| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00060/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Д.Б
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ч.С нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201712000078 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 25-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ........... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх Б овгийн С.С
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч С.С нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд болсон зам тээврийн ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч Т.П-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад”-наас Улаанбаатар хотруу явсан. Урьд өдөр нь машин барьж яваад ядарсан, нойр хүрсэн учраас Дундговь аймаг өнгөрөөд явж байхдаа С.Б-т жолоо шилжүүлчихээд буруу талын суудал дээр суугаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд ийм осол болж цагдаа, эмнэлгийн машин ирж бид эмнэлэгт очсон. Дэлгэрцогт суманд ирээд Т.П-д “Б машин унаж явсан гэвэл буруудна, намайг машин унаж явсан гэж хэлээрэй” гэж захисан гэв.
Насанд хүрээгүй гэрч Т.П-ийн “...Би 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр аавын найз С.С ах болон түүний эхнэр С.Б нарын хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газраас С.С ахын микро гэж яриад байдаг машинтай 20 цагийн үед гарсан би машинд суугаад л унтсан. Машиныг Цагаан хаднаас гарахад С.С ах жолоодож явсан юм, намайг унтаж байхад С.С ах сэрээгээд “цаашаа суу” гээд намайг дундаа суулгасан... Би голд суучихаад эргээд унтсан, нэг мэдсэн машин онхолдчихсон байсан, жолоочийн хаалганы цаад талд С.Б эгч газар уначихсан, би голд, миний хажуу талд буюу жолоочийн эсрэг талын хаалга талд С.С ах сууж байсан. С.С ах бид 2 машины урд талын цонхоор гарсан. Гараад би С.Б эгчийн хажууд сууж үлдсэн, С.С ах дээшээ овооруу утсаар ярихаар яваад удалгүй эргэж ирээд “танай аавын чинь утас холбогдохгүй байна” гэж хэлээд С.Б эгчийг цамцаар хуччихаад С.С ах бид 2 сүлжээ барих газарлуу явж манай аавтай С.С ах утсаар ярьсан, би юу ярьсныг нь мэдэхгүй. Удалгүй түргэн тусламжийн машин, цагдаа ирж бид хэд Дэлгэрцогт сумруу явсан. Сумын эмнэлэг дээр очоод сууж байтал С.С ах надад “С.Б аниагийн чинь буруу болчихно, ахыгаа жолоо барьж явсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгж хэлснийх нь дараахан надаас цагдаа байцаалт авахаар нь би С.С ахыг жолоо барьж явсан гэж худлаа хэлсэн. Бусдаар бол осол болох үед С.Б эгч машин барьж явсан юм. С.С ах намайг дарамталсан шахсан зүйл байхгүй. С.С ах намайг тэгж хэл гэж хэлээгүй бол би үнэнээр нь мэдүүлэг өгөх байсан. Тухайн үед миний толгой жаахан өвдөж байсан, ямар нэгэн гэмтэл учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31/
Гэрч С.Т-ийн “2017 оны 4 дүгээр сарын 8-ны өглөө 05 цаг өнгөрч байхад би “Таван толгой”-н уурхайруу ачаа ачихаар хөдөлсөн. Явах замд утасны сүлжээ орж гараад байсан... Монголын урд хилээс 116 километр замд “Чойгийн тохой” гэх газар явж байтал 99-тэй дугаараас С.С утасдаад “би баларсан онхолдчихлоо” гэж хэлсэн. Би “хаана, хүн амьтан зүгээр үү” гэж асуухад “Дэлгэрцогт сумаас хойш, С.Б л ухаангүй байна, Т.П миний хажууд байна. С.Б-ийн ар гэрийнхэн утсаа авахгүй байна, түргэн дууд” гэж сандарсан байдалтай ярьсан. Тэгэхээр нь би Дундговь аймгийн эмнэлэгрүү утасдаж дуудлага өгсөн...Би “хэн машин барьж явсан юм” гэхэд “Болорхишиг жолоодож явсан” гэж С.С хэлсэн. С.Б “Цагаан хад”-нд байхад С.С-ын машиныг жолооддог байсан, би харж байсан...Тухайн үед С.С надад хэлэхдээ “С.Бг ангилал байхгүй болохоор балрах байх би л өөр дээрээ даахаас” гэж байсан. Т.П-д ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх, шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-33/
Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170200121 дугаартай дүгнэлтэд: Т.П-ийн биед толгойн ар хэсэгт зулгарсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1-р хх-ийн 30-31/
Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170200120 дугаартай дүгнэлтэд: С.С-ын биед нүүр орчим зулгарсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1-р хх-ийн 33-34/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5303 дугаартай дүгнэлтэд: С.Б-ийн биед spleenum of vorpus gallosum, зүүн зулайд тархины эдийн няцрал, дух хэсгийн тархины эдэд цус хуралт, няцралт, зүүн чамархай , дагз хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, уруул, зүүн алга, зүүн шилбэнд зулгаралт, цээж баруун гуянд цус хуралт, зүүн түнхний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ / 1-р хх-ийн 36/
Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлтэд: Хьюндэй грийс маркийн 7549 ӨВА Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 2.7.а-д Жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрсөн. Дээрх заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн” гэжээ /1-р -ийн 91/
Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Осол болох үед Хьюндэй грийс маркийн 7549 ӨВА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хьюндэй грийс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан С.Б нь В ангиллын 491085 дугаарын жолооны үнэмлэхтэй байна. С.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, 2.7.б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байна. С.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 2.7.б-д заасныг, С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасныг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байна” гэжээ /2-р хх-ийн 63/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-10/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 93/
Дундговь аймаг Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн 34 дугаартай актад “Хьюндэй грийс маркийн тээврийн хэрэгсэл 3000000 сая төгрөг” гэжээ. /хх-ийн 27-28/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 106/
2018 оны Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.С 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт болсон ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч Т.П-оор зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.
Уг хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус аймгаас хойш 84 километрт Дэлгэрцогт сумын нутагт байх хатуу хучилттай зам дээр Хьюндэй грийс маркийн 7549 ӨВА улсын дугаартай автомашин онхолдож машин дотор зорчиж явсан С.Б биедээ хүнд гэмтэл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч болон насанд хүрээгүй гэрч нар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлээгүй гэх үндэслэлээр яллахаас татгалзсныг шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцаасан байна.
Хэрэгт прокурорын тогтоолын дагуу нэмэлт ажиллагаа хийж, шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар буюу насанд хүрээгүй гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлийг өөрөө жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж мэдүүлсэн атлаа шүүх хуралдаанд хохирогч С.Бтээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн, уг хэрэг үйлдэгдэх үед хамт явсан насанд хүрээгүй гэрч Т.П мөрдөн байцаалтад шүүгдэгч С.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд “С.Б жолоодож явсан, С.С ах надад С.Б-ийг жолоодож явсан гэвэл аниагийн чинь буруу болно, ахыгаа жолоо барьж явсан гэж цагдаад хэлээрэй гэж хэлэхээр нь цагдаад С.С ах жолоо барьж явсан гэж худлаа хэлсэн” гэж мэдүүлсэн нь гэрчээр худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С-ын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “BCDE” ангиллын 151221 дугаартай С.С-ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С-т буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус шүүхэд ирүүлсэн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.С иргэний нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С.С-ыг гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “BCDE” ангиллын 151221 дугаартай С.С-ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С-т буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Э-т даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус шүүхэд гаргасан Д.С-ын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ