Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0012/З |
Дугаар | 221/МА2017/0297 |
Огноо | 2017-04-19 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2017/0297
2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2017/0297 | Улаанбаатар хот |
Т У ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т У ХХК-аас гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүхээс буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.
Учир нь тус заалтад дурдсан мэдэгдэл нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай ба энэхүү тохиолдолд нэхэмжлэгчид ирэх ёстой байсан мэдэгдэл нь зохих журмаар заасан хугацаанд нь ирээгүй, шуудангийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон байдлыг анхаарч үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хэрэгт цугларсан нотлох баримт, хуулийн агуулгыг анхаарч дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
Хуулийн зохицуулалтыг дээрх агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид очоогүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж байгаа нь алдаатай гэж үзэж байна.
Маргаан бүхий ашигт малтмал ашиглалтын МВ-00000 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2040 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалтад тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүрэлдэхүүн урьдчилан төлнө гэж тус тус зохицуулсны дагуу ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан боловч нэхэмжлэгч Т У ХХК-ийн захирал осолд орж эмчилгээ хийлгэн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит жилийн төлбөрөө урьдчилан төлөх боломжгүй байсан.
Ашигт малтмалын газрын мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн пүрэв гаригт хүлээн авч тус мэдэгдэлд дурдсаны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээлжит жилийн төлбөр 890100, алданги 110000 төгрөгийг Ашигт малтмалын газрын 900000712 дугаар дансанд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан болох өвчтэй байсантай холбогдох баримт, шуудангийн байгууллага хугацаанд нь мэдэгдлийг өгөөгүй зэргийг нотлох баримтаар нотлон маргаан бүхий шийдвэр гарахаас өмнө өгсөн байдал нь өөрийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах, тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах зорилгыг агуулсан үйл баримтыг хариуцагч байгууллага анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгаж тусгай зөвшөөрлөө эзэмших эрхээ хадгалах, хүчин төгөлдөр байлгах нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэнийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр нотлох баримтыг буруугаар үнэлсэн гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэх заалтыг Ашигт малтмалын Кадастрын хэлтэс нь хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримтыг хянаж ажиллаагүй гэж үзэж байна.
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар цуцлах шийдвэрийг гаргахаас өмнө Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан Хүндэтгэн үзэх /Шалтгааны гэдэгт өвчтэй, эмчилгээ хийлгэж байгааг/,
7 дугаар зүйлийн 7.3.8-д Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсын татварт хамааруулахаар,
54 дүгээр зүйлийн 54.1.6-д Мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлагатай,
57 дугаар зүйлийн 57.2-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гэж тус тус заасан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Анх Т У ХХК-д Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 895 дугаар шийдвэрээр Увс аймгийн Түргэн сумын Хээр морьт нэртэй газарт, XV-00000-000-AM дугаарт бүртгэгдсэн 122.77 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, MV-00000 дугаар бүхий Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
Нэхэмжлэгч компани нь дээрх ашигт малтмалын ашиглалтын MV-015642 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан боловч 7 дахь жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/295 дугаар албан бичгээр Т У ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улмаар нэхэмжлэгч компаниас төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй тул Т У ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2017 дугаар албан бичгээр Т У ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан боловч нэхэмжлэгч Т У ХХК-ийн захирал нь осолд орж эмчилгээ хийлгэн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит жилийн төлбөрөө урьдчилан төлөх боломжгүй байсан ... нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлөө эзэмших эрхээ хадгалах, хүчин төгөлдөр байлгах нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн ... гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал Т У ХХК-ийн захирал Д.А 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан тухай Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн магадлагаа болон өвчтөний түүх, амбулториор эмчлүүлэгсдийн карт зэргээр 2016 оны 08 дугаар сарын 10-аас 25-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхдээ ... 09-нд осолд орсон гэж тайлбарласнаас үзвэл түүний өвчтэй байсан хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Т У ХХК-д хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас хаяглан явуулсан 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 7/295 дугаар албан бичгийг Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна гэж заасан хугацааг хэтрүүлсэн шуудангийн үйлчилгээний газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардаж авсан, улмаар эмнэлгээс гарсан даруй төлбөрөө төлсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Т У ХХК-ийн захирал Д.А нь мэдэгдэл гардуулах үед эмнэлгээс гарсан, эрүүл мэндийн хувьд боломжтой байсан атлаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг мэдэгдэл хүлээн авснаас хойш 4 хоногийн дараа төлж, төлбөр төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан нотлох баримтыг хавсарган хариуцагч байгууллагад ирүүлсэн байх ба хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ