 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. Талийгаачийн аманд даавуу хийж ам хамар дарсантай холбоотой амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. Х.Н нь 0/1 бүлгийн цустай байна гэжээ /1 х.х 81-83/

          - Шинжээчийн 2017 оны 4 сарын 14-ний өдрийн 2165 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Х.Н-ын амны хөндийгөөс гарсан гэх шар өнгийн сэмэрдэсүүд нь “лавсан” ширхэгт байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх 46х35,5 см хэмжээтэй шар өнгийн даавууны тасархайны шар өнгийн сэмэрдэсүүд нь “лавсан” ширхэгт байна. Шинжилгээнд харьцуулах зааварт ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх 46х35,5 см хэмжээтэй шар өнгийн даавууны тасархайнаас авсан шар өнгийн сэмэрдэсүүд нь шинжилгээнд ирүүлсэн Х.Н-ын амны хөндийгөөс гарсан гэх шар өнгийн утасны ширхэгтүүдтэй тохирч байна  гэжээ /1 х.х  91-95/

         - Согтуурал шалгасан магадлагаанд “2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 10 цаг 01 минутад Ж.Ц-ийн согтуурлыг багажаар шалгахад 0.00 хувь” гэжээ /1 х.х 53/

        - Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэв.

         Дээрх баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

          Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Х.Н-тай маргалдан аманд нь даавуу чихсэний улмаас түүний амь насыг хохироосон үйлдэл нь шүүгдэгч Ж.Ц-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх ба хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

2/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

         - Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд “...Манай нөхөр Х.Н 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ээжийнхээсээ гараад эргэж ирээгүй. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би нас барсан гэдгийг нь хүнээс сонссон. Ямар шалтгаанаар нас барсан гэдгийг мэдэхгүй байна…Би Х.Н-тай 1996 онд гэр бүл болоод гэрлэлтээ 2008 онд батлуулсан санаж байна, гэрлэлтийн баталгаа байгаа. Надад гомдол санал алга. Оршуулгын зардал мөнгө төлөх асуудлаа сүүлд ярина...” /1 х.х 31-33/, мөн  “...Оршуулгын зардал гэж 5 сая төгрөг орсон дээрх мөнгийг бүрэн төлүүлнэ...” /1 х.х 34-35/ гэх мэдүүлгүүдийг өгсөн боловч хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт болон тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /1 х.х 195, 2 х.х 91/ гэжээ.

         Иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал ба хохирогч нэгэнт хохирлыг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

            Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Ц-гийн харгалзан дэмжигч С.Д-с нэхэмжлэх эрхтэй болно.

 

3/ оногдуулах ял шийтгэлийн талаар:

         Шүүгдэгч Ж.Ц нь шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль /2015 оны/ дагаж мөрдөгдөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө мөн оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэжээ.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт оногдуулах ялыг  “арваас дээш арван таван жил хүртэл” гэж заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1-д “найман жилээс арван таван жил хүртэл” гэж хөнгөрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-д “…оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн яллагдагчаар татах тогтоолыг /1 х.х 113/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлээ.

         Шүүгдэгч  “Ж.Ц 24 настай, менингитийн дараах зан төрхийн өөрчлөлттэй, иргэний эрх зүйн чадваргүй” гэх Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай шийдвэр хэрэгт авагдсан боловч шинжээчийн 483 дугаартай дүгнэлтэд “...Ж.Ц нь гэмт хэрэг үйлдлийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Үзсэн, харсан, сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх боломжтой байна. Ж.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна ” /2 х.х  50-53/ гэж, шинжээчийн 921 дугаартай дүгнэлтэд “Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 196 шийдвэрт Ж.Ц нь Менингитийн дараах зан төрхийн өөрчлөлттэй иргэний эрх зүйн чадваргүй гэсэн нь Ж.Ц-ийн эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх чадварт нөлөөлөхгүй болно.  Ж.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” /2-р хх-ийн 85-86/ гэх дүгнэлтүүд, шинжээч О.Б-ын “...Эрх зүйн чадамжгүй гэдэг нь тухайн хүн эрх зүйн харилцаанд орж үүрэг хүлээн, эрхээ эдлэх асуудал юм. Харин Ж.Ц-ийн энэ хэрэг нь иргэний хэрэг биш эрүүгийн хэрэг юм. Тийм учир Ж.Ц-д хэрэг хариуцах чадвартай эсэхэд дүгнэлт гаргана. Иймээс 2008 онд гаргасан шүүхийн эрх зүйн чадамжгүй гэсэн шийдвэр нь одоогийн шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээх чадварт нөлөөлөхгүй гэж манай комисс санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан...” /2 х.х 101-104/ гэх мэдүүлэг болон хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заагдсан журмын дагуу явагдсан, эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дараагийн дүгнэлт батлан нотолсон, хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий мэргэжлийн дадлага туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг баримталж шүүгдэгч Ж.Цэвээнсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Шүүгдэгч Ж.Ц-гийн хувийн байдлын талаар: 

           - Харгалзан дэмжигч С.Д-н гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Ж.Ц 2017 оны 3 сарын 5-ны өдөр гэртээ 20 цаг өнгөрөөгөөд ирсэн. Надтай ямар нэгэн зүйл яриагүй. Ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэжээ  /1  х.х 45/

          - Гэрч С.Ц-ийн “...Миний төрсөн охин С гэдэг эмэгтэй 1991 онд өвчний улмаас нас барсан юм. Тэр охины минь ганц охин нь Ж.Ц байгаа юм. Ж.Ц 2 настайдаа сүрьеэгийн менингит тусаад тэр өвчин нь даамжирч явсаар байгаад уураг тархиндаа нөлөөлж хөгжлийн бэрхшээлтэй оюуны хомсдолтой болсон, группт байдаг...” гэх мэдүүлэг /1 х.х 39-40/

       - Шинжээчийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 356  дугаартай дүгнэлтэд: Ж.Ц нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Ж.Ц нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Ц нь оюуны хөнгөн хэлбэрийн хомсдолтой тул ярьж байгаа зүйл болон ой тогтоолт оюуны хөгжлийн түвшинд тохирсон байх боломжтой. Ж.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Ж.Ц нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна  гэжээ /1 х.х 74-76/

        - Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт “Ж.Ц хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувь. Шийдвэрийн хүчинтэй хугацаа 2016.09.02-2017.09.01” гэжээ /1 х.х 117/

         - Ж.Ц-н амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /1 х.х 139-180/

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 х.х 132-133/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

         Шүүгдэгч оюуны хөнгөн хомсдолтой гэх шинжээчийн дүгнэлт гарсан, хөдөлмөрийн чадвар алдалт 69% тогтоогдсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 6.5 дугаар зүйлийн 3-д заасан онцгой нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Ж.Ц-д тус аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн а/112 дугаартай захирамжаар Х овгийн С.Д-г түүний харгалзан дэмжигчээр, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаартай захирамжаар иргэний хариуцагчаар татах тухай захирамж гарсан байх бөгөөд С.Д тус шүүхэд “Ж.Ц-ийн ухаан санаа бүрэн биш, мэдрэлийн архаг өвчтэй байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгөх тухай ” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь: Оюун ухааны хомсдол өвчний оноштой хүн бүр хэрэг хариуцах чадваргүйд тооцогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг сэтгэцийн хувьд өвчтэйн улмаас өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг ойлгож мэдэхгүй, ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байсан эсэхэд шинжилгээ хийлгэн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хэргийн нөхцөл байдал болон бусад нотлох баримтыг харгалзан шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж шийдвэрлэсэн болно. 

        4/ бусад асуудлын талаар:

    Шүүгдэгч  Ж.Ц  нь  энэ  хэргийн  улмаас  2017.04.17-ны өдрөөс 2017.07.06-ны

өдрийг хүртэл цагдан  хоригдсон тул цагдан хоригдсон хугацааг түүний хорих ял эдэлсэн  хугацаанд нь  оруулан  тооцно.

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.2-д зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж,  мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 39 размерийн хос гутлыг шүүгдэгч Ж.Ц-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн ерөөл нэртэй архины шил, цагаан өнгийн алчуур, шар өнгийн даавууны тасархай, пивоны тасархай лааз, цагаан өнгийн асаагуурыг нэхэмжилсэн хүнгүй тул устгах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Т овогт Ж.Ц-д 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн яллагдагчаар татаж ял сонсгосон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

        2. Шүүгдэгч Ж.Ц-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ц-г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.4-д зааснаар  шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангийн энгийн  зэрэглэлд эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцсугай. 

         6. Шүүгдэгчээс эд зүйл хурааж, битүүмжлээгүй ба хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 39 размерийн хос гутлыг шүүгдэгч Ж.Ц-д буцаан олгож,  0.75 литрийн ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, шар өнгийн даавууны тасархай 1 ширхэг, пивоны тасархай лааз 1 ширхэг, цагаан өнгийн асаагуурыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт  даалгасугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.С нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч С.Д-с нэхэмжлэх эрхтэйг заасугай.

         9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

         10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                                    ШҮҮГЧИД                                Г.МӨНХБАТ

 

      Л.ОДОНЧИМЭГ