| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0017/З |
| Дугаар | 109/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 109/ШШ2025/0025
109/ШШ2025/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б,
Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Б.М нарын хооронд үүссэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Далх хангай” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч А.Б, Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Б.М нарын гаргасан 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Далх хангай” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай сумын 2024 оны төсөв батлах тухай тогтоол, тус тогтоолын 4 дүгээр хавсралт 2024 оны орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтын 23 дахь дэс дугаарт сумын төвийн хаягжуулалт 20.000,0 төгрөг байхаар шийджээ. (Хавтаст хэргийн 37-43 дахь тал)
2.2. Архангай аймгийн Ц сумын Засаг даргын . дугаартай “Д ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар “...тус сумын хаягжуулалт хийх ажлыг 19, 950,000 төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэх ажлын гэрээг “Д” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
2.3. Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Д.Г, “Д” ХХК-ны хооронд Архангай аймгийн Ц сумын төвийн хаягжуулалтын ажил гүйцэтгэх тухай 14 дугаартай гэрээг байгуулжээ. (Хавтаст хэргийн 9-11 дэх тал)
2.4. “Д” ХХК-с Цэнхэр сумын захын хэсгийн хашаа, гудамж, албан байгууллагын хаяг шинэчлэх ажлын тайланг гаргажээ. (Хавтаст хэргийн 21-36 дахь тал)
2.5. Архангай аймгийн Ц сумын Засаг даргын . дугаартай “Сумын төвийн гудамж хороололд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилох тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. (Хавтаст хэргийн 12 дахь тал)
2.6. Улмаар Архангай аймгийн Ц сумын төвийн хорооллуудад хаягжуулалт хийсэн ажлыг хүлээн авах ажлын хэсгийн хуралдаан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж мөн өдрөө акт үйлдэн “...тус сумын төвийн хорооллуудыг хаягжуулсан ажил нь 100 хувь хийж гүйцэтгэсэн” гэж үзэн хүлээн авчээ. (Хавтаст хэргийн 14-17 дахь тал)
2.9. Архангай аймгийн . сумын Засаг даргын . дугаартай албан бичгээр “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актаар тогтоосон 19,950,000 төгрөгийн төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төвлөрүүлнэ үү гэсэн албан бичгийг “Д” ХХК-ны захирал О.Б-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 18 дахь тал)
2.10. Нэхэмжлэгч “Д” ХХК-с Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн . дугаартай актаар тогтоосон нөхөн төлбөрийн асуудлаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад хандсаныг тус газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр “... улсын байцаагчийн актыг дахин хянах боломжгүй” гэсэн хариуг өгч шийдвэрлэжээ.
2.11. Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д (Улсын бүртгэлийн дугаар: .) ХХК нь . сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын . дүгээр хавсралтын 23-т Сумын төвийн хаягжуулалтын ажлыг 20,000,000 (хорин сая) төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэхээр батлагдсаны дагуу .сумын Засаг даргатай 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсанаар хаягжуулалтын зурагт тусгагдсан гудамж, хороолол, аж ахуй нэгж, хашааны хаягийг “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага МNS 5283:2022 стандарт”, “Хаягжуулалтын тухай хууль”-ийн дагуу хийж гүйцэтгэн . захирамжаар байгуулагдсан ажил хэсэгт хүлээлгэн өгсөн. Манай “Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий Архангай аймгийн . сумын харьяат компани нь хууль тогтоомжийн хүрээнд энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл “Архангай аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас манай ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэж, 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 17/02/17/03/05 акт тогтоосныг зөвшөөрөхгүй. Учир нь: Энэхүү акт нь манай ХХК-ийн ажлыг үнэгүйдүүлсэн, хэт нэг талыг барьж хууль зөрчиж гарсан захиргааны акт гэж узэж байна.Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Ц.М нарын гаргасан 2025 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д чиглэсэн учраас актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “Д ХХК-р уг актыг төлүүл гэсэн агуулгатай шийдвэр гарч, энэ байдлаас үүдэн . сумын Засаг дарга тухайн актын дагуу мөнгө төлөх мэдэгдэл хүргүүлж байна. Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч нар надад хяналт шалгалтын удирдамж танилцуулаагүй хэдий ч манай ХХК-ийн хийсэн ажилтай холбоотой шалгалт хийж байгаа талаар тайлбарлаж, энэ ажилтай холбоотой асууж байсан учраас манай компанийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулсан гэж ойлгож байна. Санхүүгийн хяналт аудитын албанаас энэхүү захиргааны актыг надад 2025 оны 04 дүгээр сарын 17-нд гардуулан өгсөн, энэ талаар баримт тухайн байгууллагад байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гомдол гаргасан боловч уг актыг дахин хянах боломжгүй гэсэн хариу өгснийг 2025 оны 6 дугаар сарын 4-нд хүлээн авлаа. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Б.М нарын гаргасан . холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.12. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж: “...Төсвийн тухай хууль тогтоомж зөрчиж санхүүжилт олгосонд манай компани буруугүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсанд буруугүй, холбогдох төрийн байгууллага болох Архангай аймгийн . сумын Засаг даргын захирамж шийдвэр, гэрээний дагуу тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Хаягжуулалтын ажлыг дутуу гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг хариуцах этгээд нь манайх биш гэж тайлбарлан маргадаг.
2.13. Хариуцагчаас зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаас 19,9 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6-д 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.2, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.3.2, 11.1-т заасныг тус тус зөрчиж 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаас улсын төсөвт хохирол учруулсан хуулийн этгээд нь “Д”ХХК учраас төлбөрийг төсөвт нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг тус компаниар төлбөрийг хариуцуулахаар акт гарсан”, “. сумын төвийн гудамж хороололд хаягжуулалт хийх төсөл арга хэмжээг 2023-2024 онд жил дараалан хэрэгжүүлж байгааг нягтлан шалгах явцдаа 2024 оны 11 сарын 28-ний өдөр Цэнхэр сумын газрын даамал Г.Н-с тайлбар авахад . сумын хэмжээнд 2023 оны байдлаар 59 гудамж, 531 хашаа байсан, 2024 оны байдлаар 59 гудамж, 547 хашаа байна гэжээ. 2023-2024 онд “Д” ХХК нь сумын хэмжээнд 45 байгууллага, айл өрхийн 100 гудамж, 959 хашааг жил дараалан хаягжуулсан гэрээний гүйцэтгэлийн тайлан ирүүлсэн, ажлын комисс ажлыг хүлээн авсан зэрэг нь үндэслэлгүй байна. Авлигатай тэмцэх газрын Архангай аймаг дахь . хүсэлтээр 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр газар дээр нь очиж хаягжуулалтын гүйцэтгэлд тооллого хийхэд сумын хэмжээнд 2023 онд байшин барилгын хаяг 30 ширхэг, гудамж 65 ширхэг, хашаа 637 гэсэн бол 2024 онд байшин барилгын хаяг 15 ширхэг, гудамж 35 ширхэг, хашаа 322 ширхэг хаягжуулахаар гэрээнд заасан байдаг. Бүгд байшин барилгын хаяг 45 ширхэг, гудамж 100 ширхэг, хашаа 959 ширхэг хаягжуулахаар төсвөөс 39.9 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Газар дээр нь тооллого хийхэд байшин барилгын хаяг 11 ширхэг, гудамж хаяг 95 ширхэг, айл өрхийн хашааны хаяг 345 ширхэг бүгд гудамжны хаягжуулалт 101 ширхэг, хашааны хаягжуулалт 345 ширхгийг үйлдсэн. Дутуу хийгдсэн хаягжуулалтын ажил барилгын хаяг 34 ширхэг, айл өрхийн гудамжны хаяг 5 ширхэг, хашааны хаяг 614 ширхэг дутуу хийгдсэн. Улсын байцаагчийн 17/02/17/03/05 дугаартай акт үндэслэлтэй гэж маргадаг.
Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаягжуулалтын ажлыг авч хийхдээ тухайн жилийн хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг харж байгаад орон нутагт санал тавьсан. Орон нутгаас 20,000,000 төгрөгт багтааж хийх үү гэсэн санал ирсэн учраас уулзаж, зөвлөлдөөд тухайн хаягжуулалтын ажлыг Архангай аймгийн . суманд 2023-2024 онд хийсэн. 2024 онд хийсэн тоо хэмжээний дагуу баригдсан хашаанд хаягаа байршуулсан. Хаягийг стандартын дагуу Бүгд найрамдах хятад ард улсад хэвлүүлж, Монгол улсад мэргэжлийн байгууллагаар хуулгыг наалгаж, стандартын дагуу орон нутагт хийхээр болсон. Тухайн үед орон нутгаас хашаа, ажил хийж гүйцэтгэх зураг гаргаж өгөөгүй. Би өөрөө Геодизийн компанид хүсэлт тавьж, шинэчилсэн зургийг өөрөө зурж, ажлын даалгаварт зааснаас илүү ажил хийж хаягжуулалтыг хийж гүйцэтгэсэн. Хэргийн материалтай танилцахад гудамж, хашаа, албан байгууллагын хаяг дутуу гэсэн тоо баримт гаргасан байсан. Нэгж талбар, хашаа хоёр тусдаа ойлголт. Нэгж талбар бол мэдээллийн санд тусгасан, Засаг даргын захирамжаар баталгаажсан, мэдээллийн санд орсон зургийг хэлдэг. Хашаа гэдэг ямар нэг биет материалаар хийгдсэн, тухайн эргэлтийн цэгийн дагуу газар тэмдэглэсэн байдлыг хэлнэ. Захиалсан ажил нь хаягийн зургийн дагуу хаягжуулалтын ажлыг хийнэ гэсэн ажил байсан.Модон хашаагаа бетонон хашаа болгосон айлууд маш олон байдаг. Энэ мэтчилэн гарсан өөрчлөлтүүдийг мэргэжлийн дагуу судалж хашааны хаяг хадсан, зөрчилтэй, баригдаагүй хашаанд хаяг хадаагүй, зурагт тусгагдсан бүх хаягийг хэвлүүлсэн. Хашаанд хадагдаагүй бүх хаягийг Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Хашааны тоо, мэдээллийн сангийн тоо хоёрын зөрүү дээр хашаа хаягжуулаагүй гэж байна гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 17-ны хооронд хийнэ гэсэн удирдамжийн дагуу төрийн хяналт шалгалтыг хийсэн. Тухайн удирдамжаар . сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтад хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн. Гэтэл “Д” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил руу орсон байгаа нь хууль зөрчсөн. Захиалагч байгууллага ажлаа гүйцэтгүүлье, өмнөх ажлаа гүйцээж хийлгэе санал гаргасны үндсэн дээр талууд гэрээ байгуулсан. Д ХХК ажлаа хийж гүйцэтгээд ажлын комисс нь гүйцэтгэсэн ажлыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээж авсан. Орон нутгийн сангаас 19,550,000 төгрөгийн ажил “Д” ХХК хийсэн нь орон нутгийн хөгжлийн сангийн журам, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас уг ажил буруу гэсэн үндэслэлийг заасан байдаг. Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийнэ. Хяналт шалгалтыг зөвхөн удирдамжид заасны дагуу хийж эрх ашиг нь хөндөгдөж байгаа байгууллагад танилцуулах үүрэгтэй. Гэтэл танилцуулаагүй байсан. Засаг даргын захирамж гарсны дагуу гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн, энэ нөхцөл байдлыг нарийвчлан бүрэн тогтоогдоогүй. Хариуцагч Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтад үзлэг хийсэн учраас удирдамжийг “Д” ХХК-нд танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаж байна. Үүний цаана “Д” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллагын акт бодит байдал, зорилгодоо нийцсэн, тухайн хувь хүний эрх ашгийг хөндөхгүй, ойлгомжтой байх ёстой. Гэтэл “Д” ХХК төлнө, хэрвээ гаргуулж чадахгүй бол та нар төлнө гэсэн хоёр агуулгаар ойлгомжгүй акт гарсан. Хэврээ төлүүлж чадахгүй бол “Д” ХХК-с аваарай гэсэн хоёр утгатай акт тавиад байгаа нь үндэслэлгүй. Бусдад учруулсан хохирлыг Д ХХК-аар нөхөн төлүүлнэ гэж заасан нь компанийн эрх ашгийг хөндөж байна. “Д” ХХК-д холбогдуулж хяналт шалгалт хийгээгүй учраас санхүүгийн баримтыг гаргаж өгөх шаардлагагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: . албан бичиг, Архангай аймгийн . дугаартай албан бичгийг үндэслэн манай газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай удирдамжийг . сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. . дугаартай албан бичигт . сумын Засаг даргын Тамгын газрын 2023-2024 онд “Д" ХХК-тай шууд гэрээ байгуулж тус сумын төвийн гудамж, айл өрхийн хашааг хаягжуулахаар санхүүжилт олгож улмаар тухайн ажлыг хүлээн авсан ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх хүсэлт тавьсан байна. Шалгалтаар . сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 09 дугаар тогтоолоор сумын 2023 оны төсөв батлахдаа 2022 оны давсан орлогын улдэгдлээс гудамж, хорооны хаягжуулалт хийх төсөл арга хэмжээнд 20.0 сая төгрөгийн төсөв баталжээ. . сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7-д “сумын төвийн гудамж хороолол, зам, эд хөрөнгө, хашааг стандартын дагуу хаягжуулна” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор төсөл арга хэмжээг төлөвлөсөн. . сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны А/99 дугаартай захирамжаар “Д” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргажээ. . сумын Засаг даргын 2023 оны 06 сарын 06-ны А/123 дугаартай захирамжаар сумын гудамж, хорооллын хаягжуулалтын ажлын санхүүжилт олгох эрхийг баталжээ. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр . сумын Засаг дарга . нь “Д” ХХК-тай . сумын гудамж хорооллын хаягийн тэмдгийг стандартын дагуу байршуулах ажлын гэрээг байгуулж, гэрээнд хийгдэх ажил нь байшин барилгын хаяг ЗОш, гудамжны хаягийн тэмдэг 65ш, хашааны хаяг 637 ш стандартын дагуу хийж, 20.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, ажлыг 2023 оны 5 дугаар сарын 30-аас эхэлж, 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгах гэрээ байгуулжээ. . сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны А/198 дугаартай захирамжаар сумын төвд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээн авах ажлын хэсэг томилж, 2023 оны 09 сарын 19-ний 17 дугаартай ажлын хэсгийн актаар сумын төвийн гудамж хороололд хаягжуулалт хийсэн ажил 100% гүйцэтгэлтэй хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. . сумын 2023 онд багийн иргэдээс ОНХС-аар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад сумын төвийн хаягжуулалт хийх ажлын санал ирээгүй. . сумын ИТХ-ын 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор 2024 оны төсөв батлахдаа 04 дүгээр хавсралтад ОНХС-аас хэрэгжүүлэхээр сумын төвийн хаягжуулалт төсөл арга хэмжээнд 20.0 сая төгрөгийг баталжээ. Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаартай захирамжаар сумын төвийн хаягжуулалт хийх ажлыг “Д” ХХК-тай шууд гэрээ байгуулах, санхүүжилтэд 19.9 сая төгрөгийг олгох шийдвэр гаргажээ. . сумын төвийн хаягжуулалтын ажлын 14 дугаартай гэрээг байгуулж, гэрээний 6 дахь зүйлд гүйцэтгэх ажлын хэмжээг заахдаа байшин барилгын 15ш, гудамжны хаяг 35 ш, хашааны хаяг 322ш хийж гүйцэтгэх, 2024 оны 5 дугаар сарын 25-наас ажлаа эхэлж, 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлцэх тухай гэрээнд тусгажээ. "Д” ХХК-иас гэрээний хугацааг 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгуулах хүсэлт ирүүлсэн байна. . сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/166 дугаартай захирамжаар Сумын төвийн гудамж хороололд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилж, хурлын тэмдэглэл, актыг үйлдэж ажлыг 100%-ийн саналтай хүлээн авчээ. . сумын төвийн гудамж хороололд хаягжуулалт хийх төсөл арга хэмжээг 2023-2024 онд жил дараалан хэрэгжүүлж байгааг нягтлан шалгах явцдаа 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр . сумын газрын даамал Г.Н-с тайлбар авахад . сумын хэмжээнд 2023 оны байдлаар 59 гудамж, 531 хашаа байсан, 2024 оны байдлаар 59 гудамж, 547 хашаа байна гэжээ. 2023-2024 онд “Д” ХХК нь сумын хэмжээнд 45 байгууллага, айл өрхийн 100 гудамж, 959 хашааг жил дараалан хаягжуулсан гэрээний гүйцэтгэлийн тайлан ирүүлсэн, ажлын комисс ажлыг хүлээн авсан зэрэг нь үндэслэлгүй байна. . хүсэлтээр 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр газар дээр нь очиж хаягжуулалтын гүйцэтгэлд тооллого хийхэд сумын хэмжээнд 2023 онд байшин барилгын хаяг 30 ширхэг, гудамж 65 ширхэг, хашаа 637 гэсэн бол 2024 онд байшин барилгын хаяг 15 ширхэг, гудамж 35 ширхэг, хашаа 322 ширхэг хаягжуулахаар гэрээнд заасан байдаг. Бүгд байшин барилгын хаяг 45 ширхэг.гудамж 100 ширхэг, хашаа 959 ширхэг хаягжуулахаар төсвөөс 39.9 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Газар дээр нь тооллого хийхэд байшин барилгын хаяг 11 ширхэг, гудамж хаяг 95 ширхэг, айл өрхийн хашааны хаяг 345 ширхэг бүгд гудамжны хаягжуулалт 101 ширхэг, хашааны хаягжуулалт 345 ширхэгийг үйлдсэн. Дутуу хийгдсэн хаягжуулалтын ажил барилгын хаяг 34 ширхэг, айл өрхийн гудамжны хаяг 5 ширхэг, хашааны хаяг 614 ширхэг дутуу хийгдсэн. Улсын байцаагчийн 17/02/17/03/05 дугаартай актаар “Д” ХХК нь Цэнхэр сумын гудамж хороололд хаягжуулалтын ажлыг сумын 2023 онд сумын давсан орлогоос . сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7-д “сумын төвийн гудамж хороолол, зам, эд хөрөнгө, хашааг стандартын дагуу хаягжуулна” гэж заасныг хэрэгжүүлэн 20,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол, 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаас 19,9 сая төгрөгийн төлбөр илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ”-нд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хорглоно, 16-р зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, Сангийн сайдын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.3.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх”, 11.1-т “ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт тайлагналт, бүртгэл, хяналт болон эцсийн үр дүнг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна” тус тус зөрчсөн. 2025 оны 03 сарын 13-ний өдрийн 04 дугаартай удирдамжийг төсөвт хөрөнгийг зарцуулалтыг шалгахтай холбоотой учраас . сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн, ”Д” ХХК-д удирдамж хүргүүлэх шаардлагагүй. Төсөвт хохирол учруулсан хуулийн этгээд нь “Д”ХХК учраас төлбөрийг төсөвт нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан болно. Улсын байцаагчийн акт үйлдэхээс өмнө төлбөр хариуцагч нарт сонсох ажиллагааг хийсэн. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах шатандаа явагдаж байгаа болно гэжээ.
3.4. Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны төлөвлөгөөт шалгалтаар . сумын 2022, 2023 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар “Д” ХХК 2023 онд . сумын давсан орлогоос 20,000,000 төгрөгөөр сумын төвийн гудамж, хороолол, зам, хашааны хаягжуулалт хийсэн нь тогтоогдсон. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт гэр хороолол, албан байгууллагыг хаягжуулна гэж заасан нь давсан орлогоос хийх үндэслэл болсон байдаг. Тухайн мөрийн хөтөлбөрийг сум хэрэгжүүлж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын газраас энэ ажлыг 2024 онд дахиж хийсэн, шалгаж өгнө үү гэсэн албан бичиг ирсний дагуу 2024 онд хийсэн шалгалтыг 2025 онд дахин удирдамж боловсруулж 2025 оны 04 дүгээр сарын 29-нд хяналт шалгалт хийсэн. 2024 оны санхүүжилт . сумын орон нутаг хөгжүүлэх сангаас гарсан. Орон нутаг хөгжүүлэх сангаас гарч байгаа ажил хийгдэхдээ тухайн багийн иргэдээс өмнөх ондоо саналыг нь авч хийх ажлуудаа гаргадаг. Тухайн ажлуудад хаягжуулалт хийх саналыг ард иргэдээс гаргаагүй байсан. Гэтэл тухайн ажлыг 2024 онд хийнэ гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан байдаг. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал арга хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг зарцуулахыг хориглоно” гэж заасан. . суманд 2024 оны 11 сард хяналт шалгалтаар ажиллаж байхдаа тус сумын газрын даамал н.Н-с . сум 2023, 2024 онд хэдэн гудамж, хашаатай байсан талаар тайлбар авахад “2023 оны байдлаар Цэнхэр сумын хэмжээнд 59 гудамж, 531 хашаа, 2024 оны байдлаар 59 гудамж, 547 хашаа байна” гэсэн тайлбар өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх гэж байгаа ажил техникийн нөхцөл, ажлын даалгаврыг сумын Засаг дарга өөрөө баталдаг. Техникийн тодорхойлолт дээрээ 531 хашаа, 60 гудамжийг хаягжуулна гэсэн ажлын даалгавартай байсан. Үүний дагуу энэ ажил давхар хийгдсэн байна гэж үзсэн. Нийт 45 барилгын хаяг, 100 гудамжны хаяг, 959 хашааны хаягийг санхүүжүүлнэ гээд нийт 39.5 сая төгрөг авчихсан байгаа. Өөрөөр хэлбэл Төсвийн мөнгийг хоёр удаа өргүй зарцуулаад санхүүжилт авсан буюу нэг ажил дээр 39,950,000 төгрөгийн санхүүжилт төсвөөс олгосон. Нэг ажил дээр хоёр удаа мөнгө олгосон болох нь баримтаар нотлогдсон. Давхардсан гүйлгээ хийж нэг ажилд хоёр удаа санхүүжилт олгосон мөнгө нь тухайн компанийн дансанд орсон, төлбөр хариуцагч гэдэг утгаар акт тогтоосон. Засаг даргын орлогч н.А 2024 онд гарын үсэг зурж мөнгө шилжүүлсэн учраас н.А, нягтлан бодогч Ц, одоогийн Засаг дарга ., “Д” ХХК-ийн захирал О.Б нарт акт тавих тухай сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийж, танилцуулсан. Уг мөнгийг “Д” ХХК төлнө. “Д” ХХК төлбөрийн чадваргүй болох эсхүл татан буугдах, өөр хэн нэгний нэр дээр шилжих зэрэг асуудал үүссэн тохиолдолд нягтлан бодогч, Засаг дарга хариуцна гэдэг агуулгаар акт тогтоосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Д” ХХК нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан . холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас .дугаартай актаар тогтоосон нөхөн төлбөрийн асуудлаар . тус газрын даргын . дугаартай албан бичгээр “... улсын байцаагчийн актыг дахин хянах боломжгүй” гэсэн хариуг өгч шийдвэрлэжээ.
3. Иймд “Д” ХХК нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан . холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: ...” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.1. дэх хэсэгт “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.” гэж, 14.2. дахь хэсэгт “Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Нэг. Маргаан бүхий актаар Архангай аймгийн . сумаас 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэх ажилд багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн ажлыг гүйцэтгэсэн нь хууль бус гэх үндэслэлийн тухайд
1.1. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актад “Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ”-нд ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахыг хорглоно, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.3.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх”, 11.1-т “ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт тайлагналт, бүртгэл, хяналт болон эцсийн үр дүнг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна” тус тус зөрчсөн байна” гэжээ.
1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын “Д ХХК-ийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын материал хэрэгт авагдсан бөгөөд дээрх материалд Архангай аймгийн . сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Төсөл эрэмбэлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/20 дугаартай захирамжаар: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжих төслийг эрэмбэлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. (Хавтаст хэргийн 110 дахь тал)
1.3.Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 онд хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх ажлын ажлын хэсгийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл, Архангай аймгийн . суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл арга хэмжээний нэгдсэн жагсаалт зэрэг баримт авагдсан бөгөөд дээрх жагсаалтад 19 төрлийн ажил хийгдэхээр тусгасны дотор сумын төвийн хаягжуулалтын ажил ороогүй байна. (Хавтаст хэргийн 110-119 дэх тал)
1.4.Харин Архангай аймгийн . сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын . дугаартай сумын 2024 оны төсөв батлах тухай тогтоол, тус тогтоолын 4 дүгээр хавсралт 2024 оны орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтын 23 дахь дэс дугаарт сумын төвийн хаягжуулалт 20.000,0 төгрөг байхаар тусгагдсан буюу . суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад ороогүй ажилд дээрх санхүүжилт олгохоор шууд тусгасан, улмаар нэхэмжлэгч “Д” ХХК-иар дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, санхүүжилтийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 8-17, 37-43, 110-119 дэх тал)
1.5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актад дурдсан “....Архангай аймгийн . сумын 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн” гэх зөрчил илэрсэн болох нь тогтоогдсон үүний улмаас төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах дээр дурдсан хууль зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул эл зөрчлийн улмаас бусдад /улсын төсөвт/ учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэлээ.
1.6. Иймд маргаан бүхий улсын байцаагчийн актаар дээрх зөрчлийг илрүүлж, “Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.3.2, 11.1-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцсэн байна.
1.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон, мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх төсөл арга хэмжээний жагсаалтад эрэмбэлэгдэж тусгагдаагүй, багийн иргэдийн саналыг аваагүй ажилд санхүүжилтийг олгосон, үүнээс үүдэж Төсвийн тухай хууль тогтоомж зөрчигдөж буйд манай компанийн буруу байхгүй, энэ талаар мэдэхгүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарладаг.
1.8. Өөрөөр хэлбэл маргаан бүхий ... 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дцгаартай актын эл хэсгийн хууль зүйн үндэслэлтэй маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. “....сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж улсын төсөвт хохирол учруулсан гэж үзэн 19,950,000 төгрөгийн төлбөрийг “Д” ХХК-р нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
2.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, . ажлын тэмдэглэлд “...Сумын хэмжээнд 2023 оны байшин барилгын хаяг 30 ш, гудамж 65 ш, хашаа 637 ш гэсэн бол 2024 онд байшин барилга 15 ш, гудамжны хаяг 35 ш, хашааны хаяг 322 ш хаягжуулахаар гэрээнд заасан байдаг. Бүгд байшин барилгын хаяг 45 ш, гудамж 100 ш, хашаа 959 ш хаягжуулахаар төсвөөс 39950.0 мянган төгрөгийн санхүүжилт авчээ. Гэтэл газар дээр нь очиж шалгахад гүйцэтгэлээр байшин барилгын хаяг 11 ширхэг, гудамжны хаяг 95 ш, хашааны хаяг 345 ш гүйцэтгэсэн гэж тоологдсон болно. Дутуу хийгдсэн хаягжуулалтын ажил барилгын хаяг 34, гудамжны хаяг 5 ш, хашааны хаяг 614 ш дутуу хийгдсэн байна гээд хавсралтаар . сумын хаягжуулалтын ажлын гүйцэтгэлийн материалыг хавсаргасан баримт, . сумын газрын даамал Г.Н-н 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “Ц сумын хэмжээнд 2023 оны байдлаар 59 гудамж 531 хашаа байсан бөгөөд 2024 оны байдлаар 59 гудамж 547 хашаа байна гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд дээрх зөрчил тогтоогдсон гэж үзнэ. (Хавтаст хэргийн 58-60, 61-72, 149 дахь тал)
2.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.12.2.-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” гэж заасан.
2.3. Дээрх байдлаар Төсвийн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас улсын төсөвт учруулсан хохирлыг актад дурдсан зөрчил бүхий санхүүжилттэй ажлыг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн нэхэмжлэгч “Д” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн . холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.4. Ийнхүү маргаан бүхий акт түүгээр тогтоосон зөрчлөөс үүдэлтэй гэж үзсэн хуулийн холбогдох зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгож нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцсэн байна.
Гурав. Хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд:
3.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч нар надад хяналт шалгалтын удирдамж танилцуулаагүй хэдий ч манай ХХК-ийн хийсэн ажилтай холбоотой шалгалт хийж байгаа талаар тайлбарлаж, энэ ажилтай холбоотой асууж байсан учраас манай компанийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулсан гэж ойлгож байна.” гэх хэсэг, хэрэгт авагдсан 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. (Хавтаст хэргийн 1-2, 178-180 дахь тал)
3.2. Нөгөөтээгүүр маргаан бүхий актын үндэслэл болсон эрх бүхий мэргэжлийн байгууллагын актаар тогтоогдсон санхүүгийн зөрчил түүнээс үүдэлтэй нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргасан үйл баримтыг буюу маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц биш, нэхэмжлэгчийн тайлбар, саналаар маргаан бүхий актын үндэслэл болсон зөрчил бүхий нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр дагаврыг үүсгэхээргүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
3.3. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.4. Түүнчлэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны санхүүгийн ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Б.М нарын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн . дугаартай актаар тогтоогдсон “....Архангай аймгийн . сумын 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэхдээ багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн” гэх зөрчилд нэхэмжлэгч буруугүй, үүнээс үүдэлтэй хохирол учирсан гэж үзвэл тухайн буруутай захиргааны байгууллага, этгээдээс хохирлоо холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардах энэ асуудлаар маргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Б.М нарын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА