| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0014/З |
| Дугаар | 109/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 109/ШШ2025/0024
109/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2024 оны 6дугаар сарын 15-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч С ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., 25 дугаар зүйлийн 25.1., Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11., Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох /элс, хайрга, шар шавар/ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, тогтоолын хавсралтын дэс дугаар 2-т Ар эрэг элс, 2 га гэж тусгажээ.
2.2. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35, 39 дүгээр зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2., 14.4. дахь заалтыг тус тус үндэслэн Эрдэнэ толгой багийн ар эрэгт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоож, эрэн хайхыг хориглосон байна.
2.3. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17., 48 дугаар зүйлийн 48.1., 48.2. дахь заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2., 14.4. дэх заалтыг тус тус үндэслэн Эрдэнэ толгой багийн ар эрэгт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоох, эрэн хайх, ашиглахыг хориглосон байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч С ХХК нь дээрх тогтоолд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай "С" ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг . гэх газарт . га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргад өргөдөл гарган Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын системд бүртгүүлсэн. Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн "Дүгнэлт хүргүүлэх тухай" 10/2962 дугаар албан бичгээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан . гэх газрын . га талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбай болон хуулиар хориглосон хамгаалалтын бүсүүдтэй давхцалгүй тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. Улмаар дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх явцад Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас 2025.03.17-ны өдөр 09 дугаартай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтаар 2015.04.23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2023.07.01-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2024.03.15-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоолуудыг ирүүлсэн. Дээрх тогтоолуудын агуулгыг үзвэл . сумын нэр бүхий газар буюу . багийн ар эрэг гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагааг хориглож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэж байжээ. Гэтэл сумын иргэдийн төлөөлөгчийн хурал дээрх шийдвэрийг гаргах эрх хэмжээгүй байна. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.1.2-т Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах; гэж заажээ. Тус хуульд зааснаар түгээмэл тархацтай хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурал бус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын эрх хэмжээний асуудал байна. Гэтэл Ихтамир сумын иргэдийн төлөөлөгчийн хурал нь дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь хууль тогтоомж зөрчиж байгаа асуудал юм. Нэгэнт . гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээгүй тул маргаан бүхий актууд нь илт хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай С ХХК нь Архангай аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд манай өргөдөл гаргасан . сумын . гэх газар 20-иод жил ашиглаад ирсэн. . га газар яг ашиглаж байгаа газар нь өргөдөл өгсөн. Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай хуулиараа хуулийн этгээд өргөдлөө өгч аймгийн Засаг даргад бүртгүүлээд, Ашигт малтмалын ерөнхий газрын сайтад давхцалгүй гэж гараад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар дэмжиж байна, дэмжихгүй байна гэсэн тогтоолоо гаргаад өгөх ёстой юм. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь илт хууль бус тогтоол гаргаж сумын хэрэгцээнд авснаар үйл ажиллагаа явахгүй байна. Энэ ганцхан манай компани асуудал биш, аймгийн асуудал болоод байгаа. Аймгийн Засаг дарга Засгийн газрын хуралдаан дээр хүртэл ярьсан. Нэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын улс төржсөн асуудлаас болж Архангай аймгийн бүтээн байгуулалтын ажлууд явахгүй байна. Элсээ авч чадахгүй болоод 1 сар гацаад, одоо хууль бусаар Ар элстэй гэх газраас олборлуулаад зогссон байх жишээтэй. Энэ бол ганцхан миний асуудал биш аймгийн асуудал байгаа. Энэ бол олборлоод яваад болоод байсан. Эзэнтэй болоод хуулийн хүрээнд ашиглах гэхээр болохгүй болчихдог. Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын илт хууль бус, хууль зөрчсөн тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Бид нар Геологийн тусгай зөвшөөрөл хүсээд байгаа. Геологийн тусгай зөвшөөрөл хүснэ гэдэг нь хэрвээ эд нар зөвшөөрвөл, аймгийн Засаг дарга геологи хийх тусгай зөвшөөрлөө олгоно. Тэгээд геологио хийгээд нөөцтэй юм уу, нөөцгүй юм уу, болох юм уу, болохгүй юм уу гэдгийг тогтоолгоод Дээд зөвлөлийн гишүүдээр хэлэлцээд болно гэвэл тусгай зөвшөөрлөө авна, болохгүй гэвэл эргээд хүчингүй болох юм. Хуулийн хүрээний ийм асуудалтай юм. Тэгэхээр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандаж байгаа гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.3-т заасан өөрийн эрх үүрэгт хамраалгүй асуудлаар акт гаргаад байна. Тийм учраас энэ актын илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тухай хуулийн асуудал энд яригдаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал яригдахаар, сум энэ асуудыг ярих уу, аймаг ярих уу гэдэг асуудал гараад ирдэг. Гэтэл үүний цаана аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг өмнө нь барилгын салбарууд ашиглаад явж байсан зүйлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зогсоогоод, тэр талбайг давхцуулаад сумын тусгай хэрэгцээнд авлаа гэдэг асуудал яригддаг. Сумын тусгай хэрэгцээнд аваад байгаа бол ямар зорилгоор аваад байгаа вэ. Ямар нөхцөл байдал үүссэн учраас, цаашид юунд ашиглах зорилгоор тусгай хэрэгцээнд аваад байгаа вэ, хэдэн жилийн хугацаанд тусгай хэрэгцээнд авч байгаа вэ, тусгай хэрэгцээнд авснаар ямар журмаар, яаж ашиглах вэ, тэр журмаа батлаад олон нийтэд ил болгоод, сумын тусгай хэрэгцээний санд бүртгүүлээд явах ёстой процесс байна. Өнөөдөр сум авах ёсгүй газрыг авснаараа хуулийн хэрэгжилт байхгүй болоод, цаашлаад нэг компани, аймаг орон нутгийн ажил зогсох болоод байна. Ийм учраас илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж байгаа гэв.
3.4. Хариуцагч .-с шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоолоор сумын хэмжээнд бичиг уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох Ар эрэг хэмээх газар /элс/-ыг орон нутгийн тухай хэрэгцээнд авсан. Энэ газар эртнээс малчдын зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газар нутаг учраас уул уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй тул иргэдийн ахуйн зориулалтаар элсний хэрэгцээгээ хангаж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно, 28.2-д Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргана, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ыг тус тус баримтлан хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргасан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 06 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүрээр тогтоолуудын хувьд Т ХХК, С ХХК-ийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын санаачилгаар иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан тогтоолууд юм. С ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанчлан сумын ИТХ-ын орон нутгийн тухай хэрэгцээнд авах шийдвэр гаргах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал биш гэсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар нэг санал авах талаар албан бичиг ирээгүй болно. Нутгийн өөрөө удирдах байгууллага болсон сумын ИТХ нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд олонхын зарчмаар асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн уйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм. Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт нь заавал түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр биш гэдгийг анхаарч үзэх ёстой. Ар эрэг" хэмээх газар нь Аймгийн компаниуд олон жилийн турш ил, далд аргаар олон жил ашиглаж ирсэн. Малчдын малын бэлчээрийн бүс ойр хавь нь зуслан намаржаа, өвөлжөө, хаваржааны газар учир талбайн хэмжээ томорч байгаа нь малчдын бухимдлыг бий болгож эсэргүүцэж байна. Үндсэн хуульд газар түүний баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Байгалийн унаган төрх эвдэгдэж, аялал жуулчлалын бүс зам дагуу учир сөргөөр нөлөөлж байна. Орон нутгийн иргэдийн олон зуун жил дамжин тахиж шүтэн ирсэн . бүс нутаг юм. Мөн Ар эрэг нь ногоон бүсээс 1 км дотор байрлалтай байдаг. Энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12.3-д суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолууд нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хамтын удирдлагын зарчмаар гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд С ХХК-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагчийн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч талд хариу тайлбар ирүүлсэн байгаа. Үүнийгээ дэмжиж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөөлөгч нарын гаргасан шийдвэрийг баталдаг олон нийтийн байгууллага байгаа. 20.1.3-т сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, засаг захиргаа, журмыг тогтоох эрхтэй байгаа гэв.
3.6. Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С ХХК-ний гол үндэслэл нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрлийг хүссэн байдаг. Тэгээд аймгийн Засаг даргад хандаад, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад зөвшөөрөөгүй хариу ирүүлсэн . Үндэслэл нь уг хүсээд байгаа газар болох Архангай аймгийн Ихтамир сумын Ар эрэг гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага манайх энийг ашиглана, нийтээр ашиглаж ирсэн юм. Манайх тусгай зөвшөөрөл авар эрхтэй, тусгай зөвшөөрөл авах эрхийг хориглоод байна гэсэн асуулгатай байдаг. 2015.04.23-ны өдөр хамгийн анх авсан 6 дугаар тогтоол, 2023, 2024 онуудад өгсөн тогтоолуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн тусгай хэрэгцээнд авах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл чиг үүрэг, эрх хэмжээ байхгүй байна гэж гаргасан байдаг. Тэгээд нэхэмжлэлийн үндэслэл дээр тавьж байгаа зүйлийг харахаар, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх байхгүй. Уг эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна гэсэн байдаг. Эдний ярьж байгаа гол үндэслэл болгож байгаа зүйлийг судлаад үзэхээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-г хараад үзэхээр, эдний гол хууль зүйн үндэслэл болгож барьсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамраач байгаа газрыг орно нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй юм гээд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр ямар тохиолдолд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь эрхтэй юм вэ гэхээр тухайн Ар эрэг гэдэг газрыг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай болон ордод хамаарч байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах нь байгаа. Гэтэл Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Ар эрэг гэх тусгай зөвшөөрөл хүсээд байгаа газар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгогдоогүй, тийм талбай биш, тийм ордод хамаарсан асуудал байхгүй байгаа. Хайгуул хийе, энэ талбайг ашиглая гээд байгаа талбайд олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан газрыг л тусгай хэрэгцээнд авах эрх аймаг, нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа болохоос биш тухайн орон нутгийн тусгай хэрэгцээнд 2015.04.23-ны өдөр авчихсан байсан газар байхгүй юу. Газрын тухай хуулийн холбогдох заалтаараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн тусгай хэрэгцээнд тухайн газраа авах эрх нь байхад, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй захиргааны акт гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт хамаарч байна гэх үндэслэлээр гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. 2023, 2024 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь тогтоол шийдвэр гэхээсээ илүү зөвшөөрөл олгохоос татгалзсан агуулгатай тогтоол байгаа. 2015.04.23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр нь хүчин төгөлдөр мөрдөгдөөд ирсэн. Орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа газар дээр тусгай зөвшөөрөл хүсэж байна. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг хариуг холбогдох байгууллагууд нь нэхэмжлэгчид өгсөн юм билээ. Энэ баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлийн хувьд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудал байхгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл угаасаа авагдаагүй байна, байхгүй олгогдоогүй байна. Түүнээс өмнө тусгай хэрэгцээнд авагдсан байна. Сая тайлбарлаж байгаар нь аймаг орон нутгийн эрх ашиг хөндөгдөж байна, ганцхан миний асуудал биш гэж яригдаж байна. Сайхан тэрх ХХК-ний дүрэмд бусдыг төлөөлөх, олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд бусдыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй байгааг дурдаж байна. Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болж байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргана уу гэхээс энэ дээр зөрчигдсөн асуудал байхгүй. Анхнаасаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг олон жил иргэд тэндээс элс авч байсан учраас манайх авах эрхтэй юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн газар тусгай зөвшөөрөл байхгүй, компаниуд хамаагүй ирж аваад байгалийн унаган төрхөө алдах, ийм нөхцөл байдал бий болсон байсныг бид нар ч гэсэн хэргийн газар очсон, харсан. Тийм учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль зүйн болоод бодит байдал цаад үр дүн бодитой байна гэж тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан . тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
1.1. С ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын . тогтоолуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
1.2. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын . тогтоолоор сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох /элс, хайрга, шар шавар/ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, талбайн солбицол, газрын нэрийг хавсралтаар баталсан байна. (Хавтаст хэргийн 60, 83-84, 88-89 дэх тал)
1.3. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын . тогтоолоор Эрдэнэ толгой багийн Ар эрэгт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоож, эрэн хайхыг хориглосон байна. (Хавтаст хэргийн 43 дахь тал)
1.4. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын . тогтоолоор . байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоох, эрэн хайх, ашиглахыг хориглосон байна. (Хавтаст хэргийн 66, 85, 87 дахь тал)
1.5. С ХХК нь анх 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр . га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Архангай аймгийн Зааг даргад гаргасан байна. (Хавтаст хэргийн 97-105 дахь тал)
1.6. Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/5116 дугаар албан бичгээр Архангай аймгийн Зааг даргад ... С ХХК-ийн ар эрэг нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-65000038 бүртгэлийн дугаартай 30.98 гектар талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн хариу хүргүүлж байжээ. (Хавтаст хэргийн 106 дахь тал)
1.7. Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 10/2962 дугаар албан бичгээр: Архангай аймгийн Засаг даргад С ХХК-ийн ар эрэг нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн . бүртгэлийн дугаартай 30.98 гектар талбай нь ашигт малтмал хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх хариуг хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 78 дахь тал)
1.8. Архангай аймгийн Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлсэн бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас тус газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн байх тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн хариуг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий 01/1072 дугаартай албан бичгийг Ихтамир сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 77 дахь тал)
1.9. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/123 дугаартай албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлж байжээ. (Хавтаст хэргийн 86-89 дэх тал)
1.10. Гэрч Б.Ц мэдүүлэгтээ: ... Архангай аймгийн Ихтамир сумын Тамгын газрын 2024 оны албан бичгээр . гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Би Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны албан бичгийн дугаар мэдэхгүй байна... гэжээ. (Хавтаст хэргийн 118 дахь тал)
1.11. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/121 дугаартай албан бичгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тухай 06 дугаар тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байжээ. (Хавтаст хэргийн 82 дахь тал)
1.12. С ХХК-иас 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25/05 дугаар албан бичгээр . га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргад өргөдөл гарган ашигт малтмал газрын тосны газрын кадастрын системд бүртгүүлсэн. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасны дагуу хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж саналыг аймгийн Засаг даргад хүргүүлнэ үү... гэсэн агуулга бүхий хүсэлтийг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасан байна. (Хавтаст хэргийн 68 дахь тал)
1.13. Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр ... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 6 тоот тогтоолоор сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох /элс, хайрга/ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна... гэсэн хариуг нэхэмжлэгч С ХХК-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 67 дахь тал)
1.14. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/533 дугаар албан бичгээр: Танай С ХХК-иас ирүүлсэн . гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд аймгийн Засаг даргын зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын системд бүртгэн тус газраас хуульд заасан дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтийг үндэслэн тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн боловч тухайлсан санал ирүүлээгүй ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Ар эрэг гэх газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Ар эрэг гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоох, эрэн хайх, ашиглахыг хориглосон тогтоол гарган ирүүлсэн байгаа нь танай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг үүгээр уламжилж байна. гэсэн хариуг С ХХК-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 92 дахь тал)
1.15. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар татгалзлын зарим үндэслэлдээ: ... Мөн Ар эрэг нь ногоон бүсээс 1 км дотор байрлалтай байдаг. Энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12.3-д суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасан байдаг..., ...Малчдын малын бэлчээрийн бүс ойр хавь нь зуслан намаржаа, өвөлжөө, хаваржааны газар учир талбайн хэмжээ томорч байгаа нь малчдын бухимдлыг бий болгож эсэргүүцэж байна... гэдэг. (Хавтаст хэргийн 29-30 дахь тал)
1.16. Шүүхээс хариуцагчийн тайлбарын дээрх хэсэгтэй холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж холбогдох байгууллагаас нотлох баримт шаардан хэрэгт авахад Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 495 дугаартай албан бичиг, хавсралтад: ...С ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд улсын чанартай авто зам орсон, 2 айлын хаваржаа орсон байна гэх хариуг, Архангай аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай албан бичгээр: ... Ихтамир сумын нутагт орших Ар эрэг гэх газар нь ойн сан бүхий газартай давхцалгүй... гэх хариу тус тус ирүүлжээ. (Хавтаст хэргийн 94,-95, 109 дэх тал)
Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
2.1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
2.2. Сумын иргэдийн хурал нь тодорхой газар нутгийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ хуулиар олгогдсон эсэх, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:
2.3. Маргаан бүхий акт болох . тогтоолд үндэслэл болгосон гол материаллаг хэм хэмжээ нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх заалтыг үндэслэжээ.
2.4. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:, 16.1.11.-т бичил уурхайн зориулалтаар олгосон газар; 16.2.-т Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно., 20 дугаар зүйлийн 20.1.-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 20.1.3.-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох; Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж зохицуулжээ.
2.5.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.
2.6. Түүнчлэн маргаан бүхий акт болох Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоолоор Эрдэнэ толгой багийн Ар эрэг гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоох, эрэн хайх, ашиглахыг хориглосон шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй, эдгээр шийдвэр нь нэхэмжлэгч С ХХК-ны эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй байна.
2.7. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заасан.
2.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэний дагуу хэрэгжих эрх нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай урьдач нөхцөл хангагдсанаар хэрэгжих, хууль ёсны болохоор хуульчлан зохицуулжээ.
2.9. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 10/2962 дугаар албан бичгээр ирүүлсэн ...Архангай аймгийн Засаг даргад С ХХК-ийн Ар эрэг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, Жич: Уг дүгнэлт нь заавал түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр биш болно гэх дүгнэлт нь тухайн хуулийн этгээд буюу нэхэмжлэгч С ХХК-ийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл биш бөгөөд эл асуудлаар нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул дээрх маргаан бүхий актаас үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх хууль зүйн боломжгүй юм.
2.10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах; гэж зааснаар түгээмэл тархацтай хайгуулын талбайн ордод хамаарч байгаа газрыг тусгай хэрэгцээнд авснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд халдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж өөрт хамааралгүй асуудлаар акт гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанд хамаарч байх тул илт хууль бус захиргааны акт байна гэх тухайд,
2.11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.1.2.-т Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах; гэж заажээ.
2.12. Хуулийн дээрх зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордоор нэгэнт тогтоогдсон газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарахаар зохицуулсан байна.
2.13. Маргаан бүхий энэ хэргийн тухайд ... дугаар тогтоол нь бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан захиргааны акт бөгөөд энэ нь тухайлсан газрыг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордоор нэгэнт тогтоогдсон газар гэж үзэх боломжгүй.
2.14. Дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.11, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх хэмжээг хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон байна.
2.15. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан урьдач нөхцөл хангагдсан тохиолдолд аливаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авах эрх хуулийн дагуу үүсэхээр хуульчлагдсан байх тул хариуцагчаас гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэсэн үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын эл үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна.
2.16. Маргаан бүхий эл хэргийн тухайд нэхэмжлэгч С ХХК-иас . гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс олборлох асуудлаар тус сумын иргэдийн Төлөөлөгчийн хурал болон аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтэд Архангай аймгийн Ихтамир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр ... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 6 тоот тогтоолоор сумын хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох /элс, хайрга/ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар, Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/533 дугаар албан бичгээр: ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн боловч тухайлсан санал ирүүлээгүй ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Ар эрэг гэх газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн Ар эрэг гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөц тогтоох, эрэн хайх, ашиглахыг хориглосон тогтоол гарган ирүүлсэн байгаа нь танай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг үүгээр уламжилж байна. гэсэн хариуг тус тус С ХХК-д хүргүүлж байсан үйл баримт тогтоогддог.
2.17. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заажээ.
2.18. Тус хуулийн эл зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа эхлэн явуулахад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх гол үндэслэл нь талбай байрших сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал байхаар зохицуулжээ.
2.19. Тиймээс нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн тусгай зөвшөөрөл хүссэн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж аймгийн Засаг даргад татгалзсан саналыг хүрүүлснээр нэхэмжлэгч нь тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх хууль зүйн хувьд боломжгүй болох юм.
2.20. Мөн хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
2.21. Тухайлбал, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан: манай түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах, эрэн хайх, ашиглах эрхийг зөрчиж байгаа, цаашлаад аймгийн бүтээн байгуулалтын асуудал болоод байгаа, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргахдаа ямар баримтуудад үндэслээд, ямар хугацаагаар авсан, нөхцөл байдлыг хэрхэн яаж судалсан ... гэх тайлбарууд нь хэрэгт хамааралгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хууль зүйн үндэслэлд хамаарах бөгөөд захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарах үндэслэл биш байх тул шүүх дүгнэлт өгөхгүй.
2.22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын . тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА