Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00145

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2025/00145

Завхан аймаг

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******************** багт оршин суугч Л овогт Ш Гийн нэхэмжлэлтэй “Э.Д нас барсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э.Д нь 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянтэс сумын хүн эмнэлэгт төрсөн. 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас хөдөө Жавхлан багийн “***” гэдэг газар эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Тухайн үед дуудлагын эмчээр Эрдэнэбат гэдэг эмч ирж үзээд нас барсан гэдгийг тогтоогоод явсан боловч өдийг хүртэл улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Иймд хүү Э.Дийг нас барсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Дийг нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Д /**************/ нь 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:

-1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Эхийн овог, нэр- Ш Г, төрөх үеийн жин-3800 гр, өндөр-56 см, хүү төрүүлэв...” гэсэн бичилт бүхий нярай хүүхдийн өсөлтийн түүхийн хуулбар,

-Ш.Г нь 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх авахдаа хөтөлсөн: “...Нөхөр Ч Э, охин Э Х, хүү Э Р, охин Э А, хүү Э Н, хүү Э Н...” гэсэн бичилт бүхий ХААТР-21 маягтын хуулбар,

-Ч Э, Ш Г нар 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг бүртгэсэн Завхан аймгийн Баянтэс сумын 1987 оны гэрлэлтийн бүртгэлийн хуулбар,

-“1989 оны хүн амын тооллогоор Ч.Эын өрхөд тоологдсон хүмүүс: Ч Э-тэргүүлэгч өөрөө 23 настай, Ш Г-эхнэр/нөхөр 22 настай, Э Х охин/хүү 2 настай, Э Н-охин/хүү 1 настай...” гэсэн бичилт бүхий Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа,

-“2000 оны хүн амын тооллогоор Ч Эын өрхөд тоологдсон хүмүүс: Ч Э-тэргүүлэгч өөрөө 1965, Ш Г-эхнэр/нөхөр 1965, Э Х охин/хүү 1986, Э Н-охин/хүү 1987, Э Г охин/хүү 1993, Э Н охин/хүү 1995, Э А охин/хүү 1990...” гэсэн бичилт бүхий Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа,

-Гэрч Д.Д: “Ш.Г нь манай Жавхлан багийн хүн байгаа юм. Ш.Гийн нөхөр нь Э гэх хүн байдаг. 1982 онд гэр бүл болсон санагдаж байна. Э нь 1983 онд цэрэгт явсан. Цэргээс 1986 онд ирсэн. 3 жилийн цэргийн алба хаасан. Эынх одоо байгаа нь 5 хүүхэдтэй. Э.Д нь 1989 онд төрсөн санагдаж байна. Ш.Г нь жил дараалан төрсөн. Их олон төрсөн. Э.Д нь төрөөд 2 жил орчим болсны дараа нас барсан. Тэр үед өвөлжөөн дээрээ байсан. Манай өвөлжөө Рашаант, Эынх Алтан толгой гэх өвөлжөөнд байсан. Манай хоёрын өвөлжөө нэг хамрын наана, цаана их ойрхон байдаг байсан. Би тухайн үед нэг дор байсан учраас Э.Дийг 1991 онд нас барсныг сайн санаж байна” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.Д: “Ш.Г нь манай нутгийн хүн. Багаасаа сайн мэднэ. Би ажил үүргийнхээ хувиар буюу тракторын жолоочоор тэднийд очдог байсан. Ш.Гийнх 1983 оноос мал малласан. Одоог хүртэл мал маллаж байгаа. Ш.Гийн нөхөр нь Э гэж хүн байгаа. Нэг зудтай өвөл дуудлага өгөөд эмнэлгийн тусламж авч чадаагүй. Эмнэлэг нь очиж чадаагүй Э.Д нь нас барсан. Тэр үед цас их байсан учраас эмнэлгийн тусламж очиж чадаагүй. Тухайн үед сумын төвөөрөө ярьж байсан. Тэднийх Алтан толгой гэх газарт өвөлжиж байсан. Ш.Г нь 8-9 төрсөн. Одоо байгаа нь 5 хүүхэд. 3 хүүхэд нь эндсэн, 1 хүүхдийг хүнд өргүүлсэн байх. Бид нэг багийн хүмүүс учраас Э.Дийг нас барсан болохыг сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Э Дийг 1991 оны11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Гээс ирүүлсэн “Э.Дийг нас барсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Эын Д /*********/-ийг 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УРТНАСАН