Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/234

 

  

 

 

 

 

   2024           02            22                                         2024/ДШМ/234

 

 Д.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1099 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Н-д холбогдох 2309000001350 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын Н, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо.. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, /РД: ........../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 9 дүгээр гудамж, 486 тоотод О.Э, П.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар П.Э-ийн цээжин тус газарт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлцйн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Н-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг хутга, хараа архины шил 1 ширхэг, Кока кола гэх бичиглэлтэй сав 1 ширхэг, Вояж гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн жийнсэн өмд 1 ширхэг, биеийн тамирын цамц ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүх хуралд амь хохирогчийн төлбөрийг барагдуулсан төдийгүй, амь хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлдээ огт маргаагүй. Харин би болон өмгөөлөгч нарын зүгээс цочрон давчдсан үндэслэл бүхий нөхцөл байдлыг шүүхээс харж хянаж өгөөч гэсэн байр суурьтай оролцсон нь хууль хэрэглээний мэтгэлцээн байсан. Харин ямар нэгэн байдлаар гэм буруугүй гэж маргасан гэж үзэх боломжгүй юм. Иймд миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой.

Иймд анхан шатны өөрчлөлт оруулж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 2023/ШЦТ/1099 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шийдвэртээ: “...Шүүгчдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нь хохирогчийн удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас бусдыг цочрон давчдасны улмаас хүний амь насыг ....хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гээд улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, дээрх гэрчийн мэдүүлгүүд нь хууль зөрчсөн мэдүүлэг байхаас гадна хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч Д.Н-ын биед үзлэг хийж, фото зургаар баримтжуулсан бичгийн нотлох баримтуудтай зөрчилддөг.

Тухайлбал, дээрх гэрчүүд шүүгдэгч Д.Н-ын биед учирсан толгойнд архины шилээр цохиж хагарсан гэмтэл, мөн хэвлий хэсэгт хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр урагдсан гэмтлүүдийг хэрхэн яаж учирсан талаар огт мэдүүлээгүй байгаа нь гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл бүхий байдал тогтоогдож байна.

2. Мөн хэрэгт авагдсан Д. Н-ын надад талийгаач гэмтэл учруулсан санал гомдолгүй гэх бичиг байх боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчид хөнгөн гэмтэл тогтоогдсон байхад тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Д.Н-д дээрх гэмтлүүдийг амь хохирогч хэрхэн яаж учруулсан болохыг шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч С.Номиндалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн эхнэр буюу хамтран амьдрагч О.Э-аас согтуу байхад нь мэдүүлэг авч, уг мэдүүлэгт үндэслэж хэрэг үүссэн. Яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд дандаа О.Э-ын мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч О.Э-ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд огт ирдэггүй. Ингээд түүнийг албадан авчируулах гэсэн боловч хаана оршин суудаг болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчиж, согтуу хүнээс мэдүүлэг авсан зөрчил гаргасан. Мөн хохирогчийн шүүгдэгч Д.Н-д учруулсан гэмтлийг шүүх харгалзан үзээгүй. Тухайн үед шүүгдэгч Д.Н нь гартаа хутга бариад зогсож байсан, үүнтэй маргадаггүй. Тухайн үед мөрдөгч Д.Н-ыг анх харчихаад “түүний толгойноос гарсан цусыг нь угааж, цэвэрлэсэний дараа эмчид үзүүлэхгүй бол эмч цочирдох хэмжээнд байна” гэж хэлээд түүний толгой, нүүр, гарнаас нь гарсан цусыг цэвэрлүүлж, угаасны дараа мэдүүлэг авсан байдаг. Шүүгдэгч Д.Н нь 6-18 насны дөрвөн хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. Тэрээр даруу төлөв зантай, бусдад тусархаг хүн юм. Үнэхээр шүүгдэгч Д.Н-д учирсан хохирлыг хохирогч учруулсан байх боломжтой, энэ талаар тогтоогоогүй. Шүүгдэгч Д.Н “миний толгой руу архины шилээр цохиж хагалсан, мөн хутга барьж 2-3 удаа дайрсан” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч Д.Н-ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг дурдсан байгаа. Шүүгдэгч Д.Н-д тухайн гэмт хэргийг анхнаасаа санаатай үйлдэх санаа, зорилго огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийг алах зорилго огт байгаагүй. Иймд шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Н нь“Сэтгэл санаа цочрон давчидсан гэх үйлдлийг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна” гэх агуулгаар гомдол гаргасан. Харин түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирогчийн буруутай үйл ажиллагааг харгалзан үзээгүй, түүнд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж 2 өөр утга, агуулгатай гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Гэрч О.Э-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч тэрээр олдоогүй” гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэрч О.Э-ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс 8 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Миний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг өөрийн саналын хамт тайлбарласан. Ингээд шүүхээс шүүгдэгч Д.Н-д прокурорын гаргасан ялын саналаас нэмэгдүүлж ял оногдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон амь хохирогчийн төрсөн эгч П.С нь хэргийн материалтай танилцах явцдаа цогцост хийсэн задлан шинжилгээний зургийг харсны улмаас сэтгэл санаа нь тавгүй болж уйлсан учраас хэргийн материалтай цааш танилцах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дахин ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нь шүүх хуралдаанд оролцоогүй. Харин гомдол, санал, хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь ямар нэгэн гэмшсэн зүйлгүй байдаг. Санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбарласан нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшээгүй байгааг харуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ялтай. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Н-д 10 жил 6 сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Мөн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй, орхигдуулсан. Харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохын тулд заавал шинжээч томилох шаардлагагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол, тайлбарт дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “сэжигтнээс болон гэрч О.Э-аас авсан мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн” гэж байна. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй” гэж дурдсан. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэрчүүдээс нэг өрөөнд нэг цаг хугацаанд мэдүүлэг авсан гэж байх боловч гэрч П-ын мэдүүлэг нь 13 цаг 09 минутад, гэрч Б-ын мэдүүлэг 15 цаг 38 минутад дууссан байдаг. Үүнээс дүгнэхэд гэрчүүдээс нэг цаг хугацаанд мэдүүлэг аваагүй болох нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг амь хохирогч учруулсан талаар нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн шүүгдэгч Д.Н нь “ямар нэгэн гомдол саналгүй” гэж илэрхийлсэн тул мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн явах шаардлагагүй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд “...мохоо зүйлийн үйлдлээс учирсан” гэж дурдсан. Мөн шинжээч эмч “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас үүссэн. Зүсэгдэх явцад үүсэх боломжгүй” гэж мэдүүлсэн. Мохоо зүйлд хутга орохгүй. Өөрөөр хэлбэл, хутганаас үүссэн шарх биш болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр нотлогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч нь шүүгдэгч Д.Н-д хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, амь хохирогч ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин шүүгдэгч Д.Н нь удаа дараа бусдын эхнэрийг доромжилж, амь хохирогчийн биед зүй бусаар халдах зэрэг үйлдлийг гаргасан. Сэтгэл санаа цочрон давчдах гэдэг нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдсан нөхцөл байдлыг ойлгоно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 9 дүгээр гудамж, 486 тоотод О.Э, П.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар П Э-ийн цээжин тус газарт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /1 хх 12, 14/,

Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан бүртгэл /1 хх 14/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-22/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-29/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 32-38/, 

хохирогч О.С-гийн “...Маш их гомдолтой байна. Хайран сайхан дүүгээ бусдын гарт алдчихлаа. Хууль ёсны дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. ...” /1 хх 44-45/,

гэрч Д.Б-ын “...Тэгээд Н 1 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи барьж гэрт орж ирээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Тэгээд архи хувааж уугаад сууж байтал манай эгч, ах хоёр 2 орчим цагийн зайтай эхлээдэгч ирээд дараа нь ах гэрт орж ирсэн. Тэгээд бид 4 тэр архийг хувааж ууж сууж байгаад би хойморын орон дээр тасраад унаад өгсөн. Намайг манай ах Б сэрээхэд байшингийн гарах хаалганы хажууд хүн нас барчихсан, хажууд нь талийгаачийн эхнэр нь гэх эмэгтэй уйлчихсан байдалтай байсан бөгөөд цагдаа нар ирчихсэн байсан. Би 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрийн хажуу талын худгаас ус авч байхдаа худгийн хажуу талд танилцаж байсан. Тухайн үед талийгаач архи ууж байсан бөгөөд надад ууж байсан архинаасаа хийж өгөөд миний авч байсан уснаас 1 аяга уугаад явж байсан. ...Манай ах надад хэлэхдээ Н нь талийгаачийг цээжин тус газарт нь цохих шиг болсон тэгээд талийгаач унасан, гэтэл хутгалчихсан юм байна лээ гэж хэлж байсан. ...” /1 хх 47/,

гэрч Л.П-ын “...6 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг орчимд Н манай гэрт ганцаараа орж ирсэн бөгөөд би энэ байрны эзэн юм энэ хавиар явж байгаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцаад Н-ын авчирсан “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг манай нөхөр Б, талийгаач, талийгаачийн эхнэр, манай нөхрийн дүү Б, Н бид нар хувааж уусан. Тэр архийг хувааж ууж байхдаа талийгаач болон Н нар хоорондоо маргалдах өнгө аястай, 2-3 жилийн өмнө цуг самранд явж байсан тухайгаа ярьж байсан. ...Тэгээд архийг хувааж ууж дуусчихаад байж байхад талийгаач нь эхнэртээ хандаж “явья” гэж хэлээд гэрээс гарах гээд цаашаа алхаж байсан. Харин энэ үед талийгаачийн эхнэр нь “миний гутал салчихсан байна” гэж хэлэхээр нь би талийгаачийн эхнэрт өөрийн цагаан өнгийн пүүзээ өгсөн бөгөөд эхнэр нь гутлаа өмсөөд явах гэтэл талийгаач болон Н хоёр байшингийн гарах хаалганы дотор талд хоорондоо зөрөх шиг болсон, энэ үед талийгаач хүнд цохиулсан юм шиг байшингийн хаалга руу толгойгоо харуулаад уначихсан. Тэгээд унасных нь дөнгөж дараа талийгаачийн зүүн хавиас цус маш их хэмжээгээр олгойдож гарсан. Манай нөхөр түргэн, цагдаа дуудсан. Энэ үед Н юу ч хийлгүй байшингийн хойморт байсан орон дээр суугаад байсан. Талийгаач болон Н нар өмнө бие биенээ мэддэг, 17 дугаар сургуулийн орчимд хамт архи уудаг байсан. Талийгаачийн 1 нүд хөхөрсөн байсан. ...” /1 хх 51-52/,

гэрч Б.Б-ы “...Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлын зүүн талд байрлах гэртээ очиход манай эхнэр П, Б нар унтаж байсан. ...2023 оны 6 дугаар сарын 07-ны өглөө 10 цагт гинжээ авах гээд ломбард явчихаад очиж гинжээ авчихаад буцаад гэртээ иртэл манай эхнэр П, дүү Б, Н, талийгаач, талийгаачийн эхнэр зэрэг 5 хүн байсан. Тэр 5 нэг шил архи уучихсан, энэ 2 дахь шил архи нь гэж хэлж байсан. Тэгээд би тэд нартай үлдсэн нэг шил архийг хувааж уусан, ууж байхад хоорондоо ямар нэгэн байдлаар маргалдаагүй. Тэр архийг хувааж ууж дуусгачихаад талийгаач нь эхнэртэйгээ хамт явлаа гээд гэрээс гарсан бөгөөд тэр үед би худаг руу усанд явсан. Надтай хамт Н гараад дэлгүүр ороод 1 шил архи, 1 ширхэг тамхитай барьчихсан гарч ирээд талийгаачийг эхнэртэй нь хамт явах гэж байхад нь гудамжны үзүүрээс дуудаад буцаад манай гэр рүү бид 4 орсон. ...архи талдаа орж байхад Н талийгаачийн эхнэрийг “Гилжгий минь" гэх зэргээр хэл амаар доромжилтол талийгаач “чи миний эхнэргийг яахаараа дандаа доромжилдог юм” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд талийгаачийг орон дээр сууж байхад Н толгойны ард дагз хэсэг рүү баруун гараараа 2 удаа түлхэж доош хартал талийгаач босож ирээд Н-ыг заамдахад Н зөрүүлж талийгаачийг заамдаад гал тогооны хэсэгт байшингийн гарах хаалганы хажууд тэр хоёр үргэлжлүүлж зууралдсан. Тэгээд би ширээний хажууд байж байхад тэр хоёрыг салгах гээд очоод Н-ыг араас нь тэврэхэд Н миний 2 гарыг тавиулаад тэгээд манай гэрийн ногоо арилгадаг шар өнгийн иштэй 20-25 см урттай хутгыг баруун гартаа барьж байгаад талийгаачийн цээжний зүүн хэсэг зүрхэн тус газарт 1 удаа хутгалаад хутгаа сугалаад авсан. Талийгаач хутгалуулчихаад байшингийн гарах үүд хэсэг рүү 2 алхаад тэгээд шууд газарт унаад өгсөн бөгөөд би талийгаачийг унахаар нь талийгаач дээр очтол цээжин тус газраас нь маш их хэмжээний цус олгойдож байхаар нь фудволкийг нь сөхөөд харахад зүүн хөх, цээжин тус газарт шарх үүссэн, их цус гараад байхаар нь босоод гэрийн үүдэнд байдаг алчуур тохдог уяанаас цэнхэр өнгийн алчуур аваад талийгаачийн шархан дээр цусыг нь тогтоох гээд дарсан. Н надад хэлэхдээ талийгаач өглөө ... архи ууж байхдаа над руу хутга авч дайрах гээд байхаар нь хутгийг нь аваад орны тийшээ шидсэн гэх утгатай зүйл архи уугаад сууж байхад хэлсэн. ...” /1 хх 54-55/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1613 дугаар “...Талийгаач П.Э-ийн цогцост цээжний зүүн, талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтэл нь ямар байрлалд учирсан болохыг тогтоох боломжгүй. Дээрх цээжний зүүн талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цээжний зүүн талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь шинэ байна, уг гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хийх боломж багатай. Харин баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь нас барахаас 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийнэ. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийн голомтлог зөөлрөл өөрчлөлттэй байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цусанд 4.8, ходоодны шингэнд 7.1 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодонд 50.0 мл бор шаргал өнгийн зуурамтгай агууламжтай байна. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай, 180 см урттай, 81.0 кг жинтэй байна. 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг 40 минутын цогцост үзлэг хиих үед нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь дээрх цээжний зүүн дээд талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. ...” /1 хх 191-195/ гэсэн дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 519 дугаар “...Д.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Н-ын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл байхгүй. Д.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Н нь бэлгийн гаж донтой гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Д.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх 209-210/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Шүүгдэгч Д.Н-ын хохирогч П.Э-ийн цээжин тус газар хутгалж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Н-ын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Зулбаярын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, дээрх гэрчийн мэдүүлгүүд нь хууль зөрчсөн мэдүүлэг байхаас гадна хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч Д.Н-ын биед үзлэг хийж, фото зургаар баримтжуулсан бичгийн нотлох баримтуудтай зөрчилддөг. Тухайлбал, дээрх гэрчүүд шүүгдэгч Д.Н-ын биед учирсан толгойнд архины шилээр цохиж хагарсан гэмтэл, мөн хэвлий хэсэгт хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр урагдсан гэмтлүүдийг хэрхэн яаж учирсан талаар огт мэдүүлээгүй байгаа нь гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл бүхий байдал тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан Д.Н-ын надад талийгаач гэмтэл учруулсан санал гомдолгүй гэх бичиг байх боловч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчид хөнгөн гэмтэл тогтоогдсон байхад тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн Д.Н-д дээрх гэмтлүүдийг амь хохирогч хэрхэн яаж учруулсан болохыг шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Үүнээс гадна, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо оршуулгын зардалд 3.980.000 төгрөгийг төлсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Н-ын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1099 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын цагдан хоригдсон 111 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

                                          ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

                                         ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР