Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/260

 

 

 

 

 2024           02             28                                       2024/ДШМ/260

 

Т.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Г-д холбогдох 2206 0000 00847 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн ...-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД:............/;

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 9 хоногийн хорих ялаас заримыг болох 1 жил 5 сарыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан Ч.Н-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-д 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Г-ийн цагдан нийт 663 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг хутга, 1 ширхэг хар өнгийн цамц, 1 ширхэг хар өнгийн фудволк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-ээс 131.696.612 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухайд:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлээр дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар тогтоолоор “...Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгаагүй болно. ...” гэж тайлбарлан жишиг тогтоосон байна.

Амь хохирогч нь хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтолсон бөгөөд дээрх үйлдлийг хийж байхдаа Т.Г-д хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болно. Хэрэв тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол Т.Г нь амь хохирогч болох нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс Т.Г-ийн үйлдэл нь ямар нотлох баримтаар, ямар шалтгаант холбоогоор, ямар хэм хэмжээгээр аргагүй хамгаалалтанд заасан үйлдэлд хамаарахгүй үйлдэл болох талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд Т.Г-ийг аргагүй хамгаалалт хийсэн мэтээр хууль зүйн дүгнэлт хийж, арга хамгаалалтанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь ямар ч ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, ямар учраас Т.Г-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалт биш болох талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Т.Г-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Цогцсыг хөдөлгөж үзлэг хийхэд зүүн хөхний дээш 3,5 см зайтай 1.8 х 0.5 см хэмжээтэй ширхэг нэвтэрсэн шархтай...” гэх үзлэгийн тэмдэглэл /хх 23/,

2. Гэрч Д.Г-ийн “...Манай караокений зааланд бол ямар нэгэн зодоон цохион болсон зүйл бол огт байхгүй ээ. Манай караокений ариун цэврийн өрөө дотроо эмэгтэй нэг, эрэгтэй нэг бие засах газартай бөгөөд тус тусдаа кабинтай, харин нэг угаалтууртай...” гэх мэдүүлэг /1 хх 117, 120/,

3. Гэрч Г.З-гийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим найз Н-гийн хамт Дэнжийн мянгад найз Н-гийнд цуг ууж байгаад энэ караокед ирсэн. Тэгээд караокед орж суугаад бид 2 “Соёрхол” нэртэй архинаас 100 грамм архи, “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн шилтэй пиво авсан. Тэгээд караокед сууж байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл бол байхгүй. ...” /1 хх 122-125/,

4. Гэрч Г.Г-ийн “...Нүүрээ угаагаад байж байтал манай найз Т.Г тэр залуутай “Эмэгтэй хүн бие засдаг 00-н өрөөнд бие заслаа” гээд маргаад тэр залуу нь Т.Г-ийг хүзүүнээс нь гараараа боосон байж байхаар нь би очоод Т.Г-ийг тэр залуугаас салгаж аваад 00-н өрөөнөөс гарах үед Т.Г баруун гартаа хутга барьчихсан байсан. Такси дотор сууж явах үедээ Т.Г миний чихэнд “Мань чинь шаачих шиг боллоо” гэж хэлсэн. ...” /1 хх 130-132/ гэсэн мэдүүлгүүд,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4309 дугаар шинжээч Т.Чимэд-Очирын “...Т.Г-ийн биед эрүү, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн гарын савруу, зүүн бугуйнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1 хх 144-145/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны 897 дугаар шинжээч Ц.Нандинцэцэгийн дүгнэлт “...Духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1 хх 183-186/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн 1099 дугаар шинжээч н.Авидханы “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой шинэ нөхцөл байдал илрээгүй. ...” /1 хх 199/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1742 дугаар шинжээч Г.Цаст-Оргилын “...Шинжилгээнд ирүүлсэн хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хувцаснуудад цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /1 хх 232/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

9. Яллагдагч Т.Г-ийн “...“Наана чинь эмэгтэй хүн суугаад бие засдаг шүү дээ” гэхэд тэр залуу надад хандан “чи тэгээд яах гээд байгаа юм, чи сууж шээдэг болмоор байна юм уу” гээд бид 2 хоорондоо маргаад би түүнд “Сул байгаа эрэгтэй нойл руу шээчихээд зайл” гэж хэлэхэд, тэр залуу “Чи намайг зайлах, зайлах үгүйг чи мэддэг юм уу” гээд зүүн гараа миний хувцасны захнаас заамдаж аваад баруун гараараа миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Ингээд би түүнийг түлэхээд өөрөөсөө холдуулахад над руу дахин дайраад өмнөхөөсөө арай чангаар 2 гараараа савхин хүрэмний захнаас бариад боосон бөгөөд намайг нойлын хана руу шахахад “Чи ингээд үхэж гай боллоо шүү дээ” гэж хэлэхээр нь надад ингэж үхдэг байх нь гэдэг санаа бодол толгойд гэнэт орж ирсэн бөгөөд энэ үед миний гэдсээр халуу дүүгээд нэг сонин болоод явчихаар нь миний өмсөж явсан савхин хүрэмний баруун талын халаасанд байсан хутгыг энэ залуу аваад миний гэдэс рүү дүрчихлээ гэж би бодоод баруун халаасандаа гараа хийхэд гарт хутга баригдахаар нь би баруун гараа гаргаж ирээд тэр залуугийн хоёр гарыг барьж байсан зүүн гартаа дэм өгөх зорилгоор хутга барьсан баруун гараа дээш нь өргөсөн. Энэ үед тэр залуу намайг өөр рүүгээ татаад духаараа миний эрүү хавьцаа мөргөсөн. Тухайн үед би мөргүүлээд өвдөлт мэдрээгүй бөгөөд тэр залуу намайг заамдаж хоолой боохоо болиод намайг тавих үед би чөлөөтэй амьсгалсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 11/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаарй шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр мөн хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу Т.Г-ийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Г-ийг цагаатгаж өгнө үү.

2. Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухайд:

Т.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэгт хамаарахаар байна. Тухайлбал, хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Цогцсыг хөдөлгөж үзлэг хийхэд зүүн хөхний дээш 3,5 см зайтай 1.8 х 0.5 см хэмжээтэй ширхэг нэвтэрсэн шархтай...” гэх үзлэгийн тэмдэглэл /хх 23/,

2. Гэрч Г.Г-ийн “...Нүүрээ угаагаад байж байтал манай найз Т.Г тэр залуутай “Эмэгтэй хүн бие засдаг 00-н өрөөнд бие заслаа” гээд маргаад тэр залуу нь Т.Ган-Эрдэнийг хүзүүнээс нь гараараа боосон байж байхаар нь би очоод Т.Г-ийг тэр залуугаас салгаж аваад 00-н өрөөнөөс гарах үед Т.Г баруун гартаа хутга барьчихсан байсан. Такси дотор сууж явах үедээ Т.Г миний чихэнд “Мань чинь шаачих шиг боллоо” гээд хэлсэн ” гэх мэдүүлэг /1 хх 130-132/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4309 дугаар шинжээч Т.Чимэд-Очирын “...Т.Г-ий биед эрүү, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн гарын сарвуу, зүүн бугуйнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах түл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 144-145/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны 897 дугаар шинжээч Ц.Нандинцэцэгийн дүгнэлт “Духанд зүлгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” гэх дүгнэлт /1 хх 183-186/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1099 дугаар шинжээч н.Авидханы “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой шинэ нөхцөл байдал илрээгүй. ...” /хх 199/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1742 дугаартай шинжээч Г.Цаст-Оргилын “...Шинжилгээнд ирүүлсэн хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хувцаснуудад цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” гэх дүгнэлт /1 хх 232/,

7. Яллагдагч Т.Г-ийн “...зүүн гараа миний хувцасны захнаас заамдаж аваад баруун гараараа миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Ингээд би түүнийг түлэхээд өөрөөсөө холдуулахад над руу дахин дайраад өмнөхөөсөө арай чангаар 2 гараараа савхин хүрэмний захнаас бариад боосон бөгөөд намайг нойлын хана руу шахахад “Чи ингээд үхэж гай боллоо шүү дээ” гэж хэлэхээр нь надад ингэж үхдэг байх нь гэдэг санаа бодол толгойд гэнэт орж ирсэн бөгөөд энэ үед миний гэдсээр халуу дүүгээд нэг сонин болоод явчихаар нь миний өмсөж явсан савхин хүрэмний баруун талын халаасанд байсан хутгыг энэ залуу аваад миний гэдэс рүү дүрчихлээ гэж би бодоод баруун халаасандаа гараа хийхэд гарт хутга баригдахаар нь би баруун гараа гаргаж ирээд тэр залуугийн хоёр гарыг барьж байсан зүүн гарт аа дэм өгөх зорилгоор хутга барьсан баруун гараа дээш нь өргөсөн. Энэ үед тэр залуу намайг өөр рүүгээ татаад духаараа миний эрүү хавьцаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 11/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэх дээр шинжээч томилуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хангаагүй болно.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 192 дугаар тогтоолоор “...Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах...” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино. ...” гэх тайлбар,

Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар тогтоолоор “...Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж билээ. ...” гэх тайлбар,

Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар тогтоолоор “...Эрүүгийн эрх зүйн “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтанд тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. ..." гэх тайлбар,

Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 295 дугаар тогтоолоор “...Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно. ...” гэх тайлбар,

Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар тогтоолоор “...Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны турш үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ “Хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно. ...” гэж тус тус тайлбарласан байх бөгөөд анхан шатны шүүхээс Т.Г нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэсэн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй нотлох баримтууд цугларсан байна.

Мөн шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай үйлдэл байсан бөгөөд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас Т.Г-ийн биед хөнгөн хохирлыг хохирогч санаатай учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны 897 дугаар шинжээч Ц.Нандинцэцэгийн дүгнэлт “...Духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” гэх дүгнэлт /1 хх 183-186/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4309 дугаар шинжээч Т.Чимэд-Очирын “...Т.Г-ийн биед эрүү, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн гарын сарвуу, зүүн бугуйнд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хүгацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох жүрмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 144-145/ зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн буруутай үйлдэл байсан болохыг нотлох тогтоосон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх мөн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр мөн хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Т.Г-д Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутай тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, эдлүүлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн гомдлыг танилцуулъя. “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Г-ийг 14 жил хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдсэн. Гэтэл тухайн хэргийн шүүх хуралдааны үеэр буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн. Миний бие 2022 оноос өнөөдрийг хүртэл тэр бичлэгийг нэг ч удаа харж байгаагүй буюу тухайн хурал дээр харсан. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр мөнгөний бололцоогүйн улмаас өмгөөлөгчгүй оролцдог байсан. Энэ хэрэг анх үйлдэгдэх үед Т.Г болон Г.Г нар хамт тухайн нойлын өрөөнд ороод хамт гарч ирээд хэргийн газраас зугтаасан талаар гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгийн үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан байдаг. Мөн Т.Г нойлын өрөөнд эхлээд ганцаараа ороод араас нь Г.Г орж ирсэн гэж мэдүүлдэг боловч Г.Г болон бусад гэрч, камерын бичлэгт хийсэн үзлэг гэх мэт баримтуудаар хоёулаа хамт ороод хэдхэн секундийн дотор хүүгийн маань амийг бүрэлгээд хамт гарч ирдэг нь нотлогддог. Миний зүгээс хүүгийнхээ үхлийг өөрийн нүдээр харж тухайн баримтуудтай тавтай танилцах боломж олддоггүй байснаас гадна сиди бичлэг байгаа талаар хэн ч дурдаагүй үзүүлээгүй. Хурал дээр тухайн бичлэгийг үзэхэд, миний хүүг Т.Г, Г.Г нар хамжаад алж байгаа нь харагддаг. Тэдний мэдүүлгээр нойлд маш олон зүйл болж өнгөрсөн гэж ярьдаг боловч тухайн үзлэг хийсэн бичлэгээр хэдхэн секундэд болоод өрнөсөн байгааг харуулдаг ба Т.Г, Г.Г нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй буюу хоёулаа бүлэг гэмт хэрэг болгохгүй гэдэг үүднээс нэг нь үүрээд гарна гэдгээр тодорхой хэмжээгээр худал ярьсан нь мэдүүлгээр нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Т.Г, Г.Г гэх 2 хүний талаар бүх гэрч мэдүүлээд байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд яагаад нэгийг нь шалгаад Г.Г-ийг шалгаагүй үлдсэн нь эргэлзээтэй байна. Миний зүгээс Г.Г гэж хүн хамт хүн алчихаад өнөөдөр ял завшаад үлдэж байна гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж Г.Г-ийн үйлдлийг нэмж шалгаж өгнө үү.” гэж гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна.” гэж заасныг мөрдөгч биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг гүйцэт олж тогтоогоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоох ёстой. Гэтэл шүүгдэгч Т.Г ганцаараа уг гэмт хэргийг үйлдсэн мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ял завшуулах нөхцөл байдлыг бий болгож байна. Хэрэгт авагдсан Т.Г, Г.Г нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн шүүгдэгч Т.Г-ийн өөрийнх нь мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тэрээр тухайн үед “би сайн дураараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэдэг боловч өмгөөлөгч авснаасаа хойш “тухайн үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан” гэж дахин мэдүүлэг өгсөн байдаг. Харин анхан шатны шүүх хуралдаанд “энэ бол аргагүй хамгаалалт байсан, би эхлээд ганцаараа ариун цэврийн өрөө ороод амь хохирогчтой муудалцаад байж байхад Г.Г орж ирээд нүүр гараа угаасан” гэж мэдүүлдэг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, үйл явдал хэдхэн секундын дотор болж өнгөрсөн байдаг. Т.Г “ариун цэврийн өрөө орчоод нүүр, гараа угаачихаад эргэж хараад тэр хоёрыг болиулах гэж оролдсон” гэж мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр хажууд нь хүн алах гэж байхад хэн нэгэн хэвийн, тайван нүүр, гараа угаах боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, Т.Г, Г.Г нарын мэдүүлгийн зөрүүг арилаагүй. Мөрдөгч хэргийг прокурорт шилжүүлэхдээ хэргийн материалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулж, Г.Г-ийн үйлдлийг шалгаж өгнө үү. Г.Г-ийн үйлдлийг шалгаагүй нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ ажиллагаа огт хийгдээгүй. Г.Г дахин гэмт хэрэг үйлдэхийг үгүйсгэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-тэй уулзахдаа “15.000.000 төгрөг өгөх тул хохиролгүй гэж бичээд өгнө үү” гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд хохирол, төлбөрийг төлөх боломжтой атлаа ял шийтгүүлж байгаа юм чинь мөнгө төлж яах юм гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхигүй оролцсон. Иймд хэргийг прокурорт буцааж дахин шалгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор шүүгчдэгч Т.Ган-Эрдэнийг 14 жил хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдсэн.

Гэтэл тухайн хэргийн шүүх хуралдааны үеэр буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн. Миний бие 2022 оноос өнөөдрийг хүртэл тэр бичлэгийг нэг ч удаа харж байгаагүй буюу тухайн хурал дээр харсан. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр мөнгөний бололцоогүйн улмаас өмгөөлөгчгүй оролцдог байсан.

Энэ хэрэг анх үйлдэгдэх үед Т.Г болон Г.Г нар хамт тухайн нойлын өрөөнд ороод хамт гарч ирээд хэргийн газраас зугтаасан талаар гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгийн үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан байдаг.

Мөн Т.Г нойлын өрөөнд эхлээд ганцаараа ороод араас нь Г.Г орж ирсэн гэж мэдүүлдэг боловч Г.Г болон бусад гэрч, камерийн бичлэгт хийсэн үзлэг гэх мэт баримтуудаар хоёуулаа хамт ороод хэдхэн секундийн дотор хүүгийн маань амийг бүрэлгээд хамт гарч ирдэг нь нотлогддог.

Миний зүгээс хүүгийнхээ үхлийг өөрийн нүдээр харж тухайн баримтуудтай тавтай танилцах боломж олддоггүй байснаас гадна сиди бичлэг байгаа талаар хэн ч дурдаагүй үзүүлээгүй. Хурал дээр тухайн бичлэгийг үзэхэд, миний хүүг Т.Г, Г.Г нар хамжаад алж байгаа нь харагддаг.

Тэдний мэдүүлэгээр нойлд маш олон зүйл болж өнгөрсөн гэж ярьдаг боловч тухайн үзлэг хийсэн бичлэгээр хэдхэн секундэд болоод өрнөсөн байгааг харуулдаг ба Т.Г, Г.Г нарын мэдүүлэгийн зөрүүг арилгаагүй буюу хоёулаа бүлэг гэмт хэрэг болгохгүй нэг нь үүрээд гарна гэдгээр тодорхой хэмжээгээр худал ярьсан нь мэдүүлэгээр нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Т.Г, Г.Г гэх 2 хүний талаар бүх гэрч мэдүүлээд байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд яагаад нэгийг нь шалгаад Г.Г-ийг шалгаагүй үлдсэн нь эргэлзээтэй байна. Миний зүгээс Г.Г гэж хүн хамт хүн алчихаад өнөөдөр ял завшаад үлдэж байна гэж үзэж байна.

Иймд хэргийг прокурорт буцааж Г.Г-ийн үйлдлийг нэмж шалгаж өгнө үү.

Надад хэргийн газрын камерын бичлэгийг үзүүлээгүй. Би үнэхээр гомдолтой байна. Мөн гэрч Г.Г, Золзаяа, шүүгдэгч Т.Г нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, худлаа байдаг. Камерын бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны үеэр үзэхэд Т.Г, Г.Г хоёр ариун цэврийн өрөө үү ороод 20-30 секунд болчихоод гарч ирсэн байдаг. Энэ хугацаанд л хүүг минь алсан. Би үнэхээр гомдолтой байна. Анх камерын бичлэгийг надад үзүүлсэн бол энэ хэрэг 2 жил болохгүй байх байсан. ...” гэв.\

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж, тогтоосон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “аргагүй хамгаалалт хийсэн” гэж гэм буруугийн шүүх хуралдаанд маргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь амь хохирогчийг шүүгдэгч Т.Г нь “эмэгтэй ариун цэврийн өрөөнд бие заслаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, шүүгдэгч нь биедээ авч явж байсан хутгаар амь хохирогчийн цээжин тус газар нь хутгалсан. Уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын талаар зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г нь аргагүй хамгаалалт хийсэн болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.Г нь зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж амь хохирогчийн амь насыг хохироосон. Шүүгдэгч Т.Г-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрч М “Т.Г нь “дургүй хүргээд байвал бүлчинэ” гэж айлгаж сүрдүүлж байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргаж байсан. Энэ асуудал урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яригдаж байсан. Тухайн үед шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг нь Шүүх шинжилгээний байгууллагаас тогтоох боломжгүй гэж хариу өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэрч Г.Г-ийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж гомдол, тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Г.Г нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан. Энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн үед амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан. Шүүгдэгч мөн адил согтсон байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 хүн хоорондоо маргалдаж, зууралдсан. Улмаар шүүгдэгч нь амь хохирогчийг хутгалж, амь насыг нь хохироосон болох нь хангалттай нотлогдож, тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены нойлын өрөөнд иргэн Ч.Н-тай “эмэгтэй ариун цэврийн өрөөнд орлоо” гэх асуудлаас болж маргалдан түүний цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-35/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-41/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-42-46/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-54-56 дугаар тал/,

хохирлын талаарх баримтууд, хохирлын тооцоо /1хх-59-96/,

сиди дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-100- 103/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн “...2022 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 4 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ярьж байна, та Ч.Н гэх хүнийг таних уу” гэж асуусан. Тэгэхээр нь “танина, манай том хүү байгаа” гэж хэлсэн чинь “танай хүү нас барсан байна, та Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж уулзах шаардлагатай байна” гэж хэлсэн. ...Архаг хууч өвчин байхгүй. Бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Манай хүү цэргийн алба хааж байгаагүй, ааш зангийн хувьд их уян, зөөлөн, дүү нараа загначихаад хатуудуулчихлаа гээд ард нь хайлж байдаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хэн ядарч байна түүнд очиж тусалдаг, хүнд их тусархуу, гэр бүлдээ халамжтай хүүхэд байсан. Ийм сайхан хүүгээ алдсандаа гомдолтой байна. Буяны ажил явдал, оршуулгын зардал нь ойролцоогоор 15 орчим сая төгрөг болсон бөгөөд холбогдох баримтууд нь надад байгаа ба би түүнийг нэхэмжилж байна. ...” /1 хх 109-114/,

 гэрч Д.Г-гийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокед ажил дээрээ байхад 23 цагийн орчимд гаднаас нэг залуу, нэг эмэгтэй хүнтэй орж ирээд манай караокены 2 номерын ширээн дээр суугаад Сэнгүр нэртэй 0.5 литрийн шилтэй пиво, Соёрхолт нэртэй архинаас 200 граммыг авсан. Тэгээд амь хохирогч намайг текен дээр зогсож байхад “нойлын цаас өгөөч, би найз охиндоо өгөх гэсэн юм” гээд нойлын өрөөнд нойлын цаас аваад орсон. Тэгээд удалгүй найз охин нь “эгчээ энийг хардаа” гээд нойлын өрөөнд ороход найз залуу нь доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд би нөхөр О-ыг дуудаад “нойлын өрөөнд нэг хүн хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ирээд цагдаа болон 103-т дуудлага өгсөн. Хамт ямар хүмүүс явсан талаар сайн мэдэхгүй байна. Амь хохирогч нойлын цаас аваад нойл орсны дараа бол араас нь 4 дүгээр ширээнд сууж байсан 4 залуугийн 2 залуу нь орж байсан. Ямар нэгэн чимээ шуугиан гарч зодоон болсон талаар бол би мэдэхгүй. Манай караокены зааланд бол ямар нэг зодоон цохион болсон зүйл огт байхгүй. 4 номерын ширээн дээр сууж байсан 4 залууг бол өмнө нь харж байгаагүй. Манай караокед орж ирж байгаагүй. Мөн амь хохирогчийг бас өмнө нь харж байгаагүй. Нойл орсон 2 залуу 30-35 орчим насны 170 см өндөртэй хар өнгийн хувцастай нэг залуу нь хүзүүн дээрээ шивээстэй байсан би харвал танина. Тухайн шөнө манай караокены өрөөнд хутгалуулж нас барсан залуу найз хүүхэнтэйгээ хамт ариун цэврийн өрөө ороод буцаж ганцаараа гарч ирээд надаас нойлын цаас аваад ариун цэврийн өрөө орох үед араас нь манай караокены 4 дугаартай ширээн дээр байсан хүмүүсийн 2 залуу нь гаднаас орж ирээд шууд ариун цэврийн өрөө рүү орж байсан. Ингээд би ойрхон ширээн дээр очоод цэвэрлэгээ хийж байх хооронд ариун цэврийн өрөө орсон нэг эмэгтэй над руу хүрч ирээд “ариун цэврийн өрөөнд нэг юм болсон байна хар даа” гэхээр нь яваад очих үед тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуу доошоо харсан байдалтай хажууд нь шалан дээр бага зэргийн цус болсон хэвтэж байхаар нь тэндээс гараад гал тогооны өрөө рүү очоод нөхөр Б.О-гаа дуудаад ариун цэврийн өрөөнд байх залууг харуулахад манай нөхөр Б.О тэр залууг цээж хэсгийг нь дээшээ эргүүлэн харуулахад хувцасных нь цээж хэсэг нь цус болсон, амьсгаатай байхаар нь манай нөхөр Б.О 103-т дуудлага өгсөн. Ингээд би караокеноосоо гүйгээд гарах үед ариун цэврийн өрөө орсон хоёр залуугийн нэг нь ганцаараа зогсож байхаар нь би түүнд хандан “хамт явж байсан залуу чинь хаана байгаа юм бэ, тэр чинь ариун цэврийн өрөөнд хүн зодсон байна” гэж хэлээд буцаад караоке руугаа орох үед тэнд байсан хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд 2 дугаар ширээн дээр сууж байсан хамт явж байсан хүмүүс нь гараад явсан байсан. Тэр хоёр залуу ариун цэврийн өрөө рүү ороод нэг нь алга болохоор нь би байхгүй байсан. Хүнийг нь хүн зодчихоод зугтаад явсан гэж бодсон. Манай караокены ариун цэврийн өрөө дотроо эмэгтэй нэг, эрэгтэй нэг бие засах газартай бөгөөд тус тусдаа кабинтай, харин нэг угаалтууртай. Тэр залуу хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхитай 30 гаруй насны залуу байсан бөгөөд нүүрнийх нь нэг хэсэг нь хар өнгийн том мэнгэтэй байсан. Тэр залуу анх манай караокед орж ирэхдээ нүдэнд их хүйтэн байсан. ...” /1 хх 116-120/,

гэрч Г.З-ийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд найз Н-гийн хамт Дэнжийн мянгад найз Н-ийнд ууж байгаад шууд энэ караокед ирсэн. Тэгээд караокед орж уугаад бид 2 Соёрхолт нэртэй архинаас 100 грамм, Сэнгүр нэртэй пивоноос 0,5 литрийн шилтэйг авсан. Тэгээд нойлын өрөөнд сууж байгаад Н орж ирэхээр нь би нойлын цаас аваад ирээч гэж хэлсэн, тэгээд надад нойлын цаас авч ирж өгсөн. Тэгээд би нойлоос гарсан чинь манай найз Н нойлын өрөөний шалан дээр доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь баарны ресейпшинд “манай найз шалан дээр цус гарсан байдалтай хэвтэж байна” гэсэн чинь “сая нойлын өрөөнөөс 2 залуу гарсан” гэж хэлсэн. Хөгжим яваад чимээ шуугиан ихтэй байсан болохоор надад бас ямар нэг хэрүүл маргаан сонсогдоогүй. Амь хохирогч надад “нойл ороод нэг эмэгтэй хүнээс гал асуусан чинь найз залуу нь хардаж байна” гэж хэлж байсан. Тэрнээс бол караокед сууж байхдаа ямар нэг хүнтэй маргалдаж муудсан юм байхгүй. 2021 оны 7 дугаар сараас хойш таньдаг болсон, овгийг нь мэдэхгүй байна. Н манай найз охин О-тай найзалдаг байсан. ...” /1 хх 122-125/,

гэрч Р.Ө-ийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд миний багын найз Г.Г-ийн гэр болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 хотхоны 3 дугаар байрны 01 тоотод бид хоёр байж байхад Г.Г-ийн найзууд болох Г, О гэдэг хоёр залуу орж ирээд, Г гэдэг залуу 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи, 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй 1 шил архи нийт 2 шил архи авч ирээд түүнээс нь манай найз Г.Г маргааш ажилтай гээд 2-3 удаа татсан. Харин О гэдэг залуу машинтай явж байсан болохоор уугаагүй ээ. Харин Г гэдэг залуу бид хоёр уг хоёр шилтэй архийг хувааж уусан бөгөөд бид хоёр айхтар согтоогүй. Ингээд 21 цагийн орчимд бид дөрөв “Цайз” захын урдхан талд байх нийтийн караокед ороод 0.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво, 1 ширхэг Рерsi ундаа, 100 граммын архи 2 ширхгийг аваад уусан ба үүнээс архи, пивыг нь манай найз Г.Г, Г бид гурав уусан бөгөөд Олноо гэдэг залуу машин барьж байсан болохоор Pерsi ундаа ууж байсан. Ингээд байж байтал гаднаас манай найз Г.Г-ийн дүү нь гээд М гэдэг эмэгтэй ирсэн байсан. Ингээд байж байтал манай найз Г.Г, Г-ийн хамт ширээнээс босож яваад удалгүй манай найз Г.Г ширээн дээр хүрч ирээд “гарцгаая энд зодоон болох гээд байна, Г нойлын өрөөнд хүн цохиод унагаачихлаа” гэхээр нь бид нар нийтийн караокеноос гараад Амгалангийн орчимд нэгэн буудалд орсон. Ингээд тэр буудалд би, манай найз Г.Г, О, Г, М болон нийтийн караокед бид нартай танилцсан эмэгтэй бид зургаа 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво аваад уучихаад тэр буудалдаа манай найз Г.Г, М нар үлдээд О, Г, нийтийн караокед бид нартай танилцсан эмэгтэй бид дөрөв Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 хотхоны 3 дугаар байрны 01 тоотод явж очоод унтах гээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед нийтийн караокед байхад хүн амины хэрэг болсныг би мэдээгүй ээ. Би өчигдөр дунд зэргийн согтолттой байсан болохоор нийтийн караокеноос гарсан болон зочид буудалд орсон цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай найз Г.Г бид хоёр багаасаа найзалсан найзууд бөгөөд сүүлийн жилүүдэд холбоогүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сараас холбогдож уулзалдах болсон бөгөөд манай найз Г.Г “Чойр’’-ын хорих ангид ял эдэлж байсан Г гэдэг залуу нь манай найзтай хамт шоронд ял эдэлж байсан гэж байсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой болсон зүйлүүдийг хэвийн санаж байгаа бөгөөд хамт архи уусан бусад хүмүүс биеэ хэвийн авч явж байсан ба тасраад унасан хүн байхгүй. ...” /1 хх 127-128/,

гэрч Г.Г-ийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо орчимд Ус-15 хотхоны 3 дугаар байранд манай гэрт манай найз Р.Ө, Т.Г бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи болон 0.5 литрийн хэмжээтэй саарал шилтэй нэрийг нь мэдэхгүй нэг шил архи худалдан авч уусан ба энэ үед манай найз О манай гэрт ирсэн байсан бөгөөд О машин барьж байсан учир архи уугаагүй. Ингээд орой 21 цаг орчимд О, Т.Г, Р.Ө бид дөрөв цайз захын урд байрлах “Алтан цайз” нэртэй нийтийн караокед орсон. Ингээд байж байгаад М гэдэг танил дүүгээ би дуудахад М удалгүй ирсэн. Би караокеноос 100 граммын архи 2 удаа авч уусан бөгөөд бусад нь 0.5 литрийн хэмжээтэй 7-8 ширхэг шилтэй пиво авч ууж байсан. Ингээд Т.Г бид хоёр гадаа гарч тамхи татчихаад нойл орсон бөгөөд ариун цэврийн өрөөнд нэг залуу тэрнээс арай эгч нэг эмэгтэй хоёр байсан бөгөөд би нүүрээ угаагаад байж байтал манай найз тэр залуутай “эмэгтэй хүн бие засдаг өрөөнд бие заслаа” гээд маргаад тэр залуу нь Т.Г-ийг хүзүүнээс нь гараараа боож байхаар нь би очоод Т.Г-ийг тэр залуугаас нь салгаж аваад нойлын өрөөнөөс гарах үед Т.Г баруун гартаа хутга барьчихсан байсан. Ингээд би Т.Г-ийг шатаар доош буулгаад “Гараад байж бай” гэж хэлээд караокены нийтийн зааланд очоод хамт явж байсан хүмүүс дээр очоод “хэрүүл зодоон болох гээд байна гарцгаая” гээд надаас түрүүлээд М, Р.Ө, О караокед танилцсан А гэдэг эмэгтэй нар түрүүлж гараад би араас нь гараах үед ариун цэврийн өрөөний үүдэнд хүмүүс шавсан, Т.Г-тэй маргасан залуу доошоо суусан маягтай тонгойсон, шалан дээр цус болсныг хажуугаар нь өнгөрч яваад харчихаад коридорын цаад тамхи татдаг хэсэгт ганцаараа тамхи татаад байж байтал бармен хүүхэн нь над дээр ирээд “чамтай цуг явсан хүн мөн үү” гээд асуухад нь би хариуд нь “би яаж мэдэх юм” гэж хэлээд тэндээс гараад явсан. Ингээд би гадаа гараад замын хажуугаас такси барих гээд зам дагаад явж байтал Т.Г такси бариад намайг ирж авсан бөгөөд таксины дотор сууж явах үедээ Т.Г миний чихэнд “мань чинь шаачих шиг боллоо” гээд хэлсэн бөгөөд тэр таксигаа Т.Г бид хоёр Батлан хамгаалахын их сургуулийн урдаас явуулаад үргэлжлүүлэн О-ын машинд суугаад бөөнөөрөө Амгалангийн “Их буудал” нэртэй зочид буудалд орсон. Уг зочид буудлын өрөөнд М, Р.Ө, О караокед танилцсан А гэдэг эмэгтэй, Т.Г бид зургаа 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво хувааж уугаад, Т.Г, М хоёр тэр буудлын өрөөнд үлдээд Р.Ө, О, А бид 4 манай гэр рүү явсан. Энэ үед шөнийн 4 цаг болж байсан ба гэртээ унтаж байхад гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Т.Г-ийн барьж явсан хутгыг би 5 хоногийн өмнө үнэртэй устай хамт бэлэглэсэн бөгөөд өчигдөр орой караокед байхдаа М, надад хандан “Т.Г хутга халаасандаа хийчихээд яваад байна, та хутгыг нь авчихаач” гэж хэлэхээр нь би Т.Г-ээс “хутгаа өгчих” гэхэд “зүгээрээ найз нь асуудалгүй” гэж хэлж байсан.” /1 хх 130-132/,

гэрч Э.М-гийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд над руу залгаад “завтай байгаа бол “Алтан цайз” караокед хүрээд ир” гэхээр нь би тухайн үед Сансарт найзтайгаа уулзаад байж байгаад ганцаараа “Алтан цайз” караокед очих үед Г ах, Т ах, О ах, Г ах дөрөв байсан бөгөөд би тэндээс нь нэг пиво уугаад бүжиглэж байсан ба тэнд байсан А гэдэг эмэгтэйтэй надтай хамт явж байсан ах нар танилцаад сүүлд нь манай ширээнд хамт сууж байсан бөгөөд энэ үед Г ах Г ах хоёр гарч ороод яваад байсан ба удалгүй Г ах, Т ах, О ах, А гэсэн хүүхэн бид дөрөв дээр ирээд “одоо эндээс гарцгаая хүмүүстэй муудалцаад зодоон болох гээд байна” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь бид нар караокеноос гарцгаагаад Амгаланд байх “Их буурал” гэдэг нэртэй зочид буудлын өрөөнд ороод 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво хувааж уусан бөгөөд би согтоод унтсан байсан. Тэрнээс хойш юу болсныг тодорхой санахгүй байна. Би “Алтан цайз” караокед очихоос өмнө нэг найзтайгаа Сансарт байрлах караокед очоод 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй нэг шил пиво уусан. Би зочид буудал очоод пиво ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан бөгөөд ямар учраас цагдаагийн хэлтэст ирснээ мэдэхгүй. Би Г ахтай 5 хоногийн өмнө танилцаж байсан бөгөөд Г.Г ахын найз нь гэж байсан, тэр өдрөө бид 3 караоке орж хамтдаа архи уугаад тэндээсээ Г ахыг таксинд суулгаж өгөөд Г ах “бид 2 зочид буудал орчихоод би явлаа” гэх үед Г ах надад хандан “дургүй хүргэж байж хутгалуулав, чамайг хутгалчихаад цонхоор гараад явчихна шүү” гэж хэлж байсан. Үүнээс хойш би түүнийг хутгатай явдаг юм байна гэж бодсон. 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Алтан цайз” караокед Г ахад хутга байсныг бол хараагүй. Харин тухайн үед Г ахад “Г ах хутгатай явж байгаа юм биш биз та хутгыг нь авчихаач” гэж хэлсэн. ...” /1 хх-134-135/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 897 дугаар “...Ч.Н-гийн цогцост цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /100 гр/, зүрх чихэлдэлт /тампонд сердца/, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл/, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/ , зүрх чирэгдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, духанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/, зүрх чихэлдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач нь цээж, үнхэлцэг, зүрхний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэлт болсны улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн ходоодонд 100 гр орчим шар ногоон салсархаг агууламжтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1 хх 183-186/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаарсарын 20-ны өдрийн 489 дүгээр “...Т.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Т.Г нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. Т.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.Т.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх-241-242/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1742 дугаар “... /1 хх-231-233/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Г-ийг хохирогч Ч.Н-гийн цээжин тус газар хутгалж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуунаас “...шүүгдэгч Т.Г аргагүй хамгаалалт хийсэн, ...санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байсан тул Т.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...түүнийг зүйлчилсэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэх 2 өөр агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.

Аргагүй хамгаалалт нь гагцхүү үндсэн эрхийг хамгаалах зарчим дээр суурилдаг ба түүний объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.

“Довтолгоон” гэдэгт хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсвэл бодитоор гэмтээж байгаа бие хүний зан үйлийг ойлгох бөгөөд “довтолгоон бодитой байх” гэдэг нь шууд өөрт нь хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн, эсхүл эхлээд үргэлжилж байгааг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Г нь хохирогч Ч.Н-тай маргалдаж, улмаар куртикнийхээ халааснаас хутга гаргаж ирээд Ч.Н-г хутгалсан үйл баримт тогтоогдож байх ба амь хохирогч Ч.Н нь Т.Г-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг бодитойгоор халдан довтолсон буюу түүний халдашгүй байдлын эсрэг чиглэсэн ямар нэг идэвхитэй үйлдэл хийгээгүй байхад шүүгдэгч Т.Г түүнийг хутгалснаараа аргагүй хамгаалалтын шинж үгүйсгэгдэж байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэх тухайд:

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын биеийн хүчний харьцаа, хүйсийн байдал, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаврыг үүсгэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.  

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог. 

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй. Харин ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюул ямагт бага байдаг тул хууль тогтоогч энэхүү үндэслэлийг харгалзан эрүүгийн эрх зүйн бодлогоор хамгаалагдах харилцааны хэм хэмжээ, түүнд хамаарах гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.            

Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд мэдүүлэх боломжтой эх сурвалж болох гэрч Г.Г, Г.З, шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг зайлшгүй харгалзан үзсэний эцэст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх учиртай.

Гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байх ба Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаарсарын 20-ны өдрийн 489 дүгээр дүгнэлтээр Т.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Т.Г нь амь хохирогч Ч.Н-г эмэгтэй ариун цэврийн өрөөнд орсонд маргаж халдсан цаг хугацаанд түүний сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй.

 Тодруулбал, шүүгдэгч нь хутгаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болохыг хор аюулыг хүсээгүй боловч халаасандаа байсан хутгаараа хутгалсан санаатай үйлдлээрээ тэрхүү хор уршигт “зориуд” хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирно гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ээс “...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хурлаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн. Миний бие 2022 оноос өнөөдрийг хүртэл тэр бичлэгийг нэг ч удаа харж байгаагүй буюу тухайн хурал дээр харсан. ... Хурал дээр тухайн бичлэгийг үзэхэд, миний хүүг Т.Г, Г.Г нар хамжаад алж байгаа нь харагддаг. Иймд хэргийг прокурорт буцааж Г.Г -ийн үйлдлийг нэмж шалгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор /1 хх 104/ сиди бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон, хэрэгт хавсаргасан байх бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 100-103/ авагдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нь хавтас хэргийн материалтай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус танилцаж, гарын үсгээ зурсан нь /2 хх 246, 3 хх 2, 6, 162, 4 хх 29/ хавтас хэрэгт авагдсан байх бөгөөд түүнд сиди бичлэг танилцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин “...Г.Г-ийн үйлдлийг нэмж шалгуулах...” гомдлын тухайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хамтран оролцооны хэлбэр байхгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Г-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                                          ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР